Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0086

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 915 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 915 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.6, 33 дугаар зүйлийн 33.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал,газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 237 дугаар шийдвэрийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.

          Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д давж заалдах гомдолдоо: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, шилжүүлэн бүртгэх, цуцлах, хүчингүй болгох эрх хэмжээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газар/хуучнаар/-т Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон байсан. Улсын Их Хурлаас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль баталсан боловч уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг гаргаагүй тул хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой чиг үүргийг Ашигт малтмал, газрын тосны газар өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр ирсэн.

          Тухайлбал, 2014 оноос өмнө олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг аймаг, нийслэлийн Засаг даргад бус, харин геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Төрийн сан баНан дахь харилцах дансанд төлж, төлбөр төлсөн бүртгэлээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын нэгжид бүртгүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөнд тооцох эрх зүйн үндэслэл бүрдэж, үүнийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулж байсан.

          Тийм ч учраас нэхэмжлэгч “Н” ХХК-ийн зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын М\/-003054 дугаартай тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу гектар тутамд 7250 төгрөгөөр буюу ердийн ашигт малтмалын төлбөрөөр тооцон төлж ирсэн байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч “Н” ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын М\/-003054 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд буюу 2015, 2016 онуудад Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу төлбөрөө Ашигт малтмал, газрын тосны газарт төлбөр төлж байсан төлбөрийн баримтаар дээрх үйл баримтыг хангалттай нотолддог.

          Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг тодорхой хуульчилж өгсөн.

          Гэтэл анхан шатны шүүхээс "...тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга цуцлахаар зохицуулжээ" гэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн дүгнэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэж үзэх нөхцөл байдал энэ маргааны тухайд тогтоогдохгүй байна.

          Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг хураан авах, хяналт тавих чиг үүрэг Ашигт малтмал, газрын тосны газарт хэвээр хадгалагдаж байсан тул нэхэмжлэгчийн "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэдэг нь үндэслэлгүй.

          2014 оноос өмнө олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хадгалагдаж, тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүртгэл, хяналтын үйл ажиллагааг тус газар хэрэгжүүлэн ажиллаж байсан.

          Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүйгээр, ерөөсөө Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар огт олгоогүй бүрэн эрх хэрэгжүүлсэн гэж дүгнэхдээ тус агентлаг өмнө огт хэрэгжүүлж байгаагүй, эсхүл хэрэгжүүлдэггүй бүрэн эрхийг өөртөө олгосон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

          Хэрэв тухайн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй холбоотой харилцаанд ашигт малтмал, газрын тосны газар ямар нэгэн эрх хэмжээгүй байсан, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах байсан гэж үзвэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6.2-д "түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 0-20 гектар тутамд 5000 төгрөг төлнө" гэж заасны дагуу 5000 төгрөг төлөх байсан.

          Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд дээрх хуулийн дагуу өмнөх жилүүдэд төлбөр төлж ирсэн үүргээ 2017 онд биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно.

          Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 915 дугаар шийдвэр үндэслэлгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Н” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаар шийдвэрийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаар шийдвэрийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилжээ.

          Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэж нэр бүхий 6 аж ахуй нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшлийн MV-003054 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл багтсан байна.

            Нэхэмжлэгчээс “... Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцалж шийдвэрлэсэн нь ...илт хууль бус захиргааны акт болно” гэж, хариуцагчаас “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө тус байгууллага Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах, хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан, ... хэвээр хадгалагдсан, ... нэхэмжлэгч “Н” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу төлж байсан” гэж тайлбар гарган маргажээ.

          Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд уг захиргааны актыг илт хууль бус захиргааны актад хамааруулсан, өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 237 дугаар шийдвэрээр “Н” ХХК-ийн МV-003054 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд анхан шатны шүүхээс зөв дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

          Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.6, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2 дахь хэсэгт зааснаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн гүйцэтгэлд хяналт тавих, тусгай зөвшөөрлийн эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд цуцлах эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх олгогдоогүй байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч “Н” ХХК-иас МV-003054 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2015, 2016 онуудын төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар гектар тутамд 7250 төгрөгөөр буюу ердийн ашигт малтмалын төлбөрөөр тооцон төлж байсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүйн дээр уг маргааны үйл баримттай нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй байна.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 915 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                                         ШҮҮГЧ                                               Э. ХАЛИУНБАЯР

                                         ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН