Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 203/МА2022/00006

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2021/00332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.*******д холбогдох

“2,367,900.0 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч М.*******, өмгөөлөгч Ц.Баярмаа нарын  давж заалдах журмаар хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: М.*******д 2,367,900.0 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард *******ны өөрийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул 2 367 900 төгрөгийг авна.

1.б. Шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Жи таймд элссэн бол аятайхан юм байна гэж найз хүүхэн хэлсэн. Үүний дагуу дансаар нь мөнгө өгсөн. Цүнхтэй юм нь хэдэн төгрөгийнх байсныг мэдэхгүй. Анхнаасаа хэдэн төгрөгний эд зүйл байсан талаар хэлээгүй. Цүнхтэй эд зүйлийн үнэ 700000 төгрөг хүрсэн гэж мэдэхгүй байна.. Гэхдээ хүрсэн гэж үзээд үлдэгдэл мөнгийг авна. Миний мөнгийг Жи таймд өгсөн эсэхийг ч би мэдэхгүй байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ******* гэдэг хүн манай эгчийн санал болгосноор сүлжээнд 135000 төгрөгөөр элсэн орж бүтээгдэхүүнээ авсан. Үүний дараа 2 саяд орвол зүгээр юм байна гээд данс авч мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгийг би ******* гэгчийн Хаан банкны дансруу шилжүүлж энэ сүлжээнд гишүүн болсон.

Би мөнгө өг гэж хэлээгүй, өөрөө саналаараа өгсөн. Миний хувьд дуудаж элсүүлээгүй. Бүхлээр нь хариуцахгүй 400000 төгрөгийг төлж болно. Бүртгүүлэхээр 2,200,000.0 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдлийг буцааж шилжүүлсэн. 135000 төгрөгийг бүтээгдэхүүн.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******аас 1,667,900 төгрөг гаргуулан Ц.*******д олгож, нэхэмжлэгч Ц.*******  нь 700,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52837 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41636 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч М.*******, өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран давж заалдах заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ М.*******д 2367900 төгрөгийг зээлдүүлсэн гэдэг. Шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, зээлийн гэрээний эрх үүргийн харилцаа үүссэн эсэх, үүссэн бол зээлийн гэрээг хэн зөрчснөөс ямар үр дагавар, хор уршиг учирсан, мөнгө зээлүүлсэн талаарх байдлаа нотолсон эсэх зэрэг олон зүйлийг нягтлан тунгаагүй хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэл нь хуулийн хугацаанд байгаа эсэх буюу хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаараагүй.

Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигч нарын эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулж хариуцагчаас 1667900 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. М.*******д хэргийн материал танилцуулах, нотлох баримт гаргах эрхийг нь эдлүүлэх шаардлагатай.

Хариуцагч М.******* мөнгийг цааш нь өөр хүнд өгсөн талаарх нотлох баримтыг гарган өгсөн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч үгүйсгэсэн няцаасан баримтыг шүүхэд гарган өгөөгүй байхад шүүх энэхүү анхаарвал зохих нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.

Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Манай эмээ буруу яриад байгааг энэ өмгөөлөгчийн ярианаас мэдлээ. Аль болох эвтэй шийдмээр байна. Өмнө нь шүүх хуралд эмээтэйгээ байсан учраас хэргийн тухай би мэднэ. Эрх, үүрэг тайлбарлуулах, хэргийн материалтай танилцах шаардлагагүй. Энэ хүн залилаагүй юм байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******ы өмгөөлөгч Ц.Баярмаатай хамтран гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ц.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх үед нэхэмжлэгч Ц.*******гоос Б.*******д олгосон итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн тул Б.Уянгыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулсан.

Шүүхээс нэхэмжлэлээсээ татгалзсанаас ямар эрх зүйн үр дагаварт хүргэх, төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлуулах, хэргийн материалтай танилцуулах эсхийг тодруулж асуухад Б.******* нь эрх, үүрэг тайлбарлуулах болон хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэж шүүх хуралдааныг үргэлжүүлэх тухай санал гаргасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулсан болно.

Ц.Лхамжноржингоос Б.*******д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах журмаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хариуцагч М.*******ы өмгөөлөгч Ц.Баярмаагийн асуултанд “нэхэмжлэлээсээ татгалзсан тухай” хариулсан тул хариуцагч тал нь нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь “хариуцагч талын ярьснаар эмээгээ буруу ярьж байгааг мэдлээ. Эмээдээ дараа нь учрыг хэлж өгнө” гэж нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ тайлбарлаж буй нь түүний татгалзал нь нэхэмжлэгч Ц.*******гийн хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байх тул Б.Уянгын татгалзлыг бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэв.

Мөн Ц.*******гоос Б.*******д олгосон итгэмжлэлд “...М.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох давж заалдах шатны шүүхэд бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах, ...үндэслэл болсон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх” гэж давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг тухайлан заасан байх тул “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 зүйлд заасан бүх эрх  эдэлж, үүрэг хүлээх...  гэсэн эрх, үүргийг итгэмжлэлд заасан хэмжээний дотор хэрэгжүүлнэ, харин нэхэмжлэлээс татгалзах эрхтэй талаар заагаагүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “... Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно...” гэж зааснаар уг эрхийг төлөөлүүлэгч Ц.*******гоос төлөөлөгч Б.*******д олгоогүй гэж үзнэ.

“Татгалзал, зөвшөөрөл, эвлэрэл” нь шүүх хуралдааны явцад бий болсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхээс өөр ажиллагаа болно.

 Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзалыг батлах  үндэслэлгүй.

3. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан мөнгөн төлбөрийн үүрэгт 2367900 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэлээ “зээлийн үүргийн гүйцэтгэл” гэж тодорхойлсон боловч хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад “...Жи таймд элссэн бол аятайхан юм найз хүүхэн хэлсэн, үүний дагуу дансаар мөнгө өгсөн, ...энэ хүнээс 2000000 төгрөгийн асуудал байгаа..., сайн юм, сайхан юм гэж хэлэхээр нь итгээд өгсөн нь буруу болж, мөнгөө л буцаагаад авмаар байна” гэж тайлбарлаж, улмаар “...цүнхтэй эд зүйлийн 700000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн үнийг дүнг 16669000 төгрөг”  болгон багасгасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан мэдээллээр тогтоогдож байна. /хэргийн 01, 28 дугаар хуудас/

4. Хариуцагч М.******* нь шаардлагыг татгалзсан үндэслэлээ “******* нь Жи тайм сүлжээнд 135000 төгрөгөөр элсэн орж бүтээгдэхүүнээ авсан. ...дараа нь 2 саяд орвол зүгээр байна гээд... данс авч мөнгөө шилжүүлсэн, Энэ мөнгийг би *******гийн дансанд шилжүүлж гишүүн болсон, ...харин би өөрөөсөө 200000 төгрөг өгсөн..., хоёулаа ороод мөнгөө авч чадаагүй, өөрийн хүсэлтээр орсон учраас надад мөнгө төлөх шаардлага байхгүй” гэж тайлбарласан ба анхан шатны шүүх хуралдаанд “... би бүхлээр нь хариуцахгүй, 400000 төгрөгийг төлж болох юм, ...бүртгүүлэхээр 2200000 төгрөгийг *******д шилжүүлж, үлдэгдлийг нь буцаан шилжүүлсэн...” гэх агуулгаар тайлбарласан. /хэргийн 16-17, 28-29 дүгээр хуудас/

Хариуцагч М.******* нь татгалзлаа *******ин дахь өөрийн эзэмшлийн харилцах дансанд Ц.*******гоос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 135000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2232900 төгрөгийн үнийн дүнгээр орлогын гүйлгээ хийгдсэн тухай харилцах дансны хуулга, өөрийн харилцах данснаас Л.*******гийн дансруу 2210000 төгрөг шилжүүлсэн тухай, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэх огноотой *******ны мөнгөн шилжүүлэг гэх баримтуудад үндэслэжээ. /хэргийн 18, 30-31 дугаар хуудас/

5. Хариуцагч М.*******ы “******* гэгчийн дансанд шилжүүлсэн” гэх баримтаар  хийгдсэн гүйлгээ нь Ц.*******гийн нэрээр биш  өөрийнх нь нэр шилжсэн нь нотлогдож байна.

Харин Ц.*******гийн нэрээр Жи тайм гэх компанид шилжиж, түүнийг уг компанид гишүүнчлэлээр бүртгүүлсэн тухай болон ******* гэгч нь Жи тайм гэх компанийг төлөөлж  мөнгө хүлээн авах эрхтэй этгээд болох нь нотлогдохгүй байх тул хариуцагч М.*******ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, тайлбараа нотолж, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

6. Талууд нь харилцан бие биесийн данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримт нь зээлийн гэрээний шинж агуулсан, зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй байсан талаар мэтгэлцээгүй байна.

М.*******ы дансанд мөнгө шилжүүлсэн зорилго нь Ц.*******г сүлжээний гэх Жи тайм гэх компанид гишүүнээр элсүүлж бүртгүүлэх байсан тухайд маргаагүй, харин уг мөнгийг Жи тайм гэх компанид шилжүүлсэн эсэх дээр маргасан нь нэхэмжлэгчийн “... миний мөнгийг Жи таймд өгсөн эсэхийг ч мэдэхгүй байна...”, хариуцагчийн “...бүртгүүлэхээр шилжүүлсэн ...” гэх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдсон. /хэргийн 28 дугаар хуудас/

Түүнчлэн талууд анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэх тул энэ тухай гомдол үндэслэлгүй.

Учир нь анхан шатны шүүхэд маргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүхээс маргааны зүйл болгож мэтгэлцүүлэх нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал,...гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ...зарчимд үндэслэнэ.” гэсэн зарчим болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  12 , 26, 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг зохицуулсан зохицуулалтад тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын санаачилгаар буюу нэхэмжлэл, хүсэлтийн үндсэн дээр явагдах диспозитив зарчмыг зөрчсөн зөрчил болно.

7. Анхан шатны шүүхийн “Нэхэмжлэгч Ц.*******гийн сүлжээний гэх Жи тайм компанид элсэхээр М.*******д шилжүүлсэн мөнгийг хариуцагч  М.******* нь хүлээн авсан..., харин нэхэмжлэгч Ц.*******г тухайн компаний гишүүнчлэлтэй эсэх талаарх баримтыг хариуцагч М.******* нь шүүхэд гаргаж өгөөгүй, ... нэхэмжлэгч нь  Жи тайм компанид нэгдэн орж, гишүүн болоогүй, уг компанитай эрх зүйн харилцаанд ороогүй” гэх үйл баримтыг тогтоож, улмаар “нэхэмжлэгч Ц.Лхамжноржин нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхтэй” гэж маргааны зүйл, шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон дүгнэлтүүд хэргийн бодит байдалд нийцсэн, эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.  /хэргийн 32 дугаар хуудас/

8. Хариуцагч М.*******д 2021 оны 09 дүгээр сарын 22-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг болон хэргийн материалыг танилцуулжээ. / хэргийн 13, 14 дүгээр хуудас/

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш М.*******ыг хэргийн материалтай танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй тул шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхээ эдлэх боломжийг түүнд олгоогүй гэж үзэхээр боловч хариуцагч М.*******д хэргийн материал танилцуулсан 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараас өөр нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Нэхэмжлэгч Ц.*******д 2021 оны 9 дугаар сарын 30-ны өдөр хэргийн материалыг танилцуулсан тухай баримт авагдсан байна.

Иймд иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материал танилцуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсаны дараа хэргийн материалтай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болохгүй тул хэргийн материалтай танилцуулах, улмаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг няцаах, үгүйсгэх талаарх нотлох баримт гарган өгөх эрхийг эдлүүлэх шаардлагатай гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, зохигчдыг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан болох нь тогтоогдож байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.  

9. Шүүх хуралдаан даргалагчаас хариуцагч М.******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр шинээр хоёр нотлох баримт гаргаж өгсөнийг нэхэмжлэгчид танилцуулж, эсрэг нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралдааныг хойшлуулах эсэхийг нэхэмжлэгчээс асууж тодруулахад нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг үргэлжүүлэх санал гаргаснаар шүүх хуралдааныг үргэлжүүлсэн үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 27 дугаар хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын гаргасан тайлбар, нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлж мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжийн талаар шүүхээс тайлбарлаж ойлгуулсан, нэхэмжлэгч энэ асуудлаар өөрийн санал хүсэлтээ бүрэн чөлөөтэй илэрхийлсэн гэж үзнэ.

Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар олгогдсон эрхээ эдлэх эсэх нь өөрийнх хүсэл зоригоос хамаарах ба түүнд эрхээ эдлэх боломжоор хангах нь шүүхийн үүрэг боловч нэхэмжлэгч Ц.******* нь энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг хассан, хязгаарласан талаар гомдол гаргаагүй  тул хариуцагч талын “хариуцагчаас гарган өгсөн нотлох баримттай холбогдуулан нэхэмжлэгч үгүйсгэсэн няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ...нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээг багасгаж татгалзсан хэсгийг шийдвэрлэхдээ холбогдох хууль баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.  

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэж заасан.

Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэлд заасан үнийн дүнгийн хэмжээгээр биш, анхан шатны шүүхээс түүнд хариуцуулсан 1667900 төгрөгт оногдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх тул хариуцагчийг шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.  

12. Шүүхийн шийдвэрт гомдол үндэслэлтэй гэсэн үндэслэлээр биш, хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08ы өдрийн 143/ШШ2021/00332 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “Нэхэмжлэгч Ц.******* нь 700000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.НАСАНЖАРГАЛ

                                ШҮҮГЧИД                          Х.ГЭРЭЛМАА

                                                                           Ш.ОТГОНЦЭЦЭГ