Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ/2026/0111

 

 

  2026         01           26                                    128/ШШ2026/0111      

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Д” ХХК  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М*******, О.Г******* 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ц******* 

Хариуцагч: Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А******* 

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Б******* 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/******* дугаар тогтоолын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*******, О.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/******* дугаар тогтоолын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.   

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.Анх Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/261 дүгээр захирамжаар Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Р*******” ХХК-д 400000 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 /арван тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.  

2.2.Дээрх захирамжийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас “Р*******” ХХК-д 400000 м.кв талбайг эзэмших 000322003 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна. 

2.3.“Р*******” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Газрын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 5 /тав/ жилийн хугацаатай байгуулсан байна.  

2.4.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/607 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 137003 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 /арван тав/ жилийн хугацаатайгаар Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 262997 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус “Р*******” ХХК-д эзэмшүүлэх эрхийг олгожээ.  

2.5.Дээрх захирамжийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Р*******” ХХК-д 262997 м.кв талбайг эзэмших 000017392 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.   

2.6.“Р*******” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 /арван тав/ жилийн хугацаатай байгуулсан байна.   

2.7.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/163 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 136893 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 /арван тав/ жилийн хугацаатайгаар Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 262997 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус “Д” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэн олгож, “Р*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгожээ.    

2.8.Дээрх тушаалыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Д” ХХК-д Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 262997 м.кв талбайг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших 0000339428 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна. 

2.9.“Д” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагчтай Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 262997 м.кв газрыг эзэмших “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 /арван тав/ жилийн хугацаатай байгуулсан байна.  

2.10.Дээрх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/163 дугаар тушаалыг үндэслэн 2005 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2025/00-060 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулжээ. 

2.11.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “Д” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаал нь одоо хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий 262997 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байна.  

2.12.Дээрх байдлаар нэхэмжлэгч “Д” ХХК нь маргаан бүхий Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр, орон сууцны зориулалттай 262997 м.кв газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/******* дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшлийн 262997 м.кв газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.    

2.13.Тус шүүх нэхэмжлэгчээс “Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/******* дугаар тогтоолын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2025 оны ******* дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.                

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай толгой компани болох “Раббит Моунтайн Эксплорешн” ХХК нь Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттайгаар олон улсад нэвтэрсэн нарны эрчим хүч-хүлэмжийн аж ахуйн хосолсон технологи бүхий төсөл хэрэгжүүлэх зорилгоор анх Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/261 тоот захирамжаар нийт 40 га газрыг эзэмших эрхтэй болсон. Гэвч үүний дараа Баянзүрх болон Налайх дүүргийн хооронд хилийн заагийн маргаан үүссэн тул бид дүүрэг хоорондын хилийн заагийн маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргад хандсан юм. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/607 тоот захирамжаар тус дүүрэг хоорондын хилийн заагийн маргааныг шийдвэрлэсэн бөгөөд манай компанийн эзэмшлийн 40 га газар Баянзүрх болон Налайх дүүрэгт тус тус хуваагдсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 13331*******469 дугаартай 13.7 га газар, Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 126031*******75 дугаартай 26.3 га газарт хамаарах болж тус тус хуваагдсан юм.

Манай компани Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай олон талаар хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, Налайх дүүргээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Налайх дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд гүний худаг гаргах ажлыг өөрийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн, мөн дүүргийн 20 жилийн ойгоор 20 сая төгрөгийг хандивласан, Японы тэргүүлэх эмнэлгийн сүлжээнүүдийн нэг болох Токүшюүкай группийг үндэслэгч Т*******гийн үүсгэн байгуулсан “Т*******” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн хувиар Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хиймэл бөөрний тасаг байгуулж, түргэн тусламжийн машин хандивлах зэргээр хамтран ажиллаж ирсэн. Тус компани нь өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах зорилгоор 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/00-060 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг батлуулсан. Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 159 дугаар тогтоолоор батлагдсан “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г үндэслэн 553 айлын таун хаус, сургууль, цэцэрлэг бүхий цогцолбор барихаар ерөнхий төлөвлөгөө болон загвар зургийг боловсруулж, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраар батлуулаад байна. Гэтэл манай компани өөрийн эзэмшлийн газрыг дээр дурдсанчлан хууль ёсны дагуу эзэмшиж, газраа зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлж байх энэ үед Налайх дүүргийн менежерийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/1458 дугаар албан бичгээр “Дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 126031*******75 дугаартай 262,997 м.кв талбай нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07/******* дугаар тогтоолоор ногоон байгууламж байгуулах зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул танай байгууллагын хэрэгжүүлэх төслийг дэмжих боломжгүйг үүгээр хариу хүргүүлж байна.” гэх хариуг бидэнд мэдэгдсэн. Иймд манай компанийн эзэмшлийн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол үндэслэлгүй байх тул хууль тогтоомжид заасан журмын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд, Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан. Захиргааны байгууллага нь өөрийн үйл ажиллагаандаа “хуульд үндэслэх”, “үр нөлөөтэй байх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтлан ажиллах ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг хэрхэн явуулах талаар тодорхой зохицуулсан. Гэтэл Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа бидэнд мэдэгдээгүй буюу нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг хязгаарлан, Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүрэг болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн. Нөгөөтээгүүр, Сонсох ажиллагааг өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу шийдвэр гаргаж буй этгээд буюу захиргааны шийдвэр гаргах байгууллага явуулах үүрэгтэй. Цаашлаад сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагад үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжийг олгодог ба шийдвэр гаргахаас өмнө холбогдох талуудыг сонсох нь шийдвэр гаргаснаас хойш гардаг сөрөг үр дагаврыг бууруулах боломжийг бий болгох юм. Зүй нь бол захиргааны байгууллага шийдвэр гаргах болсон шалтгаан, нөхцөл байдлыг тогтоосны дараа тухайн шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог нь хангаж сонсох ажиллагаа явуулан тайлбар, мэдүүлэг, холбогдох баримтыг гаргуулан авах үүрэгтэй юм. Бид Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07/******* тоот тогтоолыг Налайх дүүргийн менежерийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/1458 тоот албан бичгийн агуулгаас мэдсэн болно. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх хууль тогтоомжуудыг дагаж мөрдөлгүй шийдвэр гаргаснаараа Монгол Улсын иргэн бүрийн зайлшгүй эдлэх эрх болох Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно..." гэж заасныг зөрчиж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан. 

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн тухайд, Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын талаарх харилцаанд оролцохдоо хуулиар эрх олгосон хэмжээнд өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд, үүнийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд нарийвчлан зохицуулжээ. Тодруулбал, хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гээд, 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гээд, 20.2.5-т “газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, сум, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын газрын харилцааны талаарх эрхийг тусгайлан, нарийвчлан зохицуулсан байх ба газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах талаар шийдвэрийг тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн аймаг, сум, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргахаар байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. Хэрвээ зохих журмын дагуу бусдын эзэмшил газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч буй тохиолдолд тухайн газрын эзэмшигчтэй болон тухайн шатны Засаг даргатай тохиролцох ёстой. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж зааснаас үзэхэд олгох нөхөн олговрыг газар эзэмшигчтэй тохиролцож, дараа нь иргэдийн Төлөөлөгчийн Хуралд санал оруулж, шийдвэрлүүлэх нь дүүргийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг байна. Гэтэл Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 07/******* тоот тогтоолоор манай төсөл хэрэгжүүлэх газрыг ногоон байгууламж байгуулах зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд манай компанийн эрхийг хамгийн багаар хөндөх шийдвэр гаргах ажиллагааг захиргаа хэрэгжүүлээгүй, орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг шилжүүлэн авах шийдвэр гаргахаас өмнө газрын хууль ёсны эзэмшигчтэй тохиролцох, нөхөн олговор олгох асуудлыг урьдчилан шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд тус тус нийцэхгүй байна. Иймд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07/******* дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07/******* дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодорхойлсон. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд манай компани анх Налайх дүүргийн 7 дугаар хороонд орших 40 га газрыг 2017 онд Налайх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж авсан. Үүний дараагаар 2020 онд Баянзүрх дүүрэг болон Налайх дүүрэг нарт хилийн заагийн маргаан гарсан. Улмаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 13331*******469 дугаартай 13.7 га газар, Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 126031*******75 дугаартай 26.3 га газарт хамаарах болж тус тус хуваагдсан. Үүний дараагаар манай компани тус газар 2024 оны 12 дугаар сард шилжүүлж авсан газраа хуульд заасан журмын дагуу ашиглахын тулд газар дээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлуулсан. Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр тогтоолоор баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслээд 553 айлын таун хаус, сургууль, цэцэрлэг цогцолбор барихаа илэрхийлэн загвар зургаа боловсруулаад холбогдох байгаль орчны төлөв байдлын үнэлгээг батлуулаад явж байх үед манай компанийн эзэмшил газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Налайх дүүргийн Засаг даргын албан бичиг манай компанид ирсэн. Тус албан бичигт дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 126031*******75 дугаартай 26,3 га талбай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07/******* дугаар тогтоолоор ногоон байгууламж байгуулах зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул танай компанийн хэрэгжүүлэх төслийг дэмжих боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гээд 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариу мэдэгдсэн байдаг. Улмаар тус албан бичгийг манай зүгээс гардаж аваад Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан боловч Налайх дүүргийн эрхэм төлөөлөгч гомдолд ямар нэгэн хариу ирүүлээгүй. Маргаан бүхий актыг албан ёсоор бидэнд мэдэгдээгүй учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоол нь дараах 2 үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байгаа. Манай зүгээс Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлд ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь өөрөө төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Үүнийг ч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмыг тусгайлан хуульчилсан буюу захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэлтэй байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг баримтлан ажиллах үүрэгтэй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд захиргааны болон шийдвэр гаргах ажиллагааны журам болон сонсох ажиллагааны талаар тодорхой зохицуулж өгсөн байдаг. Гэтэл Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, манай компанийн эзэмшил бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь үндэслэлгүй байгаа. Сонсох ажиллагаагаар захиргааны шийдвэр гаргаж байгаа байгууллага өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонсох ажиллагааг явуулж, өөрөө энэ актыг мэдэгдэх үүргийг хүлээдэг. Гэтэл нөгөө талаараа сонсох ажиллагаа хийснээр захиргааны шийдвэр нь өөрөө үндэслэл бүхий байх, хуульд нийцэх зарчмын илрэл болох нь зүй ёсны хэрэг. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгч дээрх хууль тогтоомжид хүлээсэн үүргээ зөрчсөнөөр Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө шударгаар эзэмших, өмчлөх эрхийг хөндөж байна. Дараагийн үндэслэлийн тухайд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь аймаг, сум, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын талаарх харилцаанд оролцохдоо яг ямар эрх хэмжээний хүрээнд оролцохыг Газрын тухай хуульд тодорхой нарийвчлан зохицуулсан байдаг. Тодруулбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.1.3-д  тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслээд газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ зааг, ашиглах журмыг тогтоох, 20.2-т нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.2.5-д нь газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх гэж тус тус заасан. Үүнээс үзвэл тухайн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах талаар шийдвэрийг тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслээд аймаг, сум, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргахаар зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээг хуулиар олгогдоогүй байна гэж харж байна. Хэрвээ зохих журмын дагуу бусдын эзэмшил газрыг газар эзэмших гэрээ болон гэрээний хугацаа дуусахаас өмнө зохих журмын дагуу улсын тусгай хэрэгцээ болон бусад үндэслэлээр төрийн хэрэгцээнд авч байгаа тохиолдолд тухайн шатны Засаг дарга болон газар эзэмшигчтэй зөвшилцөөд асуудлыг шийдвэрлэх нь Газрын тухай хуулиар зохицуулагдаж өгсөн. Үүнийг тодруулбал Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхийг заасан, 21.4-д нь бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргыг өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргана гэж заасан байдаг. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч захиргааны байгууллага болох Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07/******* дугаар тогтоолын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.   

5.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа“... “ДРВМН Найдвар холдинг” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/553 дугаар албан бичгээр өргөн барьсан орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хэмжээг тогтоох тухай төслийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний ээлжит бус долоодугаар хуралдаанаар авч хэлэлцээд хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн хамтын шийдвэрээр тус төслийг дэмжиж, 07/******* дугаар тогтоолыг батлан гаргасан. Учир нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/73 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх заавар"-ын 5.3 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагад харьяа нутаг дэвсгэрт байрлах газрыг тусгай хэрэгцээнд авах, шийдвэр гаргах бүрэн эрх нь олгогдсон болно. 

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07/******* тогтоол гарсантай холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/73 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх заавар"-ын 4.2. 4.3 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан процессын ажиллагаанууд хийгдсэн талаар мэргэжлийн байгууллага болох дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулахад "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/73 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх заавар”-ын 4.1 дэх хэсэгт “Тухайн шатны Засаг дарга газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, судалгаа хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг томилно гэж тусгасан байдаг. Гэвч тус зааврын 4.1.1, 4.1.2 дахь заалтуудад дүүргийн хэмжээнд тус ажлын хэсэгт ямар албан тушаалтнууд орж ажиллах талаар тодорхой тусгаагүй, мөн дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас тус нутаг дэвсгэрт “үйлчилгээний орон сууц" барих нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул тус газрыг яаралтай тусгай хэрэгцээнд авах үүрэг чиглэлийг өгсөн, хугацаа давчуу байсан тул зарим процессын ажиллагаанууд хийгдээгүй орхигдсон” гэх тайлбарыг өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад Захиргааны байгууллага нь “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатайн” улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа явуулахгүйгээр захиргааны шийдвэр гаргаж болно гэж тусгасан байдаг. Иймд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07/******* дугаар тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээх нь зүйтэй юм.” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартааНэхэмжлэгч компани нь Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагад газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд олгохыг бүрэн дэмжсэн гэдэг. Нэхэмжлэл дээр манай байгууллагаас бүрэн эрх олгогдсон гэж үзсэн. Учир нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуулийн 16.17 буюу нийтийн эдэлбэр газрын зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авч болохоор заасан байдаг. Мөн Газар зохион байгуулалтыг Геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 73 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийг мэдээллийн санд бүртгэх зааврын 5.3 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсний үндсэнд газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зориулалт, түүний хэмжээ, зааг, ашиглах, хамгаалах дэглэм горимыг тогтоосон журмыг тогтооно гэж заасан байдаг. Хууль зүйн үндэслэлээс үзвэл Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх олгогдсон гэж үзэж байгаа. Мөн манай зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 163 дугаар тушаал болон “ДРВМН найдвар Холдинг” ХХК-ийн газрын жишиг эзэмших гэрчилгээ хүчин төгөлдөр хэрэгжих нь зөв эсэхэд эргэлзэж байна. Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01-05/700615 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/607 дугаар захирамжийн Рабит маунтинг эксфлоэйшн компанитай холбогдох хэсгийг нь хүчингүй болгож өөрчлөлт оруулсан захиргааны акт одоо хүртэл гараагүй гэдэг албан бичгийг манайд ирүүлсэн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 163 дугаар тушаал болон Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/607 дугаар захирамжуудыг авч үзвэл Нийслэлийн Засаг даргын захирамж мэдээж хүчин чадлын хувьд илүү. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болоогүй байхад агентлагийн даргын тушаал хэрэгжинэ гэдэг боломжгүй гэж үзэж байгаа. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6 дахь заалтад Нийслэлийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил, хэмжээний зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрхтэй гэж заасан. Энэ эрхийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7 дахь заалтад заасны дагуу дүүргийн Засаг дарга эрхийг шилжүүлж болдог. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллагад хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 163 дугаар захирамжийн болон 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх дугаар 01132024/04500 дугаар гэрээнд зааснаар “Д” ХХК-ийн газрын зориулалт нь үйлдвэр, орон сууц гэсэн зориулалттай байна. Гэтэл энэхүү компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ дэх зориулалт нь үйлчилгээний орон сууц болгон өөрчлөгдсөн байгаа. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн захирамж гараагүй. Тэгэхээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6 дахь заалтыг зөрчсөн буюу хууль бус аргаар газрын зориулалтыг өөрчилсөн тохиолдол байгаа. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/607 дугаар захирамж болон Рабит маунтинг эксфлорейшн компанид холбогдох хэсгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 163 дугаар тушаалаас “Д” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. Манайхаас холбогдох хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн ч одоогоор хариу ирээгүй байгаа.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:      

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгчээс “... Хариуцагч нь маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07/******* дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн мөн уг асуудлаар хариуцагч нь шийдвэр гаргах эрхгүй гэж үзэж байгаа тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас “... Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хууль болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас баталсан “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийг мэдээллийн санд бүртгэх” зааварт зааснаар тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр тусгай хэрэгцээнд авах эрхтэй тул маргаан бүхий захиргааны үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ. 

3.Нэхэмжлэгч “Д” ХХК-аас Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/******* дугаар тогтоолын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.    

4.Анх Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/261 дүгээр захирамжаар Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Р*******” ХХК-д 400000 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 /арван тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.  

5.Дээрх захирамжийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас “Р*******” ХХК-д 400000 м.кв талбайг эзэмших 000322003 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна. 

6.“Р*******” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Газрын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 5 /тав/ жилийн хугацаатай байгуулсан байна.  

7.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/607 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 137003 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 /арван тав/ жилийн хугацаатайгаар Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 262997 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус “Р*******” ХХК-д эзэмшүүлэх эрхийг олгожээ.  

8.Дээрх захирамжийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Р*******” ХХК-д 262997 м.кв талбайг эзэмших 000017392 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.   

9.“Р*******” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 /арван тав/ жилийн хугацаатай байгуулсан байна.   

10.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/163 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 136893 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 /арван тав/ жилийн хугацаатайгаар Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 262997 м.кв газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус “Д” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэн олгож, “Р*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгожээ.    

11.Дээрх тушаалыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Д” ХХК-д Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 262997 м.кв талбайг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших 0000339428 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна. 

12.“Д” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагчтай Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 262997 м.кв газрыг эзэмших “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 /арван тав/ жилийн хугацаатай байгуулсан байна.  

13.Дээрх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/163 дугаар тушаалыг үндэслэн 2005 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2025/00-060 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулжээ. 

14.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “Д” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаал нь одоо хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий 262997 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байна.  

15.Дээрх байдлаар нэхэмжлэгч “Д” ХХК нь маргаан бүхий Налайх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр, орон сууцны зориулалттай 262997 м.кв газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/******* дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшлийн 262997 м.кв газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. 

16.Маргаан бүхий дээрх тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.17 дахь заалт, 16.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар хэсгийн 28.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эзэмшлийн 262997 м.кв газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэсэн байна.

17.Газрын тухай хуулийн 12 дугаар зүйл.“Хот, тосгон, бусад суурин, нийслэл хотын эдэлбэр газар”, 12.2.“Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах  барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна.”, 16 дугаар зүйл.“Тусгай хэрэгцээний газар”, 16.1.Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:”, 16.1.17.“нийтийн эдэлбэр газар;”, 16.2.“Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн ... 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.”, 20 дугаар зүйл.“Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх”, 20.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.3.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох;” гэж тус тус заажээ.

18.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн нийтийн эдэлбэр газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоож болохоор байна.

19.Дээрхээс үзвэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нийтийн эдэлбэрээр газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

20.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 01/553 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.

21.Дээрх Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/553 дугаар албан бичигт:“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8 дах хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дах хэсгийг тус тус үндэслэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хэмжээг тогтоон төслийг боловсруулан холбогдох хууль журмын хүрээнд өргөн мэдүүлж байна.

Иймд дээрх тогтоолын төслийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

22.Уг албан бичигт Налайх дүүргийн 7 хороо, ногоон байгууламж байгуулах байршлын 84 га талбай бүхий газрыг “Нийтийн эдэлбэр газар”-ын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай танилцуулга, холбогдох баримтуудыг хавсаргасан байна.

23.Дээрх Налайх дүүргийн Засаг даргын албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07/******* дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшлийн 262997 м.кв газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

24.Учир нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон, 262997 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмаар хамгаалагдахаар байна.

25.Тодруулбал, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “Д” ХХК-д дээрх нөхцөл байдал үүсэхээр байна.

26.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Д” ХХК-д маргаан бүхий 262997 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг олгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар 04-ний өдрийн А/607 дугаар захирамж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/163 дугаар тушаал хүчин төгөлдөр байхад хариуцагч нь маргаан бүхий тогтоолоор маргаан бүхий газрыг тусгай хэрэгцээнд авсан нь захиргааны байгууллага нь тухайн асуудлаар шийдвэр гаргах эрхтэй өөр бусад захиргааны байгууллагуудын шийдвэрийг үгүйсгэсэн, хоорондоо уялдаа холбоогүй байдлаар асуудалд хандсан, нэхэмжлэгчид эдийн засгийн хувьд илтэд хохирол учруулахаар шийдвэр байна гэж үзэв.

27.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/******* дугаар тогтоолын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/******* дугаар тогтоолын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ