| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2408012780704 |
| Дугаар | 2024/ДШМ/873 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/873
2024 8 1 2024/ДШМ/873
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Төмөртулга,
хохирогч Ц.Я,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/712 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бий гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2408012780704 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Сад овгийн Б.Б, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа ачааны тэрэгний жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............../;
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, хуучин “Драгон” төвийн хойд талд “Сүү” ХХК-ийн гадна хамтран амьдрагч Ц.Яг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаа, дээд уруул, цээж, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, эрүү хэвлийд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хамтран амьдрагч Ц.Яыг цохих өшиглөх зэргээр зодож, үүний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба уг асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед миний бие согтуурсан үедээ биеэ барьж, өөрийгөө удирдаж чадалгүй, харамсах зүйл хийсэн гэм буруугаа ухаарч байгаа. Би хувиараа том машин ажиллуулдаг тул сар бүр тогтмол орлого олдог учир торгох шийтгэлийг биелүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж намайг торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Б.Б болон өмгөөлөгч миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнтэй маргадаггүй. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байдаг. Анхан шатны шүүхээс Б.Бд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг баримталж чадаагүй гэж үзэж байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээнд тохирсон, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээнд багтсан байхыг чухалчлах хэдий ч түүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрд бодитой дүгнэлт хийх учиртай. Хэдийгээр Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхээс ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол, гомдол саналтай гэмт хэрэгтээ адил, магадгүй илүү өндөр хариуцлага оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдлыг заасан. Ийнхүү хуульчлахдаа тал бүрээс нь харгалзан үзэн гэсэн бөгөөд үүнд нийцээгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд 2 удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэдгээр өндөр ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Гэтэл урьд шийтгүүлсэн 2 ял шийтгэлийг биелүүлсэн байгаа. Торгуулийн ялыг биелүүлсэн. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нь ял шийтгэлээ биелүүлсэн, хүлээсэн гэж үзэж байгаа бол дахин ял оногдуулж байгаа мэтээр өндөр ял шийтгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хэрэв шүүхээс торгох ял оногдуулах боломжгүй гэж үзвэл 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.
Хохирогч Ц.Я тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад гомдол байхгүй. Өмнө нь ирэн очин байдаг байсан. Одоо хамт амьдарч байгаа учраас Б.Бд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. Б.Б ажлаа хийхгүй бол бид 2 санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. ...” гэв.
Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн нь анхан шүүхээр хэргийг хянан хэлэлцэж нотлогдсон. Б.Б урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг 2 удаа үйлдэж, өөрт дүгнэлт хийгээгүй, мөн хохирогчид учирсан гэмтлийн шинж болон үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, хуучин “Драгон” төвийн хойд талд “Сүү” ХХК-ийн гадна хамтран амьдрагч Ц.Яг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаа, дээд уруул, цээж, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, эрүү хэвлийд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Яы: “...Билгүүн гэнэт намайг үсдэж аваад нүүр рүү цохиж эхэлсэн ба миний элэг рүү гэдэс хэсэгт цохиод, мөн өшиглөөд байсан. 21 дүгээр хорооллоос гэр рүү очих хүртэл цохиж зодож явсан юм. Миний толгойг нэг гараараа уургалж аваад нөгөө
гараараа миний толгой руу зөндөө цохисон, гэртээ орохын наагуур цагдаа нар ирээд
аваад явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бага зэрэг согтолтой
байсан ба намайг араас хөөгөөд зодоод яваад байсан болохоор эрүүл болсон, бүх
зүйлийг санаж байна. Ер нь архи согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ л агсам тавиад байдаг, тэрнээс ямар нэгэн байдлаар халдаж
байгаагүй, маргалдаж муудалцахаараа би өөрийнхөө гэр лүү явдаг. Гудамжинд
явсан хүн цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ. Миний биед гэмтэл учирсан
тул гомдолтой байна. ...” /хх 19-20/,
гэрч Б.Б: “...Манай ээж Янжин нь Билгүүнтэй дотно харилцаатай, нэгнийдээ орж гардаг хайр сэтгэлийн харилцаатай болно. Царайг нь л мэднэ, тэрнээс ааш араншин болоод өөр зүйл мэдэхгүй. Саяхан санагдаж байна, 2024 оны 03 дугаар сард маргалдсан, муудсан, гар хүрсэн гээд гэртээ ирж байсан, өөр зүйл мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар дарамталж байсныг хэлж мэдэхгүй байна. Одоог хүртэл холбоотой байдаг байх, харилцааны талаар нээх асууж лавладаггүй. Маргалдаж муудахаараа гэртээ ирдэг. ...” /хх 28-29/,
шүүгдэгч Б.Бий яллагдагчаар өгсөн: “...Зүүн гараараа Янжины нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон, мөн цээж хэсэгт нь 1-2 удаа цохисон болно. Миний бие уг үйлдэлдээ
харамсаж байна, согтуудаа л тийм үйлдэл хийчихлээ. ...Ц.Яы зүгээс ямар
нэгэн хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн, гэхдээ нэхэмжилбэл заавал
барагдуулах болно. ...” /хх 45-46/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн
4657 дугаар “...Ц.Яы биед тархи доргилт, баруун шанаа, дээд уруул, цээж,
зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, эрүү, хэвлийд цус хуралт
гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр
үүсгэгдэнэ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун
шанаа, дээд уруул, цээж, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийн
цус хуралт гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хацар,
эрүүний цус хуралт гэмтэл нь үзүүлэхээс 7-аас дээш хоногийн өмнө үүсгэгдсэн байх
боломжтой хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг
алдагдуулахгүй. ...” /хх 32-33/ гэсэн дүгнэлт гэсэн дүгнэлт зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.
Шүүгдэгч Б.Бий үйлдлээс үзэхэд хохирогч Ц.Яг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаа, дээд уруул, цээж, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, эрүү хэвлийд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Б.Бий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал байдлыг зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг бөгөөд амьдралын эх үүсвэр, ажил хийх шаардлага зэргийг харгалзан ял оногдуулах шаардлагагүй, энэ нь ялын зорилгод хамаарахгүй.
Иймд торгох ял оногдуулж өгөхийг хүссэн шүүгдэгч Б.Бий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/712 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА