Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/886

 

 

 

 

 

 

    2024           8              8                                         2024/ДШМ/886           

 

 

Э.Сд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

яллагдагч Э.С өмгөөлөгч А.Ганбат,

            нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1417 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Анхжаргалын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар эсэргүүцлээр Э.Сд холбогдох эрүүгийн 2402000000131 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Э.С, 1982 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

Яллагдагч Э.С нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1204 тоот хашааны гражид Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин” /methamphetamine/ бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 96.6 грамм, цэвэр жин нь 71.6 грамм, цэвэр жин нь 85.3 грамм бүхий 3 хэсэг гялгар ууттай нийт цэвэр жин 253.5 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисэх гарден” хотхоны гадна байрлуулж тавьсан 19-17 УНЯ улсын дугаартай “Toyota crown” 180 загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин” /methamphetamine/ бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 9.2 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

           Нийслэлийн прокурорын газраас: Э.С үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.С 2024 оны 04 дүгээр сарын 08-ны Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисэх гарден” хотхоны гадна байрлуулж тавьсан 19-17 УНЯ улсын дугаартай “тоёота кроун 180” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин” /methamphetamine/ бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 9.2 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 19-17 УНЯ улсын дугаартай “тоёота кроун 180” загварын тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчийг тогтоогоогүй, энэ талаар тодруулаагүй. /гэрчилгээ, лавлагаа хэрэгт авагдаагүй/ Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэсэн заалт мөн хуулийн 7.5 дугаар зүйлийг шүүхээс хэрэгжүүлэх боломжгүй буюу шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй. Яллагдагч Э.С“хуучин танил болох Кен улсын иргэн Жон надтай фейсбүүк чатаар холбогдоод Монгол улс руу бараа явуулж байгаа болохоор туслаад тосож авахыг хүссэн... Жон одоо Сингапур улсад байгаа гэж өөрөө надад хэлсэн...” гэж мэдүүлсэн нь гэрч Ү.Наранчимэгийн “..хэдэн хоногийн өмнө нь манай найз Жоби хар тамхины хэргээр орчихсон байна гэж надад хэлж байсан. Жоби манай гэрт нэг удаа л ирж байсан...” гэж мэдүүлсэнтэй зөрүүтэй байгаа нь уг хэрэгт хамтран оролцсон этгээд байгаа эсэх талаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэнэ. Э.С яллагдагчаар мэдүүлэхдээ “...би зөвшөөрөөд Нисэхэд очиж жалганаас шороо ухаж 3 тусдаа зоплок түгжээтэй гялгар уутанд хийсэн мөс байсан бөгөөд би бодисыг аваад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1204 тоотод өөрийн холын хамаатны гражид очиж нуусан. Тус мөснөөс сонирхоод жоохныг өөртөө авсан. ...би бодисыг сонирхоод хэд хоногийн өмнө машиндаа хэрэглэж үзсэн. /хх 77/ гэсэн, нэгжлэг хийсэн газар нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1204 тоот хашаанд байрлах граж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Нисэх гарден” хотхоны 33 дугаар байрны гадна зогсоолд байршуулж тавьсан тээврийн хэрэгсэлд хийжээ. Эндээс үзэхэд Э.Сүйлдэлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан гэж яллах дүгнэлтэд гэмт хэргийн шинжийг тусгасан ч яллагдагчийн, сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэг газраас авч, нөгөө рүү зөөж буй үйлдэлд тухайн зүйл ангид заасан хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн үйлдлийн шинж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж, шалгаж тогтоогоогүй, нөгөө талаар “худалдаалах зорилгоор” гэх боловч гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэн заасан нөхцөл байдлуудыг бүрэн нотлоогүй гэх үндэслэлд хамаарна. Иймээс уг хэрэгт үйлдсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана. ...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэсэнтэй нийцэхгүй төдийгүй хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзлээ. Тиймээс хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй, урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт төдийгүй энэхүү үүргээ биелүүлээгүй нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна. Иймд шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх бөгөөд дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөх гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлд хамаарах тул яллагдагч Э.Сд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор У.Анхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 19-17 УНЯ улсын дугаартай, Тоёота Кроун 180 дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчийг тогтоогоогүй ...тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагааг хийгээгүй... байна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэж заасан бөгөөд энэ нь зөвхөн яллагдагч болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай ойлголт юм.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг тодорхойлсон, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулах, албадан гаргуулсан хөрөнгийг хохирол, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулж илүү гарсан хөрөнгийг Улсын төсөвт шилжүүлэх талаар тодорхой заасан. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Сгэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота Кроун 180 загварын 19-17 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн үеийн үнэлгээгээр шинжээчийн дүгнэлт гаргуулж хавтаст хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүх яллагдагч Э.С гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан гэж дүгнэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд дээрх үнэлгээг яллагдагчаас гаргуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоолдоо тусгаж шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Анхан шатны шүүх яллагдагч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа нь эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна гэсэн агуулгаар дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, харин яллагдагч хэргийн талаар нотлох үүрэг хүлээхгүй гэж тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүх яллагдагчийн мэдүүлгийг үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна. Хууль бусаар олж авсан тээвэрлэсэн үйлдлийн шинж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж, шалгаж тогтоогоогүй...худалдаах зорилгоор гэх боловч нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх гэсэнтэй нийцэхгүй төдийгүй, хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангахгүй байна” гэжээ. Улсын Дээд шүүхийн 2019 оны 225 дугаар тогтоолд “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухай төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч худалдаалах гэдэгт дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа (худалдах, бэлэглэх, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх) гэх мэт аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогддог” гэж тайлбарлажээ. Иймд яллагдагч Э.Стухайн зүйл ангид заасан “худалдаалах зорилгоор” гэсэн үйлдэлд нэмэлт ажиллагаа хийх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тухай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болж хувирч хүндэрч зүйчлэгдэхдээ үндсэн бүрэлдэхүүнийг өөртөө агуулсан хэвээр бөгөөд 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжүүдээс “хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн” шинжийг шүүхийн шатанд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Түүнчлэн дээрх шинжүүд нь Эрүүгийн хуулийн тухай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтуудад хамаарч байх тул хэргийг прокурорт буцааж дээрх ажиллагааг хийх нь ач холбогдолгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж шийдвэрлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг дахин тодруулах, дүгнэлт хийх талаар анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод илтэд нийцэхгүй дүгнэлт болсон гэж үзэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул яллагдагч Э.Сд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т тус тус заасан зэргээс үзэхэд хяналтын прокурорын зүгээс яллах дүгнэлтэд дээрх гэмт хэргийн шинжгүй үйлдлийн талаарх үйл баримтыг дэлгэрэнгүй бичих шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт заалтад заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Э.Сөмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд өмгөөлөгч миний бие оролцсон. Э.Схийсэн үйлдлийг онолын хувьд харахад тээвэрлэсэн асуудал байхгүй. Нэгдүгээрт, автомашины эзэн Э.С биш юм. Хоёрдугаарт, Э.С мэдүүлэгтээ “би хэрэглэсэн, гэхдээ машинтай явсан” гэж мэдүүлсэн байгаа. Хэрэв практикаас харвал хэрэглэсэн хүн автобусанд сууж явбал автобусыг нь хураах юм уу, автобусыг үнэлэх юм уу гэдэг асуудал яригдах гээд байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж, прокурорын эсэргүүцлийн дэмжиж байна. “Олж авсан” асуудлын тухайд хууль бусаар олж авсан нь үнэн, маргахгүй. Хар тамхи гадуур зарагдахгүй, хууль бусаар олж авна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч Э.Сд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Прокуророос Э.С нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1204 тоот хашааны гражид Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин” /methamphetamine/ бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 96.6 грамм, цэвэр жин нь 71.6 грамм, цэвэр жин нь 85.3 грамм бүхий 3 хэсэг гялгар ууттай нийт цэвэр жин 253.5 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисэх гарден” хотхоны гадна байрлуулж тавьсан 19-17 УНЯ улсын дугаартай “Toyota crown” 180 загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин” /methamphetamine/ бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 9.2 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Дээрх шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлыг шалгахгүйгээр прокурорын эсэргүүцэлд дурдсан хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай байна. 

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл зүйл, хэмжээ тунгаас хамаарч үзүүлэх сөрөг нөлөө, аюулын түвшин, хор уршгийн талаар, мөн үнэ ханш, эмчийн зөвшөөрлөөр хэрэглэж болохуйц тун, давтамж зэрэг тусгай мэдлэг шаардсан зарим асуудлыг талаар тусгай мэргэжлийн байгууллага, мэргэжилтний дүгнэлт гаргуулах, мэдүүлэг авах зэргээр холбогдох нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байх нь тухайн төрлийн гэмт хэргийн шинж, холбогдогчийн гэм буруу, сэдэлт, зорилго болон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тодорхойлоход ач холбогдолтойг дурдах нь зүйтэй байна. Зөвхөн үнэ ханшны мэдээллийг цагдаагийн байгууллагын ажилтны албан бичигт тусгахыг зөв гэж үзэхгүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1417 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор У.Анхжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1417 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор У.Анхжаргалын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                              Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА