| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00063/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 53
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Э.Тулгаа нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х овогт А ы Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000012 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1996 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт оршин суух, Х овогт А ы Д /РД:/
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч А.Д нь Ховд аймгийн Хөшөөт багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 48-77 ХОҮ улсын дугаартай приус маркын авто машин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хохирогч А.Нэргүйгийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 сарын 11-ний шөнө Хөшөөтөөс Цэцэг сумын шар кемп рүү Нэргүйг ажилд нь хүргэж өгөхөөр явж байгаад Мөнхзулын машиныг унагаасан юм. Тэгээд Мөнхзулыг утсаар дуудаж Нэргүйг Цэцэг сумын хүн эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Туханй үед би Мөнхзулын Прүсс-10 маркийн ХОА 48-77 дугаарын автомашинтай явж байсан. Маргааш нь Нэргүйг Ховд аймаг руу авч явж эмнэлэгт үзүүлсэн. Нэргүйн биед хүнд гэмтэл учирсан байсан. Хохиролд нийт 3.800.000 төгрөг төлсөн. Одоо 1.800.000 төгрөг өгөхөөр тохирсон. Мөн би Мөнхзулын машин барьж яваад осол гаргасан тул машины үнэ 3.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сард хувааж төлөхөөр тохиролцсон” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 11 -ны шөнө -00 цагийн үед МТ шатахуун түгээх санцын түгээгч Мөнхзул над дээр согтуу өөрийнхөө машинтай ирээд би машинаа барьж явж чадахгүй байна чи миний машиныг барьчих хоёулаа шар кемп ороод ирье гэхээр нь би машиныг нь бариад хамт явж байтал замд надруу утсаар миний таньдаг охин Нэргүй залгаад юу хийж байна, хаана байгаа юм бэ гэхээр би найзтай шар кемп орох гэж байна гэхэд Нэргүй надтай уулзах юмуу гэхээр очоод залгъя гээд утсаа тасалсан. Тэгээд Нэргүйгийн байх гуанзны гадна очоод Нэргүйн утасруу залгаад ирчихлээ гараад ир гэхэд Нэргүй гарч ирсэн. Нэргүй машинд суугаад бид 2 жаахан юм ярьж байгаад машинтайгаа Хөрс колонкийн дэргэд очоод 2-3 минут болоод буцаж Нэргүйгийн ажилдаг гуанзны дэргэд очоод сайхан амраарай бид хоёр ажил руугаа явлаа гэхэд Мөнхзул шууд машинаа асаагаад хөдлөөд явахаар Мөнхзулыг зогсоож Нэргүйг буулгачихаад ажил руугаа явъя гэхэд Мөнхзул зогсолгүйгээр МТ колонк дээр очоод Мөнхзул би одоо амарлаа гээд колонк руу ороод хэвтсэн. Нэргүйгийн гэрээс залгаад байна Нэргүйг хүргээд өгье гэхэд Мөнхзул би чадахгүй амарлаа гэхээр нь чи машинаа өгчихөөч би хүргэж өгчихөөд ирье гэхэд Мөнхзул бензин хийгээрээ гээд надад машинаа өгөхөөр нь би 10000 төгрөгт бензин хийгээд Нэргүйг суулгаад хүргэж өгөхөөр явж байгаад Цэцэг сумын Еотгорын даваа гэх газар шөнийн 03 цагийн үед засмал зам дээр эргэлттэй хэрэг дээр сандраад тормос гишгэх гэж байгаад хаазаа андуурч гишгээд замын хажуу талын далан руу уначихсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 12-ны шөнө надруу Д утсаар залгаж орж ирээд би танай цайны газар яваад очъё гэж хэлчихээд Д нь Мөнхзулийн хамт миний ажилдаг гуанзанд дээр 00 цагийн үед машинтай ирэхээр нь би хажууд нь очтол Мөнхзул намайг машинлуу татаж оруулахад машин хөдлөөд явчихаар нь би бууж чадалгүй яваад колонк дээр очоод Мөнхзул нь колонк дотроо ороод архи уугаад суучихсан. Тэгээд Мөнхзулыг хүргээд өг гэж гуйхад Мөнхзул нь чамайг ямар чоно нохой идэх гэж байгаа би маргааш хүргээд өгье гээд намайг хүргэж өгөхгүй байсан. Д нь чи хүргэж өгөхгүй бол би хүргээд өгье гэж гуйсаар байгаад түлхүүрийг нь аваад намайг хүргэж өгөхөөр явж байгаад Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутагт машин осолдож зам тээврийн осол гарсан. Тэгээд Д бид хоёр колонк дээр очоод Пушкийгийн машинтай сумын эмнэлэг дээр очиж үзүүлсэн.
Ослын улмаас биедээ хүнд гэмтэл авсан. Эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг гарсан. Түүнээс А.Д надад 1.800.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Надад одоо хохиролын баримт байхгүй байна. Гэхдээ прокурор, шүүхийн шатанд хохиролын баримтаа гаргаж өгнө. Эмчилгээтэй холбоотой зардлыг төлчихвөл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би 2017 оны 10 сарын 11 -ны шөнө 00 цагийн үед өөрийнхөө ажил дээрээс машинтайгаа Тес петролиум колонк дээр байх найз Д дээр очоод хоеулаа шар кемп ороод ирий чи миний машиныг барьчих гээд бид хоёр шар кемп дээр очиход Д нь Нэргүйлүү залгаад танай гадна байна гараад ир гэхэд Нэргүй нь гарч ирээд миний машинд суусан. Тэгээд бид нар Цэцэг сум орж дэлгүүр орох гэтэл онгорхой дэлгүүр байхгүй байхаар нь би машинаа бариад бид гурав шууд манай ажил дээр ирсэн. Би ажил ирээд амрах гээд орон дээрээ хэвтээд байж байтал Нэргүй нь намайг ажил руу хүргээд өгөөч гэхээр нь би орой болсон маргааш өглөө хүргээд өгье гэхэд Д нь бас Нэргүйг хүргээд өгөөч гээд байсан. Мөн Д нь чи хүргэж өгөхгүй бол би хүргээд өгье түлхүүрээ өгчих бензенийг нь хийгээд өгье гээд гуйгаад байсан. Тэгээд Д нь манай ажлын пост машинд 10.000 төгрөг уншуулчихаад миний машины түлхүүрийг аваад тэр хоёр явсан. Удалгүй Д надруу залгаад найз нь чиний машиныг унгаачихлаа уучлаарай найз дээрээ хүрээд ирээч гэхээр нь би Тэс дээр очоод Пушкийг дуудаад байж байтал гадна Д , Нэргүй хоёр алхаад хүрээд ирсэн байсан. Тэгэхээр нь Пушкийгийн машинаар тэр хоёрыг сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэгээд дараа нь өглөө үүрээр осол орсон машинаа асаагаад манай ажил дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг.
Гэрч Б.Пушкийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би 2017 оэы 10 сарын 12-ны шөнө 03 цагийн үед байх ажил дээрээ унтаж байхад Мөнхзул над дээр ирээд босоод ир Д миний машиныг унагаачихсан гэнэ. Хоеулаа очъё гээд гартал Д , Нэргүй хоер ирчихсэн байсан юу болсон талаар асуухад Д нь Нэргүйг хүргэж өгөх гээд явж байгаад Еотгорын даваан дээр Мөнхзулын машиныг унагачихлаа гэж хэлсэн. Тэгээд миний машинаар Д , Нэргүй хоёрыг сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд үүрээр буцаад Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг Еотгорын даваа гэх газраас машиныг Мөнхзул, Д , бид гурав авч ирсэн...” гэх мэдүүлэг
Гэрч Л.Тодбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 05 цагийн үед ослын дуудлага ирлээ ирж үзээч гэж утсаар жижүүр сувилагч дуудсан. Үүний дагуу эмнэлэг дээр ирэхэд осолд орсон Нэргүй гэх охин байсан. Нэргүйгийн биеийг үзэхэд амнаас нь жаахан цус гарсан байдА , биеийн байдал хэвийн, баруун талын эрүүний доод хэсгээр хавдартай, өвчүүний дээд хэсгээр эмзэглэлтэй байсан. Би өвчин намдаах эм уулгаад яарА нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Ховд аймаг руу явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Ховд аймгийн Цэцэг суманд байрлах “Аянчин” нэртэй зоогийн газарт би хамт ажилдаг охин болох Нэргүйтэй цуг байж байсан. 00 цаг өнгөрч байхад Нэргүй хүнтэй утсаар яриад гараад явсан. Би хаашаа явж байгаа талаар асуухад надад юу ч хэлэлгүй гараад явсан. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 535 тоот шинжээчийн:
1. Б.Нэргүйгийн биед гэмтэл учирсан байна.
2.Б.Нэргүйгийн биед зүүн уушги шалчийсан, зүүн плеврийн /уушгины гялтэн/-д пневмоторакст /хий хурах/, зүүн талд I хавирга, X, XI хавиргануудын хугарал, Доод эрүү ясны баруун өнцөг хэсгийн зөрөөгүй хугарал, өвчүү ясны бүдэрхий хэсгийн хугарал, тархи доргилт, баруун талын хацар, эрүүнд хаван хавдар, баруун доод адаг араа шүдний сулрал, бага араа шүдний булгарч уналт, зүүн ташаанд ЗхЗсм, баруун өвдөгний дотно 10х5см, зүүн өвдөгний дотно 5хЗсм бүр цус хуралтууд, баруун өвдөгт 3x1 см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Б.Нэргүйгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Б.Нэргүйгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэ- сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д... Цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл Үүнд: цээж, хэвлий, аарцгийн хөндий эрхтнүүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий агаар хуралдсан гэмтэл хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Б.Нэргүйгийн биед учирсан гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53 / зэрэг болно.
- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х овогт А ы Д нь Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 48-77 ХОҮ улсын дугаартай Прүсс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Нэргүйгийн бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 535 тоот дүгнэлт, хохирогч Б.Нэргүйгийн мэдүүлэг, гэрч А.Мөнхзул, Б.Пушкий, Л.Тодбаяр, Э.Шинэцэцэг нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Д г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасахаар заасан боловч шүүгдэгч А.Давшдаваа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тул эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй юм.
Хохирогч Б.Нэргүй нь 2017 оны 11 сарын 08-ны тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Би А.Д тай хамт явж байгаад осолд орж биедээ хүнд гэмтэл авч Улаанбаатар хотод очиж эмчлүүлж ирсэн. Эмчилгээний зардалд 3.800.000 төгрөг өгч авалцахаар тохиролцов. Бэлнээр 2000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 1.800.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 10-ны дотор өгөхөөр харилцан тохиролцов”, А.Мөнхзул нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “А.Д гаас машины хохирол болох 3.000.000 төгрөгийг 2017 оны 12 сар, 2018 оны 01 дүгээр сард тус тус хоёр хувааж авахаар харилцан тохиролцов” гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын зарим хэсгийг төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А ы Д г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А ы Д г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч А.Д д эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолооддог зан үйлээ засахыг үүрэг болгосугай.
3. Шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д нь А.Мөнхзулд машины үнэ 3000.000 /гурван сая/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч Б.Нэргүйд эмчилгээний зардалд 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг төлснийг дурьдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.