| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00051/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 54
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б ийн Н ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000100009 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Ө суманд 1995 оны 03 сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын -р багийн тоот,одоогоор Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг хороолол -ийн тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Б овогт Б ийн Н РД:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 08 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт орших Бага улаан даваа гэх газарт 23-12 БӨА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Д.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 08 сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн 23-12 БӨА улсын дугаартай приус-20 маркийн авто машинтай Д.Есенжол, М.Аманбек нарын хамт замдаа явж байгаад Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт орших Бага улаан даваа гэх газар засмал зам дээр даваа уруудаж яваад огцом эргэлтэн дээр баруун урд дугуй хагарсаны улмаас машин жолоодлогогүй болж замаас гарч осол гаргасан.Би гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан.Хохирогч Есенжолд хохиролд нийт 9 сая гаруй төгрөгний хохирол төлж барагдуулсан.Би санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Есенжолын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 08 сарын 23-ны өдөр 15 цаг 30 минутын орчим хөрш айлын хүүхэд болох Б.Н ын 23-12 БӨА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээр миний бие Амка гэдэг залуу бид 3 Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарсан. Тэгэхэд Ховд аймгаас гараад нэлээн явсан. Замд нэг даваан дээр гарч зогсоод жолооч Б.Н бид хоёр бие засаад буцаж машиндаа суугаад хөдөлсөн. Тэгээд дараа нь юу болсон талаар санахгүй байна. Түүнээс хойш хоёр хоногийн дараа ухаан ороход Ховд аймагт эмнэлэгт хэвтэж байсан юм” гэх мэдүүлэг,
Гэрч М.Аманбекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би Улаанбаатар хот руу Н , Скай нарын хамтаар 23-12 БӨА улсын дугаартай авт машинтай явж байгаад Ховд аймаг өнгөрөөд би арын суудал дээр ганцаараа унтаад явж байсан нэг мэдсэн чинь машин уначихсан байсан. Би гарах гээд тэр хооронд ухаан самуураад байтал жолооч ирээд намайг гаргаж авсан. Гараад ирсэн чинь замын хажуу талд хамаг шил нь хагарчихсан байсан. Урьд сууж явсан Есенжол байхгүй байхаар нь хайсан чинь машины урд талд гадна газар дээр хэвтэж байсан. Жолооч замын машин зогсоогоод багийн эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Есенжолын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 11610 тоот:
1. Д.Есенжолын биед сээрний 3-7 нугаламын шахагдсан хугарал, хүзүүний 7-р нугалам, сээрний 1-2-р нугаламын зүүн хажуу сэртэн яс гэмтлүүд тогтоогдлоо.
2. Д.Есенжолын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой .
гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Цаашид эрүүл мэндийн болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл
- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл
- Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд
- Эд зүйлд үнэлгээ тогтоолгох баримт
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Б.Н нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохиролоо нөхөн төлсөн байдал, хохирогч Есенжол нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.Шүүгдэгч Б.Н ын өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан дүгнэлт гаргаж байгаа боловч шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах ял болон хорих ял оногдуулахаар заагаагүй бөгөөд хуульд заагаагүй ялыг шүүгдэгчид оногдуулах боломжгүй учир өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б ийн Н ыг Автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Н ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.