2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03702

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30

191/ШШ2025/03702

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ..хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дүгээр хороо, ... байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362,830,342 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 180,983,200 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК холбогдуулж Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362,830,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* санаа ХХК-тай тэгш байдал, харилцан зөвшилцөл, сайн дурын, аливаа этгээдээс хараат бус байх зарчмын дагуу дараах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Үүнд: 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* санаа ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх 20120801 тоот гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу манай компани гэрээт ажлыг гүйцэтгэгчийн үүрэг хүлээж ******* санаа компанийн захиалгаар Баянзүрх дүүргийн аманд төмөр арагт бүтээцтэй 258,88 м.кв талбайтай Рестораны барилгыг 1 м.кв-ийн үнийг 370 доллар, гэрээт ажлын нийт хөлсийг 95,785,000 долларын үнэ өртөгтэй гүйцэтгэж 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* санаа ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх ТХ03/12 гэрээг байгуулж 342,4016 м.кв талбайтай төмөр арагт бетон бүтээцэн суурийн нэг давхар гараж, төмөр арагт бүтээцтэй, 596,234 м.кв талбайтай гурван давхар зочид буудлыг консолтой нэг ширхэг к-70125 шифртэй зураг төслийн дагуу 1 м.кв-ийн үнэ 370 доллар бүхий гэрээт ажлын нийт үнийг 233,276 ам доллар байхаар тохиролцон аялал жуулчлалын зориулалтаар ашиглах цогцолбор байгууламжийн хэлбэрээр барьж 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Талууд байгуулсан гэрээний хавсралтаар ажил гүйцэтгэх хөлсийг төлөх графикийг баталсан бөгөөд энэхүү хавсралт үндсэн гэрээтэй нэг ижил хууль зүйн хүчин чадалтай байхаар гэрээнд тусгасан. Гэрээгээр хүлээсэн үүргээ 2 тал биелүүлэн ажиллаж байсан боловч ажлын явцад ******* санаа ХХК нь батлагдсан графикт хугацаанд санхүүжилт өгөхгүй байсны улмаас барилга барихад нэн шаардлагатай материалуудыг худалдан авах боломжгүй болж барилгын ажил зогсоход хүрсэн. Энэ асуудлыг ******* санаа компанийн ерөнхий захирал Т.д танилцуулахад Та нар мөнгөтэй хүн олоод хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээд барилгын материалаа аваад ажлаа хэвийн явуулж байгаарай би мөнгийг нь хүүтэй нь долоо хоногийн дотор төлнө гэж надаас гуйсан. Ажлаа хугацаанд нь хэвийн явуулах шаардлага Т.д итгэсэн тул мөнгө олохоор хөөцөлдөж байгаад өөрийн танил Г.аас мөнгө зээлдэх боломжтой болсон. Энэ тухай Т.д хэлэхэд зөвшөөрсөн тул Г.аас 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээл 110,000,000 төгрөг, түүний хүүг сарын 8 хувийн хүүтэй байхаар тохиролцон зээл авч, гэрээт ажлыг хийж дуусгасан. Т. нь намайг бусдаас мөнгө хүүтэй зээлж аваад барилгын ажлуудыг хийж дуусгасныг сайн мэдэж байгаа бөгөөд мөнгө зээлж авсны маргааш нь хүүтэй нь төлөхөөр надтай амаар ярьж тохиролцож байсан. Манай компани ******* санаа ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлын тооцоо хийж 130,750 доллар буюу 241,886,895 төгрөгийг манай компанид төлөхөөр тооцоо гарсныг ******* санаа ХХК-ийн захирал Б.******* зөвшөөрч тооцоо нийлсэн баримт бичигт гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулсан. Миний бие ******* Т. нараас мөнгөө нэхэмжилж олон удаа утсаар ярьж биеэр уулзсаны хүчинд Ганхуягийн туслах Ш.оос 87 сая төгрөг авах авлагатай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа гээд холбогдох материалыг нь надад хуулбарлан өгч Ш.ийн утас болон өмгөөлөгчийнхөө утсыг өгсөн. Дээрх хүмүүстэй нь уулзахад шүүхийн шийдвэр гарсан нь үнэн байсан бөгөөд Ш. нь Т.д өгөх 87 сая төгрөгөө манайд өгөхөөр тохиролцож 2015 оны 02 дугаар сард 5,000,000 төгрөгийг манайд өгсөн бөгөөд үлдэх мөнгийг дараагийн долоо хоногт өгнө гэж явсаар 7 сарын эхээр Т. бид 2 газраар төлбөрөө дуусгасан. Одоо та нар Т.тэйгээ тооцоогоо хий гээд миний олон сар, өдрийн ажлыг үр дүнгүй болгосон. Мөн Т. Б.******* нар нь хүүхдийн 100 дэлгүүрийн зүүн талд Голомт банк байрлаж байгаа барилгаа , гэдэг төмөр, алтны уурхай эрхэлдэг компаний захирал гэгчид зарсан түүнээс 100,000,000 төгрөгийн авлагатай би чамд өгөөрэй гээд хэлчихсэн байгаа гэсэн. Би Моннисийн төв байрны 9 давхарт байх оффист нь очиж гэгчтэй нь уулзахад Т. надад 03 дугаар сарын сарын 15-ны өдөр ирээрэй гээд явуулсан бөгөөд 03 дугаар сарын 15-ны өдөр утсаар нь залгахад утас нь холбогдохгүй байхаар компани дээр нь очиход нүүгээд явчихсан байсан. тай олон сар холбогдохыг оролдож байгаад 2015 оны 8 дугаар сарын үед утсаар холбогдоход бид 2 хамтран ажиллаж байгаа болохоор би чамд мөнгө өгөх шаардлагагүй болсон гэсэн хариу өгсөн. ******* санаа ХХК-ийн ерөнхий захирал Т., гүйцэтгэх захирал Б.******* нарыг гэрээгээр хүлээсэн үүргийг нь биелүүлүүлж, ажлын хөлсөө авах гэж чадлаараа хөөцөлдсөн боловч ажлын хөлсөө авч чадаагүй, намайг давхар 110 сая төгрөг болон түүний хүүний өрөнд унагаж, үүссэн маргаанаа эвээр шийдвэрлэж чадахгүйд хүрч, хүнд байдалд оруулсан тул хуулийн дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс аргагүй байдалд хүрсэн тул ******* санаа ХХК-иас Барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон 241,886,895 төгрөг, 2014 оны 07 дугаар сараас хойш 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 364 хоногийг Ажил гүйцэтгэх гэрээний 5.5 дахь хэсэгт заасны дагуу хоног тутам төлөөгүй мөнгөний дүнгийн 0.3 хувиар алданги тооцоход 264,140,489 төгрөг нийт 506,027,384 төгрөгийн тооцоо гарч байсан. Иргэний хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан тул алдангийг 120,943,447 төгрөгөөр тооцон 241,886,895 төгрөг дээр нэмж нийт 362,830,342 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 101/2016/Ш32016/994 тоот захирамжаар шүүх хуралдаанаас хоцорсон гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан бөгөөд захирамжид гомдол гаргасан боловч хэвээр үлдээсэн. Үүний дараа Т.г 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т., түүний эхнэр Б.******* нар байсан бөгөөд мөнгөө нэхэхэд сонгуульд нэр дэвшээд мөнгө, санхүү муу байна энэ сонгуулийг өнгөрөөгөөд 07 дугаар сарын 03-ны өдөр хүрээд ир мөнгийг чинь өгнө гэсэн. Энэ хугацаанд утсаар нь олон залгасан боловч утсаа авахгүй алга болсон. Т., Б.******* нараас мөнгөө нэхэмжилсэн нэхэмжлэлийг Баянзүрх дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч шүүгч А. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/30793 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд шүүгч захирамжийн үндэслэлээ нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд захирал Б.******* гарын үсэг зурсан боловч Б.******* нь ******* ******* ******* ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй талаарх нотлох баримт байхгүй байна гэсэн байна. Иймд ******* ******* ******* ХХК-ийн захирал Б.******* тул компанийг төлөөлөх бүрэн эрхтэй болох тухай лавлагааг Улсын бүртгэлийн төв архивын газраас авсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж, манай компанид учруулсан 362,830,342 төгрөгийн хохирлыг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2012 оны 07 дугаар сард Сүхбаатарын талбайд болсон зөөврийн угсармал орон сууцны үзэсгэлэнгийн үеэр ******* ******* ******* ХХК нь өвөлдөө *******, зундаа сэрүүн байдаг, байгалийн нарны илчээр *******аа хуримтлуулдаг байшин барина гэж сурталчилсны үндсэн дээр уг компанитай хамтран ажиллахаар болж, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Улмаар ******* ******* ******* ХХК-ийн захирал Б.******* нь Баянзүрх дүүргийн хурахын аманд байрлах манай жуулчны баазад очиж өвөлдөө машин тавихаар барьсан байсан гражийг зочид буудлын суурь, 3 гэр холбож Чандмань гэр болгохоор зассан буурийг рестораны суурь тус тус болгон ашиглах саналыг тавьсан. Тэр үед манай зүгээс зориулалтын бус суурь тохирох эсэх талаар асуухад манай байшингууд хөнгөхөн тул сууринд даац өгөхгүй, тэгээд ч бид мэргэжлийн хүмүүс учраас мэдэж байна гэж хэлж байсан. Зочид буудлын угсралтын ажил эхэлснээс хойш захирал Б.******* болон уг ажлыг хариуцаж байсан гэх О. нар нь ажлын үйл явцтай маш цөөн удаа ирж танилцсан. Барилгын ажлыг 20 гаран Солонгос ажилчид, орчуулагч ажиллаж гүйцэтгэсэн. Манай зүгээс орчуулагчтай ажлын явцын талаар ярилцаж шаардлага тавих гэхээр бид ажлаа өөрсдөө хийгээд танайд түлхүүр гардуулж өгөх учраас бидний ажилд оролцох шаардлагагүй гэдэг байсан. Манай зүгээс гэрээний төлбөрийн 70 хувийг өгсөн байтал ажил сунжирч явсаар гэрээнд заасан хугацаа аль хэдийн өнгөрч, бид ажлаа дуусгахыг удаа дараа шаардахад үлдэгдэл төлбөрөө төлвөл дуусгаж өгье гэдэг байсан. Мөн сүүлдээ ажилчиддаа хоол, хүнсийг нь ч авчирч өгөхөө больсон. Гэвч бидний нүдэн дээр мэргэжлийн эсэх нь эргэлзээтэй ажилчид, хараа хяналтгүй, маш чанаргүй барилгын угсралтын ажлыг хийсэн учраас ******* ******* ******* ХХК-д итгэх итгэл алдарсан. 2012 оны 12 дугаар сард барилгын цахилгааны монтаж, заслын ажил хийж байхдаа уг ажлаа дуусгалгүй барилгын ажлыг хаяж явсан. 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу барилгын ажлыг 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх үүргийг гүйцэтгэгч нь хүлээсэн боловч энэ хугацаандаа хийгээгүй, 2012 оны 12 дугаар сард барилгын ажлыг 60 хувьтай байхад нь орхиж явсан ба түүний энэ үйлдэл гэрээг цуцалсан гэх дүгнэлтэд хүргэж байна. Гэрээ цуцлах нь хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг дуусгавар болгох явдал бөгөөд гүйцэтгэгч барилгын ажлыг дуусгалгүй орхиж явснаар гэрээг цуцлах хүсэл зоригоо бодитоор илэрхийлсэн гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй. Гэрээг цуцалснаар талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар үүссэн үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох талаар Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар зөвлөмжид тусгасан байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд гэрээ цуцлах асуудлыг зохицуулсан бөгөөд хуулийн зохицуулалтаас тодруулбал үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн аль нь гэрээг цуцлах эрхтэй байна. Гэтэл манай зүгээс гэрээг цуцлах тухай ямар нэгэн хүсэл зориг илэрхийлээгүй байхад гүйцэтгэгч тал буюу үүрэг гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь шалтгаангүйгээр ажлаа орхин явж, цаашид хийж гүйцэтгээгүй учраас энэ үйлдлийг нь гэрээг хууль бусаар, өөрийн хүсэл зоригоор цуцалсан гэж үзсэн бөгөөд манайхыг ажлаа дуусгаж өгөхийг шаардахаар үлдэгдэл мөнгөө өгвөл дуусгана гэсэн хариу өгч байснаар бүрэн нотлогдоно. 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын шалгалт хийсэн тэмдэглэлээр тогтоогдоно. Баянзүрх дүүргийн Мэргэжлийн Хяналтын хэлтсийн байцаагч Д.Чулуунчимэг манай жуулчны баазад шалгалт хийхээр ирээд шалгалтын тэмдэглэл үйлдсэн бөгөөд энэ тэмдэглэл 330 дуусаагүй барилга гэж тэмдэглэсэн байгаагаар гүйцэтгэгч ажлаа дуусгаагүй орхиж явсан гэдэг нь нотлогдоно. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажил анхнаасаа чанаргүй байсан болохоор жил бүр дахин дахин засвар хийж, одоог хүртэл жуулчны баазаа бүрэн ашиглалтад оруулж чадаагүй. ******* ******* ******* ХХК-ийн дутуу барьсан угсармал байшингууд нь өвөлдөө маш хүйтэн, үүний улмаас цан цохиж, доторх ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур, ус халаагч зэрэг нь хөлдөж хагарч бид жил бүр үүнийг сольж сайжруулдаг байсан. Зочид буудлын хувьд 2 давхрын шал, 1 давхрын таазны завсраар ус орж ирэх, борооны ус дээвэр болон граж руу урсаж орж ирэх, хананд дуу чимээ тусгаарлагч дулаалга байхгүй, 2 давхар луу гардаг шатны бариулыг сантехникийн хоолойгоор хийсэн, шат нь хөдөлгөөнтэй, хамгаалалт маш муутай, цонхны шилнүүд бүгд цуурсан, амалгаа байхгүй, таазны дай төмөр байхгүй учир 1 давхрын тааз нурах, барилгын хаяавч байхгүй учир үерт автдаг, барилгын өндөр талд хамгаалалтгүй тул хүн давж унах аюултай хийгдсэн зэрэг шаардлага хангахгүй хийгдсэн ажлууд байгаа. Рестораны хувьд дээврээс нь ус гоождог, суурь нь цуурсаны улмаас цонхны шил хагарсан, борооны ус ханыг нэвтэрч орж ирдэг, шал руу ус ордог учир шалны халаалтууд бүгд шатсан. Мөн цахилгааны утас хаагуур явсан нь мэдэгдэхгүй, энд тэндээс тог цохидог, зарим өрөөний тог байхгүй зэргээр наад захын хүний хэрэгцээ шаардлага хангаагүй. Эдгээр чанаргүй хийгдсэн ажлыг засварлах, дахин хийхийн тулд манайхаас ихээхэн хэмжээний зардал гарах нь тодорхой бөгөөд хийгээгүй ажлаа хийсэн болгож, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс ******* ******* ******* ХХК-ийг өөрсдийн дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлаа дуусгаж, засч залруулах байх гэж итгэж байтал өөр компанид барилгын ажил гүйцэтгээд авлагатай байгаа гэдгээ үзүүлэх юм, өөр юманд ашиглахгүй гэж гуйж байгаад гарын үсэг зуруулж, компанийн тамгыг даруулж авсан 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн гэх тооцоо нийлсэн актыг үндэслэн 130,750 ам.долларын үлдэгдэлтэй мэтээр шүүхэд хандсан нь хууль бус болно. Дээрх актыг үйлдэхэд өөрсдөө гуйж байгаад өөр ямар ч юманд ашиглахгүй, зөвхөн өөр компанид танайхаас авлагатай гэж үзүүлнэ гэж байгаад надаар гарын үсэг зуруулж, компанийн тамгыг даруулсан бөгөөд энэхүү актын төлбөр төлсөн гэсэн баганд манайхаас авсан 198,311 ам.долларыг төлсөн жагсаалтаар нь гаргаж бичсэн мөртлөө төлөөгүй гэсэн багана хоосон байхад анх гэрээгээр тохиролцсон 329.061 ам.доллар, манай төлсөн төлбөр 2-ын зөрүүг шууд тавьсан 130,750 ам.долларын авлагатай гэж үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Энэ актад гарын үсэг зурж болох талаар би өөрийн нөхөр гээс асуухад гарын үсэг зурчих, манайхаас хожим нь юм нэхэхгүй, хүнд үзүүлэхийн тулд хийж байгаа юм гэхээр нь зурсан. Гэтэл энэхүү хуурамч баримтыг үндэслэн хийгээгүй ажлын хөлсөө авахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хэрэв барилгын ажлыг 100 хувь дуусгасан юм бол гүйцэтгэгч үүнийгээ нотлох баримтаар нотлох шаардлагатай гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлын 60 хувийг хийж гүйцэтгэсэн учраас үлдсэн төлбөрийг авах эрхгүй бөгөөд манайх үлдсэн 40 хувийн ажлыг өөрөөсөө материал гарган хийлгэсэн. Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* санаа ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийн эзэмшлийн Улаанбаатар хотын хурхын аманд байрлах газарт Төмөр арагт бүтээцтэй эрчим хүчний хэмнэлттэй 258,88 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан TX03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Улаанбаатар хот, хурхын аманд байрлах газарт Төмөр арагт бүтээцтэй хоёр давхар зочид буудлын барилгыг барьж тус тус захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл ******* ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 2012 оны 12 сараас хойш барилгын ажлыг орхиж явсан тул манай компани өөрийн зардлаар 100 айл болон барилгын материалын захаас барилгын материал татаж, барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн. Улмаар барилгаа ашиглалтад оруулахтай холбоотой 180,983,200 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэ асуудлаар талууд хэн аль нь шаардлага гаргаагүй байтал 2014 оны 07 сард ******* ******* ******* ХХК-иас төлбөрийн үлдэгдэл гэх баримт дээр өөр зүйлд ашиглах гэж байгаа гэж гуйсаар гарын үсэг зуруулсан. Бидний хоорондын Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т заасан чанарын шаардлага хангасан материалаар 3.8-т заасан гүйцэтгэлийг үндэслэн хавсралтад заагдсан зөвхөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тус барилгыг бүрэн ашиглалтад оруулсантай холбоотой хөлс шаардах нэхэмжлэл байх бөгөөд гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй мөртлөө өөр бусдад танайхаас авлагатай гэдгээ нотолж үзүүлэх гэж байгаа хэмээн гарын үсэг зуруулсан, бодит байдалтай огт нийцээгүй баримтыг үндэслэн гэрээний үүргийн биелэлт шаардаж байна. Хариуцагч ******* санаа ХХК-ийн хувьд тэдний дуусаагүй орхисон барилгын ажлыг гүйцээхийн тулд барилгын материал, ажлын хөлс, тээвэр гэх мэт их хэмжээний зардал гаргасан. Иймд ******* ******* ******* ХХК-иас гэрээний үүргээ бодитой, зохих ёсоор биелүүлээгээс тул Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт барилга барихад зориулж шилжүүлсэн 180,983,200 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Ажил гүйцэтгэх гэрээг гадаад валют ам.доллароор хийхээс заасан тул хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулсан гэв.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь ******* санаа ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 258,88 м.кв талбайтай рестораны барилга мөн 9 дүгээр сарын 17-ны өдөр 596,234 т м.кв талбайтай суурийн давхартай хоёр давхар зочид буудлын барилгыг барихаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээний дагуу манайх ажлаа дуусгаж өгөөд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээ дүгнэж улмаар манайд 241,886,895 төгрөг төлөхөөр болсон. Гэтэл ******* санаа ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ Барилгын ажил гүйцэтгэх ХХК-тай хийсэн гэрээ, түүнээс ажил хүлээж авсан акт зэрэг нэг гэрээг орхигдуулсан байна. ******* санаа ХХК-ийн хоёр барилгыг туслан гүйцэтгэгч БНАСАУ-ын ХХК барьж манай компанид 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор ажил хүлээлцсэн актаар хүлээлгэн өгч, манайх ******* ******* ХХК-д хүлээлгэн өгөх гэхэд зугтаад ажил дээрээ ирэхгүй байсан. Манай барьсан зочид буудал, ресторандаа зочид хүлээн авч үйлчилгээ явуулж байсан бөгөөд ******* ******* ХХК-ийн барилгыг дутуу орхиж яваагүй, туслан гүйцэтгэгч компаниараа гүйцэд бариулж тооцоо нийлж, ажил хүлээлцэх акт үйлдсэн. ******* санаа ХХК нь яг энэ цаг хугацаанд жуулчны баазаа босгож байсан бөгөөд 15 ханатай 4 гэр, 5 ханатай арав гаруй гэр, гүний худгийн байгууламж, өндөр хүчдэл түүний шугам, гэр болон байгууламж хооронд цэвэр бохир усны шугам, шинээр барилгын суурийн ажил зэргийг хийж байсан үүнийг фото зургаар баталгаажуулж баримтаар өгсөн байгаа. ******* санаа ХХК нь шүүхэд 220 ширхэг падаан бүрдүүлэн өгсөн нь өөрийн ажилдаа хэрэглэсэн байж болох бөгөөд уг падаанууд нь санхүүгийн анхан шатны шаардлага хангасан нэг ч падаан байхгүй бөгөөд энэ падаан дотор нь жишээлбэл падаан 18, 19, 108, 195 гэх мэт өөрсдийнхөө машинд оношилгоо хийлгүүлсэн, сэлбэг авсан зардал нь, падаан 3, 7, 11, 29, 143 гэх мэт падаанд авсан материалын тоо болон үнийн дүнг өөрчилсөн мөн засаж 11,000,000 төгрөгийг нэмж бичсэн, падаан 55 гэх мэт өөрийн хийсэн ажлын зардлыг шалны халаалт болон бусдаас орлого болгон авсан падаан 177, 55 гэх мэт падаан бүхий 4,518,000 төгрөгийн орлогод авсан мөнгөө хүртэл манайхаас нэхсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ******* санаа ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө γү гэжээ.

 

5.Нэхэмжлэгээс нотлох баримтаар итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2016/994 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ажил хүлээлцэх акт, ХХК-тай ажил дуусаж тооцоо нийлсэн акт, ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ******* ******* ХХК-ийн ресторан, зочид буудал ажил үйлчилгээ явуулж байгаа гэрэл зураг 7 ширхэг, 2012-2013 онд ******* ******* ХХК-ийн хийж байсан бүтээн байгуулалтын тайлбар, Хаан банкны дансны хуулга, ТУЗ-ын тогтоол зэргийг,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, Бэлэн мөнгөний орлогын баримт, Худалдах, худалдан авах 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ,Төлбөрийн баримтууд, Зарлагын баримтууд, хурхын аманд баригдсан ******* ******* ХХК-ийн Аялал жуулчлалын төвийн үлдэгдэл төлбөрийн тооцоо, Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт хийсэн тэмдэглэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 3611 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21046 дугаар шүүгчийн захирамж, Зарлагын баримтууд, Орлогын баримтууд зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3496 дугаар шинжээчийн дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5352 дугаар дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 259 дугаар дүгнэлт, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2980 дугаар дүгнэлт, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо аманд байрлах ******* ******* ХХК-ийн жуулчны бааз, Амрагчдын байрны хэмжилтийн зураг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо аманд байрлах барилгын заслын үнэлгээний тайлан, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, гэрчилгээ, дүрэм, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/526 тоот албан бичиг, Үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 07/1019 тоот албан бичиг, Монголын хөрөнгө үнэлгээний холбооны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/19 тоот албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2/1891, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/19 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/2752 тоот албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/435 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/2168 тоот албан бичиг, Барилга, хот байгуулалтын яамны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/1689 тоот албан бичиг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/8407 тоот албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/8071 тоот албан бичиг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13/1242 тоот албан бичиг зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК холбогдуулж Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 241,886,895 төгрөг, алданги 120,943,447 төгрөг нийт 362,830,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлж хүлээлгэн өгсөн тул ажлын үлдэгдэл хөлс, алданги шаардах эрхтэй гэх тайлбар гаргажээ.

 

7.Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ажил гүйцэтгэх гэрээг доллароор хийхээр заасан тул хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулсан. 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн гэх тооцоо нийлсэн актыг үндэслэн 130,750 ам.долларын үлдэгдэлтэй гэх актыг үйлдэхэд өөрсдөө гуйж байгаад өөр ямар ч юманд ашиглахгүй гэж гарын үсэг зуруулж, компанийн тамгыг даруулсан. ******* ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй дутуу орхиж явсан тул авсан өгсөн зүйлээ харилцан буцаана гэж маргажээ.

 

8.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ******* ХХК-иас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 180,983,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. /3 дугаар хавтаст хэргийн 202 тал/

 

8.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 180,983,200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээ өөрчилсөн /5 дугаар хавтаст хэргийн 127-128 тал/

 

9.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Манай барьсан зочид буудал, ресторандаа зочид хүлээн авч үйлчилгээ явуулж байгаа, барилгыг дутуу орхиж яваагүй, туслан гүйцэтгэгч компаниараа гүйцэд бариулж тооцоо нийлж, ажил хүлээлцэх акт үйлдсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2016/994 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ажил хүлээлцэх акт, ХХК-тай ажил дуусаж тооцоо нийлсэн акт, ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ******* ******* ХХК-ийн ресторан, зочид буудал ажил үйлчилгээ явуулж байгаа гэрэл зураг 7 ширхэг, 2012-2013 онд ******* ******* ХХК-ийн хийж байсан бүтээн байгуулалтын тайлбар, Хаан банкны дансны хуулга, ТУЗ-ын тогтоол, Бэлэн мөнгөний орлогын баримт, 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ,Төлбөрийн баримтууд, Зарлагын баримтууд, хурхын аманд баригдсан ******* ******* ХХК-ийн Аялал жуулчлалын төвийн үлдэгдэл төлбөрийн тооцоо, Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт хийсэн тэмдэглэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 3611 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21046 дугаар шүүгчийн захирамж, Зарлагын баримтууд, Орлогын баримтууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3496 дугаар шинжээчийн дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5352 дугаар дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 259 дугаар дүгнэлт, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өдрийн 2980 дугаар дүгнэлт, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо аманд байрлах ******* ******* ХХК-ийн жуулчны бааз, Амрагчдын байрны хэмжилтийн зураг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо аманд байрлах барилгын заслын үнэлгээний тайлан, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, гэрчилгээ, дүрэм, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/526 тоот албан бичиг, Үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм,Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 07/1019 тоот албан бичиг, Монголын хөрөнгө үнэлгээний холбооны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/19 тоот албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2/1891, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/19 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/2752 тоот албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/435 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/2168 тоот албан бичиг, Барилга, хот байгуулалтын яамны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/1689 тоот албан бичиг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/8407 тоот албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/8071 тоот албан бичиг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13/1242 тоот албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 11.Хариуцагч ******* санаа ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ******* санаа ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн аманд байрлах, төмөр арагт бүтээцтэй 258,88 м.кв талбайтай Рестораны барилгыг 1 м.кв-ийн үнийг 370 доллар, гэрээт ажлын нийт хөлсийг 95,785,000 долларын үнэ өртөгтэй гүйцэтгэж, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, мөн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг ******* санаа ХХК-тай байгуулж, уг гэрээгээр 342,4016 м.кв талбайтай төмөр арагт бетон бүтээцэн суурийн нэг давхар гараж, төмөр арагт бүтээцтэй, 596,234 м.кв талбайтай гурван давхар зочид буудлыг консолтой нэг ширхэг к-70125 шифртэй зураг төслийн дагуу 1 м.кв-ийн үнэ 370 доллар бүхий гэрээт ажлын нийт үнийг 233,276 ам доллар байхаар тохиролцон аялал жуулчлалын зориулалтаар ашиглах цогцолбор байгууламжийн хэлбэрээр барьж 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /1 дүгээр хавтаст хэргийн 10-18 тал/

 

12.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

 

13.Хариуцагч ******* ******* ХХК нь 20120801 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээний найм. нэмэлт зүйлд заасан урьдчилгаа төлбөр 47,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 10 хоногийн давтамжаар хийхээр тохиролцов гэж, ТХ03/12 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5.1 дэх хэсэгт Захиалагч нь энэхүү гэрээ байгуулсан тохиолдолд Гүйцэтгэгч талд барилгын нийт төлбөр болох 233,175 долларын 30 хувь 69,982 доллар ажил гүйцэтгэхийн өмнө урьдчилан төлнө гэж зааснаар нийт ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 180,983,200 төгрөгийг шилжүүлсэн тухайд талууд маргаагүй.

 

14.Харин нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн гэх тооцоо нийлсэн актыг үндэслэн 130,750 ам.долларын үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,3 хувийн алданги тооцож алданги 120,943,447 төгрөг, гэрээний үүрэгт 241,886,895 төгрөг нийт 362,830,342 төгрөг шаардсан гэж тайлбарлав.

 

15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь Ажил гүйцэтгэх гэрээг ам.доллароор хийхээр заасан тул хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулсан гэж маргасан.

 

16.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж тус тус заасан байх ба Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар гадаад валютаар гэрээ, хэлцэл хийхийг хориглоогүй бөгөөд талууд дээрх Ажил гүйцэтгэх гэрээний үнийг ам.доллар төлөхөөр тохиролцсон тохиролцоог буруутгах боломжгүй байна.

 

17.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ерөнхий үүрэгтэй гэж, мөн хуулийн 3.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно гэж, 3.1.9нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг багтаасан баримт бичгийг гэж, 13.1Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 13.5Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан.

 

18,Талууд хурхын аманд баригдсан ******* санаа ХХК-ийн Аялал жуулчлалын төвийн үлдэгдэл төлбөрийн тооцоогоор ******* ******* ХХК-ийн гэрээний төлөөгүй дүн 130,750 доллар буюу 241,886,895 төгрөг гэж ******* санаа ХХК-ийн захирал Б.******* зөвшөөрч тооцоо нийлсэн баримт бичигт гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна. /3 дугаар хавтаст хэргийн 86 тал/

 

19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5352 дугаар шинжээчийн дүгнэлтээр Хавтаст хэрэгт авагдсан хурхын аманд баригдсан ******* ******* ХХК-ийн Аялал жуулчлалын төвийн үлдэгдэл төлбөрийн тооцоо гэх баримтад зурсан шинжилж буй гарын үсэг Б.*******гийн гарын үсгийн загваруудтай тохирч байна. Хавтаст хэрэгт авагдсан хурхын аманд баригдсан ******* ******* ХХК-ийн Аялал жуулчлалын төвийн үлдэгдэл төлбөрийн тооцоо гэх баримтын арын нүүрэнд бичсэн шинжилж буй гар бичвэр харьцуулах загварт ирүүлсэн Б.*******гийн гэх гар бичвэрийн туршилтын загвартай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргаж ирүүлжээ. /2 дугаар хавтаст хэргийн 210-230 тал/

 

20.Хариуцагч ******* ******* ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн акт-ыг үндэслэн 130,750 ам.долларын үлдэгдэлтэй гэх актыг үйлдэхэд өөрсдөө гуйж байгаад өөр ямар ч юманд ашиглахгүй гэж гарын үсэг зуруулж, компанийн тамгыг даруулсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцэж байгаа боловч Тооцоо нийлсэн акт-ыг үгүйсгэсэн баритаа ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

21.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардаж 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. маргаж байгаа тайлбар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2016/994 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар үгүйсгэгдэж байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. /хавтаст хэргийн 8 тал/

 

22.Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан байна.

 

23.Талуудын 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн ******* санаа ХХК-ийн гэрээний төлөөгүй дүн 130,750 доллар буюу 241,886,895 төгрөг гэх Тооцоо нийлсэн актыг үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр 241,886,895 төгрөг, тус гэрээний 5.5Захиалагч нь барилга ашиглалтад орж, барилга хүлээн авахад гарын үсэг зурснаас хойш 5 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн байх ёстой бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрт ажлын хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно гэж харилцан тохиролцсон байна.

 

24.Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 241,886,895 төгрөгийг, гүйцэтгээгүй үүрэг 241,886,895 төгрөгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 120,943,447 төгрөг нийт 362,830,342 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгох үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

25.Хариуцагч ******* санаа ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ******* ХХК-иас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 180,983,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 180,983,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. /5 дугаар хавтаст хэргийн 127-128 тал/

 

26.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр нь Манай барьсан зочид буудал, ресторандаа зочид хүлээн авч үйлчилгээ явуулж байгаа, барилгыг дутуу орхиж яваагүй, туслан гүйцэтгэгч компаниараа гүйцэд бариулж тооцоо нийлж, ажил хүлээлцэх акт үйлдсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

27.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

28.Шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул барилга барихад зориулж шилжүүлсэн 180,983,200 төгрөгийг буцаан гаргуулах, уг барилга нь салгах боломжтой зөөврийн угсармал барилга гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулав.

 

29.Хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зохицуулсан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.5-д зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог ба гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалж, ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан.

 

30.Гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь туслан гүйцэтгэгч БНСАУ-ын ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Канад технологийн барилга барих, туслан гүйцэтгэгч ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ажил хүлээлцэх акт үйлдэж ******* санаа ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг Гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь Ажил хүлээлцсэн акт, Ажлын гүйцэтгэл, тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 37-44 тал/

 

31.Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагч ******* ******* ХХК нь туслан гүйцэтгэгч БНСАУ-ын ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэсэн тухайд маргаагүй.

 

32.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо аманд байрлах ******* ******* ХХК-ийн Амралт жуулчны бааз цогцолбор нь Ажил үйлчилгээ явуулж байгаа Рекламны самбар, Амралт жуулчны баазын ерөнхий гэрэл зургуудыг ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь зарим зундаа үйл ажиллагаа явуулсан гэх тайлбар гаргаж няцаасан үгүйсгэсэн баримт ирүүлээгүй байна. /2 дугаар хавтаст хэргийн 44-65 тал/

 

33.Хариуцагч ******* санаа ХХК нь ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, барилга барихад зориулж шилжүүлсэн 180,983,200 төгрөгийг буцаан гаргуулах, уг барилга нь салгах боломжтой зөөврийн угсармал барилга гэж мэтгэлцэж байгаа боловч хэрхэн буцааж өгөх үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй.

 

34.Гүйцэтгэгч нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс гаргуулахаар шаардсан байхад хариуцагч нь барилга барихад зориулж шилжүүлсэн 180,983,200 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлгүй байх ба уг Рестораны барилга, 3 давхар зочид буудал зэрэг цогцолборыг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч үйл ажиллагаа явуулж байсан гэх үйл баримтыг үгүйсгэсэн баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа сөрөг шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

35.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д холбогдох ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 180,983,200 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* санаа ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

36.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 362,830,342 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2016/994 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 8 тал/

 

37.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2016/33377 дугаар шүүгчийн захирамжаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* санаа ХХК-д холбогдох 362,830,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 26 тал/

 

38.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх нөхцөл бололцоог шүүх хангах, удирдан чиглүүлэх үүрэгтэй боловч үүнд зохигчийн оролцоо чухал учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус хэргийн оролцогчийн үүргийг хуульчилсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд зохигч талууд шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах, шинжээч томилуулах, зөвшөөрөөгүй тохиолдолд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 9 жил 5 сар үргэлжилж байна.

39.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярт шүүх хуралдааны товыг Мэдэгдэх хуудас-аар өөрт нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр нь өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилно гэж захирал утсаар ярьсан гэх тайлбар гаргаж байгаа боловч ******* ******* ******* ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярт 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн хугацаа дуусаагүй, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1 дэх заалтад төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан, 67.2.2 дахь заалтад төлөөлүүлэгч нь өөрийн олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосон гэх баримтыг ирүүлээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

40.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,972,100 төгрөгийн орлогын мэдүүлгийг хавсаргаж, ар талд нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 1,972,100 төгрөгийг буцааж аваагүй гэх тэмдэглэгээ хийлгэж шүүхэд ирүүлснийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэхгүй тул нөхөн гаргуулж Улсын орлогод оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,972,100 төгрөгийг буцаан авах байжээ.

 

41.Хариуцагч ******* санаа ХХК нь 180,983,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 1,063,000 төгрөг төлсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 180,983,200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээ өөрчилсөн шаардлагадаа буюу ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан шаардлагадаа 140,400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нөхөн төлүүлэх үндэстэй гэж үзнэ. /5 дугаар хавтаст хэргийн 127-128 тал/

 

42.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,972,102 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлогод оруулж, хариуцагч ******* санаа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,972,102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ******* санаа ХХК-иас 140,400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж Улсын орлогод оруулж, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 1,063,000 төгрөгийг Улсын орогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* санаа ХХК-иас 362,830,342 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 180,983,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д холбогдох хариуцагч ******* санаа ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,972,100 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлогод оруулж, хариуцагч ******* санаа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,972,102 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ******* санаа ХХК-иас 140,400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж Улсын орлогод оруулж, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 1,063,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ