Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
Хэргийн индекс | 2309000001520 |
Дугаар | 2024/ДШМ/918 |
Огноо | 2024-08-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2024/ДШМ/918
2024 08 14 2024/ДШМ/918
А.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Чимэдцэеэ,
хохирогч Х.Г, түүний өмгөөлөгч О.Санчирбал, П.Амгаланбаатар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/527 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Гын өмгөөлөгч О.Санчирбал, П.Амгаланбаатар нарын гаргасан давж гомдлуудаар А.Мд холбогдох эрүүгийн 2309000001520 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хон хэрээт овгийн А.М, 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баян- Уул суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улсын их дэлгүүрт тогооч ажилтай, ам бүл 1, ганцаараа, .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ..................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....................../;
Шүүгдэгч А.М нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга морьтын зуслангийн “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд иргэн Х.Г той үл ялих
шалтгаанаар маргалдан, түүний биед шил мэт зүйлээр халдсаны улмаас
эрүүл мэндэд нь баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн
хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 520 /таван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор
тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Маас 950.600 /есөн зуун тавин мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Год олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Г нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Маас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Х.Гын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхдээ “...А.М нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга Морьтын зуслангийн “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд иргэн Х.Гтой үл ялих шалтгаанаар маргалдан, түүний биед шил мэт зүйлээр халдсаны улмаас Х.Гын эрүүл мэндэд баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэгт “...гал байна уу гэж асуухаар нь би “байхгүй” гэтэл Өыг харангуутаа “Ө байна” гэж хэлээд машины хаалга онгойлгоод хөлөөрөө өшиглөсөн, хэд хэдэн удаа өшиглөөд хаанаасаа мэдэхгүй гартаа жижиг тонгорог /бор иштэй байсан байх/ гаргаж ирээд гартаа бариад миний хөл рүү хэд хэдэн удаа чичилж хатгаж хутгалаад, тэгэхээр нь би тэр залууд Өын ажлын газрын хүн юм гэж хэлтэл тэр залуу тоолгүй дахин хутгаараа миний баруун өгзөг болон баруун гарын долоовор хурууг зүссэн ба би тэр залууг гэр бүлтэй гэж хэлээд гуйсан. Тэр залуу Өыг манай эгч хэлж байсан” /хх 17-18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...жолоочийн суудалд 3 ширхэг зүсэгдсэн ором” /хх 44-49/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний 6986 дугаар, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 668 дугаар Х.Гын биед “...баруун сарвуу, баруун өгзөг, гуя, шилбэний булчин өөхөн эдийг гэмтээсэн нийт 5ш хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо” гэсэн дүгнэлтүүд /хх 28-29, 71-73/,
Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...өмднийхөө араас
хутга гаргаж ирээд чамайг алчихъя гээд над руу дайрсан би гуйж энэ хүний болиулсан” гэх мэдүүлэг зэргээр хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхдээ хэрэгт нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй нөхцөл байдалд болон гэм буруугийн хэлбэрт дүгнэлт хийсэн. Хохирогчийн мэдүүлэг болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч эмчийн дүгнэлтүүдээр нийт 8 удаагийн ир үзүүртэй зүйлээр халдагч этгээд нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халджээ. Ингэхдээ хохирогч болон шүүгдэгч нарын хооронд үл ялих зүйлээр шалтаглан, маргалдсан талаар нотлох баримт авагдаагүй байна. Харин шүүгдэгч нь хутга гаргаж, ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогчийг ална гэж дайрсан “Хүний амьд явах” эрхэд халдсан нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн гэж үйл баримт тогтоогдсон.
Нөгөөтэйгүүр прокуророос яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн биед болон тээврийн хэрэгсэлд ир үзүүртэй зүйлээр учирсан шарх болон зүсэгдсэн /гэмтэл учруулсан зүйл/-ийг шил гэж дүгнэсэн нь хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй буюу хохирогчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг урьдчилан танилцаж мэдүүлэг өгдөг бол яллагдагч мөн хуульд зааснаар хэргийн үйл баримтыг нотлох үүрэг хүлээдэггүй байдлаараа ялгагдана. Гэтэл анхан шатны шүүх хуралд талууд хэргийн талаар сэргээн дүрслэх, гэм буруугийн талаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд анхан шатны шүүхээс дээр дурдсан 8 удаагийн хутгаар үйлчилсэн гэмтэл болон шархны талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримтыг .... няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэл хамаарч байна.
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 6986, 668 дугаартай дүгнэлтүүдээр 5 удаагийн шарх үүссэн талаар дүгнэлтүүдэд дурдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Ганзориг мэдүүлэхдээ “...дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийтдээ хөнгөн зэрэгт хамаарна” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь онц харгис хэрцгийгээр буюу “...олон тооны шарх гэмтэл учруулж, хохирогчийн тарчлаан зовоох, шаналгах сэдэл зорилготой, гэмт хэргийг үйлдэж байгаа аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн” байхыг ойлгодог талаараа шийтгэх тогтоолд дурдсан ч 5 удаагийн үйлчлэлээр үүссэн тус бүрийн хөнгөн гэмтлийн шинж чанарыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй болно. Мөн гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжүүдийг нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Учир нь шүүгдэгч болон хохирогч нарын хооронд үл ялих зүйлийн улмаас маргалдах үйл явдал болоогүй бөгөөд шүүгдэгчийн зүгээс гал асуугаад шууд хохирогч руу дайрсан үйлдэл нь түүнийг алах санаа зорилготойгоор халдсан идэвхтэй үйлдэл байсан байна. Гэвч яллах дүгнэлт үйлдсэн прокурор болон анхан шатны шүүхээс гэмт этгээдийн эрүүгийн хуулийн обьектив болон субьектив шинжийг тодорхойлж чадаагүй бөгөөд түүний улмаас учрах хохирол, хор уршгийн шалтгаант холбоо нь ямар нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон үйл баримтад бодитой дүгнэлт хийж эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй нь шударга ёсны зарчмын дагуу хэргийг шийдвэрлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Х.Гын өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А.М нь хохирогч Х.Гтой тааралдмагц гал асууж улмаар үргэлжлүүлэн эгч буюу гэрч Өыг хармалсан, өмөөрсөн ааш авир гаргаж шууд хохирогчийн биед халдаж эхэлсэн байна. Ийнхүү халдахдаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон тооны шарх үүсгэж мөн машины суудлын бүрээсийг ч хүртэл хатгаж цоолж гэмтэл учруулсан байна. Энэ талаар хохирогч нь анхнаасаа А.Мыг хутга гаргаж ирж хатгасан гэж мэдүүлдэг. Үүнийг харин прокурорын зүгээс болон анхан шатны шүүх анхаарахыг хүсээгүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдогч А.М үнэн ярьж хохирогч худал ярьж байна гэсэн өнцгөөс харсан. Уг нь хууль сануулж хэнээс мэдүүлэг авдаг эсэхийг дурдах нь илүүц биз. Онц харгис хэрцгийгээр гэдэгт "... олон тооны шарх гэмтэл учруулж,... гэмт хэрэг үйлдэж байгаа аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн..." байхыг ойлгодог. Эндээс харахад А.М нь хохирогчийн биед 5 удаа хатгаж, хохирогч зугтан машины голын хайрцаг дээр суумагц араас нь тэмүүлэх үйлдэл хийж машины суудалд гурван удаа хатгаж байгаа нь А.Мы гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, сэдэл зорилго нь харгис байсан гэдгийг бүрэн харуулж байна. Өөрөөр хэлбэл А.Мы үйлдэл болон олон тооны шарх гэмтэл учруулсан гэх үйл баримт нь шууд утгаараа онц харгис хэрцгийгээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй. А.М болон хохирогч Х.Г нарын хоорондын маргаан гэх үйлдэл нь гэмтэл учруулснаараа төгсөөгүй. Харин талуудын мэдүүлж байгаар хохирогч эсэргүүцэл үзүүлэн өөдөөс нь өшиглөж, хөлөөрөө жийх үйлдэл хийж байж
А.Мы хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт үйлдэл нь
таслан зогсоогдсон гэх үйл баримт хэрэгт авагдсан байгаа тул хүнийг алхыг завдсан
гэж үзэх мөн л хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн гэмт хэрэг гарах тухайн үед үл ялих
зүйлийн улмаас маргалдах үйл явдал болоогүй бөгөөд А.Мы зүгээс гал
асуугаад л шууд хохирогч руу дайрсан үйлдэл нь түүнийг хүн алах санаа зорилго
байсан идэвхтэй үйлдэл байсан гэдгийг харуулна. Үүнийг харвал хэргийн зүйлчлэлийг
хүндрүүлэх ёстой атал шүүх буруу шийдвэрлэсэн байна. Анхнаасаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд Х.Г нь бусдад хутгалуулсан гэж тэмдэглэгдсэн. Энэ нь хохирогчийн зүгээс үнэн зөвөөр мэдүүлж эхэлснийг илтгэнэ. Хохирогчийн зүгээс шүүх бодит үнэнээс зөрүүтэйгээр шийдвэр гаргаж байгаа учир арга буюу нэмж өмгөөлөгч авч годол гаргуулж байгааг дурдах нь зүйтэй байх. Анхан шатны шүүх нь хууль буруу хэрэглэн үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэгт бодит дүгнэлт хийж эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийдвэрлээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Х.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Миний бие болон машины суудал руу хэд хэдэн удаа санаатай алах зорилгоор хутгалж дайрсан байхад айлгах зорилгоор гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...” гэв.
Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудал болон өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан асуудал, хохирогчийн тайлбарт дүгнэлтээ хэлье. Өмгөөлөгч О.Санчирбалын гомдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг тогтоогоогүй гэж байна. Хэргийн материалтай оролцогч нар танилцсан байгаа. Бүгд гарын үсгээ зурсан. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ярьсан. Шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 202,000 төгрөгөөр тогтоогдсон. Хохирогчийн зүгээс сая гаруй төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй. Энэ нь Эрүүгийн хуульд заасан хохирлын доод хэмжээнд хүрэхгүй байсан тул зөрчлийн шинжтэй гээд зөрчлийн хэрэг үүсгэж шалгуулахаар шилжүүлсэн. Энэ талаарх баримт нь хэрэгт авагдсан. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг орхигдуулсан зүйл байхгүй. Тус бүрдээ хөнгөн гэмтэлд хамаарч байхад тодруулаагүй гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч оролцсон. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа ч хөнгөн гэмтэл, нийлээд ч хөнгөн гэмтэл болохыг тодорхой мэдүүлсэн. Хувийн таарамжгүй харилцаанаас болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж байна. Хувийн таарамжгүй харилцаа гэж үзэхгүй юм бол өөр юу гэж үзэх байсан юм бол. Заавал өмнө нь бие биенийгээ мэддэг, хэдэн сар, хэдэн жилийн өмнөөс харилцаатай байж байгаад ямар нэгэн асуудал үүссэнийг хувийн таарамжгүй харилцаанаас болсон гэж дүгнэх юм уу. Мөн яллагдагчийн мэдүүлгийг эх сурвалж болгож шийдвэр гаргасан гэж хэлдэг. Нотлох баримтыг үнэлэх асуудал нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн. Хэрэгт шууд ач холбогдолгүй боловч хэд хэдэн зүйлийг ярих шаардлага гарсан. Шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан. Хохирогчоос хохирол нэхэмжилсэн маш олон баримтуудыг гаргаж өгсөн. Хэрэг болохоос өмнө машиндаа бинзен авсан баримтууд хүртэл байдаг. Мөн хохирогч мэдүүлэхдээ “би өгзгөндөө, гуяндаа гэмтэл авсан учраас суух, хэвтэхэд маш хүндрэлтэй байсан тул би машин барих боломжгүй байсан” гэсэн байдаг. Тэгвэл машиндаа хийсэн бинзений баримтыг яагаад гаргаж өгсөн юм бэ, машинаа та өөрөө барьсан юм уу гэхээр тийм гэдэг. Машин барих боломжгүй гэж хэлчихээд тээврийн хэрэгслээ жолоодож эмнэлгээр явсан гэсэн зөрүүтэй байдаг. Яллагдагчийн мэдүүлэг хохирогчийн мэдүүлэг хоёрын аль нь илүү хэргийн нөхцөл байдалтай нийцсэн мэдүүлэг болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Өмгөөлөгч П.Амгаланбаатарын хувьд хүндрүүлж зүйлчлэх ёстой байсан гэж байна. Зодоон, маргаан болоход “ална шүү” гэх үгийг хэрэглэдэг. Энэ үгийг хэлээд маргалдаж байгаа маргаан болгоныг хүнийг алахаар завдсан гэж зүйлчлэх юм уу. Тэгэхээр зөвхөн хохирогчийн байр суурийг үндэслээд хэргийг хүндрүүлж зүйлчлэх нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч А.Мыг 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга морьтын зуслангийн “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд иргэн Х.Гтой үл ялих
шалтгаанаар маргалдан, түүний биед шил мэт зүйлээр халдсаны улмаас
эрүүл мэндэд нь баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн
хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.Мыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Ингэхдээ хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болохоор нотлох баримтууд хангалттай цуглараагүй байхад шүүгдэгч А.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6986 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 668 дугаар дүгнэлтүүдэд тулгуурлан шүүгдэгч А.Мыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.
Дээрх хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар тодорхой заасан бөгөөд үүнийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх үндэслэл болдог тул дээр дурдсан нотолбол зохих байдлуудыг нотолсон байвал зохино.
Тухайн үед болсон үйл явдлын талаар хохирогч Х.Г “…машины хаалга онгойлгоод хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, хаанаасаа юм мэдэхгүй гартаа жижиг тонгорог /бор иштэй байсан байх/ гаргаж ирээд миний хөл рүү хэд хэдэн удаа чичилж хатгасан. Тэр залууд Б.Өын ажлын газрын хүн байна гэж хэлтэл тэр залуу тоолгүй дахин хутгаараа миний баруун өгзөг болон баруун гарын долоовор хурууг зүссэн...автомашины суудал руу 3 удаа дүрсэн. …” /1хх 17-18/,
шүүгдэгч А.Мы яллагдагчаар өгсөн: “…машиных нь ойролцоо газарт байсан целлодон материалтай шилний хэлтэрхий байсныг эгчийн машиныг шавраас гаргах үед халаасандаа хийсэн байсан. ...тухайн халаасандаа байсан шилний хэлтэрхийг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад тэр залуугийн хөл хэсэг рүү далайгаад айлгая гэж бодоод чичтэл тэр залуу тэр залуугаа гараараа бариад авахаар нь би эргүүлж татаад дахин хөл хэсэг рүү нь чичтэл урдаас жийсэн. ...баруун гарынх нь эрхий хуруу хэсэгт нь зүсчихээд буцааж барьсан шилээ татаж байгаад баруун бөгс хэсэг рүү нь нэг удаа зоож гэмтээсэн. Би жолоочийн суудлыг өөрийн гартаа барьж байсан шилээрээ 2-3 удаа хатгаж цоолж гэмтээсэн...” /1хх 8-9/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 668 дугаар “Х.Гын биед баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэний булчин өөхөн эдийг гэмтээсэн нийт 5 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлүүд нийтдээ болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “жолоочийн суудал дээр тус бүр 1см хэмжээтэй 3 ширхэг хохирогчийг хутгалах үед үүссэн гэх урагдал”, гэрэл зургийн үзүүлэлтүүүд /1хх 43-49/, энэ талаарх хохирогчийн мэдүүлэг /2хх 9-11/ зэргээс үзэхэд шүүгдэгч А.М нь хохирогч Х.Гын эсрэг ир үзүүртэй зүйлээр нийт 8 удаагийн үйлдлээр хүч хэрэглэж, үүнээс бие махбодид 5 удаа хатгасан үйлдэл бүр нь эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан зэрэг нөхцөл байдал нь “онц харгис хэрцгийгээр” тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг илэрхийлсэн байхад энэ талаар хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг зөвтгөх үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилсан.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” гэх шинжийг тодорхойлохдоо хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлаас гадна, гэмт этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг бие махбодь, сэтгэл санааны хувьд тарчлаах, зовоож шаналгах сэдэлт, зорилгоор эрүүл мэндэд нь аюултай үйлдлээ удтал үргэлжлүүлсэн зэргийг харгалзан үздэг.
Мөн хохирогч хууль сануулан авсан удаа дараагийн мэдүүлэгт”...тонгорог хутгаар гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн...”, харин шүүгдэгчийн хувьд “...шилээр гэмтээсэн талаар мэдүүлсэн...” байхад прокурорын яллах дүгнэлтэд “шил мэт” зүйлээр гэж бичсэнийг үндэслэл, эх сурвалжгүй гэж үзнэ. Учир нь, яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд түүний мэдүүлэг бусад үйл баримтаар нотлогдоогүй тохиолдолд нотолгооны чадвартай гэж үзэх боломжгүй байдаг.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 1.3 дахь заалтад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Х.Гын өмгөөлөгч О.Санчирбал, П.Амгаланбаатар нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/527 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Х.Гын өмгөөлөгч О.Санчирбал, П.Амгаланбаатар нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА