Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/876

 

   

 

 

 

 

   2024            8              1                                         2024/ДШМ/876           

 

 

Б.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

яллагдагч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Ганболд,

            нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1525 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар эсэргүүцлээр Б.Хд холбогдох эрүүгийн 2408000000700  дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Б.Х, 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................../;

Яллагдагч Б.Х нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 06 цагийн
орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Хаан”
банкны АТМ-ээс хохирогч Г.Нийн 170
.000 төгрөгийг бусдын эд хөрөнгө гэж
мэдсээр байж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт
хэргийг санаатай үйлдсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл
байдлын улмаас болж гэмт хэрэг төгсөөгүй буюу дээрэмдэхийг завдсан гэмт хэрэгт
холбогджээ
.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тухайн өдөр яллагдагч Б.Хгийн машинаар хохирогч Г.Н үйлчлүүлэхээр болж, таксины төлбөрт 50.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хохирогчийн зүгээс гар утасгүй, банкны картгүй явж байсан тул жолоочийн эзэмшлийн “Хаан” банкны 5157051880 тоот данс руу өөрийн найзаас мөнгө авч, улмаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт бий болжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Х “...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-ээс өөрийн дансанд орсон 200.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг гаргуулан авч хохирогч Г.Нид өгөх гэтэл тэрээр авахгүй 170.000 төгрөгийг авна” гэж хэсэг хугацаанд АТМ дотор маргалдсан, авахгүй болохоор нь анх шилжүүлсэн данс руу нь шилжүүлье гэж бодоод мөнгийг аваад машиндаа суусан...”, яллагдагчийн өмгөөлөгч “.. Яллагдагч Б.Хнь бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргуулан авч хохирогч Г.Нид өгөх гэж байгаа үйлдлийг тодорхой харуулсан “Хаан” банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгийг тус
банкнаас гаргуулан авч үзлэг хийх шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн
байцаалтад буцаах шаардлагатай...” гэж прокурорын зүгээс “...Тухайн хяналтын
камерын бичлэг нь хэрэг шүүхэд шилжүүлсний дараа мөрдөх байгууллагад ирсэн
тул гэм буруугийн шүүх хуралдаанд шинээр нотлох баримт болгон гаргаж өгөх
боломжтой...” гэж тус тус мэдүүлж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд мэтгэлцэж
оролцсон.
Дээрх үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон талуудын гаргасан
хүсэлт, тайлбар зэргээс дүгнэхэд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1,6-д заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах “Хаан” банкны АТМ-ын “хэрэг гарсан гэх цаг хугацааны” хяналтын камерын
бичлэг хавтаст хэрэгт авагдаагүй, уг бичлэгийг шүүх хуралдаанд оролцсон
прокуророос “мөрдөх байгууллагад хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа ирсэн гэх
тайлбарыг гаргадаг тул уг бичлэгт үзлэг хийж, үзлэгээр өмгөөлөгчийн хүсэлтэд
дурдсан үйл баримт бий болсон эсэхийг шалган тогтоох шаардлагатай байна
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг
тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл,
ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ" гэж заасан тул хяналтын
камерын бичлэгийг нотлох баримт цуглуулах арга хэлбэрээр хэрэгт хавсаргаж,
түүнд үзлэг хийх замаар бэхжүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач
холбогдолтой гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаанд ирүүлэх боломжгүй эд мөрийн баримтад үзлэг хийх,
шаардлагатай бол энэ тухай тэмдэглэлд тусгаж, эд мөрийн баримт байгаа газарт
шүүх бүрэлдэхүүн талуудыг байлцуулан үзлэг хийж болно” гэж заасан тул мөрдөн
шалгах ажиллагааны явцад үзлэг хийгдээгүй, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх
арга хэлбэрээр хэрэгт авагдаагүй хяналтын камерын бичлэгийг шүүх хуралдаанд
шинжлэн судалж, үзлэг хийн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм
. Иймд хяналтын камерын бичлэгт үзлэг хийх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2
дахь заалтад заасан
“шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” байх
тул яллагдагч Б.Хд холбогдох, эрүүгийн 2408000000700 дугаартай хэргийг
нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж
, хяналтын камерын бичлэгт үзлэг хийснээр яллагдагчийн гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтооход ач холбогдолтой болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн Хохирогч Г.Н, гэрч Б.Б /хх 39-41/, гэрч Б.Доржсэн /хх 91-92/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, -Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонг Конг” зочид буудлын гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-22/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-26/ зэрэг бичгийн баримтууд нь өөр хоорондоо уялдаа холбоотой, хэрэгт хамааралтай, хохирогчийн өгсөн мэдүүлгийг бататгасан, нотолсон баримтууд авагдсан байна гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг “Хонг Конг” зочид буудлын гадна талын хяналтын камерын бичлэгт
яллагдагч Б.Х нь хохирогчид мөнгийг өгөлгүйгээр авч зугтах үед хохирогч
түүний араас хөөж байгаад автомашиндаа суух үед барьж авсан буюу яллагдагч
Б.Х нь мөнгийг аваад хурдтайгаар зугтаах, машиндаа суугаад машинаа
хөдөлгөх зэрэг идэвхтэй үйлдэл хяналтын камерт бэхжүүлэгдсэн байгаа нь
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэс
эгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн
шинжийг хангасан, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзэж байна.
Түүнчлэн яллагдагч Б.Хгэм буруугийн үйлдлийг хавтаст хэргийн хүрээнд
шийдвэрлэх боломжтой байхад хавтас хэрэг шинжлэн судлахгүйгээр хэргийг
прокурорт буцаасан байна гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан гэх камерын бичлэгийг хэн нь хохирогч Г.Н, хэн нь яллагдагч Б.Х болохыг ялгах бүрэн боломжтой буюу тэдгээрийн өгсөн мэдүүлэг, машины жолооч талд суусан нь хэн нь болох, мөн өндөр намаар нь хүртэл ялгах бүрэн боломжтой бичлэг байгаа бөгөөд, хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлах замаар хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хүчингүй болгох үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Тухайн хэрэгт хохирогч Г.Н, гэрч Б.Б, гэрч Б.Днарын мэдүүлэг, дээрэмдэх үйл явц харагдаж байгаа хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтууд хавтас хэрэгт хангалттай цугларсан байдаг. Эдгээр нотлох баримтуудад нотлох баримтуудад шүүх бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөхгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүйгээр зөвхөн хэрэгт авагдаагүй АТМ доторх хяналтын камерын бичлэгийг авч, үзлэг хийх гэдэг байдлаар хэргийг буцаасан нь үндэслэлгүй. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэлт өгөөд анхан шатны шүүхэд шилжүүлсэн хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хяналтын камерын бичлэг яригддаг бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг буюу хэргийн үйл баримтыг харуулсан хяналтын камерын бичлэг хавтас хэрэгт авагдаж, тухайн бичлэгт мөрдөгч үзлэг хийж бэхжүүлээд нотлох баримтаар хэрэгт авагдсан юм. Зочид буудлын гадна талын хяналтын камерын бичлэгт хохирогч, яллагдагч нар араасаа хөөцөлдөөд гүйж байгаа. Яллагдагч хүний мөнгийг авчихаад өгөхгүй зугтаагаад машиндаа сууж, машин хөдлөхөд хохирогч араас нь гүйж машины хаалгыг онгойлгож амжиж суугаад хохирогч яллагдагчийг боосноор машин замын боржур мөргөж зогсож байгаа үйл явц бүхэлдээ харагддаг. Шүүхээс энэ нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Гэтэл АТМ доторх хяналтын камерын бичлэгийг авч үзлэг хийгээд бэхжүүлэх ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан. Прокурорын зүгээс АТМ доторх хяналтын камерын бичлэгийг авснаар хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Учир нь, хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, дээрэмдэх үйл явцыг харуулсан камерын бичлэг бүрэн эхээрээ хавтас хэрэгт авагдсан бөгөөд үүнд үзлэг хийгдсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэх үндэслэлээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж тул эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Б.Хгийн өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Учир нь, цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэхээр орж ирсэн нь өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжийг гарсан. АТМ-ын камерын бичлэгт прокурорын дурдсан зүйл хагас нь байгаа. Прокурор цагаатгах талын баримтыг хэлэхгүй байна. Миний үйлчлүүлэгч хохирогчид мөнгийг нь өгөх гээд гараа сарвайж үүнийгээ авчих гээд 20 минутын турш гуйж байгаа бичлэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, 150.000 төгрөг буюу булааж, дээрэмдэж авсан гэх мөнгийг өгөх гээд байгаа. Тэгэхээр булаах гэмт хэргийн шинж нь үгүйсгэгдэнэ. Харин хэрэгт авагдсан бичлэг дээр хар хувцастай хүмүүс байгаа болохоос Б.Х харагддаггүй. Б.Х яагаад гүйсэн гэхээр хохирогч заналхийлсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн хүсэлтийг зөвшөөрөхгүй байсаар байгаад Г.Н хүч хэрэглэхээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргахаар завдсан учраас явахаас өөр замгүй болсон. Мөнгийг авсан данс руу буцаагаад хийхээс өөр аргагүй болж байгаа. Энэ нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийг бүрэн шийдвэрлэх боломжгүй болгож байгаа юм. Прокурорт цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүл гээд үүрэг болгосон байхад үүнийг биелүүлээгүй. ...” гэв.

Яллагдагч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гадна талын камерын бичлэг дээр би гадаа мөнгө өгөх гээд оролдож байгаа бичлэг байгаа. Тэгээд бичлэгийг хэн нь харагдахгүй байна гээд хүчингүйд тооцсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Б.Хд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх байдал нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тохиолдол байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1525 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

                              ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                              ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА