Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/877

 

 

 

 

 

 

    2024           8              1                                        2024/ДШМ/877

 

 

Б.От  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Баасансүрэн,

            нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1561 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Баасансүрэнгийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаар эсэргүүцлээр Б.От холбогдох эрүүгийн 2408000000652 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шавьнар овгийн Б.О, 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Уул уурхайн компанид авто засварчнаар ажилладаг, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд
шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
“Жим” нэртэй караокены гадна хохирогч С.Ттэй маргалдаж, улмаар түүний
зүүн хацар болон шүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн завьжинд няцарсан шарх,
дээд уруулын дотор салст, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун дээд 4, зүүн дээд
1, 3, баруун доод үүдэн 1 дүгээр шүднүүдийн булгарал” гэмтэл бүхий хүндэвтэр
хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Тийн зүгээс “сэтгэцэд хор
уршиг учирсан эсэхэд дүгнэлт гаргуулахгүй” гэж мэдүүлдэг, энэ талаар хүсэлт
гаргасан хэдий ч прокуророос хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа урьдчилсан
хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, улмаар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээ дэмжиж
оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид
заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх
чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр
дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас
үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан тул
гэмт хэргийн улмаас хохирогч С.Тд сэтгэцийн хор уршиг учирсан эсэхийг
зайлшгүй тогтоолгох шаардлагатай байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул хохирогчийн уг эрхийг хангах нь зүйтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны
07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар
баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг
тогтоож, дүгнэлт гаргах журмын Хоёр дугаар зүйлийн 2.2-т “...Энэ заалтад зааснаас
бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн
хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний
байгууллага тогтооно” гэж заасанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг
Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгохоор байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдлыг тогтоолгүйгээр хэргийг шүүхэд ирүүлсэн байх тул уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ. Нөгөөтэйгүүр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчдоос эс зөвшөөрч гомдол, хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг “гомдол, хүсэлт гаргах” эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд илүүд нийцэхийг дурдах нь зүйтэй. Шүүх шинжилгээний байгууллагаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” байх тул яллагдагч Б.От холбогдох, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Баасансүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд хохирогч С.Т нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй гэдгээ мэдүүлсэн, мөн
сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлж
холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл хэрэг шүүхэд шилжсэний дараа буюу шүүхийн шатанд хохирогч гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгох хүсэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хэргийг прокурорт буцах үндэслэлд хамааруулж, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтоогоогүй” гэж
дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж
үзнэ. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд холбогдох гэмт
хэргийн хувьд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар
сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний
сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу шүүх шинжилгээний байгууллагаар хохирогчийн сэтгэцийн хор уршгийн
зэрэглэлийг тогтоолгоохоор тусгагдсан боловч мөрдөгч, прокуророос гэмт хэргийн  улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журам, аргачлалыг хохирогчид сайтар танилцуулж, эрх, үүрэг, үр дагаврыг нь ойлгон таниулсны эцэст хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй гэдгээ хохирогч хангалттай илэрхийлсэн тохиолдолд заавал шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй ба мөн уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой эсэхийг тодруулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч шүүхийн шатанд дээрх асуудлыг хөндвөл Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухайн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.6 дахь заалтад зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулан шинжээч томилж, сэтгэцийн хор
уршгийн талаар дүгнэлт гаргуулах, эсхүл хохирогч нь сэтгэцэд учирсан хор
уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээх замаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх
боломжтой юм.

  Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж, шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэсэн заалтад хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг гүйцэтгэж болох юм. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул
анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

  Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Б.От холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1561 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                                 Б.БАТЗОРИГ         

                            ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                            ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХТУЛГА