| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 143/2020/00513/И |
| Дугаар | 203/МА2022/00002 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 203/МА2022/00002
М.Энхжаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2021/00294 дүгээр шийдвэртэй,
М.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Н.Энхтуяа, Б.Мэндсүрэн нарт хариуцагдах 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Б.Мэндсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.а. Нэхэмжлэлийн шаардлага:
Ботготой 7 ингэний үнэ 7000000 төгрөг, хохирол 1000000 төгрөг, нийт 8000000 төгрөг гаргуулах тухай
1.б.Нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:
Н.Энхтуяа, Б.Мэндсүрэн нарын саналыг бодож байгаад 2019 оны 09 дүгээр сард нэг ботготой ингийг 1000000 төгрөг байхаар 8 ботготой ингийг 8 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгөө шилжүүлсэн.
Нэг ботготой ингэ нь үхсэн тул 200 000 төгрөгөөр үнийг нь төлөхөөр тохирсон. Үхсэн ботгоны ингийг сувай ингээр сольж хүнсэндээ хэрэглэсэн. Нэг тэмээ авч өвлийн хүнсэндээ идсэн. 4 ширхэг ботго, 4 тэмээ биш. 15 ширхэг толгой мал буюу 7 ботготой ингэний үнэ 7 000 000 төгрөг, мөнгөө хадгаламжиндаа хийсэн бол хүү авах байсан. Нэмж 1 000 000 төгрөг авна.
Хэлцлийн дагуу 8 ширхэг толгой мал буюу 4 ингэ, 4 ботгыг Энхжаргалд өгч, гэрээний үүргийг дутуу биелүүлсэн. Худалдах худалдан авах гэрээнд гэрээний зүйлийн шинж байдлыг саадаг буюу үр шим өгөх тэмээ гэж тохирсон боловч саадаггүй хайнаг тэмээ шилжүүлсэн гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, татгазлын үндэслэл:
Бидэнд мөнгөний шаардлага гарч 4 ботготой ингэ зарах талаар хэлж 2019 оны 09 дүгээр сард 4 ботготой ингэ, 2 нас гүйцсэн ат буюу том жижиг нийт 10 толгой тэмээг 8 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах ам хэлцэл хийсний дагуу тэднийх өвөлжөөндөө буух үедээ манайд ирж 4 ботготой ингийг авсан.
Зүслэгдсэн 2 тэмээг 2020 оны хавар авах санал гаргаж үлдээсэн, удалгүй 2019 оны 12 сард өвлийн хүнсэндээ зүсэлсэн нэг ингэн тэмээгээ авсан.
Зүсэлсэн 1 тэмээ нь манай тэмээнд явж байгаа. Тэмээ бүрийг үнэлээгүй нийт 10 толгой тэмээг 8000000 төгрөгөөр үнэлсэн.
8 ширхэг ботготой ингийг буцааж хүлээлгэн өгөөгүй бөгөөд хүлээлгэж өгвөл мөнгийг бүрэн буцааж өгье.
Нэхэмжлэгч нь Отгонбаярт хүлээлгэн өгсөн гэдэг боловч Отгонбаяр нь гэрчээр хүлээж аваагүй гэж мэдүүлэг өгсөн.
Харин Отгонбаяр би хүлээж аваагүй гэж мэдүүлэг өгдөг. Энэ мэдүүлэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа.
Доголдолтой бол доголдлыг арилгуулах санал гаргаж байгаагүй. Тэмээ бол төрлийн шинжээр тодорхойлогдоно. Хангал догшин бол тоо ширхгээр нь солиулах боломж байсан. Нэхэмжлэлийг хангах боломжгүй гэжээ.
3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Энхтуяа, Б.Мэндсүрэн нараас 4666662 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Энхжаргад олгож, нэхэмжлэлээс 3333338 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Энхтуяа, Б.Мэндсүрэн нараас улсын тэмдэгтийн хураамж 89616 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Энхжаргалд олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:
а. Иргэний хуулийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэхдээ тухайн зүйл, хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг анхаарч үзээгүй. Хүлээн авсан 4 ингэн тэмээний нэг нь номхон, нэг нь тэлүүрдэж саадаг ингэ гэдгийг худалдагч тал хэлсэн гэдгийг гэрч О.Ууганбаяр хэлдэг тул гэрээний зүйл бүхэлдээ доголдолтой гэдэг нь үгүйсгэгдэж байна. Доголдлын талаар 4-5 сарын дараа хэлж гэрээг цуцлах тухай санал гаргаж байгаа нь үндэслэлгүй.
б. Өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Гэрч Т.Отгонбаяр хүлээж аваагүй гэж мэдүүлж байхад нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал хариу тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлж оролцох эрхийг нэхэмжлэгч М.Энхжаргал нь Н.Нармандахад, хариуцагч Н.Энхтуяа нь Б.Мэндбаярт итгэмжлэлээр олгож, хариуцагч Б.Мэндбаяр нь өмгөөлөгч И.Оюунгэрэлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна.
3. Нэхэмжлэгч М.Энхжаргал нь хариуцагч Н.Энхтуяа, Б.Мэндсүрэн нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээгээр хүлээн авсан эд зүйл доголдолтой байсан тул гэрээний дагуу шилжүүлсэн 7000000 төгрөг, учирсан хохиролд 1000000 төгрөг нийт 8000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
4. Тухайн хэргийг өмнө нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 203/Ма2021/00010 дугаартай магадлалын Хянавал хэсгийн 1 дэх заалтад ... ботготой ингэ бүгдийг саалийн зориулалтаар ашиглах боломжтой, боломжгүйг тодруулаагүй атлаа гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг үндэслэл болгохдоо ... нөгөө талд мэдэгдэх хуулийн шаардлага хангагдсан байх учиртайг анхаараагүй. ...худалдан авагч М.Энхжаргал нь доголдолтой эд хөрөнгийг худалдагчид буцаан өгсөн тохиолдолд гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Гэтэл шүүх М.Энхжаргалыг гэрээнээс татгалзсан гэж үзсэн атлаа түүнийг маргаан бүхий тэмээний өмчлөгч байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна. /хэргийн 108-113 дугаар хуудас/
Хэргийг анхан шатны шүүх дахин авч шийдвэрлэхдээ худалдан авагч М.Энхжаргал нь тэмээгээ худалдагч Н.Энхтуяа, Б.Мэндбаяр нарт биш Б.Мэндбаярын малыг нь хариуцан малладаг Т.Отгонбаярт хүлээлгэн өгсөн нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах боломжгүй гэж үзэхдээ Т.Отгонбаярын гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн үндэслэлээ заагаагүйгээс гадна дээрх дүгнэлтээ нотлох баримтад үндэслээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй тул шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Энэ тухай бичсэн хариуцагч Б.Мэндбаярын давж заалдах гомдол үндэслэлтэй.
5. Тэмээний тоо толгойны талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 15 ширхэг толгой мал буюу 7 ботготой ингэ , хариуцагч талаас 12 тэмээ гэсэн нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байна. /хэргийн 160 дугаар хуудас/
Шүүх талуудын гэрээний төлбөрт шилжүүлсэн 8000000 төгрөг нь хүлээн авсан гэх 8 толгой тэмээний үнэ эсэх, эсхүл нийт 16 толгой тэмээний үнэ эсэхийг тодруулаагүй атлаа 8000000 төгрөгийг 12 тэмээнд хувааж нэг тэмээний үнийг гарган 7000000 төгрөгөөс 4666662 төгрөгийг хангаж, үлдэх 3333338 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Өөрөөр хэлбэл шүүхийг мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд талууд оролцоогүйгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж мэтгэлцүүлэх үндэслэл бий болоогүй.
6. Шийдвэрийн үндэслэх хэсэгт М.Энхжаргалын хохиролд шаардсан 1000000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэж заасан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт энэ шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гаргаагүй гэж үзнэ.
7. Давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.
8. Хариуцагч Б.Мэндбаяр, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нар тус тусдаа давж заалдах гомдол гаргасан боловч өмгөөлөгч И.Оюунгэрэл нь гомдолдоо улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгтэй нийцээгүй тул түүний гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.
Мөн хариуцагч Б.Мэндбаяр, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нарын давж заалдах гомдлын үг, үсэг утгын хувьд адилхан тул түүний давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тухай шийдвэр гаргаагүй, энэ нь түүний гомдол гаргах эрхийг зөрчсөн зөрчил болохгүй гэж үзсэн болохыг дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2021/00294 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4. 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаярын давж заалдах гомддол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд Голомт банкин дахь МТА татвар, 1165117377 дугаартай харилцах дансанд төлсөн 142950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ