Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 203/МА2022/00004

 

Н.Адилбишийн нэхэмжлэлтэй,

Н.Эрболдод холбогдох

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2021/00103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Адилбишийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Эрболдод холбогдох,

Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 46000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Н.Эрболдын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Адилбиш би нөхөр Т.Наранбаатарын хамт Ханбогд сумын төвд хашаа байшин худалдаж авахаар болсон.

Н.Эрболд нь Ханбогд сумын төв, цаг уурын тоотод байрлах хашаа байшинг очиж үзэхэд 46 000 000 төгрөгөөр зарна гэж байсан. Уулзаж ярилцахад байшингийн үл хөдлөхийн бичиг баримт огт гарч байгаагүй, та нар өөрсдөө авч болно, газрын гэрчилгээ гарсан, бичиг баримт асуудалгүй, шууд гаргаад шилжүүлээд өгчихнө, нутгийн улсууд та хоёрт л зарчихмаар байна гэсэн. Нийт 46,000,000 төгрөгийг Н.Эрболдын данс руу хийж, газраа шилжүүлж нотариат орох уу гэхэд дэлгүүрийн бараа ирчихсэн завгүй байна гэсэн.

Ярихгүй болохоор нь 2 хоногийн дараа ярихад газар хадам аавын нэр дээр байдаг юм, хадам аав өөр хүний банкны барьцаанд тавиад улсын бүртгэлд бүртгүүлчихсэн юм байна. Хөл хорио тавигдахаар нь гаргаад өгье гэсэн. Ингэж хүний нэр дээр байгаа газар гэдгээ, тухайн байшинг анх халуун усны зориулалтаар бариад дараа нь сууц болгосон гэдгээ хэлээгүй, тухайн хашаагаар маш их үер явдаг талаараа ч хэлэлгүй нуун дарагдуулсан.

Хэлцэл хийгдээд хашаа байшингийн гэрчилгээ өөр хүний нэр дээр байсан нь мөнгөө шилжүүлсэний дараа мэдсэн зүйл. Иймээс иргэний хуулийн 254 дүгээр зүйлд доголдолтой эд зүйл байх бол худалдан авагч цуцлах эрхтэй гэж заасан эрхийнхээ дагуу хашаа байшингийн түлхүүрийг аваачиж өгөөд мөнгөө буцааж авъя гэдэг шаардлагыг Нямсүрэн хүлээж аваагүй.

Энэ Эрболд гэдэг хүн тэр хашаа байшингийн эзэмшигч, өмчлөгч, захиран зарцуулах эрхтэй хүн биш. Хэрэгт Нямсүрэн зөвшөөрсөн гэрчийн мэдүүлэг байгаа. Иргэний хэрэг үүсгэсний дараа авсан гэрчийн мэдүүлэг. Албан ёсоор хуулийн шаардлагад нийцүүлээд өгсөн зөвшөөрөл биш. Тэгэхээр анхнаасаа энэ хэлцэл хуурч мэхэлж төөрөгдүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож, шилжүүлсэн 46000000 төгрөгийг Н.Эрболдоос гаргуулж өгнө үү. Эрхийн зөрчилтэйг мэдээд цуцалъя гэсэн. гэжээ.

2.    Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга

Зах зээлээс хямд зарсан тул авах сонирхолтой хүмүүс байсан. Зүс таних Наранбаатар болон эхнэр өглөө оройгүй утасдаж, авах хүмүүсээс түрүүлж 4 сарын 29-30-ний хооронд мөнгөө шилжүүлсэн, манайх тэдний шаадсанаар даруй суллаж 5 сарын 03-нд түлхүүрээ хүлээлгэн өгсөн.

Байшин зарах хэлцэл хийх үед хадам аав газраа хүн гуйхаар нь банкны барьцаад тавьсан байсныг мэдсэн. Гэхдээ зээл нь дуусчихсан байсан. Хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас сум хоорондын зорчих хөдөлгөөн хаагдсантай холбоотойгоор гэрээг эх хувиар нь авч ирж чадахгүй, дэглэм дуусангуут 5 сарын 08-ны өдөр аваад ирнэ 3,4 хоног хүлээчих гэсэн. Хэлсэн ёсоороо би авчирсан.

Гэтэл Наранбаатар авахгүй үерт автвал яахын гэж хэлсэн. Анхнаасаа амьдарч эхэлсэн байшин. Халуун усны зориулалттай байшин гэж юу байдгийг би мэдэхгүй.

Би худалдаж авсан тул зарна уу, амьдарна уу өөрсдөө мэд гэсэн.

Наранбаатар юу ч хэлэлгүй түлхүүрээ шидчихээд явсан.

Манай хадам аав хажуу өрөөнд нь амьдардаг. Газрыг шилжүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй. Залилах гэж бодож байгаагүй. Байшингаа би өгмөөр байна.

3.    Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Н.Эрболд, Н.Адилбиш нарын хооронд хашаа байшин газар худалдаж авахаар тохирсон хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Н.Эрболдоос 46,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Адилбишид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчидлан төлсөн 458150 төгрөгийг Өмнөговь, Ханбогд улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Эрболдоос 458150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Адилбишид олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. 11 сарын 12-ны өдөр болсон хурлаар нэмэгдүүлсэн шаардлагын талаар тусгаагүй.

б. Шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан заасан үндэслэлээр намайг эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж, миний зүгээс худалдан авсан хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхэд саад учруулаагүй гэж маргасан. Шүүх маргаагүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэж шийдвэрлэсэн нь буруу.

в. Шүүх нотлох баримтыг бүрэн хангалттай үнэлж чадаагүй. Би өөрийн хадам аавтай 2008 оноос хойш хамт амьдарч байгаа. Маргаан бүхий газар аавын нэр дээр байдаг. Аав гэрчээр оролцож шилжүүлж өгөхөд татгалзахгүй гэдгээ хэлсэн. Харин гуравдагч этгээдээр оролцож татгалзсан гэж тайлбарласан бол намайг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн гэж үзэж болох юм.

г. Шүүх үйл баримтыг тогтоож чадаагүй. Ганц газар зарсан мэтээр ойлгож хэргийг шийдвэрлэсэн. Би газар болон байшин зарсан.

д. Манай байшинг авахаар ирсэн Энх-Эрдэнэ гэдэг залуугаас түрүүлж авах гэж мөнгөө урьдчилж шилжүүлсэн. Зар оруулаад 10 минут ч болоогүй зарагдсан. Би тийм хурдан зарагдана гэж тооцоогүй. Тиймээс ааваас газар зарж болох асуудлаар хуульд заасанчлан итгэмжлэл авах боломжгүй байсан.

Би үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг хохироосон гэж үзэх үндэслэл, үйл явдал тогтоогдоогүй байна.

5.    Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хүний газрыг мэдэгдэхгүйгээр зарсан. Гэрчилгээ гаргаж хашаа, байшин авахдаа бусдаас зээлсэн мөнгөө төлөх зорилготой байсан. Доголдолтой эд зүйл нийлүүлснээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар гэрээг цуцлах хуулийн шаардлага бий болсон байсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас нэхэмжлэлийн үндэслэл нь эрхийн доголдолтой эд зүйл шилжүүлснээс гэрээ цуцлах шаардлага гаргаж гэрээний дагуу шилжүүлсэн үнээ буцаан шаардсан, эсхүл ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж гэж гэм хороо шаардсан эсэх нь тодорхойгүй байна.

Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар ноцтой төөрөгдсөн, эсхүл 58.3 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэх ямар үндэслэл байгаа талаар шаардлагаа үндэслэж нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл нь сонирхогч этгээд нэхэмжлэл гаргаагүй бол хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй тул энэ зүйлд заасан хэлцэл нь зайлшгүй шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно.

Шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж, мэтгэлцүүлээгүй атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй бөгөөд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул энэ тохиолдолд гэрээ байгуулагдсан эсэх, талуудын эрх, үүрэг, хариуцлагын талаар эрх зүйн дүгнэлт хийгдэхгүй.

Харин худалдан авсан зүйл нь эрхийн доголдолтойн улмаас гэрээгээ цуцлах нь маргааны зүйл болсон тохиолдолд анх байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

Гэтэл хуулийн хоёр өөр зохицуулалтыг давхар хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуулийн нэр томъёог зөв хэрэглээгүй алдаа гэж үзэх боломжгүй, энэ нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүйгээс хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болох тул анхан шатны шүүхэд талуудыг мэтгэлцүүлээгүй асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шаардаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэж гарсан шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд нийцээгүй гэж үзнэ.

4. Талууд хашаа, байшин, газар гэсэн хөрөнгийн талаар мэтгэлцдэг. Шүүх хашаа байшинг 46000000 төгрөгөөр худалдах худалдан авах талаар амаар хэлэлцэн тохиролцож байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 109.2 дахь хэсэгт заасантай нийцээгүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус үзнэ гэсэн агуулгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Талуудын тайлбараар дээрх байшин нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан нь нотлогддог ба энэ талаар талууд маргаагүй байна.

Иймд хариуцагчийн шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийж үйл баримтыг тогтоогоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2021/00103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Эрболдын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Хаан банкны дугаартай харилцах дансанд шилжүүлсэн 458150 /дөрвөн зуун тавин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД             Х.ГЭРЭЛМАА

                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ