Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00053

 

            “Монтрак групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04118 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1693 дугаар магадлалтай,

           “Монтрак групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           “Тансаг жүрж” ХХК, “Бичил глобус групп” ХХК нарт холбогдох       

          Гал түймрийн улмаас учирсан гэм хорын хохиролд 16.148.508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн       

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, Б.Хоролцэцэг, хариуцагч “Тансаг жүрж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Азжаргал, хариуцагч “Бичил глобус групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Юмсүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хоролцэцэг, өмгөөлөгч Г.Нямхүү нарын тайлбарт: “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам дагуу байрлах Монтрак-l төвийн 70, 71 тоот 220 м.кв талбай бүхий сэндвичин барилгыг “Тансаг жүрж” ХХК 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай, сарын 1.500.000 төгрөгөөр түрээсэлж 013/029 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Уг түрээсийн гэрээний 5.2.2-д заасны дагуу "...Эд хөрөнгийг эвдэж гэмтээхгүй ашиглах, өөрийн зардлаар урсгал засвар хийнэ..." гэж заасан. 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “Тансаг жүрж” ХХК нь түрээслэн ажиллаж байсан сэндвичин барилгад гал гарч улмаар компанид 9 548 508 төгрөгийн хохирол учирсан. Галын шинжээчийн 141/513 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "...хэргийн газрын үзлэг, шатлалын явц, хүмүүсийн тайлбар зэргээс үзэхэд цахилгааны сүлжээний гэмтлийн улмаас гал гарсан байна гэж үзсэн. "Итгэлт-Эстимэйт" ХХК-ийн сэндвичин агуулахын хохирлыг арилгах зардлын өртгийг 9 548 508 төгрөг байхаар үнэлсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар уг хохирлыг “Тансаг жүрж” ХХК-иас гаргуулан өгч "Монтрак групп" ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү. Гал гарсныг манай компанийн зүгээс тодруулахад "Тансаг жүрж" ХХК нь талуудын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 013/029 дугаар түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасныг зөрчиж манай байрыг түрээслэхдээ түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр цахилгааны шугамаас манай компанийн зүүн талд байрлах "Бичил глобус" ХХК-д нууцаар тог салаалуулан өгч "Ханхэхрүү" ХХК-ийн захирал цахилгаанчин н.Өлзий гэгч хүнээр цахилгааныг тавиулснаас шалтгаалан манай компанийн цахилгааны сүлжээнд ачаалал үүсч, гэмтэл гарсан байсан. Өөрөөр хэлбэл, "Тансаг жүрж" ХХК-ийн захирал Ч.Оргил дур мэдэн "Бичил глобус" ХХК-тай хуйвалдаж манай компаниас цахилгаан өгсөн болохыг тус компанийн харуул бидэнд хэлсэн юм. Үүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хохирлоо гаргуулах тухай өргөдөл гаргахад иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлд манай компанид учруулсан хохиролд дээрх 013/029 дугаар гэрээний 6.1 дэх хэсэгт заасны дагуу 9 548 508 төгрөгийг "Тансаг жүрж" ХХК-иас нэхэмжилсэн шаардлагыг нэмэгдүүлж, тус барилгын шатсан хэсгийг барихад ажилчдад өгсөн хөлс болох 6 000 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Барилгыг гэрээнд заасны дагуу ашиглах ёстой байхад гэрээгээ зөрчин цахилгаан залгасан байна. Цахилгааны хохирол учирсан нь тогтоогдож байгаа бөгөөд мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулж байсан нь мөн тогтоогдож байна. Гэрээнд бусдад цахилгаан ашиглуулж мөнгө авна гэсэн үүрэг байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр хүчдэл ихэссэн учраас гал гарсан байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Үүнийг бид бодитой гэж үзэж байна. Бид "Тансаг жүрж" ХХК-иас гэм хорын хохирлоо гаргуулах хүсэлтэй, Иймд "Тансаг жүрж" ХХК-иас нийт 16 148 508 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч "Бичил глобус" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын гаргасан хариу тайлбарт: “Тансаг жүрж” ХХК-ийн төлөөлөгч нь “Бичил глобус” ХХК руу тог татсан гээд байна. Бид тусгай байгууллагаар тог тавиулаад явж байсан. Тухайн үеийн байдлаар тог татах шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг шаардаж байна. Үүгээр шаардахдаа яг ямар үйлдэл гэм хор учруулсан бэ, тэр үйлдлээс ямар хэмжээний хохирол учирсан бэ гэдгийг тогтоох ёстой. Өмнө утас буудаж байсан тэгээд дахиад залгаж байсан гэсэн тайлбар өгдөг. Тэгэхээр манайд ямар ч хамаагүй.” гэжээ.

           Хариуцагч "Тансаг жүрж" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Азжаргалын гаргасан хариу тайлбарт: “Монтрак групп” ХХК-ийн БЗД-ийн 13 дугаар хороо Нарны зам дагуу байрлах Монтрак-l төвийн 70,71 тоот 220 м.кв талбай бүхий сэндвичин барилгыг “Тансаг жүрж” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай, сарын 1 500 000 төгрөгөөр түрээсэлж эхэлсэн бөгөөд харуул хамгаалалтыг түрээслүүлэгч тал хариуцаж байсан. Манай компани жилийн 4 улиралд хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ гадаад, дотоодод ундаа борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг өвөлдөө дулаан агуулах хайж “Монтрак групп” ХХК-ийн агуулахыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Уг агуулахыг бид түрээсэлж эхлэх үед дотроо 380 вт-ын тогоор ажилладаг халаагууртай, цахилгааны шит бүхий хоосон байр хүлээн авч өөрсдийн зүгээс тодорхой хэмжээний дотор засвар хийж агуулахын зориулалтаар ашиглаж ирсэн. Агуулахын зориулалтаар ашиглаж байсан сэндвичин байшинд 380 вт-ын тог оруулж ирэхдээ газраар 500 метр орчим явуулан гаднаас доторх шитрүү орсон байсан. Дотор байсан “Монтрак групп” ХХК-ийн өмчлөлийн халаагуур нь 0 градус дээр тохируулан тавихад өөрөө тухайн градуст амардаг гэж байсан бөгөөд агуулахад гэрлээс өөр цахилгаантай холбоотой эд зүйл байгаагүй болно. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гал гарсны дараа очиж үзэхэд газраар явсан 380 вт-ын тогны кабел утас агуулахын гадаа буудаж шатсан байдалтай улмаар сэндвичин байшинд тог гаднаас дотогшоо орсон хэсгээсээ гадна шалнаасаа шатсан байдалтай, доторх цахилгааны шит, гал хамгаалагч зэрэг зүйлүүд хэвийн ямар нэг байдлаар гал гарсан, гал гарахад нөлөөлсөн халж хайлсан зэрэг зүйлүүд байгаагүй. Дээрх гал гарсан шалтгаан нь шинжээчийн дүгнэлтээр цахилгааны сүлжээний гэмтэл гэсэн бөгөөд гал анх гарсан гэх 380 вт-ын цахилгаан кабель нь түрээслүүлэгч талын өмч хөрөнгө бөгөөд манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж гал гараагүй юм. Тухайн үед гүйцэтгэх захирал байсан Р.Батжаргал нь цахилгааны хүчдэл ихэссэний улмаас гал гарсан байна гэж үзэж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт хэрэглэгч гэж хэн бэ гэдгийг заасан байгаа. Дүрмийн 3 дугаар зүйлийн 3.20 дах хэсэгт заасан батлан даах гэрээг үндэслэн өмчлөгчийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд орон сууцанд түр оршин суугч иргэнтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж болно гэж заасан. Тэгэхээр “Тансаг жүрж” ХХК нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээтэй ерөөсөө гэрээ байгуулаагүй. Шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар асуултыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 2012 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахдаа сайн барилга гэсэн баримтыг хуурамчаар үйлдсэн байгаа юм. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр техникийн байцаагчийн дүгнэлтээ хуурамчаар үйлдээд улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байгаа юм. Мөн хүчдэл ихэссэн гээд байна. Тэгэхдээ цахилгаан хэлбэлзэх гэсэн зүйл бас байгаад байна. Энэ хоёрын яг аль нь болохыг тогтоож чадаагүй. Ганцхан сүлжээний гэмтэл гэсэн зүйл л яригдаад яваад байгаа. Уг нь Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний дүрмийг бариад ажилласан бол ийм асуудал гарахгүй байсан. 2002 онд баригдсан барилга дээр н.Батбаяр гэж нэхэмжлэгч байгууллагын ажилтны гэрчийн мэдүүлэг дээр байгаа 2012 оны 04 дүгээр сард ажилд ороход сүүлд баригдсан барилга, шатсан агуулахын шийднээс тог авч байсан гэсэн байгаа юм. Мөн гэрч н.Баттөмөр манаачийнх мөн тог авсан байсан гэсэн байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтууд дотор “Монтрак групп” ХХК нь манайх шинээр холболт хийх гээд байна, зөвшөөрөл өгөөч гэсэн нэг ч баримт байдаггүй, цахилгаан шугам шилжсэн гэрээ ч байгуулаагүй байдаг. н.Баттөмөр гэж хүн, манайх тог аваагүй, манаачийн гэр байдаг шатсан агуулахын пүтэг дээрээс тог авсан, миний ажлын байр бол тэр пүтэг гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Ийм зүйлийг н.Баттөмөр өөрөө ярьдаг. Мөн манай зүүн кабелаас гал гарсан. Хуучин утсандаа шинэ утас залгаад гал гарсан. Гал гарах шалтгаан нь газар доогуур явж байсан кабел нь байшинруугаа орохдоо нэг хэсэг газраар ил явсан байдаг, ил явсан кабель утаснаас болж гал гарсан гэдгийг эрүүгийн хэрэг дээр тайлбар өгөхдөө хэлсэн байдаг. Тийм учраас гэм буруугийн асуудлыг тогтоож чадахгүй байна.” гэжээ.

        Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04118 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч "Тансаг жүрж" ХХК болон "Бичил глобус" ХХК-д тус тус холбогдох, гал түймрийн улмаас учирсан гэм хорын хохиролд 16 148 508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Монтрак групп" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288 280 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1693 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хоролцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1693 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Хариуцагч “Тансаг жүрж” ХХК нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр тог залгаж өгсний улмаас гал түймэр гарч хохирол учирсан болох нь баримтаар нотлогдсоор байхад шүүх уг үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, хариуцагч “Тансаг жүрж” ХХК-ийн захирал Ч.Оргил нь “Бичил глобус” ХХК-д цахилгаан зөвшөөрөлгүй дамжуулж мөнгө авч байсан. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/01 дугаар шинжээчийн дүгнэлтээр “уг шугам сүлжээг эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусад хэрэглэгчийн сүлжээнд нэмж холбон тэжээлийн кабел шугаманд ачаалал нэмж ачаалсныг нотолж байна” гэж тус тус нотлосоор байхад шүүх уг нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй, үнэн зөвөөр үнэлээгүй болно. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

   Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК нь хариуцагч “Тансаг жүрж” ХХК, “Бичил глобус” ХХК-д холбогдуулан гал түймрийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 9 548 508 төгрөг, барилгыг засварласан ажилчдын хөлс 6 600 000 төгрөг, нийт 16 148 508 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч “Тансаг жүрж” ХХК гал гарахад компанийн буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж маргасан бол “Бичил глобус групп” ХХК нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Монтрак групп” ХХК болон “Тансаг жүрж” ХХК-ийн хооронд 013/029 тоот түрээсийн гэрээ байгуулагдаж, хариуцагч “Тансаг жүрж” ХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам дагуу байрлах Мон трак-I төвийн 220 м.кв талбай бүхий сэндвичен барилгыг 1 жилийн  хугацаатай, сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна. 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дээрх сэндвичен барилгад гал гарсан байх бөгөөд цахилгаан сүлжээний гэмтлийн улмаас гал гарсан тухай Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 141/513 дугаар дүгнэлт хэрэгт авагдсан,  зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй байна. /хх-9-12/

         Харин хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас дээрх гал гарч нэхэмжлэгчид хохирол учирсан гэж нэхэмжлэгч маргасан тул хариуцагч нарын гэм буруутай эсэхийг тогтооход Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл, гэм хор учирсан нөхцөл байдлын хооронд шалтгаант холбоотой байх шаардлагатай.

      “Тансаг жүрж” ХХК-ийн захирал Ч.Оргил болон гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдийн агуулга нь цахилгааны кабел утас  шатсанаас сэндвичен барилгад гал гарсан үйл баримтад хамааралтай байх боловч кабел утас шатсан нь “Монтрак групп” ХХК-ийн цахилгаанчны хийсэн холболтоос болсон гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. /хх-7-8/

    2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02-07-133/01 тоот шинжээчийн дүгнэлтэд “…уг шугам сүлжээг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад хэрэглэгчийг сүлжээнд нэмж холбон үндсэн тэжээлийн кабел шугамд ачаалал нэмж ачаалсныг нотолж байна” гэсэн байх боловч тухайн гал гарсан өдөр цахилгааны ачаалал ямар байсан, тухайн өдөр ачаалал ихэссэн эсэхийг тодорхойлох боломжгүй тухай шинжээч Г.Цагаанцоож нь шүүх хуралдаанд оролцон тайлбар гаргасан байна.

        Анхан шатны шүүх шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт болон шинжээчээс шүүх хуралдаанд өгсөн тайлбарт үндэслэн “...гадна кабелд холболт хийсэн нь гал гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийж, гал гарахад хариуцагч байгууллагыг гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК нь хариуцагч “Тансаг жүрж” ХХК болон “Бичил глобус групп” ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан болохыг баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн зөрчлөөс үүсэх үүргийн эрх зүйд хамаарах зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04118 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1693 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

           2. Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 228.300 /хоёр зуун хорин найман мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                  ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН