Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/864 

 

 

 

 

 

    2024            7             24                                       2024/ДШМ/864           

 

 

Г.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1492 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Түмэнжаргалын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар эсэргүүцлээр Г.Л холбогдох эрүүгийн 2408000000532  дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овгийн Г.Л, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .............. тоотод оршин  суух, /РД:............../; 

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/20 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 01 жили 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Яллагдагч Г.Л нь 2024  оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудал
дээр 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “таксины үлдэгдэл мөнгөө өгсөнгүй” гэх
шалтгаанаар иргэн С.Бтой маргалдаж, улмаар зүүн талын нүүр хэсэгт зүүн
гараараа 2 удаа цохиж, ноцолдож байх явцдаа түлхсэний улмаас эрүүл мэндэд нь баруун
шуу, богтос ясны далд хугарал, духанд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, баруун хацарт
цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай

учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг мөрдөгч, прокурор хийснээр шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг харьцуулан судалж, шалгаж, үнэлж дүгнэлт хийх боломжийг бий болгосон байдгаараа мөрдөн шалгах ажиллагааны ач холбогдол оршдог.

Яллагдагч Г.Л нь урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох
нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар                     
/хх 85-103/-т тогтоогдсон, тэрээр сүүлд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 650.000
төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн талаарх баримт хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан ял нэмж нэгтгэх эсхүл
уг ял биелэгдсэн мэтээр таамаглан дүгнэлт хийх боломжгүй, эрүүгийн хариуцлагыг
хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор шалгаж тодруулаагүй, яллах
болон цагаатгах талын нотлох баримт хүрэлцэхүйц байдал бүрдээгүй, урьдчилсан нөхцөл
хангагдаагүй байхад Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүйн
дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг зарчим нэг бүрийн шаардлагад
нийцсэн дүгнэлт хийх, түүнд эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилгод
нийцэхүйц ял оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай болно.

Нөгөөтээгүүр яллагдагч Г.Лгийн үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлт
/хх 20-211/-д дурдсан гэмтлүүдийг учруулсан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл                /хх 31-341
/-д нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг прокуророос дүгнэсэн нь хэргийн бодит
байдал нийцээгүй, шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүд нийлбэрээр хүндэвтэр зэрэгт
хамаарах эсхүл дангаараа гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэхийг мөрдөгч шинжээч
эмчээс хэт ерөнхий байдлаар тодруулсан, гэмт хэрэг гарах болсон нөхцөлийг “таксины
үлдэгдэл мөнгө өгсөнгүй" гэсэн шалтгаанаас гэсэн боловч энэ талаар нотолбол зохих
байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэжээ.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн
дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай, шалгаж
тогтоовол зохих асуудлуудыг “бүрэн, зөв” тогтоох н
ь гэм буруутай этгээдэд хүлээлгэх
эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх, Эрүүгийн
хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэн заасан нөхцөл байдлуудыг
эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул
яллагдагч Г.Лд холбогдох хэргийг прокурорт буцааж
, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэг бүхий сидиг прокурорт хүргүүлж, яллагдагчид    урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Прокурор Д.Түмэнжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Г.Лд холбогдох эрүүгийн 2408000000532 дугаартай хэргийн шүүх хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 11:00 цагт
зарлагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт томилолтоор оролцож, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь
заалтад заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад, шүүх
шийдвэрлэхгүйгээр хурлыг үргэлжлүүлэн, оролцогчийн эрхийг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нийт 17 үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийгдэхээр хуульчилсан байхад яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтыг хэрэгт авч хавсаргаагүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэлд хамаарахгүй. Тодруулбал шүүх яллагдагч Г.Лгийн өмнөх ял биелсэн эсэх баримт болон яллагдагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөл байдлыг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дурдаж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамааруулан буцаасан нь үндэслэлгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, яллагдагчийн хувийн байдлыг нотлох баримтыг хавсаргах асуудлаар буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцах үндэслэлд хамаарахгүй байна. Яллагдагч Г.Лгийн өмнөх ял биелсэн эсэх баримтыг гэм буруугийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж, шинжлэн судлуулах замаар хэлэлцэх боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын
дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэмт
хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Бат-
Очирын мэдүүлэг, шинжээч эмч Ц.Бадралын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3342 дугаар дүгнэлтээр яллагдагчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл шарх нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогддог.
Шинжээчийн дүгнэлтээр "...С.Бын биед баруун шуу богтос ясны далд хугарал, духанд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд учирсан байх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэж гарсан нь хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд тул бүхэлдээ хүндэвтэр гэмтэлдээ багтаж байгаагаар нь шинжээч гэмтлийн зэргийг тодорхойлсон байна. Тодруулбал нэг цаг хугацаанд нэг яллагдагчийн үйлдлээс үүдэн хохирогчид учирсан олон тооны гэмтлийг нэг бүрээр задалж, тус тусад нь хамаарсан гэмтлийн зэргээр ангилж, яллагдагчийг хохирогчид учруулсан гэмтэл тус бүрээр яллах нь
хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд яллагдагчийн нэг цаг хугацааны үйлдлийн
улмаас хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол нийтлэг байдлаар хохирогчид
хүнд гэмтэл учирсан гэж үзэж, материаллаг бүрэлдэхүүнийг зөв тодорхойлсноор
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн зүйлчлэл тодорхойлогддог нь
хууль хэрэглээний тогтсон ойлголт юм.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2
дахь хэсгээр шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах, мэдүүлэг авах замаар
тодруулах бүрэн боломжтой юм.
  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн  11-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан байхад шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагчийн гэм буруутай эсэхэд урьдчилсан байдлаар дүгнэлт хийж прокуророос тогтоосон үйл баримт хэргийн бодит байдалд нийцээгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий
нөхцөл байдал үүсгэсэн хэмээн дүгнэсэн үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Лд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Шүүгчийн захирамжид заасан:

“...Яллагдагч Г.Л нь урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар                      /хх 85-103/-т тогтоогдсон, тэрээр сүүлд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 650.000
төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн талаарх баримт хэрэгт авагджээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд, яллагдагчийн хувийн байдлыг тодруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг хэн үйлдсэн;...”, 1.4 дэх заалтад заасан “...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;...”  гэдгийг тогтоох ажиллагаа мөн бөгөөд энэ нь шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад нөлөөлдөг төдийгүй Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг хангадаг тул анхан шатны шүүхийн дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж үзлээ.   

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан ял нэмж нэгтгэх эсхүл уг ял биелэгдсэн мэтээр таамаглан дүгнэлт хийх боломжгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор шалгаж тодруулаагүй, яллах болон цагаатгах талын нотлох баримт хүрэлцэхүйц байдал бүрдээгүй, урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүйн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг зарчим нэг бүрийн шаардлагад нийцсэн дүгнэлт хийх, түүнд эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхүйц ял оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай болно...” гэсэн хэсгийг хүлээн авч ажиллагааг хийж гүйцэтгэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй байна.  

Харин шүүгчийн захирамжид дурдсан “...яллагдагч Г.Лгийн үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлт /хх 20-211/-д дурдсан гэмтлүүдийг учруулсан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-341/-д нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг прокуророос дүгнэсэн нь хэргийн бодит байдал нийцээгүй, шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүд нийлбэрээр хүндэвтэр зэрэгт хамаарах эсхүл дангаараа гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэхийг мөрдөгч шинжээч эмчээс хэт ерөнхий байдлаар тодруулсан, гэмт хэрэг гарах болсон нөхцөлийг “таксины үлдэгдэл мөнгө өгсөнгүй" гэсэн шалтгаанаас гэсэн боловч энэ талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэжээ...” гэх нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй бөгөөд үүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд, шаардлагатай оролцогчдийг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор Д.Түмэнжаргалын бичсэн “...хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх...” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1492 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Түмэнжаргалын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                   ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

                   ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

       ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА