Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 634

 

Ч.Б- өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг, З.Хүрэлсүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 811 дүгээр магадлалтай, Ч.Б- өд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, .....овогт Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаатай хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Ч.Б- өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ч.Б- ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б- ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Ч- гаргасан гомдолдоо “...Ч.Б-  нь миний ах Б.Б-г цохисны улмаас үерийн далан руу унаж хүнд гэмтэл авч амь насаа алдсан билээ. Миний ах нь 80 настай ээжийг минь асардаг байсан бөгөөд энэ асуудлаас болж ээжийн сэтгэл санаа цочролд орж хэвтрийн байдалд орсон. Гэтэл давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг харгалзан үзэлгүйгээр Ч.Б- ийн ялыг хөнгөрүүлсэнд гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан болгоомжгүй гэмт хэргийн ангилалд хамааруулж ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохироосон бол...” гэж заасан байхад Ч.Б- ийн санаатай цохилтын улмаас нас барсан хэргийг уг ангилалд хамааруулан хөнгөрүүлж ял шийтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт авагдсан дүрс бичлэгийн 17 минут 19 секундэд Ч.Б-  нь амь хохирогчийг цохиж байх бөгөөд уг санаатай үйлдлийн улмаас амь хохирогч унасан болох нь тодорхой харагдаж байхад уг үйлдлийг болгоомжгүй гэмт хэргийн ангилалд хамааруулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ч.Б- ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад хамаарах нөхцөл байдал биш. Шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан. Давж заалдах шатны шүүх үйл баримтыг буруугаар дүгнэж шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх ашгийг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Камерийн бичлэгт хохирогчийн 3 удаагийн довтолгооноос Ч.Б-  нь зугтсан, сүүлд “Портер” загварын машинд тулгаж ирээд шилбэ хэсэг рүү өшиглөхөд нь биеэ хамгаалж түлхсэн үйлдэл харагддаг. Шүүгдэгч нь өөрийн цохих үйлдлийн улмаас амь хохирогч далан руу унах боломжтойг ухамсарлаагүй бөгөөд хохирогчийн амь нас хохирно гэдгийг мэдэж түүнд гар хүрсэн гэх үйлдэл, хүнийг шууд санаатай алах субьектив санаа, зорилго тогтоогддоггүй. Шүүгдэгч нь тасралтгүй 12-13 жилийн хугацаанд “.....” худалдааны төвд дайвар бүтээгдэхүүн худалдан борлуулж ар гэрээ тэжээн тэтгэдэг хүн байсан. Тухайн өдөр дайвар бүтээгдэхүүнээ зах руу авч явахаар такси барих үед амь хохирогчтой тааралдсан ба тухайн үед амь хохирогч түүн рүү 3 удаа довтолсон байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль бус тулгарсан шинжтэй үйлдлийн эсрэг хийсэн холбогдогчийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй бөгөөд аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэгт тооцохгүй байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байсан ч шүүх хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, дүгнэсэн. Хэргийн цорын ганц гэрч н.Б-д хууль сануулж хоёр удаа мэдүүлэг авсан. Камерийн бичлэг, гэрч н.Б нарын мэдүүлгээр гэмт хэргийг шууд дүгнэх боломжтой гэж үзэж байгаа. Тухайн үйлдлийн улмаас учрах хор уршиг, хүсэл зоригийн хувьд санаатай гэж үзэх боломжгүй нөхцөл байдал бий. Хэргийн талаар шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгаж тогтоосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Ч.Б-  нь хохирогчийг цохисны улмаас үерийн усны далан руу унаж тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоосон. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөөр завсарлага авч нийт 10 630 000 төгрөгийн хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан түүнд 5 жил 6 сар хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч 280-310см өндөртэй далан руу унаж тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан байгаа нь санаатай үйлдэл гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Б- өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Ч.Б- ийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн .... нутаг дэвсгэрт байрлах “Д” хүнсний дэлгүүрийн  эсрэг талын төв зам дээр Б.Б-г цохисны улмаас хохирогч үерийн далан руу унаж тархиндаа хүнд гэмтэл авч амь насаа алдсан нөхцөл байдлыг тогтоож, уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ийн дээрх үйлдлийг “...хохирогчийг цохисон үйлдлийн улмаас ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд түүний цохилтын нөлөөнөөс хамаарч архи ууж согтуурсан хохирогч цааш жалга руу унаж тархиндаа гэмтэл авч нас барсан, Ч.Б- нь амь хохирогчийг өөрөөсөө холдуулах зорилгоор цохисон үйлдлийг санаатай хийсэн боловч амь насыг нь хохироохыг хүсч, уг цохилтын улмаас хохирогч газарт унаж, улмаар үхэлд хүргэх гэмтлийг авна гэдгийг тооцож, уг үр дүнд зориуд хүргэхийг хүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн үндэслэл зааж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг болгоомжгүй алах” гэмт хэрэг гэж хөнгөрүүлэн зүйлчилж, уг зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Энэ хэргийн нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь “...Ч.Б- ийн санаатай үйлдлийн улмаас амь хохирогч газарт унасан тул уг үйлдлийг болгоомжгүй гэмт хэргийн ангилалд хамааруулах үндэслэлгүй...” гэсэн гомдол гаргажээ.

Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг.

Ч.Б-  нь өөр рүү нь удаа дараа дайрсан хохирогчийн үйлдлийн улмаас өөрт нь аюултай нөхцөл байдал тулгараагүй ч хохирогчийг өөрөөсөө холдуулах зорилгоор нэг удаа цохиход уг цохилт болон согтуурлын хавсарсан үйлчлэлийн улмаас хохирогч газарт унаж, улмаар өнхөрч үерийн далан руу дахин унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан байна.

Ч.Б-  нь хохирогчийг цохивол хохирогч унана, улмаар өнхөрч үерийн далан руу бас дахин унана гэдгийг урьдаас мэдэж, тооцож, эсхүл ийнхүү хохирогч амиа алдахад зориуд хүргэх зорилгоор үйлдэл хийсэн нь тус тус тогтоогдоогүй.

Харин хохирогч цохиулсныхаа улмаас унаж, улмаар үерийн далан руу өнхрөн толгойдоо гэмтэл авахыг урьдчилан тооцож мэдээгүй боловч үүнийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байснаараа хүний амь насыг хохирооход хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр тогтоогдсон байх тул давж заалдах шатны шүүхээс Ч.Б- өд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан давж заалдах шатны шүүх уг гэмт хэрэгт оногдуулах нэгээс таван жил хүртэл хугацаатай хорих ялаас доод хэмжээнд нийцүүлэн хоёр жилийн хорих ялыг сонгож шүүгдэгчид оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 811 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН