| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/02804/И |
| Дугаар | 192/ШШ2025/05097 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/05097
2025 06 12 192/ШШ2025/05097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ****** байр, ***** тоотод байрлах Э******* т******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, махатма ганди, рапид харш, ****** тоотод байрлах Э******* ****** ХХК /РД:*******/-д холбогдох,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, **** тоотод оршин суух, Т******* овогт П******* Л******* /РД:*******/ нарт холбогдох
Гэм хорын хохиролд 21,604,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Хариуцагч П.Л*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч,
Иргэдийн төлөөлөгч Ж.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э******* т******* ХХК нь гэм хорын хохиролд 21,604,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э******* ****** ХХК, П.Л******* нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “...Э******* т******* ХХК нь төмөр хийц бэлдцийн худалдаа, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд билээ. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, өөрийн үйл ажиллагаа явуулдаг ажлын байран дээр Э******* ****** ХХК нь ирж 21,604,300 төгрөгийн үнэ бүхий бараа материал авсан боловч одоог хүртэл нэг ч төлбөр төлөөгүй тул шүүхэд хандаж байна. Э******* ****** ХХК-иас нийлүүлсэн бараа материалаа төлбөр болох 21,604,300 төгрөгийг нэхэмжлэхэд удахгүй өгнө гэх мэт аргацааж байсаар удалгүй холбоо сураг тасарсан байдаг. Улмаар манай компани өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний журмаар өмнө хандаж байгаагүй болно. Харин энэхүү асуудлаар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээ Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2023 оны 3 дугаар сард гаргасан. Улмаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр №3054 тоот Прокурорын тогтоол гарч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан билээ. Иймд иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Худалдах, худалдан авах гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана удирдлага болгон Э******* ****** ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн хохирол болох 21,604,300 төгрөгийг гаргуулж Э******* т******* ХХК-д олгож хохиролгүй болгож өгнө үү.
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилсөн.
Э******* ****** ХХК болон тус компанийн захирал П.Л******* нь 2016 оны 8 дугаар сараас эхлэн Э******* т******* ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд бараа, материал авсан боловч бараа материалын үнэ болох 21,604,300 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Э******* т******* ХХК-ийн зүгээс Э******* ****** ХХК болон гүйцэтгэх захирал П.Л*******тай холбогдож төлбөр тооцоо дуусгахыг хүссэн боловч элдэв арга хэрэглэн удаахгүй хэсэг хугацаа хүлээчих, удахгүй санхүүжилт ороод ирэхээр өгнө гэх мэтээр хойшлуулсаар байгаад удалгүй холбоо барих боломжгүй болсон. Улмаар Э******* т******* ХХК хожим Э******* бөх бат ХХК-ийн захирал П.Л*******т залилуулсан тухай мэдэж цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргаснаар Э******* ***** ХХК болон П.Л*******ын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллага тогтоосон тул Э******* т******* ХХК-д учирсан гэмт хэргийн шинжтэй гэм хорын хохирол болох 21,604,300 төгрөгийг нэхэмжилж байна…” гэжээ.
Хариуцагч Э******* т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Э******* т******* ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нийлүүлсэн бараа материалын төлбөр болох 21,604,300 төгрөгийг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно…” гэжээ.
Хариуцагч П.Л*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Хариуцагч П.Л*******ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэжээ.
Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зарлагын баримтууд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023.03.28-ны өдрийн 3054 дугаар тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, П.Л*******ын гараар бичсэн өргөдөл, харилцан зурвас,
Хариуцагч Э******* ***** ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар,
Хариуцагч П.Л*******аас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар,
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас иргэн У.А гаргасан гэмт хэргийн талаарх /2688/ дугаартай гомдол мэдээлэл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас П.Л*******ын 2017-2019 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл зэрэг баримтыг тус тус өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э******* т******* ХХК нь хариуцагч Э******* ***** ХХК-нд холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нийлүүлсэн бараа материалын төлбөр болох 21,604,300 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар П.Л*******ыг татаж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хариуцагч Э******* ***** ХХК-иас 9,346,000 төгрөг, хариуцагч П.Л*******аас 12,258,300 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл. шаардлагаа өөрчилжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нь хариуцагч Э************ХХК-иас 9,346,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч П.Л*******аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж 21,604,300 төгрөгийг шаардаж, мэтгэлцсэн.
Хариуцагч П.Л*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хугацаа авах, хурал хойшлуулах хүсэлт гаргаагүй тул шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар “... П овогтой Л******* миний бие Э******* ХХК-ийн 21,604,300 төгрөгт зээлсэн зээлийн үлдэгдлийг 3 хувааж төлнө. 1 дэх төлөлтийг 2017.07.3-нд 7,201,000 төгрөг, 2017.09.30-нд 7,201,000 төгрөг, 2017.10.30-нд 7,201,000 төгрөгийг дансаар болон бэлэн төлөхөөр тохиролцов. Ингэж тохиролцсоны үндсэн дээр М нь цагдаагаас өргөдлөө буцаан авахаар боллоо. Цаашид гарах үр дүнийг би өөрөө хариуцна. Өргөдөл гаргасан П.Л******* 2018.06.28-нд ...” гэсэн баримт авагджээ. /хх-35 тал/
Мөн Э******* т******* ХХК-иас хар труба, лист, булан зэрэг бараа материалыг 2016.05.29-ний өдрөөс 2017.06.04-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч П.Л******* нь хүлээн авч, Зарлагын баримтад гарын үсэг зурсан байна. /х.х 48-49 тал/
Дээрх баримтуудыг харьцуулан судалбал нэхэмжлэгч Э******* т******* ХХК буюу худалдагч нь хар труба, лист, булан зэрэг бараа материалыг хариуцагч П.Л******* буюу худалдан авагчид худалдаж, барааны нийт үнэ 21,604,300 төгрөгийг хариуцагч П.Л******* төлөхөөр харилцан тохиролцсон талуудын хооронд хийсэн хэлцэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний шинжийг илэрхийлсэн, худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3054 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлж байх боловч уг тогтоолоор хариуцагч П.Л*******ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тогтоогоогүй учир шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн болно./х.х-ийн 55 тал/
3054 дугаар тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан 3 жил буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байна гэж дүгнэв...” гэж дүгнэснээс үзвэл Э******* т******* ХХК-ийн гомдлоор нийт 21,604,300 төгрөгийн бараа авсан хариуцагч П.Л*******ын үйлдлийг эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл энэ нь эрүүгийн хэргийг шалгаагүй бөгөөд шалгах гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна гэж дүгнэсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд талуудын хооронд үүссэн дээрх худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2021.06.28-ны өдөр дууссан байна. /хх-35 тал/
Хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан баримт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ “... Э зоо ХХК нь иргэн П.Л*******т ойролцоогоор 21 сая 600 мянган төгрөгийн материал зээлээр өгсөн байна. Миний бие Э **** ХХК-ийн хохирлыг хариуцагч тал барагдуулах шаардлагатай гэж бодож байна” гэжээ.
Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, хариуцагч П.Л******* Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар татгалзаж байх ба шударга ёсны хувьд худалдан авсан барааны үнийг барагдуулах шаардлагатай гэж иргэдийн төлөөлөгч дүгнэлт өгснийг шүүх буруутгах үндэслэлгүй боловч, хууль хэрэглээний хувьд хэлцлийн шаардах эрхийг тооцох үндэслэлийг хууль тогтоогч хуульчилжээ.Иймд шүүх хуулийн дагуу хэрэг маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч П.Л*******т холбогдох нэхэмжлэгч Э******* т******* ХХК-ийн 21,604,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э******* ****** ХХК-иас 9,346,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Э******* т******* ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э******* т******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
Ш.ОТГОНБАЯР