| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 143/2020/00128/И |
| Дугаар | 203/МА2022/00007 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 203/МА2022/00007
*******-ны Өмнөговь
салбарын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2021/00319 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ны Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.*******эд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 64,184,634.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.а. Нэхэмжлэлийн шаардлага:
тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,126,145.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг 60, 171,190. болон 64,184,634.27 төгрөг болгон нэмэгдүүлсэн.
1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******-тай ******* дугаартай шуурхай зээлийн гэрээ байгуулж 44,000,000,0 төгрөгийг жилийн 35,4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай ипотекийн гэрээгээр тоот, 48,9 м кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай 2 өрөө байрыг барьцаалсан.
2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,152,247.88 төгрөгийг, зээлийн хүү 29,877,350.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,154,035.94 төгрөг нийт 64,184,634.27 гаргуулна.
Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш Д.*******эд зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, уулзаж, мэдэгдэх хуудас болон шаардах хуудас гардуулсан.
2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд *******ны зүгээс хандсан. Учир нь Д.******* нь өөрөө эвлэрүүлэн зуучлалд хандаад хүүг нь зогсоогоод өгөөч. Шүүхэд яаралтай хандаач гэсэн хүсэлтийг тавьсан. Эвлэрүүлэн зуучлал дээр Д.******* нь гадаад явсан шалтгаанаар хоёр cap ирээгүй. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, хүүгээ бодож тухайн өдөр албан ёсоор тус шүүхэд хандсан.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга:
2020 оны 03 дугаар сарын 04-д 56,123,145 төгрөг 44 мөнгөний өртэй болоод байгаа нь үнэн. Үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигч Б.******* нь уг барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад маргаантай байгаа тул зээлийг миний бие төлж дуусгана. Нэмэгдүүлсэн хүүг багасгах өргөдөл гаргасан боловч хариу аваагүй байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******гийн тайлбарын агуулга:
Шүүгчийн захирамжийн дагуу тус орон сууцыг 100,245,000 төгрөг гэж тогтоосон ч зах зээлийн ханш 130,000,000 төгрөг. 44,000,000.0 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд 130,000,000.0 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар шаардаж байгаа нь миний өмчлөлийн эрхэд халдаж байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 27,153,247.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-ны Өмнөговь салбарт олгож, нэхэмжлэгчийн хүү 29, 877, 350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,154, 335.94 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь 27,153,247.88 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Ү- 2202021307 дугаартай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,616.72 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 293,716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяагийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхдээ, дээрх хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй гэх дүгнэлтээ үгүйсгэн, гэрээгээр тохирсон дарааллыг зөрчсөн гэж үзэж хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй байна гэж үзсэн нь агуулгын хувьд зөрчил үүсгэж байна.
Зээлийн гэрээний 3.1.2 нь эргэн төлөлтийн дарааллыг тодорхойлсон заалт бөгөөд зээлдэгчийн зээлийн төлбөрөөс үндсэн төлбөр, хүүнд суутгасан нь зээлдэгчид хохирол учруулаагүй ба хэрвээ шүүх гэрээнд заасан эргэн төлөлтийн дарааллыг зөрчсөн гэж үзэж байгаа бол тухайн маргаж буй төлөлт төлсөн хэсэгт дүгнэлт өгөлгүйгээр дээрх хуулийн заалтуудын агуулгыг үгүйсгэж бүхэлд нь шийдвэрлэж хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. гэж заажээ.
Шүүх зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээн дэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон зүйл заалт. нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн тооцоолол, дансны хуулга, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үнэлэхгүйгээр, зээлийн гэрээн дэх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн харилцааг зохицуулаагүй гэрээний заалтыг дурьдаж, хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлтэй тогтоосон гэж үзэх боломжгүй байна, шаардлагаа нотолж чадаагүй гэж үзлээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхийн үндэслээд байгаа гэрээний заалтыг зөрчигдсөнөөс хэдий хэмжээний төлбөрийг үндсэн төлбөрт оруулахгүй, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцогдсон, нэхэмжлэгчийн тодорхойлсон хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагын хэмжээ яаж өөрчлөгдөх юм /багасах, ихсэх, эсхүл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг дуусгавар болох/ гэдэг дүгнэлт огт хийгээгүй байж, уг заалт зөрчигдсөн тул нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагаа нотолж чадсангүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт өрөөсгөл дүгнэлт хийж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг үндэслэлгүй, нотлогдоогүй гэж дүгнэхдээ ийм учраас,.. энэ баримтаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдсөн байна, эсхүл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээнээс бага байна, шаардах боломжтой хүү нь тэд байна... гэсэн үндэслэл бүхий тайлбар хийх ёстой.
Мөн банкнаас зээлдэгчид зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа тухай мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлж уулзалт зохион байгуулсан байдаг. Уг мэдэгдэх хуудсаас хугацаа хэтэрсэн зээлийн зөрчил, төлөгдөх нийт эргэн төлөлтийн задаргааг харах боломжтой бөгөөд мэдэгдэх хуудсанд зээлдэгч гарын үсэг зурж хүлээн авсан тухай зээлдэгч хурал дээр хэлдэг бөгөөд шүүхийн шийдвэр дээр болон хэргийн материалд ч байдаг.
Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалд дүгнэлт тайлбар хийлгүйгээр шаардах эрхтэй холбоогүй гэрээний заалтыг дурьдан, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн Иргэний хууль болон банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зээлдэгчээс зээлийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр үгүйсгэсэн шийдвэр байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2021/00319 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн нэхэмжлэгчийн хүү 29,877,350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,154,035.94 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.
Хариуцагч тад давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх шаардлага тавигддаг.
Нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой бус, шаардлага нь ойлгомжгүй буюу зээлийн гэрээний хугацаа болон зээл төлөх чадамжгүй болсон зөрчил илэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэдий хугацааны ямар хэмжээний зээлийн хүүг ямар хугацааны зээл төлөлтөөс бодож ямар хэмжээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаагаа тодорхойлж чадаагүй.
Банк нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй ч шаардах эрх хэзээ үүссэн, шаардах эрхээ хэзээ хэрэгжүүлсэн эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Хариуцагч Д.*******ийн эрх зүйн байдлыг дордуулан хүү, нэмэгдүүлсэн хүүний дарамтанд оруулж шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр 3 жил гаруй хугацааны дараа шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь хариуцагчийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хүүгийн дарамтанд оруулсан бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байхаас гадна ийнхүү хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч ******* ХХК-д хэтэрсэн бүх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээлгэх нь шударга ёсонд үл нийцнэ.
Зээлийн гэрээ-ний 3 4 1, 3.4.3, 4.2-т Банк нь зээлийн гэрээний хугацаа болмогц зээлдэгчийн зээл, зээлийн хуу, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг суутган авах, хугацаа хэтэрсэн өдрөөс барьцаа хөрөнгөөс зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй байхаар, 4.2, 4.2.1, 4.2.4-т зээлдэгч зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй байхаар тус тус тохиролцсон.
Хэрэгт авагдсан "Хүү тооцооллын хүснэгт-ээс үзэхэд зээлдэгч нь хойших хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл зээлийн гэрээний сунгасан хугацаа дуусмагц зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан ч гэрээний дагуу нэхэмжлэл шаардлагаа гаргалгүйгээр банкнаас авсан зээлийг 2017.01.20-ны өдрөөс эхлэн 2020.10.22-ны өдрийн байдлаар 1371 хоногийн хугацааг хүртэл хүлээж шүүхэд хандан хүү 29,877.350.46 төгрөг нэмэгдүүлсэн хүү 7,154.035.94 төгрөг гэж шаардаж байгаа нь Д.Оджмэдэхийг эрх ашгийн ноцтой зөрчиж байна.
Иргэний хуулийн 157.3'-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан байхад зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь дуусгавар болгохгүйгээр, зээлийн үүргийг хэсэгчлэн хангуулсан гэх тайлбар гаргаж, барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулах шаардаж байгаа нь хууль бус болохоор байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2021/00319 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хэргийг хянан үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. *******-ны Өмнөговь аймаг салбар нь иргэн Д.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 53,126,145 төгрөг 44 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл анх гаргаж, нэхэмжлэлээ шуурхай зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэгт үндэслэсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 01-14, 147 дугаар хуудас/
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг нэмэгдүүлж, шаардлагынхаа эцсийн дүнг 64,184,634 төгрөг болгосон үндэслэлээ шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд хуримтлагдсан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж тодорхойлжээ./хэргийн 1 дүгээр хавтасны 98,145 дугаар хуудас/
******* болон Д.******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шуурхай зээлийн гэрээгээр тус банк хариуцагч Д.*******эд 44,000,000,0 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг жилийн 35,4 хувийн хүүтэй, 12 /арван хоёр/ сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлээр олгож, зээл эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар тогтоож, зээлдэгч Д.******* нь гэрээний 2.2-т зааснаар зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэ гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө, гэрээний 2.2.5-т зааснаар эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.1-т заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийлүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцжээ./хэргийн 1 дүгээр хавтасны 03-05 дугаар хуудас/
******* дугаартай шуурхай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон ******* нөгөө талаас Д.*******, Б.******* нарын хооронд мөн өдөр ******* дугаартай ипотекийн гэрээ байгуулагдаж, тоот байршилтай, дугаар гэрчилгээтэй, 48,9 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 06-08 дугаар хуудас/
Нэхэмжлэгч банк зээлийн мөнгөн хөрөнгө 44,000,000.0 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч буюу зээлдэгч Д.*******эд бэлэн бусаар шилжүүлсэн, Д.******* нь 2016 оны 7 дугаар сарын 30-наас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд үндсэн зээлд 16,846,752.12 төгрөг, үндсэн хүүд 16,433,028.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 38,825.71 төгрөгийг банкинд эргүүлэн төлсөн нь тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтын талаар хариуцагч Д.******* маргаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийг талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, эрх зүйн харилцааг буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон гэж үзнэ.
Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хариуцуулсан болон үүргийн гүйцэтгэлийг ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагч, болон гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
3. Гэрээнд зааснаар зээлийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна. Талууд гэрээний хугацаа сунгасан эсэх талаар мэтгэлцээгүй тул хариуцагч нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1105 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний хугацаанд төлбөл зохих үндсэн зээл болох 27,153,248.88 төгрөгийг төлөөгүй байгаа нь тэдний тайлбараар тогтоогдсон гэж үзнэ. /хэргийн 1 дүгээр хавтасны 01, 12-13, 26, 147 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 75 дугаар хуудас, 81-83, дугаар хуудас/
Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хэтэрсэн хугацаанд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эсэхэд хариуцагч маргаантай байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа нь давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний 203/МА2021/00006 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн үндэслэл, шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүйгээс маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй, хууль хэрэглээгүй зэрэг үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дараа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулан тайлбарлаж, холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн нь, шүүхээс хэргийн материалыг хариуцагч, гуравдагч этгээдэд 2021 оны 10 дугаар сарын 07-нд, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүхэд 2021 оны 10 дугаар сарын 26-нд танилцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 207-212, 214-215, 2 дугаар хавтасны 44-53, 75-84, 92, 101 дүгээр дугаар хуудас/
Иймд анхан шатны шүүхээс хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нарын эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, харин тэднийг мэтгэлцэхээ эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан гэж үзнэ.
5. Хариуцагч Д.******* нь шүүхэд нэхэмжлэлийн үнийн дүн, үүргийн зөрчил, түүнээс үүсэх хариуцлагын хэмжээний талаар 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ...нийт 56,126,144.44 төгрөгний өртэй болоод байгаа нь үнэн..., уг зээлийг төлж барагдуулах болно... гэж, хүү, нэмэгдүүлсэн шаардлагыг төлөхөөс татгалзсан татгалзлын талаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...би бусдад залилуулж, миний санхүүгийн болон эрүүл мэндийн нөхцөл/мөн сэтгэл зүйн/ улмаас нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүү 26,627,619.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,390.322.94 төгрөгийг төлөх боломж чадваргүй байгаа тул эдгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг хүчингүй болгох эсхүл багасгаж өгөхийг ...хүсье гэж тайлбарлаж байснаас үзвэл түүнийг анхны нэхэмжлэлд заасан нэхэмжлэлийн үнэ нь зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийн хэмжээнд тохироогүй тухайд маргаагүй, гагцхүү татгалзсан үндэслэлээ өөрийн эрүүл, мэнд санхүүгийн байдалтай холбоотойгоор тайлбарласан гэж үзнэ. Энэ татгалзал, тайлбар нь анхан шатны шүүх хуралдаанд өөрчлөгдөөгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан мэдээллээр нотлогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 26, 128, 2 дугаар хавтасны 116-119 дугаар хуудас/
Мөн хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан тайлбартай танилцаад хариу тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх нь талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, банкийг гэрээний 3.1.2-т заасан нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээл төлөх дарааллыг зөрчиж, хүү, нэмэгдүүлсэн хүүг суутгаж аваагүй нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах диспозитив зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн гэж зааж, түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрхийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн дахь хэсэгт заажээ.
Өмгөөлөгч Ч.Мөнхсүх нь хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бус түүний өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь тэдний хооронд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр нотлогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 45 дугаар хуудас/
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ өөрөө тайлбарлах, нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүү тооцооллын хүснэгтэд байгаа мөнгөн дүнгийн талаарх асуултад дансны хуулгатай зөрж байгаа учраас намайг төлөөлж байгаа өмгөөлөгч зөрүүтэй байна гэж тайлбарлалаа гэж хариулсан нь тэмдэглэгдсэн байна. /хэргийн 2 дугаар хуудасны 117 дугаар хуудас/
Хариуцагч Д.*******ийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх нь ...Гэрээний 4.2, 4.2.1-т зээлдэгч зээлийн үүргээ зөрчсөн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандах гэж заасан. 1105 хоног 2016 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс хойш тоолбол 1401 хоногийн зээлийн зээлийн зөрчлөөр үүссэн. Өөрөөр хэлбэл Д.*******ийн эрх зүйн байдлыг хэтэрхий их дордуулсан буюу хүүгийн хуримтлал, хүүгийн дарамтанд оруулсан... тайлбарласан бол хариуцагч Д.******* нь банкны удирдлагуудад нөхцөл байдлын талаар хэлж байсан, яагаад удааширсан гэхээр бас төлбөр бүтчих болов уу гэсэн итгэл үнэмшилтэй цаг хугацааг алдсан гэх агуулгаар тайлбарласан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хэргийн 2 дугаар хавтасны 116 дугаар хуудас/ Дээрх тайлбарын агуулга хоорондоо зөрүүтэй байх ба хариуцагч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан үндэслэл нь банкийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүйтэй холбоогүй байна.
Иймд хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүхийн нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-т зааснаар үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх эрхээ хэрэгжүүлж гаргасан тайлбар гэж үзэх боломжгүй байна.
7. Хариуцагч Д.******* нь ******* тоот зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон. Гэрээний 2.4, 2.5, 3.1.3, 3.4.1 заалтаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч банк нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.
7.1. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24. 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. 25 дугаар зүйлийн 25.2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэдгийг зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй үлдсэн зээлийн хэмжээнд ногдох хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэг нь зээлдэгчид үүссэн гэж ойлгоно.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэл 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргаснаар цуцлагдсан гэж үзэж байгаа..., нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн дүнгийн хэмжээг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлэн тооцсон... агуулгаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 116-117 дугаар хуудас/
Иймд нэхэмжлэгч банкийг хэтэрсэн хугацааны хүү шаардах хугацааг нэхэмжлэл шүүхэд гаргасан өдрөөр тооцсон гэж үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяагийн давж заалдах гомдлоос зээлийн хүү 23,219,879.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,753,017.61 төгрөг нийт 28,972,897.56 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
7.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардах эрхийг зохицуулсан хуулийг бүрэн хэрэглээгүй, барьцаа хөрөнгийн нэр, байршил зэрэг мэдээллийг заагаагүй нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана гэж шүүхийн даалгавар бичих үндэслэл, түүнийг биелүүлэх журмыг заасан.
Хэргийн оролцогч нарт хэргийн материал танилцуулах нь шүүхээс гүйцэтгэвэл зохих үүрэг боловч энэ нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан нотлох баримт биш. Гэтэл шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүхийн хэргийн материал танилцуулах хүсэлтийг үндэслэн уг ажиллагааг гүйцэтгүүлэхээр өөр шүүхэд шүүхийн даалгавар бичиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байгааг магадлалд дурдах нь зүйтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн хураамжийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талд буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2021/00319 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс зээлд 27,153,247.88 төгрөг, хүүд 23,219,879.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,753,017.61 төгрөг нийт 56,126,145.44 төгрөг гаргуулан *******-ны Өмнөговь салбарт олгож, нэхэмжлэлээс 8,058,488.83 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дугаар заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь энэ шүүхийн шийдвэрт заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тоот байршилтай, дугаар гэрчилгээтэй, 48,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,
3 дугаар заалтын 293716 гэснийг 508780 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4. 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******наас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343106.93 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 -т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Ц.ОТГОНЦЭЦЭГ