| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2026/0001/З |
| Дугаар | 126/ШШ2026/0004 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 126/ШШ2026/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Ч.Х*************
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Уртбаяр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Буяндалай,
Хариуцагч: Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Б************* ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У************* нарын хоорондын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Х************* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр, Д.Буяндалай, хариуцагч Б.Б************* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс анх Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Маргаан бүхий акт болох Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар байгаль хамгаалагчийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Ч.Х************* г байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
2.2. Нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/2558 дугаартай албан бичгээр ...Гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч харьяалан шийдвэрлэх боломжгүй тул гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг танд зөвлөж байна гэсэн хариуг ирүүлсэн байна.
2.3. Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ч.Х************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Х************* нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 2010 оны 07 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан билээ. Гэтэл Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.3, 16.5.5 дахь заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Ханх хэсгийн байгаль хамгаалагчийн үүрэг ажлаас чөлөөлсөн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад-ын бүтэц, орон тооны дээд хязгаар болон сургалт, мэдээллийн төвийн байршлыг шинэчлэн батлах тухай А/688 дугаар тушаалаар байгаль хамгаалагчийн орон тоо хасагдсантай холбогдуулан Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний багийн дүнг харгалзан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ажлаас чөлөөлжээ. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний багийн дүнг харгалзан ямар үндэслэл шалгуураар миний мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүргээ тэнцэхгүй дүгнэгдэж цомхотголд оруулж байгаа нь тодорхойгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэсэн атал ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй шууд ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтныг шалгаруулж авна гэх зохицуулалт байсаар атал ажлын дадлага туршлагагүй, үр дүнгүй ажиллаж байгаа алба хаагчид цомхотгол орохгүй байна.
Ч.Х************* миний бие ажлаас чөлөөлөгдсөн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж авна.
Ийнхүү намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, буруу байх тул Ч.Х************* намайг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Ханхын хэсгийн байгаль хамгаалагчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Ч.Х************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар байгаль хамгаалагч, улсын байцаагчаар 16 дахь жилдээ ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд үүнд гомдолтой байгаа. Тус ажил үүргийг гүйцэтгэж үр дүнгээ үзэж, тууштай ажиллана гэж боддог байсан боловч энэ жил ажлаас чөлөөлөгдсөн. Би бусдын л адил ажиллаж байсан бөгөөд надаас муу ажилладаг хүмүүс байсан атал намайг сонгож ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны бүтэц орон тооны дээд хязгаар болон сургалт мэдээллийн төвийн байршлыг шинэчлэн батлах тухай тушаалын дагуу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаартай тушаалаар батлагдсан үнэлгээний багийн дүнг харгалзан ажил үүргээс нь чөлөөлсөн байдаг.
Түүнийг ингэж ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуульд Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн бол төрийн албан хаагчийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал, ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэргэжлийн мэдлэг ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэж хууль тогтоомжид заасан атал үнэлгээний багийн шийдвэрийг харгалзан хамгийн муу ажилласан гэх байдлаар цомхотголд оруулсан байдаг. Энэ нь хууль, журамд зааснаар үндэслэлгүй байна гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Хариуцагч эхний удаа Ханх хэсгийн албан хаагчдын үнэлгээний хуудсыг нотлох баримтаар ирүүлсэн байдаг. Өнөөдөр 18 байгаль хамгаалагчийн үр дүнгийн үнэлгээг ирүүлсэн байна. Уг үнэлгээ хийсэн асуудалд үндэслэл бүхий зүйл байхгүй. Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн баримт тодорхой хууль, дүрэм, журамд нийцэж хөтлөгдөх ёстой байтал зарим албан хаагчдын үнэлгээний хуудсыг засварлах, үнэлэхгүй байх зэрэг асуудалтай байна. Үнэлгээний багийн хурлын тэмдэглэлд н.Батжаргал, Ч.Х************* гэх хүмүүсийг үнэлэхэд хэцүү гэсэн атлаа бусад 2 хүнийг 0,04, 0,09 оноогоор илүү үнэлсэн гэх зэрэг зүйл харагддаг.
Миний үйлчлүүлэгч болон н.Д************* , н. Б************* гэх хүмүүсийн тайланг компьютероор шивсэн байдалтай байсан бөгөөд энэ нь илтэд хууль бус зүйл ажиглагдсан. Үнэлгээний хуудсыг үнэлгээний багийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байдаггүй бөгөөд утсаар мэдэгдэв гэх тэмдэглэгээ хийсэн байдаг. Одоогоор ярих зүйлс ийм байгаа бөгөөд үйлчлүүлэгчийнхээ гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр нар нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлалаа. Ч.Х************* г ажлаас чөлөөлсөн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын даргын тушаал нь захиргааны актын хувьд хууль зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах, түүний эрх ашгийг хамгаалахтай холбоотой ажиллагааг зохицуулахад оршдог.
Тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг хангасан байх ёстой. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэсэн байдаг бөгөөд дээрх заалтад 3 тохиолдол байдаг бөгөөд аж ахуй нэгж татан буугдсан, орон тоо цөөрсөн, ажлын байр хасагдсан гэсэн байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 2006 оны 33 дугаартай тогтоол байдаг бөгөөд үүн дээр ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж юу болох талаар тус тусад нь тодорхойлсон байдаг. Ажлын байрны хэд хэдэн орон тооноос нэг орон тоо хасагдсан бол цөөрсөн, тухайн ажлын байр огт байхгүй болбол хасагдсан гэж тайлбарладаг. Гэтэл дээрх тушаалд А/688 дугаартай тушаалаар байгаль хамгаалагчийн орон тоо хасагдсантай холбогдуулан гэж дурдсан байдаг боловч байгаль хамгаалагчийн орон тоо хасагдсан үйл баримт тогтоогдоогүй, цөөрсөн үйл баримт байдаг. Ийм учраас дээрх тушаал нь хууль зөрчсөн захиргааны акт болж байна.
Мөн дээрх тушаалын тушаах нь хэсэгт Байгаль хамгаалагчийн орон тоо хасагдсантай холбогдуулан гээд 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаартай тушаалаар байгуулагдсан үнэлгээний багийн дүнг харгалзан шийдвэрлэв гэж дурдсан байдаг. Үүн дээр байгаль хамгаалагчийн орон тоо хасагдсан, үнэлгээний багийн дүнг харгалзан гэх 2 үндэслэлийг агуулсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд Захиргааны актыг бичгээр гаргахдаа захиргааны актын хууль зүйн үндэслэл, захиргааны байгууллагад захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана гэсэн байдаг бөгөөд уг заалт мөн зөрчигдсөн. Мөн хуулийн 40.4-т Захиргааны акт гарах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж байдаг бөгөөд бодит нөхцөл байдал нь үнэлгээний багийн дүн болж байгаа юм. Үнэлгээний баг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр даргаас бусад 41 хүний ажлыг үнэлэхдээ 15 цаг 43 минутаас 16 цаг 17 минутын хооронд буюу 34 минут хуралдаж дээрх хүмүүсийн ажлыг үнэлсэн байдаг. Тус үнэлгээний багийн тэмдэглэл ойлгомжгүй байдалтай байсан.
Мөн үнэлгээний багтай холбоотой дахин нэг асуудлыг хэлье. Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаартай Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх журам гэж байдаг. Тус журмын 6.2-т үнэлгээний баг нь саналын эрхтэй сондгой тооны гишүүнтэй байх ёстой гэж дурдсан бөгөөд нарийн бичгийн дарга саналын эрхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл үнэлгээний баг нарийн бичгийн даргаас бусад сондгой тооны гишүүнтэй байх ёстой. Гэтэл Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны үнэлгээний баг нарийн бичгийн даргатай нийлээд 7 гишүүнтэй байсан. Үнэлгээний баг асуудлыг ердийн олонхын зарчмаар шийдвэр гаргана гэж заасан бөгөөд нарийн бичгийн дарга оролцохгүйгээр 6 хүн яаж ердийн олонх болох нь ойлгомжгүй байна. Мөн тус 6 гишүүн ямар байдлаар, яаж шийдвэр гаргасан талаар үнэлгээний багийн хурлын тэмдэглэлд тусгагдаагүй.
Нотлох баримтаар ирүүлсэн 18 хүний үнэлгээний хуудас дунд зарим хүний үнэлгээний хуудаст зөвхөн н.А************* гэх хүн, бусад үнэлгээний хуудаст н.А************* , Б.Б************* гэх 2 хүн гарын үсэг зурсан гэх зэрэг зөрчил харагдаж байна. Мөн үнэлүүлсэн албан хаагчдын нэгэнд ч үүнийг танилцуулаагүй байдаг бөгөөд үүнтэй холбогдох журмын дагуу албан хаагчдад танилцуулж, тус журмын 5.11-т зааснаар үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах, хянуулах эрхтэй. Уг эрхээр дээрх хүмүүсийг хангаагүй. Үнэлгээний асуудалд мөн дээрх журамд маш сайн, хэвийн, дутагдалтай гэж хэрхэн үнэлэх талаар заасан байдаг. 20-40 хувийг маш сайн гэж үнэлэх ёстой байтал 41 хувийг маш сайн гэж үнэлсэн байх жишээний. Мөн хэвийн үнэлэгдсэн албан хаагчдыг хэвийн нэмэх, хэвийн хасах гэж ангилсан байсан бөгөөд хэвийн л гэж үнэлэгдэх ёстой.
н.Э************* гэх хүний үнэлгээг харахад нийт үнэлгээ 73,6 хувь байгаа. Уг хүний гүйцэтгэлд 58, мэдлэгт 7, хамт олны үнэлгээ дээр огт оноо байхгүй бөгөөд нийт 73.6 хувь гэж үнэлэгдсэн байна. Гэтэл энэ хүнийг маш сайн гэж үнэлж 100 хувийн урамшуулал олгосон. Мөн н.Э************* гэх хүн 74 хувиар үнэлэгдсэн байхад үнэлгээ өгөх боломжгүй гэсэн байдаг, ямар үнэлгээгээр ингэж гараад байгаа юм. н.Н************* гэх хүний үнэлгээний хуудас байхгүй гэсэн. Бидний зүгээс хүсэлт гаргах гэснээ больчихлоо. Б.М************* гэж үнэлгээний багийн гишүүн өөрөө бусдад үнэлгээ өгсөн хүн байгаа. Надад байгаа мэдээллээр уг хүн 2025 оны 05 дугаар сард томилогдсон бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй одоо хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. Гэтэл тэр хүн үнэлгээний багт орж бусдыг үнэлсэн. н.Н************* гэх хүнийг хугацаа болоогүй гээд үнэлээгүй атлаа энэ хүнийг яагаад хэвийн нэмэх гэж үнэлж 50 хувийн урамшуулал олгосон юм бэ?
Журмын 301 дүгээр тушаалын 5.7-д Үнэлгээ гаргахаас 3 сарын өмнө ажилд томилогдсон хүнийг үнэлэх ёсгүй, дараагийн улиралд үнэлнэ гэж заасан. Энэ бүхнийг задалж ярьж байгаа шалтгаан нь Ч.Х************* гийн үнэлгээ бодит байсан эсэхийг ялгаж харуулах утгатай. 18 байгаль хамгаалагчийн талаар нэг бүрчлэн яривал маш их зүйл байна. н.А************* гэх хүн 82 хувьтай үнэлэгдсэн байгаа бөгөөд үнэлгээ өгөх боломжгүй гэсэн байгаа юм. Гэтэл үнэлгээний багт орж ажилласан байгаль хамгаалагч нар өөрсдийгөө маш сайн гэж үнэлсэн. н.М************* , н.О************* , н.Бямбадалай гэх хүмүүс. Мөн маш сайн гэж үнэлэгдсэн н.А************* гэх хүний нэгжийн даргын үнэлгээний дээд оноо 7 байтал 8 оноо өгсөн байх жишээтэй. Эдгээрийг ярьж буй шалтгаан нь бодит нөхцөл байдалд нийцээгүй үнэлгээ болсон гэдэг асуудал байгаа юм.
Хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2006 оны 98 дугаар тушаалд үнэлгээний хуудас дээр үнэлгээний багийн нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах ёстой гэж заасан. Гэтэл түүнийг зөрчсөн байна. Мөн нарийн бичгийн даргын журмын дагуу оролцох ёстой байтал үнэлгээ хийхэд огт оролцоогүй бөгөөд түүний гарын үсэг огт байдаггүй.
Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны даргын хүмүүсийн үнэлгээг баталгаажуул, цалин урамшуулал олгосон тушаал байдаг бөгөөд тус тушаалд журмын дагуу Байгууллагын албан хаагчдын үнэлгээний нэгдсэн жагсаалт, дүнг үнэлгээний оноогоор ихээс бага руу эрэмбэлэн гаргаж нэгдсэн жагсаалтын хуудасны доор үнэлгээний багийн гишүүд танилцаж гарын үсэг зурна гэснийг зөрчсөн бөгөөд дарга тушаал гаргаж баталсан байдаг. Эдгээрээс үзэхэд үнэлгээний багийн дүнг тус багийн гишүүд гаргасан гэдэг нь илтэд эргэлзээтэй. Зарим хүмүүс цахимаар санал өгөх, утсаар зөвшөөрсөн гэх зэрэг асуудал байж болохгүй байсан. Уг үнэлгээг зарим нэг хүмүүс үйлдэж байгууллагын дарга үзэмжээрээ дүгнэсэн мэт зүйл ажиглагдаж байна. Дээрх үндэслэлүүдээр үнэлгээний багийн дүнг харгалзан гаргасан захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцээгүй. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэх үүргийг хэрэгжүүлээгүйгээс болж Ч.Х************* гийн асуудал дээр бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр гарсан байна.
Б.М************* гэх хүний үнэлгээний асуудал дээр нэг зүйлийг орхигдуулж ярьсан байна. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч манай байгууллагын төрийн захиргааны албан тушаал болон үйлчилгээний албан тушаал өөр байдаг гэж тайлбарлаж байсан. 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд тодорхой заасан байдаг бөгөөд төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагчийг тус тус цөөрүүлэх тухай, төрийн байгууллагыг чадварлаг цомхон бүтэц, орон тоотой болгох, төрийн албан хаагчдын чиг үүргийн давхардлыг арилгах гэсэн асуудлыг тусгасан байдаг. Б.М************* гэх хүний албан тушаалд 2 ажилтан байдаг юм билээ. Уг хүн төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдоогүй бөгөөд энэ хүнийг ажлаас чөлөөлж төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулж болоогүй юм бэ? н.Н************* гэдэг хүн мөн түр орон тоонд л ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр н.Н************* болон Б.М************* нарын ажиллаж буй ажлын байр сул орон тоонд хамаарч байгаа учир яагаад уг албан тушаалууд дээр Ч.Х************* г сэлгэн ажиллуулж болоогүй юм бэ?
Мөн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын орон тоо өмнө нь хэд байсан талаар эргэлзээтэй асуудлууд байдаг. Төсвийн тухай хуулийн 16.5.3-т Төсвийн шууд захирагч батлагдсан цалингийн орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, бүтцийг батлах үүрэгтэй гэж заасан байдаг. Үүний дараа Ч.Х************* г ажлаас чөлөөлөх асуудал яригддаг. 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ч.Х************* г ажлаас чөлөөлсөн бөгөөд ингэхдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалыг үндэслэж чөлөөлсөн. Харин тус байгууллагын бүтэц орон тоог баталсан тушаал хавтаст хэрэгт авагдсанаар 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Х************* г ажлаас чөлөөлснөөс хойш тус тушаал гарсан байна. Ингэхээр орон тоо хасагдсан, цөөрсөн гэх асуудлыг хариуцагч тал нотолж чадахгүй байна.
Хөдөлмөрийн хуулийн дагуу Ч.Х************* г мэргэжлийн шаардлага хангахгүй гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т зааснаар мэдэгдэх ёстой бөгөөд хугацаа олгох ёстой. Дээрх үндэслэлүүдээр тус захиргааны акт хууль бус байна. Үүнээс үүдэн миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд тус хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, уг захиргааны актаас болж Ч.Х************* гийн зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэх, цалин хөлстэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Б************* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Байгаль хамгаалагч Ч.Х************* гийн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг үл зөвшөөрөн Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар өгөх тухай.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/688 дугаар тушаалаар Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад-ын бүтэц орон тооны дээд хязгаар болон сургалт, мэдээллийн төвийн байршил шинэчлэн батлагдаж Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 6 орон тоо хасагдсан. 6 орон тооноос 1 ТЗ-ны ангилал, зэрэглэлийн байгаль хамгаалагч, 2 ТҮ ангиллын туслах байгаль хамгаалагч, 3 ТҮ ажилтны орон тоо цомхотголд орсон.
Ингэхдээ хагас жилийн ажлын үзүүлэлт, үнэлгээ бодит хээрийн ажиллагаа, болон байгаль хамгаалагчдын ажил үүрэг гүйцэтгэхдээ ашигладаг Смарт программын ашиглалт, гүйцэтгэлээр гарч буй тайлан зэргийг харгалзсан болно.
Байгаль хамгаалагч Ч.Х************* гийн эргүүл, ажиглалтын тайлан Смарт программын үр дүнгээр. 2025 онд 3 удаагийн эргүүл хийсэн байна. Үүний хоёр нь хамтарсан хяналт. Байгаль хамгаалагч Ч.Х************* нь олон жил ажилласан ахмад байгаль хамгаалагч, Байгаль орчны улсын хяналтын байцаагч хэдий ч тухайн Ханх суман дахь байгаль хамгаалагчдын дунд манлайллын түвшинд бус ажлын үзүүлэлтээр хамгийн сүүлээр дүгнэгдсэн байна.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан хэдий ч сүүлийн 3 жилд шийдвэрлэсэн хялбаршуулсан, зөрчлийн болон экологийн эрүүгийн хэргийн илрүүлэлт, гүйцэтгэл огт байхгүй байгаа нь ажлын чадамж сул байгааг харуулж байна. Орон тооны бус ажлын байр болох хэсгийн ахлагч гэх удирдлагын менежмент төлөвлөлтөөр хийгдэг үүрэг хариуцлагын томилгоонд хувийн эрх ашгийн байр сууринаас хандаж байгууллагын өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагаанд сөрөг хандлагаар бусад албан хаагчдадаа хандаж байсан.
Түүнчлэн Байгаль орчны багц хуулиудын хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг гүйцэтгэдэг хэдий ч өөрийн амралтын газрын бохирын байгууламжийг булаг, судгийн эрэг дагуу байгуулж Ханх сумын иргэд, аж ахуй нэгж байгууллагууд, албан хаагч нарт буруу үлгэрлэлийг үзүүлсэн. Ч.Х************* нь 10 дугаар сард ээлжийн амралтын төлөвлөгдсөн хугацаа өнгөрснөөс хойш дур мэдэн амралтын мэдэгдэл өгөлгүй ажил таслан явсан нь цагийн бүртгэлээр тогтоогдсон. Мөн Ч.Х************* д ажлаас чөлөөлөх тухай хуулийн хугацаанд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд Хургаа нь танилцаад хариу тайлбар ирүүлсэн байсан.
Тус албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн үндэслэл:
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.3, 16.5.5 дахь заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн болно.
Дээрх тушаалыг гаргахдаа ажил олгогчийн санаачилга болон сахилгын шийтгэлээр ажлаас халаагүй бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар батлагдсан бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан шийдвэрийн дагуу бүтэц орон тооны цомхотголд оруулсан болно. Мөн Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, дахь заалтыг харгалзан үзсэн болно. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасны дагуу албан тушаалын орон тоо хасагдсаны тэтгэмжийг олгосон болно. Иймд Ч.Х************* гийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4.2. Хариуцагч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Б************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээтэй холбоотой асуудлыг ярьж байна. Үнэлгээний багийн зарим гишүүдийн ажлын онцлогоос болж цахимаар санал өгөх асуудал гарсан. Манай байгууллага 42 орон тоотой байж байгаад 36 орон тоотой болсон бөгөөд Ханх суманд 7, Цагаан-Үүр суманд 5, Хатгал тосгонд үлдсэн байгаль хамгаалагч нар ажиллаж байгаа. Тиймээс бид өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж чадахгүй учраас албан тушаал биш хэсгийн ахлагч нар үүрэг өгч үнэлгээний багт оруулсан байдаг. Тухайн газар нутагт хэн хариуцсан нутаг дэвсгэр дээрээ ажиллаж байгаа, судалгаа шинжилгээ, хяналт шалгалт хэрхэн хийж байгаа зэргийг мэдэж байгаа учраас хэсгийн ахлагчдыг үнэлгээний багт оруулсан. Төвд буюу Хатгал тосгонд ажилладаг байгаль хамгаалагчид тэр болгон байгаль хамгаалагч нартай явдаггүй дээрх ажлыг хэн, хэрхэн хийснийг мэдэхгүй учраас үнэлгээний багт хэсгийн ахлагч нарыг оруулсан бөгөөд тэдгээр хүмүүс Ханх сум болон Цагаан-Үүр суманд тус тус ажиллаж байгаа учраас цахимаар оролцож хамтын шийдвэр гаргасан.
Ч.Х************* г онцолж, сонгож ажлаас чөлөөлсөн гэх асуудлыг ярьж байна, тийм зүйл байхгүй. Манай байгууллага смарт гэх программ ашигладаг бөгөөд тус программаар байгаль хамгаалагч нарын хэзээ, хэрхэн ажиллаж буйг хянадаг. Миний зүгээс энэ хүнийг ажлын хариуцлага алдсан гэж сахилгын шийтгэлээр уг хүнийг ажлаас чөлөөлөөгүй. Монгол Улсын Их Хурлаас төрийн албыг чадварлаг, цомхон болгох зорилгоор 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт батлагдсан. Төсвийн ерөнхийлөн захирагч бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлахдаа төрийн захиргааны байгаль хамгаалагчийн орон тооноос 1, төрийн үйлчилгээний байгаль хамгаалагчийн орон тооноос 2, галч, үйлчлэгч зэргээр албан тушаалуудыг тодорхой зааж баталсан бөгөөд түүний хүрээнд Ч.Х************* цомхотголд орсон асуудал байгаа.
Манай байгууллага нийт албан хаагчдын хурлыг 14 хоног тутамд хийдэг бөгөөд тус хурал дээр Ч.Х************* г нэр цохож Хариуцсан нутаг дэвсгэр дээрээ ажилла, ажлын үндсэн чиг үүргээ хэрэгжүүл гэх шаардлага тавьж байсан. Үүнийг хүлээн авч ажлаа сайжруулах боломж Ч.Х************* д байсан. Үнэлгээтэй холбоотой асуудлыг манай байгууллагын мэргэжилтэн П.У************* тус үнэлгээний багт хяналт тавьж ажилласан учир нэмж тайлбар хэлнэ. гэв.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалайн хэлсэн үнэлгээний багийн гишүүдийн тоо дутуу гэх асуудлын тухайд тийм асуудал байгаа. 41 байгаль хамгаалагчийн ажлыг үнэлсэн байдаг бөгөөд үнэлэх боломжгүй гэсэн нэр бүхий хүмүүс тодорхой хэмжээнд ажилласан хугацаа хүрэхгүй, сахилгын шийтгэлийн арга хэмжээ авхуулсан байж байгаад үнэлгээнд ороогүй гүйцэтгэлээ гаргасан албан хаагчид байдаг. Үнэлгээтэй холбоотой гомдлыг журамд зааснаар албан хаагчид 5 хоногийн дотор гаргах ёстой байдаг бөгөөд уг хугацаанд нэг ч албан хаагч үнэлгээний талаар гомдол гаргасан зүйл байдаггүй. Мөн үнэлэгдсэн үнэлгээг мэдэхгүй байх боломж байхгүй.
Үнэлгээний багаас албан хаагчид үнэлгээтэй холбоотойгоор 5 хоногийн дотор гомдол гаргаагүй учраас тус үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэн холбогдох үр дүнгийн урамшууллыг байгууллагын даргын тушаалаар ажилчдад олгосон байдаг. Тус тушаал нь мөн захиргааны акт учраас гомдол гаргах эрхтэй боловч мөн тухайн шийдвэртэй холбогдуулан гомдол гаргаагүй. Хагас жилийн үр дүнг үнэлсэн үнэлгээний багийн нэг гишүүн дутуу байсан ч гэсэн үнэлгээ багийн шийдвэр гарч нийт 41 хүний эрх зүйн асуудал хөндөгдөж холбогдох шийдвэр гарч, урамшуулал авсан. Нэхэмжлэгч Ч.Х************* гийн нэхэмжлэлийн шаардлагаас үүдэн үнэлгээний багийн үнэлгээ хөндөгдөж байгаа учраас тухайн албан хаагчидтай холбоотой асуудлыг энд хэлэлцэх байх. Бусад албан хаагчид гомдол гаргаагүй бөгөөд хагас жилийн үнэлгээгээр муу үнэлэгдсэн албан хаагч байхгүй бөгөөд үнэлгээгээр хамгийн бага үнэлэгдсэн гэсэн үндэслэлээр Ч.Х************* г ажлаас чөлөөлсөн асуудал байгаа. Тухайн үнэлгээг чадамжгүй гэж үзэх боломжгүй бөгөөд үнэлэгдсэн бүх хүмүүс түүнтэй танилцсан бөгөөд гомдол гаргаагүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс ...үнэлгээний багийн дүнг харгалзан ямар үндэслэл шалгуураар миний мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүргээ тэнцэхгүй дүгнэгдэж цомхотголд оруулж байгаа нь тодорхойгүй гэж, хариуцагчаас тушаалыг гаргахдаа ажил олгогчийн санаачилга болон сахилгын шийтгэлээр ажлаас халаагүй бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар батлагдсан бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан шийдвэрийн дагуу бүтэц орон тооны цомхотголд оруулсан болно. Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг харгалзан үзсэн болно. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасны дагуу албан тушаалын орон тоо хасагдсаны тэтгэмжийг олгосон... үнэлгээгээр хамгийн бага үнэлэгдсэн гэсэн үндэслэлээр Ч.Х************* г ажлаас чөлөөлсөн гэж тус тус маргажээ.
3. Маргаан бүхий акт болох Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.3, 16.5.5 дахь заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад-ын бүтэц орон тооны дээд хязгаар болон сургалт, мэдээллийн төвийн байршлыг шинэчлэн батлах тухай А/688 дугаар тушаалаар байгаль хамгаалагчийн орон тоо хасагдсантай холбогдуулан Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний багийн дүнг харгалзан нэхэмжлэгчийг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Ханх хэсгийн байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ.
4. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал) нэхэмжлэгч нь Ханх хэсгийн Хавцалаас Таана хүртэлх газрыг хариуцах байгаль хамгаалагчаар томилогдсон байх бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал) нэхэмжлэгчийн хариуцах газар нутгийг өөрчилж Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Баянголоос Ханхын гол хүртэлх газар нутгийг хариуцан хамгаалах байгаль хамгаалагчаар тус тус томилсон байна.
5. Хэрэгт авагдсан байгаль хамгаалагчийн албан тушаалын тодорхойлолтоос (1 дүгээр хавтаст хэргийн 76-81 дүгээр тал) үзэхэд нэхэмжлэгчийн хашиж байсан албан тушаал нь туслах түшмэл ТЗ-2 буюу Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан төрийн захиргааны албан хаагч болох нь тогтоогдож байна.
6. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/218 дугаартай тушаалаар улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тооны дээд хязгаар болон сургалт, мэдээллийн төвийн байршлыг баталсан байх бөгөөд тус тушаалын нэгдүгээр хавсралтад Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын орон тоог батлахдаа нийт 42, үүнээс байгаль хамгаалагч 19 байхаар (2 дугаар хавтаст хэргийн 133-149 дүгээр тал) шийдвэрлэсэн байх бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/688 дугаартай тушаалын хавсралтаар улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тооны дээд хязгаар болон сургалт, мэдээллийн төвийн байршлыг шинэчлэн батлахдаа нийт 36, үүнээс байгаль хамгаалагч 18 байхаар (2 дугаар хавтаст хэргийн 85-89 дүгээр тал) орон тоог хасч шийдвэрлэсэн байна.
7. Дээрх тушаалуудаас үзэхэд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын орон тоог 6-аар, маргаан бүхий албан тушаал болох байгаль хамгаалагчийн орон тоог 1-ээр тус тус багасгажээ.
8. Нэхэмжлэгчээс ...үнэлгээний багийн дүнг харгалзан ямар үндэслэл шалгуураар миний мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүргээ тэнцэхгүй дүгнэгдэж цомхотголд оруулж байгаа нь тодорхойгүй гэж тайлбарласан байна.
9. Хэрэгт авагдсан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал) байгууллагын албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшнийг үнэлэх багийг байгуулж, тус үнэлгээний баг нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарын 2025 оны хагас жилийн ажлыг үнэлж нэхэмжлэгчийг 71.1 оноогоор дүгнэж (1 дүгээр хавтаст хэргийн 142-146 дугаар тал), Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 43-46 дугаар тал) үр дүнгийн урамшуулал олгож шийдвэрлэжээ.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам-ын 5.7, 5.11, 6.2-т заасныг зөрчсөн, үнэлгээний хуудсыг үнэлгээний багийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байдаггүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчээс өөрийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудастай тусад нь маргаагүй, бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх тус үнэлгээний хуудсанд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй юм.
11. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, 52.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ, 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
12. Хариуцагчаас өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу нэхэмжлэгчийн 2025 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, тус үнэлгээг үндэслэн нэхэмжлэгч Ч.Х************* г ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчээс тус үнэлсэн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй болно.
13. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:, 46.2.5-д хуульд заасан бусад үндэслэл., 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, 62.1.4-т төрийн байгууллага ...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж тус тус заажээ.
14. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу төрийн байгууллага нь албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд тухайн төрийн албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлж тус хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож, ажлаас чөлөөлөхөөр заасан байна.
15. Хэрэгт авагдсан байгаль хамгаалагч нарын 2025 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудаснууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч нь хамгийн бага үнэлэгдсэн байхын зэрэгцээ Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын орон тоо хасагдсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй.
16. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зарим хэсгийг буюу 2534773 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байгааг дурдах нь зүйтэй.
17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ч.Х************* г ажлаас чөлөөлснөөс хойш тус тушаал гарсан байна. Ингэхээр орон тоо хасагдсан, цөөрсөн гэх асуудлыг хариуцагч тал нотолж чадахгүй гэж тайлбарлажээ.
18. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор:, 4-т Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 14.2.12-т Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэж тус тус заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь өөрийн харьяа газар болох Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны бүтэц орон тооны хязгаар, төсвийг баталж шийдвэрлэсэн, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхтэй холбоотой мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэнтэй холбоотой бүтэц орон тоог батлах шийдвэр удааширч 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан.
19. Өөрөөр хэлбэл, төсвийн ерөнхийлөн захирагч болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайдаас нэгэнт орон тоог хассан тушаалыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөс өмнө буюу 2025 оны 8 дугаар сард гаргасан байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа орон тоог шинэчлэн баталсан гэх тайлбар нь үндэслэлгүй.
20. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжтой гэж шүүх хуралдаанд тайлбарлах атлаа нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа болон шүүх хуралдаан дээр урьд эрхэлж байсан байгаль хамгаалагчийн ажилд буцаан томилогдох хүсэлтэй гэж тайлбарлан маргаж байгаа нь ойлгомжгүй буюу бодит нөхцөл байдалд байгаль хамгаалагчийн орон тоо хасагдсан байх тул түүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй.
21. Шүүх нэгэнт нэхэмжлэгчийн маргаж буй тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй гэж дүгнэсэн тул түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
22. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ч.Х************* гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4-д заасныг тус тус баримтлан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан гаргасан Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Ч.Х************* гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР