Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 59

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч ерөнхий прокурор Д.Түвшинтөгс

Шүүгдэгч Н. Б-ийг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н. Б-ьт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000200017 дугаартай  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, Ховд аймгийн Ү сумын Х  багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Т   овогт Н-ын  Б /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н. Б-ь нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг дэвсгэрт орших Их-Лиш гэх газраас 2017 оны 08 дугаар сард 60 ширхэг мод буюу шинэс мод зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч Н. Б-ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би Үенч сумын Улиаст багийн нутаг Их-Лиш гэх газраас малын хашаа барихаар хуурай 40-60 ш мод бэлдэж авсан.Энэ модыг бэлдэж авах талаар байгаль орчны байцаагч С.Далхаад танилцуулж байсан.Модыг бэлтгэхдээ би хуурай газар унасан болон энэ тэнд байсан хуурай модыг түүж бэлтгээд хөрш айлын Ц.Даваагийн машинаар гэрээ ачихдаа хамт ачиж авсан.

           Би хууль бусаар мод бэлтгэсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна.Би тусгай хамгаалалттай газарт байнга оршин суудаг болохоор ахуйн хэрэгцээнд зориулж хуурай модыг бага хэмжээгээр хэрэглэх боломжтой гэж бодож байсан, Хуулиа мэддэг байсан бол анхаарах байсан.1987 оноос хойш 30 жил энэ нутагт амьдарч байна. Энэ газрыг малчид бид ярьж байгаад тусгай хамгаалалттай газарт оруулсан.Модыг би ганцаараа бэлдсэн. Модны төлбөр 356.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон гэх  мэдүүлэг

          Хохирогч Д.Ариунбатын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн....Иргэн Н. Б-ь нь2017 оны 8 дугаар сард хууль бусаар 60 ширхэг хуурай хар мод бэлтгэж хэрэгцээндээ ашигласан байсан.Намайг улсын тусгай хамгаалалттай газар хариуцан ажилладаг болохоор тус хэрэгт би хохирогчоор тогтоогдсон.Н. Б-ь нь байгаль орчинд 350.000 төгрөгний хохирол учруулсан.Н. Б-ь нь учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Хууль журмын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү  гэх мэдүүлэг

          - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд

            Эд хөрөнгө битүүмжлилсэн тухай тэмдэглэл /тээврийн хэрэгсэл/

            Эд зүйлийн үнэлгээ

            Хашааны модонд үзлэг хийсэн тэмдэглэл

            Эд мөрийн баримтаар тооцох тогтоол

            2017 оны 10 дугаар сарын 16-н б өдрийн 02 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт

      Улсын Их хурлын тогтоол, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хилийн зааг  тогтоосон тухай газрын зураг

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

        Гэрч  С.Далхаагийн хэрэг бүртгэлтэд өгсөн....Н. Б-ийг хууль бусаар мод бэлтгэсэн талаар улсын байцаагч А.Мөнхбаатар хэлсэн.Н. Б-ийнд очиход Н. Б-ь өөрөөс чинь зөвшөөрөл авах гээд авч чадаагүй.Би Их-Лиш гэх газраас хуурай мод бэлдээд хашаа барьчихлаа гэж хэлсэн.Ойролцоогоор 50-60 ш урт нь 4-5 метр урттай мод байсан гэх мэдүүлэг

        Гэрч А.Мөнхбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн....Үенч сумын Улиаст багийн Их-Лиш гэх газар нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангилалд багтдаг.Бага-Лиш гэх газар нь 2011 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон.2017 оны 09 сард хяналт шалгалтаар Үенч суманд ажиллахад Н. Б-ь нь 60 ш мод бэлтгэж хашаа барьсан байсан гэх мэдүүлэг

Гэрч Ц.даваагийн хэрэг бүртгэлтэд өгсөн....31-65 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм.Тухайн үед Н. Б-ь нь миний тээврийн хэрэгслээр ойролцоогоор 40 ширхэг мод тээвэрлэсэн гэх мэдүүлэг  зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч Н. Б-ийг  Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 60 ширхэг  шинэс мод зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           ШүүгдэгчН. Б-ийн үйлдлээс 350.000 төгрөгний хохирол учирсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар экологи эдийн засгийн үнэлгээгээр үнэлсэн үнэлгээгээр тогтоогдож байна.

           Н. Б-ь нь шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд 350.000 төгрөгний хохиролыг нөхөн төлсөн гэх мэдүүлэг, 350.000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт, болон хохирогч Д.Ариунбатын  хохиролд 350.000 төгрөг төлсөн.Одоо нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураар төлж барагдуулсан гэж үзнэ.

         Шүүгдэгчид анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хохиролоо нөхөн төлж барагдуулсан зэрэг байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэргийн нөхцөл байдал ,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлах нь зүйтэй байна.

Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан 5 см өргөнтэй 15 см урттай бор өнгийн модны холтосыг устгаж, Ц.Даваагаас битүүмжилсэн Зил 130 маркийн машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна         

Шүүгдэгч Н. Б-ьт нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3,36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Т  овогт Н ын  Б-ийг улсын тусгай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. Б-ьт 2 /Хоёр/ жилийн хорих ял оногдуулсугай.

            3. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч Н. Б-ь нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, ПК 64030318 дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд  даалгасугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 см өргөнтэй 13 см урттай модны холтосыг тогтоол хүчинтэй болмогц устгасугай.

            6. 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 59 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н. Б-ьт оногдуулсан 2 /Хоёр/ жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэглэх үүрэг хүлээлгэсүгэй.

            8.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.