| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00055/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 58
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цагаанцоож,
Улсын яллагчаар хяналтын прокурор: Э.Тулгаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н М холбогдох 1737000180014 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1983 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Ү сумын У багт оршин суух, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Х овогт Б н М . РД: / /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Б.М нь Ховд аймгийн Ү сумын У-т багийн нутаг Чацаргант гэх газарт 2017 оны 09 сарын 17-ны өдөр иргэн Ж.Хашхүүгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 50 кг ааруул, 10 литр монгол архи, мөн өдөр Улиаст багийн нутаг Арал гэх газарт иргэн Ж.Хашхүүгийн хаваржааны байшинд хууль бусаар нэвтэрч 10 литр монгол архи тус тус хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн иргэн Ж.Хашхүү гэдэг айлын хаваржааны амбаараас ааруул, цагаан идээ хулгайлах зорилгоор ганцаараа морьтой очоод байшингийн дээврийг нь эвдээд ороход 10 литр, 60 литрийн савтай архи байхаар нь 10 литрийн савтай шимийн архийг нь аваад хойд талд нь байсан цагаан байшингийн цоожийг эвдэж ороход авчихаар зүйл байхгүй болохоор хулгайлж авсан шимийн архиа морин дээр дүүрч аваад өөрийн өвөлжөөний хураасан өвсөнд нуучихаад дахиад Ж.Хашхүүгийн өвөлжөөний байшингийн цонхийг эвдэж ороход том жижиг ууттай 2 уут ааруул, 10 литрийн савтай шимийн архи байхаар нь байшингийн цонхоор гаргаад 2 уут ааруулаа нийлүүлээд нэг уутанд хийгээд хашаан дээр тавьж байгаад морин дээрээ дүүрээд архиа нэг гартаа бариад өвөлжөөний хашаан дээрээ буцаж ирээд өвсөнд хийж нуучихаад гэртээ хариад амарсан. Тэгээд өглөө эрт хүмүүс босоогүй байхад мотоциклоо унаад өвөлжөөний хашаан дээрээ ирээд архиа өвсөнд нууж үлдээгээд ааруулаа ганзаглаад Булган суманд оруулж ирээд гудамжны камерт бичигдэх байх гэж бодоод айлын эзэнгүй худганд нуучихаад 20 кг орчим ааруул тасалж аваад аймгийн төвөөс явж байгаа гэх эхнэр нөхөр хоёрт 1 кг-ийг нь 6500 төгрөгөөр бодоод нийт 130.000 төгрөгөөр зарсан. Үлдэгдэл ааруулаа Мөндөл гэж хочилдог Төмөрөө гэх айлд хадгалж байгаад эхнэр Уранзаяаг хүүхдээ авахаар Дөргөн сумруу аавынхаа гэр лүү явах үед өгөөд явуулсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 хуудас/
Хохирогч Ж.Хашхүүгийн шүүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09 сарын 17-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг “Арал” гэх нэртэй газарт байх хаваржааны байшинд хулгай орж 20 литр архи алга болсон байсан. Мөн Улиаст багийн нутаг Чацаргант гэх газарт байх өвөлжөөний байшинд хулгай орж ааруул, 10 литр архи хулгайд алдагдсан байсан. Нийт 30 литр архи, 50 кг ааруул алга болсон.
...Тухайн үед манай амбаар, байшин цоожтой байсан. Хаваржааны амбаарын дээврийг нь хуулаад, өвөлжөөний амбаарын цонхыг нь хагалаад орсон байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Төмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.М нь Булган сумын эмнэлэгийн 80 жил, Торгон нутаг клубын 10 жил, Бүрэнхайрхан уулын тахилга наадмын баярын дараа манайд 10-11 цагийн үед ирээд танайд үүнийг тавьчихъя гээд 25 кг-н гурлын цагаан ууттай юм оруулж ирээд тавьсан. Тухайн үед би хэвтэж байсан болохоор яг ямар зүйл авчирсан гэдгийг анзаарч хараагүй юм. Тэгээд удалгүй 1-2 хоноод ирээд аваад явсан. Ааруул гэдгийг нь би мэдээгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Уранзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 09 сарын 21-ний өдөр Дөргөн сумруу аавынхаа гэрт очиж хүүхдээ авч ирэхээр Ховд аймаг руу явахаар Үенч сумын Улиаст багаас Булган сумын төв орж ирээд Э гэдэг айлын талхны цех дээр очсон юм. Тэгээд манай нөхөр М талхны цехийн Э гэдэг хүнийг хоёулаа доошоо яваад ирье гээд яваад 30 минут орчим болоод ирэхдээ 25 кг-н Улаанбаатар гурлын ууттай ааруул авч ирээд жинлэж үзэхэд 17 кг болсон. Тэгээд цаасан хайрцагт хийгээд надад өгсөн. Тухайн үед би энэ ямар учиртай ааруул юм бэ гэхэд Б.М нь дуугүй аваад яв гэхээр нь Дөргөн суманд аав Гантөмөрийнд хүргэж өгсөн юм” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.М нь Одоогоос 10 аад хоногийн өмнө аймаг явах гэж байна гээд манай талхны цех дээр эхнэрийн хамт ирээд явсан. Тэр үедээ манай талхны өрөөнд гурлын цагаан ууттай ааруул жинлэж байсан. Тэгэхээр нь би “чи хаанаас ааруул авсан юм бэ” гэхэд манай бэрээчүүл өглөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
- зүйлийн үнэлгээ тогтоосон баримт,
- Хохиролын хүснэгт,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
- Хулгай хийсэн гэх орон байрны гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Х овогт Б н М нь Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг Чацаргант гэх газарт 2017 оны 09 сарын 17-ны өдөр хохирогч Ж.Хашхүүгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 50 кг ааруул, 10 литр монгол архи, мөн өдөр Улиаст багийн нутаг Арал гэх газарт хохирогч Ж.Хашхүүгийн хаваржааны байшинд хууль бусаар нэвтэрч 10 литр монгол архи хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт харилцан хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хууль ёсны байх ба уг баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 390.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Ж.Хашхүү нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохиролыг нөхөн төлснийг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйл, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б н М ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б н М ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М т оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.