Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/875

 

  

 

 

 

 

    2024           8               1                                        2024/ДШМ/875           

 

 

Б.Бд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пунсалдулам,

шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бд холбогдох эрүүгийн 2403001290237 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайхар овгийн Б.Б, 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т угаагчийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Товчооны зам, “Содмонгол” нэртэй шатахуун түгээх станцын урд замд, 80-17 УБН улсын дугаартай, “Hyundai County” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” гээд а/-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “Тээврийнхэрэгслийн ажлын тоормосны систем...”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” гээд д/-д “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон
түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах", мөн дүрмийн
Арван хоёрдугаар зүйлийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед
тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж
заасныг
тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 64 настай, эмэгтэй, Г.Лг
мөргөж, түүний амь нас хохирсон гэх хэрэгт холбогджээ.

           Тээврийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бадар- Ууганы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь 9.850.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн болохыг дурдаж,  иргэний хариуцагч Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пунсалдуламд, шүүгдэгч Б Бадар-Ууганаас тээврийн хэрэгслийн техникийн эвдрэлд учирсан хохиролд 2.615.000 /хоёр сая зургаан зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т тус тус олгож, иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ нь өөрт учирсан хохирлын зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд тэнцээгүй тэргийг дээд албан тушаалтны үүрэг болгосны дагуу унаж гарсан. Тухайн нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа илэрхийлсэн боловч хэрэгт хяналт мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Тухайн өдөр надад шууд хяналт шалгалт хийж байсан албан тушаалтнаас мэдүүлэг аваагүй. Тэрээр албан тушаалтны үүрэг болгосон үйлдэл нь холбогдох хууль дүрэм журам зөрчсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Гэм бурууг зөвхөн надад тохож, хэргийг прокурорт шилжүүлсэн. Улмаар шүүх ганц намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой болно. Миний бие тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явах явцад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шалтгаалан зам тээврийн ноцтой осол гарч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд туйлын харамсаж гэмшиж явдаг бөгөөд хохирогчийн ар гэртэй удаа дараа холбогдож хохирлыг бүрэн барагдуулсан. Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх гэр тэжээн тэтгэх үүрэг зөвхөн надад оногдсон байдаг. Миний эхнэр Отгонцэцэг нь гэртээ хүүхдээ хардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд намайг ял шийтгэл эдэлж байгаа үед ар гэрийн амьдрал  нөхцөл байдал нэн дордож байгааг эрхэм шүүгчид дуулгах нь зүйтэй байна. Би анх удаа гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшин өөрийн гэм бурууг хүлээж байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “гомдол байхгүй” гэж хэлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах байдлаар эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч З.Бадар-Ууган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар автотээврийн үндэсний төвийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр зүүн хойд талын дотор талын дугуйн хээний гүн 0мм, баруун талын хойд дугуй тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. баруун талын хойд дугуй тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг эвдрэл гэмтэл нь хуучин гэмтэл гэж үзэж байна. Тус тээврийн хэрэгслийн хол, ойрын их
гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. /1
хх 126-132/ гэсэн дүгнэлт гарсан байхад мөрдөгчийн магадалгаа нь хавтаст хэрэгт авагдсан
бүх баримтын хүрээнд замын хөдөлгөөнд оролцогч, иргэн, байгууллага хэн боловч
З
амын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйл баримтыг тусгах ёстой байтал Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 в-д заасан “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын
шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл
гэмтэл, техникийн зөрчилгүй эсхүл зохих журмын дагуу улсын бүртгэлд
хамруулаагүй, бүртгэлийн дугаар тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн
хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй авто тээврийн болон өөрөө явагч
тээврийн хэрэгслийн татвар агаарын бохирдлын төлбөрөө төлөөгүй, мөн дүрмийн
3
дугаар хавсралтад заасан шаардлагын дагуу зохих тэмдэг байрлуулаагүй тээврийн
хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.” гэсэн заалт зөрчигдсөн байхад
энэ талаар огт тусгагдаагүй байна
.

Шүүх хуралд “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-н шалгах механик ажилтай Б.Д гэрчээр оролцож өгсөн мэдүүлэгтээ 80-17 УБН улсын дугаартай “Hyundai county” маркийн тээврийн хэрэгслийг техникийн улсын үзлэгт тэнцээгүйг мэдэж байсан мэдсээр байж ажил гаргасан. Мөн тээврийн хэрэгслийг өөрөө шалгаж ажилд гаргасан техникийн бүртгэлийн хуудсыг өөрөө бөглөсөн гэсэн боловч асуултын явцад жолооч Бадар-Ууганаар өөрөөр нь бөглүүлсэн талаараа мэдүүлсэн. Өмгөөлөгч миний зүгээс мөрдөгчийн магадалгаа бүрэн бус тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэлтэй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгсэл ажилд гаргасан байгууллага, албан тушаалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад улсын яллагч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг байгууллагын тээврийн хэрэгсэл байсан ч зөвхөн жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой гэсэн тайлбарыг хэлж байсан гэтэл шүүх хуралд оролцсон гэрч Б.Д нь байгууллага тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой талаар мэдүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 80-17 УБН улсын дугаартай “Hyundai county” маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөний явцад эвдрэл гэмтэл гарч засварт орох талаар засварын инженертээ удаа дараа хэлсэн боловч тээврийн хэрэгслийг засварт оруулалгүй цаашид үйлчилгээнд үргэлжлүүлэн явуулсан талаар Б.Б мэдүүлсэн боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Птус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолгүй гэсэн зүйл яриагүй. Мөн бид эхийнхээ буяны ажлыг Завхан аймагт хийсэн бөгөөд оршуулгын зардал 25.000.000 төгрөгөөс илүү болсон. Би баримтаа цуглуулахаа мэдэхгүй байсан. Тэгээд 13.000.000 төгрөгийн баримт байсан бөгөөд 3.000.000 гаран төгрөгийн баримт буцаагдаж, надад 9.850.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу магадалгааг гаргасан. Мөрдөгч тусгай мэдлэгтэй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан сертификатаар нотлогдоно. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд мөрдөгч магадалгааг гаргасан. Тэгэхээр мөрдөгчийн магадалгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоохын тулд гарсан. Зам тээврийн осол гарахад ямар ямар хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг тодорхойлж байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан зүйлс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн зүйл биш юм. Тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй байгаа зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Хамгийн гол нь жолооч аюулгүй байдлыг бүрэн хангаж явах ёстой. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар замын хөдөлгөөнд оролцогч аюулгүй байдлаа хангах үүргийг хүлээж байдаг. Хохирогчийн зүгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэл байгаа. Үүнийг мөрдөгчийн магадалгаанд тусгасан. Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн буруутай үйлдэл ямар хэмжээнд байсан, оногдуулах эрүүгийн хариуцлага болон хохирол, хор уршгийн хэмжээг багасгах зэрэг хуулийн зохицуулалтыг баримтлах ёстой. Түүнээс энэ үйлдэл нь жолоочийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй. Тухайн тээврийн хэрэгслийг шалгаж гаргасан, шалгалтын хүрээнд бүрэн бүтэн байсан талаарх баримт хавтас хэрэгт авагдсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тодорхой зарим төрлийн гэмтэл үүссэн тохиолдолд хөдөлгөөнийг үргэлжлүүлэх зогсох ёстой. Энэ нь жолоочид үүрэг болгосон заалт юм. Тэгэхээр автомашинд эвдрэл, гэмтэл хэзээ ч, хаана ч үүсэж болно. Хэрэв тухайн тээврийн хэрэгсэлд энэ төрлийн гэмтэл үүслээ гэж үзвэл жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй зогсоож, тээврийн хэрэгслийг зөөвөрлөх, шилжүүлэх байдлаар засварын газар авч очих асуудал яригддаг. Жолоочийн хувьд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргаагүй, хөдөлгөөнийг үргэлжлүүлээд явж байсан. Хамгийн гол зүйл нь жолооч хөдөлгөөний явцад гар утсаараа оролдсон нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гар утсаар оролдох үйлдэл нь жолоочийн анхаарлыг сарниулдаг. Тухайн осол гарахын өмнө нь гар утсаа халаасандаа хийж байгаа боловч анхаарлаа сарниулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд гар утсыг гараар барихгүй тохиолдолд хэрэглэх боломжтой гэж заасан боловч энэ нь нэг талаараа жолоочийн анхаарлыг сарниулдаг. Тэгэхээр гар утсыг гараараа бариагүй, чихэвч сонссон гэдэг нь анхаарал сарниулахгүй гэсэн үйлдэл биш юм. Осол гарсан үндсэн нөхцөл нь жолооч аюулгүй байдлаа хангаагүй, бүрэн нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авч хариу арга хэмжээ авах ёстой. Хэдийгээр явган зорчигч дүрэм зөрчсөн боловч тухайн нөхцөл байдлыг жолооч харах боломжтой байсан бөгөөд анхаарлаа сарниулж, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс болоод явган зорчигчийг мөргөсөн асуудал байгаа. Тэгэхээр жолоочийн буруутай үйлдэл байна гэж үзсэн учраас энэ нөхцөл байдлуудыг дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект жолооч болдог. Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг учраас жолоочийг яллагдагчаар татсан. Иргэний хуульд хохирол, хор уршгийг ажиллуулж байгаа байгууллага хариуцна гэж заасны дагуу тухайн байгууллагыг иргэний хариуцагчаар татаж, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Быг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Товчооны зам, “Содмонгол” нэртэй шатахуун түгээх станцын урд замд, 80-17 УБН улсын дугаартай, “Hyundai County” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” гээд а/-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” гээд д/-д “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон
түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах", мөн дүрмийн
Арван хоёрдугаар зүйлийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед
тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж
заасныг
тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Лг мөргөж, түүний амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Быг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийн дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад,

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд 80-17 УБН улсын дугаартай, “Hyundai County” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас явган зорчигч Г.Лг мөргөж, түүний амь нас хохирчээ.

Тухайн осол гарсан нөхцөл байдлын талаар дүгнэхэд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “зүүн хойд талын дотор талын дугуйн хээний гүн 0 мм, баруун талын хойд дугуй тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Баруун талын хойд дугуй тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг эвдрэл нь хуучин гэмтэл гэж үзэж байна. Тус тээврийн хэрэгслийн хол, ойрын их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна /1хх 126-132/ гэсэн.

шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн “ажилд гарахад машины бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй. Тухайн өдөр 05 цаг 20 минутын орчимд ажилд гарахад шалгах механик ажил дээрээ байсан мөртлөө машинуудыг шалгаагүй, 06 цаг 20 минутын орчим автобусны баруун урд нум хугарсан байсан, инженертээ хэлэхэд түр байж бай, дахиад нэг тойроод ирээрэй гэхээр нь тойрч ирээд залгахад засаж амжихгүй байна шугамдаа явж байгаарай гэж хэлсэн. ... 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оношилгоонд ороод тэнцээгүй. Шалгах хуудаст гарын үсэг зуруулаад гаргадаг, юу байдаг талаар мэдэхгүй, механик гэдэг хүн хураагаад авдаг.” /1хх 185-186/ 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд: шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ гэрч Б.Доос “. ...шалгах хуудас тэмдэглэгээг ажиглахад бүгд нэг хүн тэмдэглэсэн мэт харагдаж байна, 4-5 зөвлөмжийг нь та, бусдыг нь Б.Б бөглөсөн гэдэг, энэ талаар тайлбар хэлнэ үү гэхэд бүгдийг нь Б.Б бөглөсөн. Бүх тээврийн хэрэгслийг бүгдийг нь шалгаж гаргадаг. ...тухайн өдөр шалгах хуудас олдохгүй байсан”/2хх 39/. Эдгээрээс үзвэл шүүгдэгч Б.Б нь тухайн өдөр замын хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй оролцсон эсэх, мөн Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гаргасан эсэх талаар шалгаж тогтоох нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн, Ажил олгогч “Зорчигч тээврийн гурав ОНӨААТҮГ”-ын зүгээс хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам сахин хангуулах арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлээгүй бол энэ нь хүний амь нас хохирсон үр дагавартай шалтгаант холбоотой эсэх асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулсан нь учир дутагдалтай байна.      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.

             Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 1.3 дахь заалтад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                    Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                    Ц.МӨНХТУЛГА