Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 55

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч Э.Тулгаа

Хохирогч Б.Ц  

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунгэрэл, Т.Долгорсүрэн

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000040007 дугаартай 154/2017/00051/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Ямбийхан овогт Бямбажавын Б-О , Ховд аймгийн Б суманд 2003 оны 06 сарын 28-ны өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, Б сумын  дүгээр бүрэн дунд сургуулийн 8Б ангийн сурагч, мэргэжилгүй, ам бүл 5, ээж эгч дүү нарын хамт Х аймгийн Б сумын Д багт оршин суух, РД:

 2. Б овогт Б М , Ховд аймгийн Булган суманд 2003 оны 05 сарын 20-ны өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, М цогцолбор сургуулийн 9В ангийн сурагч, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг эх эгч нарын хамт Ховд аймгийн Б сумын Б багт оршин суух, РД:

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

1.Өсвөр насны яллагдагч М.Б-О  нь Б.М тай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Б сумын Б багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Манз чулуут” нэртэй хүнсний дэлгүүрт удаа дараа хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан,

2. Өсвөр насны яллагдагч Б.М  нь М.Б-О той бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Манз чулуут” нэртэй хүнсний дэлгүүрт удаа дараа хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц  мэдүүлэхдээ: Энэ хүүхдүүд нэг удаа орохдоо 20000 төгрөгийн дэвсгэрээр 4-5 ширхэгийг авч байсан. 8 сарын 3-ны өглөө эрт 2 удаа орсон байгаа. Энэ бичлэгийн талаар сая ярьсангүй. Манай оюутан хүүхэд ирээд камерийн бичлэгийг шалгаад энэ хэргийг илрүүлсэн. Хохиролд 280,000 төгрөг төлсөн. Минийхээр 7 удаагийн үйлдэл байгаа. Орж ирэх тоолондоо 20000 төгрөгийн дэсгэртээр авдаг байсан. Миний тооцоогоор 500,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Урьд нь хэд орсныг мэдэхгүй. Камерийн урьдах бичлэгүүд нь хугацаа нь болохоор өөрөө устчихдаг. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүүхдүүдээс ялгаа байхгүй. Манай дэлгүүрт орж ирээд эгчээ ус аваад өгчих үү? Хийлгэх ажил байна уу? гээд ирдэг тэгэхээр нь би  ус авахуулаад 500 төгрөг өгөөд явуулдаг байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б-О  мэдүүлэхдээ: Би 2017 оны 06 сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 сарын 05-ны хооронд Ц  эгчийн дэлгүүрт орж хууль бусаар бэлэн мөнгө 30000 төгрөг, бохь 2 ширхэг, 29-нд бэлэн мөнгө 60,000 төгрөг, дараа нь ороод бэлэн мөнгө 90,000 төгрөг, дараа нь ороод 50,000 төгрөг, 2 хайрцаг тамхи, 3D бохь, чихэр авсан. Тэрнээс хойш дахиж ороогүй. Энэ үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж хулгай хийхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: Б-О  бид 2 Ц гийн дэлгүүр орье гэж ярилцаад би гадна хүн хараад зогсож байсан. Нэг удаа 30,000 төгрөг, дараа нь 50,000 төгрөг авсан. Тэр мөнгөөр хоол авч идээд дуусгасан. Тэгээд малгай авсан. Өөр зүйл аваагүй. Саравчтай малгай авсан. Авсан малгайгаа өмсөж байгаа цагдаад шалгагдаад эхлэхээрээ шатаагаад хаячихсан. Ц  эгчийн дэлгүүрээс авсан мөнгөө буцаагаад төлсөн. Малгайны үнэ 17500 төгрөг төлсөн. Авсан тамхиа татаж үзээд хаячихсан гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ц гийн өгсөн: “...Манай дэлгүүрээр Бямбаа гэх хүүхэд хажуудаа хоёр хүүхэдтэй байнга эргэлдээд байхаар нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүрийн камер шүүж үзэхэд 2017 оны 06 сарын 28-ны өдөр 2 удаа өглөөний 08 цаг 03 минутанд мөн 13 минутанд намайг хойд өрөөнд байхад чимээгүй хоёр удаа орж ирж мөнгө хийдэг газраас бэлэн мөнгө авсан. Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 24 минутанд, 2017 оны 07 дугаар арын 03-ны өдөр 13 цаг 14 минутанд, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 40 минутанд тус бүр манай дэлгүүрт чимээгүй орж ирээд удаа дараа бэлэн мөнгө авсан мөн хажуугаар нь бохь, тамхи хоёр авч байсан. Өөр зүйлүүд бас авч байсан байх энэ он сар цаг минутанд авсан гэж хэлж байгаа үйлдлүүд нь манай камерт бичигдсэн байсан би өөрөө камераа шүүж үзсэн учраас хэлж байна. Нэг авахдаа 20000 төгрөгний дэвсгэрээс 4-5 ширхэг авч харагдаж байсан. Нийт 500000 төгрөг орчим авсан гэж бодож байна. Камер дээр харж байхад аваад сурчихсан байдА  харагдаж байсан. Манай дэлгүүрийн камер одоо 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс одоо хүртэл бичлэг нь байгаа бусад бичлэг нь устчихсан байна. Энэ хүүхдийг Бямбаа гэдэг хамт явдаг хоёр хүүхдийг нь харах юм бол танина. Цагаан цамцтай хүүхэд өнгөрсөн 9, 10 дугаар сард чяцаргана авах уу гээд яваад байдаг байсан. Ер нь байнга яваад байдаг сүүлд 04 дүгээр сараас хойш манай дэлгүүрээр эргэх нь ихсээд хийх ажил төрөл байн уу? гээд дэлгүүрээр эргэлдээд байдаг. Камер дээр авч байгаа байдлыг нь харахад бүхэл мөнгө байдаг шургуулганаас дандаа бүхэл мөнгө авч байсан нөгөө талд нь задгай мөнгө байдаг. Энэ камерийг шүүж үзчихээд хоёр мөнгөнийхөө байрыг нь сольсон байгаа, 1 удаа авахдаа 100000 төгрөг авсан гэж тооцоод 5 удаа 500000 гэж тооцож байна. Энэ хүүхэд урьд нь авч байсан байх тэрийг нь камерын бичлэг нь устчихсан болохоор мэдэх боломжгүй байна. Өдөрт багадаа 300000 төгрөг, дээд тал нь 1 сая төгрөг ордог. Өдөр болгон худалдаа хийдэг болохоор тооцож үзээгүй. 3D бохь 2000 төгрөгний үнэтэй, Кастер нэртэй тамхи 5000 төгрөгний үнэтэй. Энэ кастер тамхи, 3D бохь хурдан дуусаад байх шиг мэдэгдээд байсан. Тэр Бямбаа хэлэхдээ 2 ширхэг тамхи, 1 ширхэг 3D бохь авсан гэж байсан. Эдгээр зүйлүүдийн үнэ нь 12000 төгрөг болно. Би яг хэдэн төгрөг гэдгийн мэдэхгүй байна. Мэдэх боломжгүй. Ойролцоогоор 500000 төгрөг гэж бодож байна. Хүний өгсөн мөнгө тэр чигээр нь хийчихдэг зарим үед 20000 төгрөгний дэвсгэрт давхар нугалчихсан байдаг. Би алдсан мөнгөө буцааж энэ хүүдүүдээс гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Б.Б-О ын яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 06 сард Ховд аймгийн Булган сумын төвд байрлах Ц гийн дэлгүүрээс хулгай хийсэн. Би хулгай хийхдээ өдрөөр дэлгүүр нь онгорхой ажиллаж байхад худалдагч Ц д харагдалгүйгээр 5 удаа каснаас нь мөнгө бас 4 хайрцаг тамхи авсан. Эхлээд 30.000 төгрөг, түүний дараагаар 60.000, 90.000, 50.000, 10.000, бас хажуугаар нь 4 хайрцаг кастер тамхи авсан. Нийт 240.000 төгрөг 4 хайрцаг кастер нэртэй тамхийг хулгайлж авсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Б.М ын яллагдагчаар өгсөн: “...Б-О  бид хоёр найзууд, би одоо өдрийг санахгүй байна. Өнгөрсөн хавар 6 сарын сүүлээр 7 сарын эхээр Б-О  нь намайг хоёулаа Ц гийн дэлгүүр орье гээд бид хоёр дэлгүүрийн гадна очиход Б-О  нь намайг хүн харж байгаарай хүн ирвэл уг хүнээс түрүүлж дэлгүүрт орж ирж надад хэлээрэй гээд Б-О  нь дэлгүүр лүү ороод 40000 төгрөг авч гарч ирээд надад 5000 төгрөг өгсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа ийм байдлаар уг дэлгүүрт орж мөнгө авдаг байсан...” гэх мэдүүлэг,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

-гэрэл зургийн үзүүлэлт

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл

-нас тоолсон тухай тэмдэглэл

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол

-Эд зүйлийн үнэлгээ

-Хохирлын тооцоо

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

-Өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нарын хувийн байдлын талаар өгсөн Г.Ц , Г.Даваасүрэн, Т.Долгорсүрэн, Э.Бадамхорлоо, Т.Нямдаваа нарын мэдүүлэг зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нар бусдын эд зүйлсийг нууц далд аргаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Ц гийн “... Манай дэлгүүрээр Бямбаа гэх хүүхэд хажуудаа хоёр хүүхэдтэй байнга эргэлдээд байхаар нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүрийн камер шүүж үзэхэд 2017 оны 06 сарын 28-ны өдөр 2 удаа өглөөний 08 цаг 03 минутанд мөн 13 минутанд намайг хойд өрөөнд байхад чимээгүй хоёр удаа орж ирж мөнгө хийдэг газраас бэлэн мөнгө авсан. Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 24 минутанд, 2017 оны 07 дугаар арын 03-ны өдөр 13 цаг 14 минутанд, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 40 минутанд тус бүр манай дэлгүүрт чимээгүй орж ирээд удаа дараа бэлэн мөнгө авсан мөн хажуугаар нь бохь, тамхи хоёр авч байсан” гэх мэдүүлэг, 

өсвөр насны шүүгдэгч Б.Б-О ын “...Би хулгай хийхдээ өдрөөр дэлгүүр нь онгорхой ажиллаж байхад худалдагч Ц д харагдалгүйгээр 5 удаа каснаас нь мөнгө бас 4 хайрцаг тамхи авсан” гэх мэдүүлэг,

өсвөр насны шүүгдэгч Б.М ын “...Б-О  нь намайг хүн харж байгаарай хүн ирвэл уг хүнээс түрүүлж дэлгүүрт орж ирж надад хэлээрээ гээд Б-О  нь дэлгүүр лүү ороод 40000 төгрөг авч гарч ирээд надад 5000 төгрөг өгсөн” гэх мэдүүлгүүд болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий DVD зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байна. Иймээс Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах хүмүүжүүлэхэд чиглэсэн байна”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-О  нь … нас … сар .. хоногтой, Б.М  нь … нас … сар .. хоногтой, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ц д 317500 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд 257.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Б.Б-О ын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунгэрэлээс 40000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Б.М ын хууль ёсны төлөөлөгч Т.Долгорсүрэнгээс 20500 төгрөгийг тус тус гаргуулан нийт 60500 төгрөгийг хохирогч Б.Ц д олгож шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

          1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

             2. Өсвөр насны шүүгдэгч Ямбийхан овогт Бямба-жавын Б-О , Бага овогт Б М  нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ямбийхан овогт Бямба-жавын Б-О , Бага овогт Б М  нарт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1/нэг/ жилийн хугацаанд хэрэглэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Б.Б-О ыг эх Б.Оюунгэрэл, Б.М ын эх Т.Долгорсүрэн нарт даалгасугай.

              7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1ш DVD-ийг хэрэгт хавсаргасугай.

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-О ын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунгэрэлээс 40000 /дөчин мянган/ төгрөг, өсвөр насны шүүгдэгч Б.М ын хууль ёсны төлөөлөгч Т.Долгорсүрэнгээс 20500 /хорин мянга таван зуун/ төгрөгийг тус тус гаргуулан 60500 /жаран мянга таван зуун/ төгрөгийг хохирогч Б.Ц д олгосугай.

            10. Өсвөр насны шүүгдэгч Б.Б-О , Б.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч,  хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.