Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 203/МА2022/00005

 

Т.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 143/ШШ2021/00331 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Шийдвэр гүйцэтгэгчийн дугаартай төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд нарын гаргасан дугаартай Шийтгэлийн хуудас- аар Их Говийн Ундарга ХХК-г нөхөн татвар, алданги, торгууль нийт 122 009 877 төгрөг төлөх ёстой гэж шийдвэрлэсний дагуу Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай гүйцэтгэх хуудас гарсан.

Гүйцэтгэх хуудасны дагуу төлбөрийн үүргийг албадан гүйцэтгэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээн ажиллагаа явуулахдаа Т.Тэмүүжингийн дансыг 71 711 771 төгрөгийн дүнгээр битүүмжилж тус дүнгээр хасалт хийлгэхийг банкинд даалгасан.

Компаний тухай хуулийн 9 дүгээр зүлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай тогтоолд 12.Мөн зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж компанийн хүлээх үүргийг гишүүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй бөгөөд гагцхүү компанид оруулсан хөрөнгө буюу эзэмшиж байгаа хувьцаагаар хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тайлбарласнаар Т.Тэмүүжин нь төлбөрийн чадваргүй тул Их Говийн Ундарга ХХК-ийн нэрийн өмнөөс нийт 2 500 000 төгрөгийн төлбөрийн үүрэг гүйцэтгэснээр түүний үүрэг дуусгавар болно.

Гэтэл данс битүүмжлэх тогтоолд түүний дансыг 71 711 771 төгрөгийн дүнгээр битүүмжилсэн нь хууль зөрчиж байгаа өдрийн дугаартай төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 2.    Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга

Хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжингийн хадгаламж болон тэтгэврийн орлогоос хасалт хийж төлбөрт суутган шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй.

Төлбөр төлөгч Т.Тэмүүжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нар нь Тэмүүжинг хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг талаар холбогдох баримтыг авч ирэх тухай ярьж байсан боловч гаргаж өгөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжинд заасан журмын дагуу шийдвэрлэнэ, мөн Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан талаар Их говийн ундрага ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжинд тайлбарлаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг дэлгэрэнгүй танилцуулсан

Т.Тэмүүжин нь Хаан банкнаас зээл авахдаа барьцааны зээлийн гэрээ байгуулж барьцааны зүйлдээ Их говийн ундрага ХХК-ийг тавьж байгаа нь Т.Тэмүүжин тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй байх тул уг хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжин нь өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах ёстой гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Т.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Тэмүүжин хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дугаартай төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч уг ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэх үндэслэл зааж маргасан байна.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан нэхэмжлэлийн шаардлага тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж бичжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн гэх банкин дахь харилцах данс нь нэхэмжлэгч Т.Тэмүүжингийн данс мөн эсэх тухай маргаан биш байна.

4. Шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг эс зөвшөөрвөл түүнд гомдол гаргах журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заажээ. Хэрэгт энэ тухай баримт авагдаагүй, уг журмыг хэрэглэх боломжгүй тухай талууд маргаагүй байна.

Иймд Т.Тэмүүжингийн нэхэмжлэл нь шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх маргаан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна гэж үзэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бус хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

6. Хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүх нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй болохыг тогтоосон шийдвэр бөгөөд харин талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн асуудал биш болно.

7. Шүүх 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШЗ2021/01279 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр танилцуулсан тухай баримт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болж байгааг шүүх цаашид анхаарах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 143/ШШ2021/00331 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын нэхэмжлэлийг бүхэлд нь гэснийг хэргийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Тэмүүжнигээс давж заалдах гомддол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд Голомт банкин дахь МТА татвар, 1165117377 дугаартай харилцах дансанд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч нь хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлсний дараа эсхүл урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүйг нотолж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Н.НАСАНЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                   Х.ГЭРЭЛМАА

                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ