Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/865

 

 

 

 

 

 

    2024           7             24                                       2024/ДШМ/865

 

 

Б.Мод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Мод холбогдох эрүүгийн  2403000000181  дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.М, 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, Монгол Улсын Их Сургуулийн 4 дүгээр курст сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Ус цаг
уур орчны шинжилгээний газрын урд замд 2024 оны 03 дугаар сарын 07-ны ө
дрийн 10
цаг 30 минутын орчимд “
Toyota sai” маркийн 51-50 УБМ улсын дугаартай тээврийн
хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын
хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ
тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган
зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа
унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гэрлэн дохиотой гарцын
зөвшөөрөгдсөн гэрлээр гарч явган зорчигч Ц.Сг мөргөж эрүүл мэндэд нь
хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хундэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаанд хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоё долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаанд хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Моос хохирогч Ц.Сгийн сэтгэцэд учирсан хор уршигт 9.900.000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг олгуулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар Б.Моос хохирогч Ц.Сд сэтгэцэд учирсан хор уршигт 9.900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Шүүхээс хохирлын хэмжээг тооцохдоо хэт өндөр тогтоосон. Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эмчилгээний зардлаас гадна 1.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн мөнгө нь ямар нэгэн баримтгүйгээр өгсөн мөнгө тул сэтгэл санааны хохирлоос хасагдаж тооцогдох юм. Гэтэл шүүх энэ мөнгийг хасч тооцоогүй. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн мөнгийг сэтгэл санааны хохирлоос хасч тооцож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч осол болсон өдрөөс эхлэн хохирогчийг эмнэлэг дагуулж яваад, эрүүл мэндэд нь анхаарч тусалж байсан. Гэр бүлийн байдлын хувьд, аав маань зүрхний архаг дутмагшил өвчнөөр хагалгаанд орж, ээж маань ажил хийж байгаа. Би хичээлийнхээ хажуугаар “Зөв.мн” хэвлэл мэдээллийн сайтад цагаар ажиллаж, найруулагч, зураглаач гэсэн мэргэжлээр үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Миний олж байгаа орлого манай гэр бүлийн орлогын нэлээд их хувийг эзэлдэг бөгөөд торгуулийн мөнгө хүнд байгаа учраас хасаж өгнө үү гэж хүсч байна. Аав маань зүрхний дутмагшил өвчнөөс болж автомашин барихад хүндрэлтэй байдаг тул би хоёр хөгшнийгөө эмнэлэгт хүргэх зэргээр ямар нэгэн байдлаар зөөх асуудал байнга үүсдэг тул жолооны эрх хасах нэмэгдэл ялыг боломжит хугацаагаар хасаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ял шийтгэлийн тухайд хэлэх зүйлгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд эрх хасах нэмэгдэл ялыг хасаж тооцох боломжтой байх. Хохирлын хувьд шүүгдэгчээс 1.300.000 төгрөг өгөхдөө ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 300.000 төгрөг гэж өгсөн. Шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 9.900.000 төгрөг нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцож олгосон төлбөр тул шүүгдэгчийн төлсөн 1.300.000 төгрөгийг уг мөнгөнөөс хасаж тооцох үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Ус цаг
уур орчны шинжилгээний газрын урд замд 2024 оны 03 дугаар сарын 07-ны ө
дрийн 10
цаг 30 минутын орчимд “
Toyota sai” маркийн 51-50 УБМ улсын дугаартай тээврийн
хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын
хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ
тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган
зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа
унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гэрлэн дохиотой гарцын
зөвшөөрөгдсөн гэрлээр гарч явган зорчигч Ц.Сг мөргөж эрүүл мэндэд нь
хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Сгийн  “...Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчимд нөхөр Б.Тогтохсүрэнгийн хамт нийгмийн даатгалын ерөнхий газар орсон.  Тухайн газарт маань машины зогсоол байдаггүй учраас нөхрийнхөө машинаас
монтелийн хажуугийн зогсоолоос буугаад ганцаараа нийгмийн даатгалын газар луу
алхаж яваад монгол банкны яг хойд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээрээ
урдаасаа хойш чиглэлтэй гарч байсан тэгээд нэг цагаан өнгийн машин эргэж
байсныг санаж байгаа
, тэгээд л тас гээл явсан тэгээд л толгой тархи янгинаад нүдэнд
гал буугаад л явсан тэгээд сэргэхэд машинд мөргүүлээд зам дээр хэвтэж байсан тэр
үед нөгөө цагаан машины жолооч машинаасаа бууж ирж байсан би үед өндийж
чадахгүй нөгөө жолоочийг чи чинь ямар хурдтай явдаг юм бэ гэж хэлсэн
. Нөгөө
жолооч одоо яах уу гэхээр нь би 103-д дуудлага өгөөч ээ гэсэн нөгөө жолооч залуу
103
руу залгахад утсаа авахгүй байна гэсэн. Тэнд байсан нэг хүн наад хүнээ аваад
гэмтэл рүү яв гэж хэлсэн
. Тэгээд нөгөө мөргөсөн машины жолооч намайг аваад
гэмтлийн эмнэлэг рүү явсан
. Гэмтлийн эмнэлэг дээр очоод тархины томограф
хийлгэсэн, толгой, хөл, гар, хэвлийн эхо хийлгэж, рентген зураг авхуулсан дараа нь
эмч үзээд зүүн гарын шуу хэсгээрээ хугарсан байна гэсэн. Тэгээд миний зүүн гарыг
гипсдсэн.
...” /хх 19/,

иргэний нэхэмжлэгч Д.Ггийн "...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 307.000 төгрөг гарсныг шүүгдэгч Б.Моос гаргуулж Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 24 / гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын                            21-ний өдрийн 3758 дугаар  “...Ц.Сгийн биед зүүн шуу ясны далд хугарал, дух, хамар, 2 нүдний дээд, доод зовхи, баруун шилбэ, тавхай, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохигдох, мөргөгдөх үйлчлэлээр, 2024.03.07-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /хх 38-39/, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн /хх 45-51/ гэсэн дүгнэлтүүд,

 хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 11-15/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 1-4/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 395 дугаартай магадалгаа /хх 54/ зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Мыг тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Сг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаа “...хохирогчид эмчилгээний зардлаас гадна 1.000.000 төгрөг шилжүүлснийг сэтгэл санааны хохирлоос хасч тооцож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан. Шүүх хуралдаанд оролцохдоо дээрх гомдол дээрээ нэмж шүүгдэгчийн “жолооны эрх хассан хугацаа их тул багасгаж өгнө үү” гэжээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний дотор ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Мод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг зэрэгт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ц.Сд 1.000.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож тайлбар хэлж, асуултад хариулахдаа “уг мөнгийг хохирогчийн ажилгүй байсан хугацааны төлбөр буюу олох байсан орлогод тооцож хохирогчтой тохиролцож өгсөн” талаараа тодорхой мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

                                   

                                    ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХТУЛГА