2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02282

 

 

 

 

 

 

 

2025 03 20

191/ШШ2025/02282

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч:   ******* ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:   тоотод байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-д холбогдох

 Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 76,898,475 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* ******* ХХК-тай Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тус гэрээнд ******* ******* ХХК-ийн ******* ******* салбар нь ******* ******* ХХК-ийн импортын ачаа тээвэрлэлтийг нэг газраас нөгөө газарт хурдан шуурхай, найдвартай хүргэх ажлыг зохион байгуулах ажлыг зохион байгуулж ирсэн билээ. Хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш нийт 68,820.90 долларын тээвэр зуучийн үйлчилгээ авсан бөгөөд Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон. Гэрээний зуучлагч тал болох ******* ******* ХХК-ийн ******* ложистик салбар нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлсэн боловч үйлчлүүлэгч тал болох ******* ******* ХХК нь нийт үнийн дүнгээс 53,820.90 долларыг төлж барагдуулсан боловч үлдэгдэл 15000 доллар буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 51,265,650 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанийг хохироож байна. Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 4.5 дахь хэсэгт Үйлчлүүлэгч нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш энэхүү гэрээний 4.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.4 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зуучлагчид төлнө гэж заасан. Бид хамтын ажиллагаа болон, төлбөр төлөгч байгууллагын санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж бүхий л боломжоор хангасан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй бөгөөд гэрээний зөрчил нийт 318 өдөр болоод байна Хариуцагч байгууллагын хугацаа хэтрүүлсэн алдангийн тооцоолол нь 1 өдрийн 205.062 төгрөгийн алданги байх бөгөөд нийт 65,209,716 төгрөг байна Иргэний хуулийн 232.4. Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн алдангийн хэмжээ 25,632,825 төгрөг байна. Алдангийн төлбөрийг гэрээний үүрэг зөрчсөн 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11 өдөр хүртэлх хугацаанд бодсон болно. Иймд Монгол улсын иргэний хуулийн 380 дугаар зүйл, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасны дагуу Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 51,265,650 төгрөг, Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа хэтрүүлсэн зөрчип болох алданги 25,632,825 төгрөг, нийт 76,898,475 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 сарын 20-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох гэрээний үүргийн 51,265,650 төгрөг, алданги 25,632,825 төгрөг, нийт 76,898,479 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ******* ******* ХХК нь төлбөрөөс 17,370,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 19-ний өдөр төлж барагдуулсан тул үндсэн нэхэмжлэлээс хасаж үлдэгдэл 33,895,650 төгрөг, алданги болох 16,947,825 төгрөгөөс алданги 50 хувь буюу 8,473,912 төгрөг нийт 42,369,562 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдууулах нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн болно. Иймд нэхэмжлэлээс 34,528,913 төгрөгөөс татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 76,898,475 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 34,528,913 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 42,369,562 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 76,898,475 төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 34,528,913 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 42,369,562 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542,443 төгрөгнөөс 271,221.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 271,221.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгож, хариуцагч ******* ******* ХХК-иас 271,221.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч ******* ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

 

 

ШҮҮГЧ   Д.ЦЭРЭНДОЛГОР