| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2020/02373/И |
| Дугаар | 210/ма2022/00321 |
| Огноо | 2022-02-23 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 210/ма2022/00321
| 2022 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2022/00321 |
Б.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/04206 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-д холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2020 оны 01 дүгээр сард өөрийн ах Д.Цэнгэлжаргалаас Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Моносын 1-22Б тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн 00615088 гэрчилгээний дугаартай, 18646311623937 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 523.36 м.кв талбай бүхий газрыг худалдан авч эрхийн улсын бүртгэлийн Г-2204002595 бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон. Манай өмчлөлийн газар дээр хөрш айл болох Г.Б- зөвшөөрөлгүй байшин болон галлагааны зуух барьсан. Галлагааны зуухнаас болж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гал гарч манай сууцны нэг өрөө болон дээвэр шатсан. Мөн олон удаа газар чөлөөлөхийг хүсэж шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй байна. Иймд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо Моносын 1-22 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 523,36 мкв талбай бүхий газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Г.Б- болон Б.Г-ийн хашаа зэргэлдээ, хамар хашаанууд байдаг. Газрын давхцсан хэсгийг тодруулж, шинжээчийн дүгнэлт гарсан. Баянзүрх дүүргийн газрын албанаас асууж тодруулахад эзэнгүй газар гэрчилгээ байхгүй байна гэдэг нь нотлогдсон учраас галлагааны зуухыг барьсан. Кадастрын зургаас харахад таамбар хэсгийн доголоос баруун тийшээ Б.Г-ийн газар, доголоос зүүн тийшээ хэн нэгэн эзэмшээгүй газар байна. Анх 2004 онд Д.Цэнгэлжаргал гэж хүн газрыг эзэмшихдээ Г.Б-гийн галлагааны зуух барьсан газар нь Б.Г-ийн өмчлөл рүү ороогүй байна гэж хэлдэг. Сүүлд цэгээ тогтоолгохдоо буруу тогтоолгосон юм шиг байна. Газрын байршлын цэг өөрчлөгдсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Буурал овогт Б. Г- (рд:КЮ72022975)-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1-22Б тоот хаягт байршилтай 27 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Боржигон овогтГ.Б-(рд:ВГ51100201)-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхэд Баянзүрх дүүргийн Газрын албанаас асууж тодруулахад эзэнгүй газар, хэн нэгний нэр дээр гэрчилгээ гараагүй гэсэн тул барилга барьсан гэж хариу тайлбар гаргасан боловч энэ талаар баримтаар нотлох эрхээ алдсан, татгалзлаа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэвч миний бие тухайн газар Б.Г-ийн нэр дээр шилжихээс өмнө хоосон байхад нь байшин болон галлагааны зуух барьсан учраас хэргийг буруу шийдсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдаас шаардах эрхтэй тул гомдлыг хангах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Б.Г-ийн өмчлөлийн газрын кадастрын цэг 2004 оноос огт өөрчлөөгүй нь нотлогдож байгаа тул хариуцагчийн гаргасан гомдол хуульд нийцээгүй, бодит байдлаас илтэд зөрүүтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хяналаа.
2. Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо Моносын 1-22 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 523,36 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ өөрийнх нь өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр байшин болон галлагааны зуух барьсан гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх-1, 114/
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2000 оноос хойш тухайн газар амьдарч байгаа бөгөөд газрын албанаас асууж тодруулахад хэн нэгний өмчлөлд шилжээгүй эзэнгүй газар гэсэн тул байшин болон галлагааны зуух барьсан, газрын байршлын цэг өөрчлөгдсөн, цэгийг буруу тогтоосон гэсэн агуулгаар тайлбарлаж, маргажээ. /хх-15, 114/
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийн өмгөөлөгчөөс зохигчдын хоорондох маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо Моносын 1-22 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 523,36 м.кв талбай бүхий газар давхцалтай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, улмаар 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дүгнэлт гаргажээ.
Уг шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Г.Б-гийн барьсан 46 м.кв талбай бүхий барилга нь 15 м.кв-аар, 14 м.кв талбай бүхий барилга нь 12 м.кв-аар нэхэмжлэгч Б.Г-ийн эзэмшлийн 523 м.кв газартай давхцсан үйл баримт тогтоогдсон байна. / хх 64-70/
5. Мөн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Б.Г- нь 2004, 2012 онуудад газрын байршлын кадастрын зураг хийлгэсэн Д.Цэнгэлжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 хороо, Монос 1 дүгээр гудамж, 22б тоот /хх90, 102-106/ газрыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авч, мөн кадастрын зураг хийлгэсэн /хх16-19/, харин хариуцагч Г.Б- нь мөн хаягт байрлах 22г тоот газарт 2016 онд эзэмших эрхийн гэрчилгээ авч, үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх 19-20, 98/ үйл баримт тус тус тогтоогджээ.
6. Анхан шатны шүүх дээрх үйл баримтуудад үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн шаардсанаар газрыг чөлөөлөхдөө хариуцагчийн барьсан барилгыг нураах, эсхүл нураахгүйгээр чөлөөлөх боломжтой эсэх, мөн барилга байгууламжийг барьж байх үед газрын өмчлөгч, эзэмшигчээс барилгатай холбогдуулан шаардлага гаргаж байсан эсэх талаар тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэх буюу зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/04206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ЦОГТСАЙХАН