Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 56

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч Э.Тулгаа

Хохирогч Л.Гэрэлчимэг

Шүүгдэгч Б.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Ц д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000170011 дугаартай 154/2017/00053/Э/ индекстэй эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Г  овогт Б ын Ц , Ховд аймгийн Мөст суманд 1984 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, РД:

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

            Яллагдагч Б.Ц  нь Ховд аймгийн М сумын У багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Л.Гэрэлчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогч Л.Гэрэлчимэгийн өгсөн: 2017 оны 09 сарын 07-ны өдөр 14-16 цагийн хооронд манайд Б.Ц  Гантогтох хоёр орж ирээд аргалын мөнгө авна гээд дайрсан урьд нь тэр хоёр манай нөхөр охин хүүхдүүд рүү яриад ална гээд заналхийлсэн. Би тэгэхээр нь ямар аргалын мөнгө чи утсаар ална гээд бид нар луу дайрсан хүн чи юм уу надаас аргалын мөнгө авах гэж байгаа бол хууль шүүхээр оруулаад тогтоогдсоны дараа надаас мөнгө ав гэж хэлсэн. Тэгсэн Б.Ц  барьж явсан цүнхээрээ далайгаад намайг цохиод үснээс дугтарч унагаагаад духаар газар мөргүүлээд хүзүүн дээр нэг хөлөөрөө өвдөглөөд босгохгүй их удсан. Б.Ц  хоёр гараараа үснээс бариад тавихгүй байсан. Би тэгээд утасаа аваад ярих гэтэл миний утасыг булаагаад шидсэн. Намайг болон миний удам судрыг доромжилсон. Би гомдолтой байна. Хохирлоо гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Наранчимэгийн өгсөн: “...2017 оны 09 сарын 07-ны өдөр Л.Гэрэлчимэг эгч намайг утсаар дуудсан намайг яваад очиход Б.Ц  гэрийн хаалгыг нь гаднаас дараад зогсож байсан. Тэгээд гэрт нь ороход Л.Гэрэлчимэг эгч зүүн талынхаа орон дээр уйлсан сууж байсан. Юу болсон талаар асуухад Л.Гэрэлчимэг эгч энэ авгай намайг аргал авлаа гээд зодоод алах шахлаа гэсэн тэгтэл Б.Ц  болохоор манай аргалыг авсан нь үнэн гэж хэлсэн. Тэгснээ тэр хоёр хэрэлдээд хоорондоо барилцаж аваад Л.Гэрэлчимэг эгчийг доороо Б.Ц  дараад авсан би тэгээд салгасан. Би Б.Ц г гэрээс гаргаад чиний аргалыг авсан нь үнэн юм уу гэхэд үнэн гэж хэлсэн. Тэгэхээр нь шүүх цагдаадаа өгч тэр асуудлаа шийдүүл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч М.Одончимэгийн өгсөн: “...2017 оны 09 сарын 07-ны өдөр 14-15 цагийн хооронд би банк ороод гэртээ ирээд бие засах гээд гэрээс гарахад манай хашааны дээд талын хашаан дотор хоёр эмэгтэй хүний дуу гарч Б.Ц  Л.Гэрэлчимэг хоёр нэг нэгнийхээ үснээс татчихсан гэрийн гадна зогсож байсан. Гэр дотор юу болсон, юунаас болж маргалдсаныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Баасандоржийн өгсөн: “...2017 оны 09 сарын 07-ны өдөр Л.Гэрэлчимэг эгч намайг утсаар дуудсан тэгэхэд би Баасандорж ахын хашааны ойролцоо явж байсан тэгээд гэрт нь ороход Л.Гэрэлчимэг уйлсан толгой тархи өвдлөө гээд орон дээрээ хэвтэж байсан, хажууд нь Одончимэг байсан. Тэгээд би гараад явсан. Л.Гэрэлчимэг эгч хэнтэй зодолдсоныг би хараагүй... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч Б.Ц гийн өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр бид хоёр ирээд Баасандоржийн гэрт ороход Л.Гэрэлчимэг гэртээ ганцаараа байсан. Та хоёр ямар ажлаар явж байна гэж асуухад би таниас аргалын үнэ хөлсийг авмаар байна гэхэд ямар аргал гээд надтай хэрэлдээд та хоёрын ачиж явсан аргал гэхэд Л.Гэрэлчимэг үснийхээ хавчаараар аваад над руу шидсэн. Миний хамарт ирж оноод хамарнаас цус гарсан тэгсэнээ намайг үсдэх гэхээр нь би зөрүүлээд үснээс нь бариад авсан. Тэгээд чи тавь би тавь гээд зүүн талын орон дээр очоод салсан. Тэгээд гадаа гараад зогсож байгаад цүнхээ авах гээд буцаад гэр лүү орох гэхэд урдаас хутга барьчихсан намайг ална гээд над руу чичээд байсан. Тэгтэл гаднаас Наранчимэг ирэхээр нь цуг гэр лүү ороход Л.Гэрэлчимэг орон дээрээ уйлчихсан сууж байсан. Тухайн үед аргалаас болж маргалдаж эхэлсэн. Л.Гэрэлчимэгийг үснээс нь татсан миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Гэрэлчимэгийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 469 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Л.Гэрэлчимэгийн биед гэмтэл учирсан байна.

2. Л.Гэрэлчимэгийн биед гэмтлийн гарА  тархи доргилт, толгойн орой хэсэгт хаван хавдар, баруун нүдний доод зовхинд, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт 6х5.5 см, зүүн гарын шууны дотор дунд хэсэгт 3х2 см, баруун гарын шууны гадна доод хэсэгт 4х3 см, баруун гарын тохойн гадна хэсэгт 6х3 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Л.Гэрэлчимэгийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.

4. Л.Гэрэлчимэгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

5. Л.Гэрэлчимэгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар балагдсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Ц  Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Л.Гэрэлчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар үснээс нь татаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох мөрдөн байцаалтад гэрч Ц.Наранчимэг, М.Одончимэг, Ц.Баасандорж нарын болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх 469 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ц гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ц гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 460 нэгж нь 460000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг бүрэн тогтоох боломжгүй байх тул Увидас эмийн сангаас авсан эм тарианы үнэ 111100 төгрөг, Жаргалант- Удам эмнэлэгт эмчлүүлсэн амбулаторийн эмчилгээний зардал 100000 төгрөг, нийт 211100 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Б.Ц гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

            1. Шүүгдэгч Г  овогт Б ын Ц г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 211100 /хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гэрэлчимэгт олгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          7. Шүүгдэгч Б.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч,  хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.