Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 728

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн С овогт Д.Э РД: /ПБ74*****7/ 

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг ** дүгээр хороо, ** дүгээр хороолол **А байр ** тоот

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороо

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын гудамж 1, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 23 дугаар тойрогт А**** намаас нэр дэвшигчээр Д.Э бүртгэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороонд даалгах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгч Д.Э****, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Б*/**, түүний өмгөөлөгч Г.Д*** нар оролцлоо.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Э*** миний бие Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийнхээ дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 23 дугаар тойрогт А**** намаас нэрээ дэвшүүлж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д заасан шаардлагыг хангасан гэж үзэн нэр дэвшигчээр бүртгүүлэхээр материалаа хуулийн хугацаанд нь Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн юм.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоол гаргаж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Уг тогтоолд үндэслэл болгосон хуулийн заалт нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.1, 157.2, 157.7, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзсан байна.

Миний бие 2016 оны 06 сарын 30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/97 тоот захирамжаар “Н*******" ОНӨҮГ-ын даргаар 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс томилогдсон болно. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол Сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш, ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан. Миний бие уг албан тушаалд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинээр томилогдсон тул 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх боломжгүй болно. Сонгуулийн тухай хуульд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шинээр дээрх албан тушаалд томилогдсон иргэн хэрхэн хүсэлтээ гаргах болон сонгуульд нэр дэвшихтэй холбоотой харилцааг зохицуулаагүй байхад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7 Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар дутуу гэсэн шалтгаанаар уг хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасны дагуу материал дутуу гэж үзэн татгалзсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан Монгол Улсын иргэн Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин миний эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Хэрвээ хэн нэгэн иргэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Сонгуулийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.4-д заасан албан тушаалд томилогдсон бол Үндсэн хуулиар олгогдсон Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооноос гаргасан тогтоолоос үзэхэд хязгаарлуулах нөхцөл үүсээд байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Д.Э****ыг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 23 дугаар тойрогт А**** намаас нэр дэвшигчээр Д.Э*** миний биеийг бүртгэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг дүүрэгт зохион байгуулах Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 01, 02 дугаар тогтоолуудаар томилогдон “Сонгуулийн тухай” хуулийн хэрэгжилтийг шалгаж, сахин биелүүлэх явдлыг ханган ажиллаж байна. Дүүргийн Сонгуулийн хороо нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх үйл ажиллагааг хуулийн хугацаанд, шуурхай, ямар нэг гомдол санал гаргахгүйгээр зохион байгуулах үүднээс сонгуульд нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг гарган 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 06 тоот албан бичгийн хавсралтаар намууд болон бие даан нэр дэвшигч тус бүрт хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. 

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний 17 цагаас өмнө намууд орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийнхээ баримт бичгийг дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлэх байсан. Дүүргийн А**** намын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Т*******, хуульч С*******, улс төрийн ажилтан Банзрагч нар сонгуульд нэр дэвшигчийнхээ материалыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний 16 цаг 00 минутад дүүргийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгөв. /Материал хүлээлгэн өгсөн тухай Сонгуулийн хорооны тухайн өдрийн жижүүрийн дэвтрийн тэмдэглэлд дурьдсан хэсгийг хавсаргав/

А**** нам дүүргийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчийнхээ материалыг хуулийн хугацаанд хүлээлгэн өглөө. Нэр дэвшигч тус бүрээр материалын бүрдэлийг хянахад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн157.2-т заасан нэр бүхий материал дутвал дүүргийн Сонгуулийн хороо хариуцахгүй. Харин нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг бичиг баримтад гарын үсэг орлогын эх үүсвэрийг зөв тодорхойлоогүй зөрчил байвал тухайн нэр дэвшигчийг биечлэн дуудаж засуулах арга хэмжээг авна гэж Сонгуулийн хорооны даргын хувьд анхааруулаад бичиг баримтыг нягтлан шалгах ажилд гишүүдийг томилон ажиллуулж, дүүргийн А**** намын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Т*******, хуульч С******* нарыг байлцуулав.

Нягтлан шалгах явцад тухайн намаас 30 гаруй нэр дэвшигчдийг биечлэн дуудаж, бичиг баримтад залруулга хийлгэх, гарын үсэг зуруулах зэрэг арга хэмжээг авч ажилласан.

Гэтэл дүүргийн Сонгуулийн хорооны гишүүн Б.Нацагдорж Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасны дагуу 23 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Э****ы материалын бүрдлийг жагсаалтаар хянаад нэр дэвшигч нь товч мэдээлэлдээ “Н*******” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэдэг гэжээ. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар ирүүлээгүй байгаа нь дээрхи хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7 дугаар зүйлийг нэр дэвшигч биелүүлээгүй байна гэж хянасан.

Сонгуулийн хорооны нийт гишүүд нэр дэвшигч Д.Э****ы материап нэг бүрийг давхар хянаж, улмаар Ulaanbaatar.mn сайтаар орж, тогтоол захирамж гэсэн линкээс нийслэлийн Засаг даргын 2016 оны Б захирамжуудаас Д.Э****ыг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хайж олоод судалж, материалын бүрдэл дутуу байгаа гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрч, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дугаар заалтад дурдсан цаг, минут өнгөрсөн байх тул дутуу материалыг нэр дэвшигчээс нөхөн гаргуулах нь Сонгуулийн хорооны гишүүд бид өөрсдөө хуулиа зөрчсөн арга хэмжээ болно гэж үзэн нэг байр суурьтай асуудалд хандсан болно. Гэтэл нэр дэвшигч Д.Э**** нь 9 дүгээр сарын 2-ны өдрийн 9 цаг 25 минутад сонгуулийн хорооны дарга гишүүдтэй уулзан өөрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдхийг хүссэн хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбараа өгч, материалд хавсаргахыг шаардсаныг Сонгуулийн хорооны гишүүд бид эс эөвшөөрч байгааг ойлгуулж, холбогдох хуулиар зөвлөмж өгснийг хүлээж аваагүй болно. /Жижүүрийн дэвтэрт тэмдэглэгдсэн байгааг хавсаргав/ 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах ажлаар дүүргийн Сонгуулийн хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байхад О.Б*/** миний 991******* номерийн дугаар руу Нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Батдорж гэх албан тушаалтан “хоёр том намын нэр дэвшигчдийг асуудалгүй байлга. Битгий оролд. Танай дүүргийн 23 дугаар хороонд нэр дэвшихээр материал ирүүлсэн Д.Э****ы дутуу материалыг ав” гэж дүүргийн Сонгуулийн хорооны ажилд хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсоныг тухайн өдрийн жижүүрийн дэвтэрт жижүүр Б.М*******т хэлж тэмдэглүүлсний дараа удалгүй А**** намаас нэр дэвшигч Д.Г******* дүүргийн Сонгуулийн хороонд өөрийн биеэр ирж, Д.Э****ы ажпаас чөлөөлөгдсөн шийдвэр, чөлөөлөгдөх тухай хүсэлтийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт дахин өгөхийг оролдсон болно.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасан баримт бичгийг зайлшгүй ирүүлэх ёстой албан тушаалд ажиллаж байсан Д.Э**** нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байсан нь нотлогдох тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасны дагуу Сонгуулийн хорооны хоёрдугаар хуралдаанаар сонгуулийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Д.Э****ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол үйлдэгдсэн.

Иймд нэхэмжлэгч Д.Э****ы нэхэмлэлийг хууль бус гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болно ” гэжээ.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э****аас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 23 дугаар тойрогт А**** намаас нэр дэвшигчээр Д.Э***ыг бүртгэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Cонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 тоот тогтоолоор Д*******н овогт Э*******ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчээс Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.7 дахь заалтын дагуу Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбараа Сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр заасан байгаа нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шинээр албан тушаалд томилогдсон иргэнд хамаарахгүй, энэ талаар Сонгуулийн хуулинд зохицуулалт байхгүй, надад хуулиар олгосон  сонгогдох эрхийг минь хязгаарласан нь хууль бус гэж маргаж байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооноос “...тухайн намаас 30 гаруй нэр дэвшигчдийг биечлэн дуудаж, бичиг баримтад залруулга хийлгэх, гарын үсэг зуруулах зэрэг арга хэмжээг авч ажилласан. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасны дагуу 23 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Э****ы материалын бүрдлийг жагсаалтаар хянаад нэр дэвшигч нь товч мэдээлэлдээ “Н*******” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэдэг  атлаа  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбараа ирүүлээгүй байгаа нь дээрхи хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7 дугаар зүйлийг нэр дэвшигч биелүүлээгүй. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасан баримт бичгийг зайлшгүй ирүүлэх ёстой албан тушаалд ажиллаж байсан Д.Э**** нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байсан нь нотлогдох тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасны дагуу Сонгуулийн хорооны хоёрдугаар хуралдаанаар сонгуулийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Д.Э****ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол үйлдэгдсэн...” гэсэн тайлбар хийж, Нийслэлийн захирагчийн албаны бүртгэлийн хяналтын карт, Д.Э****ы Төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт зэргийг үндэслэн нэхэмжлэгч Д.Э****ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

 Д.Э**** 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс “Н*******” НӨҮГ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2016 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд А**** намаас нэрээ дэвшүүлэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасны дагуу дээрх албан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/52 дугаар тушаалаараа түүний  албан тушаалаас нь чөлөөлжээ .

Улмаар Д.Э**** нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр явагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн ялагдал хүлээсний дараа дахин Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/97 дугаар захирамжаар  “Н*******” ОНӨҮГ-ын даргаар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/226 дугаар захирамжаар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ .

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасантай нийцэхгүй байна.

Хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэгч Д.Э****д сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихэд хамаарах заалт бөгөөд энэ тохиолдолд тэрээр өмнө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцсоны дараа дахин сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх санаа зорилготой байсан бол Төрийн алба тасралтгүй явагдах зарчмыг баримтлаад 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлж байсан албан тушаалдаа дахин томилогдолгүйгээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, болон энэ хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан шаардлагуудыг заавал биелүүлэх ёстой байжээ. 

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооноос орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх үйл ажиллагааг хуулийн хугацаанд, шуурхай, ямар нэг гомдол санал гаргахгүйгээр зохион байгуулах үүднээс сонгуульд нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг гарган 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 06 тоот албан бичгийн хавсралтаар намууд болон бие даан нэр дэвшигч тус бүрт хүргүүлэх ажлыг зохион байгуулсан болох нь нотлогдож байна.

Гэтэл А**** намаас нэр дэвшигч Д.Э**** нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ сонгуулийн хороонд ирүүлээгүй болох нь түүний “..2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл тухайн үед байсан. Хуулинд тодорхой зохицуулагдаагүй бас 2016 оны  06 дугаар сарын 30-наас шинэ харилцаа үүссэн гэж тул шаардлагагүй гэж үзсэн...“ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч өөрөө Сонгуулийн хуулинд заасан үүргээ биелүүлээгүй байх тул маргаан бүхий акт түүний хуулиар олгосон сонгогдох эрхийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд хариуцагч сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг ханган, өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолоо гаргасан байна.

Иймд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 34 дүгээр 34.1.2, 34.1.4, 157 дугаар зүйллийн 157.2, 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 23 дугаар тойрогт А**** намаас нэр дэвшигчээр Д.Э***ыг бүртгэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш тав хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Л.БАТБААТАР