| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Анхбаяр |
| Хэргийн индекс | 128/2026/0018/З |
| Дугаар | 128/ШШ2026/0185 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2026/0185
2026 02 25 128/ШШ2026/0185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Анхбаяр,
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: Борхүүгийн А******* /РД:УЕ*******/,
Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.З*******,
Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.З*******ын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Д*******, Э.Э*******, хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.З*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Анхбаяр,
Танхимын дугаар: 2.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гомдол гаргагч түүний өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэл:
1.1 Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгч С.Д*******гаас шүүхэд бичгээр гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: “...Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.З*******ын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №00******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүлээн авч, эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Б.А*******гийн хувьд 2012 онд эхнэр О.А*******ын хамтаар "C love" хэмээх дуугаа гаргасан бөгөөд тухайн үед дууны үгийг Б.А*******гийн эхнэрийн найз болох Э.С бичиж өгч байсан. Тухайн үедээ Э.С өөрийн найз О.А*******ын хүсэлтээр сайн найзын хувьд дууны үг зохиож өгсөн ба тухайн үед харилцан тохиролцоод зохих үнэ хөлс өгөөд Э.С зөвшөөрсний үндсэн дээр дууны үгээ Б.А*******д өгч, тус үгэнд Б.А******* өөрөө ая зохиож, C LOVE дуу бүтсэн. Ийнхүү энэ дуу нь хамтын бүтээл болсон. Тухайн үедээ Э.С сайхан дуутай боллоо, баярлалаа гэсэн чат нь хүртэл хэрэгт авагдсан байдаг. Улмаар Б.А*******гийн хувьд уг дууг дуулан хит болгож, олон нийтийн хэрэгсэл, телевиз, радиогоор дуулахаас гадна тоглолт зохион байгуулахдаа ч энэ дууныхаа нэрээр нэрлэж байсан. Тэр үеэр тэрхүү тоглолтод урилгаар Э.С ч ирж байсан ба Э.С өөрөө зөвшөөрч дууны үгээ өгсөн тул өнгөрсөн 13 жилийн хугацаанд нэг ч удаа гомдол, санал гаргаж байгаагүй болно. Б.А*******гийн зүгээс дууны үгийг зөвшөөрөлгүй ашигласан зүйл байхгүй юм. Гэтэл Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.З******* нь гомдол гаргагч өөрийн бүтээлийг хүлээлгэн өгсөн гэдгээ гомдолдоо дурдсан байгаа, талуудын гомдол, мэдүүлэгт дурдагдаад байгаа гол гэрч, Э.Стай маргаан бүхий асуудлаар гол харилцаж байсан хүн болох О.А*******аас тайлбар мэдүүлэг огт аваагүй, мөн нотлох баримт хангалттай цуглараагүй, талуудын байр суурь зөрүүтэй, Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байхад нэг талыг баримтлан шийтгэл оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд доорх үндэслэлээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Э.С нь гомдолдоо “анх ямар нэгэн гэрээ, хөлсний тохиролцоо хийгдээгүй бөгөөд зохиогчийн хувьд би өөрийн бүтээлийг сайн санааны үүднээс хүлээлгэн өгсөн..." гэж өөрөө зөвшөөрлөө өгсөн болохоо дурдсан байна. Энэ нь Э.С тухайн үед өөрөө зөвшөөрсний үндсэн дээр 2012 онд тухайн дуу хамтын бүтээл болж, олон нийтэд хүрсэн болохыг нотолж байна. Тийм ч учраас өдийг хүртэл энэ талаар гомдол, санал гаргаж байгаагүй байтал энэхүү ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж үзнэ. Уг дуу 2012 онд олны хүртээл болсон бөгөөд тухайн үеэс тооцон авч үзвэл 13 жил өнгөрсөн байна. Үүнээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байтал хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Энэхүү дуу олны хүртээл болсон үе болох 2012 онд Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдаагүй, харин 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцож буй Зохиогчийн эрхийн тухай хууль нь 2021 онд буюу C love дуу бүх нийтийн хүртээл болсноос хойш 9 жилийн дараа батлагдсан. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй." гэж заасан байтал Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагч нь уг заалтыг зөрчиж хуулийг буцаан хэрэглэж, зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна. Талуудын гомдол, мэдүүлэгт дурдагдаад байгаа гол гэрч, Э.Стай маргаан бүхий асуудлаар гол харилцаж байсан хүн болох О.А*******аас тайлбар мэдүүлэг огт аваагүй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийг этгээдийг хэлнэ хэмээн заасан. Гэтэл Э.Сгийн ямар эрх, хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй. Шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн бөгөөд Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар. зүйл заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй байна. Ийнхүү дээр дурдсанаар Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.З******* нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.", 25.1-т "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:” 25.1.1-т “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 25.1.4.гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах" зэрэг бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг дутуу хийж, шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.З*******ын 2025 оны 11-р сарын 18-ны өдөр гаргасан "Шийтгэлийн хуудсыг" бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
1.2 Гомдол гаргагчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: “...2012 онд Б.А******* болон О.А******* нар маргаан болоод байгаа дуу буюу “C love” гэсэн дууг дуулсан. Тухайн үед дууны үгийг О.А*******ын найз Э.С бичиж өгсөн. Дууны үгийг бичихдээ О.А*******ын захиалгаар бичиж өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайн үед талууд хоорондоо тохиролцоод Э.С зөвшөөрсний үндсэн дээр дууны үгээ Б.А*******д өгсөн гэдгээ шүүхэд ирүүлсэн тайлбар дээрээ сайн санааны үүднээс хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг. Б.А******* нь дууны үг бичиж өгсөнд талархал илэрхийлэн 15 мянган рубль өгсөн тухай мэдүүлсэн байдаг. Тухайн дууны үгийг Э.С бичин Б.А******* нь дууны аяыг зохион хамтарсан уран бүтээлийг гарган Б.А******* дуулсан. 2012 оноос хойш 13 жилийн хугацаанд энэ уран бүтээл хэвээр байсаар байгаа.Энэ хугацаанд Б.А******* болон О.А******* нар төлбөр төлөн, захиалгаар бичүүлэн дууны үг зохиогчийн зөвшөөрлийг авсан тул Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч Э.С өөрийн мэдүүлэгтээ 13 жилийн хугацаанд гомдол, санал асууж байгаагүй гэж мэдүүлсэн. Гомдол гаргагчийн зүгээс хариуцагч Б.З******* нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй шийтгэлийн хуудас гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Оюуны өмчийн газарт гаргасан гомдолдоо дууны үгээ хүлээлгэж өгсөн, О.А*******ын хүсэлтээр тухайн дууны үгийг бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн гомдлоос харахад Э.Сгийн зөвшөөрөл авалгүй хулгайгаар тухайн дууны үгийг ашигласан зүйл байхгүй байна. Тиймээс хариуцагчийн бодит нөхцөл байдлыг үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримт хангалттай цуглараагүй, талуудын байр суурь зөрүүтэй байхад шийтгэл оногдуулах нь үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 13 жил өнгөрсөн. Хариуцагч талаас сүүлийн зөрчил үргэлжилж байна гэж үзэж байгаа ч үргэлжилж байна гэж үзэж байгаа баримт нь тодорхойгүй. Э.С бол сайтаас авсан хуулбар материалуудыг өгсөн. Нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбаруудыг үндэслэн зөрчил үргэлжилж байна гэж үзэх нь үндэслэлгүй байна. Дуу олны хүртээл болсон үе буюу 2012 онд Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдаагүй бөгөөд 2006 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Зөрчил тооцож буй Зохиогчийн эрхийн тухай хууль нь 2021 онд батлагдсан бөгөөд энэ нь тухайн дуу нийтийн хүртээл болсноос хойш 9 жилийн дараа батлагдсан. Зөрчлийн тухай хуулиар эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь үндэслэлгүй байна. Энэ харилцаа Э.С болон О.А*******ын хоорондын харилцаа байсан нь Б.А******* болон Э.Сгийн мэдүүлгүүдээс тогтоодог. Б.А******* бэлэн болсон дууны үг дээр ая хийж дуулсан. Тиймээс энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд О.А*******ын тайлбар мэдүүлэг чухал шаардлагатай байсан бөгөөд мэдүүлэг аваагүй нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажил хангалтгүй байсан гэж үзэж байна. О.А*******ын тайлбар мэдүүлэг нь бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж байна. Шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн нь тодорхойгүй бөгөөд шийтгэлийн хуудас дээр ямар үндэслэлээр энэ шийтгэлийг ногдуулсан тухай тайлбар, түүнийг нотлох баримт байхгүй байгаа нь тухайн шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй байна. Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.З******* нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасан ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, шийтгэлийг ногдуулахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй зөвхөн нэг талыг барьсан мэдүүлэг тайлбарт үндэслэн шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй байгаа тул шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хоёр. Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.З*******ын бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1 Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.З******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Улсын байцаагч Б.З******* би Иргэн Б.А*******гийн нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. "Миний бие Э.С нь 2012 онд Дуучин Б.А*******гийн эхнэр О.А*******ын хүсэлтээр гэгээн хайрын сэдэвтэй дууны үг бичиж өгсөн. Дууны анхны нэр нь Winsome love байсан бөгөөд уг дууны нэрийг дараа нь миний зөвшөөрөлгүйгээр "C love" болгон өөрчилсөн байсан. Харин миний бичсэн дууны үгийг одоо болтол ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашиглаж эрх эзэмшигчийн эрхийг зөрчиж байна гэх гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т "оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр тусгайлан хуульчилсан. Тухайн гомдолд цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025.10.22-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газарт бүртгүүлэн 2502000718 дугаар авсан байдаг. Иргэн Э.С нь оюуны өмчийн газар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шинжлэх ухаан, утга зохиолын аман болон бичмэл бүх төрлийн бүтээлд хамаарах бүтээлийг бүртгүүлсэн байдаг. 11 дүгээр зүйл “Зохиогчийн эдлэх эрх”, 11.1 “Зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ”, 13 дугаар зүйл “Зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрх”, 13.1 “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид "бүтээл ашиглах онцгой эрх" гэх/ эдэлнэ”, 13.2 “Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна:”, 13.2.1 “хуулбарлах;”, 13.2.2 “нийтэд түгээх;”, 13.2.3 “нийтэд дамжуулах;”, 13.2.4 “нийтэд тоглох;”, 13.2.5 “нийтэд дэлгэж үзүүлэх;”, 13.2.6 “түрээслүүлэх;”, 13.2.7 “үүсмэл бүтээл болгон өөрчлөх”, 13.3 “Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан энэ эрхийн хүрээнд иргэн Э.Сгийн гомдлыг үндэслэлтэй гэж торгох шийтгэл оногдуулсан. Мөн хуулийн 13.2-т заасан эрхийг хуульд заасан болон бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хийсэн гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлнэ гэж заасан ба иргэн хооронд ямар нэгэн эрх шилжүүлсэн гэрээ байхгүй тул иргэн Э.Сгийн эрхийг зөрчсөн гэж үзсэн. Мөн 2012 оноос тухайн уран бүтээл хамтын бүтээл болж олон нийтийн хүртээл болсон гэх... нэхэмжлэлд дурдсан байсан ба Зохиогчийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйл “Хамтарсан зохиогч”, 9.1 “Нэг зорилготойгоор оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд нэгдмэл бүтээл хамтран туурвисан хоёр, эсхүл түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ”, 9.2 “Хамтын бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогчид хамтран эдлэх бөгөөд гэрээнд заасан бол хамтын бүтээлийг бүрдүүлэх хэсэг тус бүрийг ашиглах онцгой эрхийг тухайн хувь зохиогч эдэлнэ”, 9.3 “Толь бичиг, сэтгүүл, шинжлэх ухааны цуврал сэтгүүл, сонин, лавлах зэрэг хамтын бүтээлийн зохиогчийн эрхийн бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол түүнийг удирдан зохион байгуулсан хувь хүн, хуулийн этгээд эдэлнэ”, 9.4 “Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтын бүтээлийг ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх, шилжүүлэхэд бусад хамтран зохиогчдоос зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахгүй” гэж заасан ба дээрх маргаанд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй болно. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны хувьд иргэн Э.С нь 2025 оны 10 дугаар сарын 22-нд гомдол гаргасан бөгөөд иргэн Б.А******* нь гомдол гаргахаас өмнөх Зургаан сарын хугацаанд тухайн хамгаалагдсан уран бүтээлийг ашиглан нийтэд дамжуулах, нийтэд тоглох үйлдэл хийсэн нь гомдол гаргагчийн гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон зөрчлийн үйлдэл үргэлжилж байна гэж үзэх үндэслэл болно. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх буруу гэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2006 оны зохиогчийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 “шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ”, 7.1.2 “хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл хамгаална” гэж заасан байх ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ”, 12.3 “Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ” гэж заасан байх тул хүн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн иргэн О.А*******аас тайлбар мэдүүлэг аваагүй гэх шаардлагын хувьд Иргэн Э.Сгаас гаргасан гомдолд Иргэн О.А******* миний эрхийг зөрчиж байна гэх агуулга гомдолд дурдагдаагүй, тухайн бүтээлийг О.А******* нь дуулаагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолгүй гэж үзсэн. Иймд Эрх бүхий албан тушаалтны 2025.11.18-ны өдрийн 00******* дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье....” гэжээ.
2.2 Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.З******* шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбартаа: “...“C love” дууны үгийг 2012 онд Э.С бичсэн. Зохиогчийн эрхийн тухай хуулиар зөвшөөрсөн гэдэг агуулгыг таамагладаггүй зөвхөн нотолдог. Зохиогчийн тухай хуульд нийцүүлэн Б.А*******д энэ дууны үгийг дуулах зөвшөөрөл байх ёстой. Э.С болон Б.А******* нарын хооронд гэрээ байгуулагдаагүй. Мөн гомдол гаргагч талаас хөөн хэлэлцэх хугацааны тухай ярьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хязгаарлагддаг. Б.А*******гийн тоглолт дээр очоод энэ дуу дуулагдсан уу гэж үзэх боломжгүй зөвхөн гомдол гаргагчийн гаргаж өгсөн баримтуудаас үзэн энэ дууг сүүлийн 6 сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ дээр дуулсан байсан. Энэ тухайгаа мэдүүлэгтээ ч дурддаг. Мөн торгосон үндэслэл тодорхойгүй гэсэн тайлбарыг өгч байна. Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дүгээр бүлэгт зохиогчийн эрхийг хамгаалсан зохицуулалт байдаг тухайн үндэслэлийг баримтлан торгосон. Гомдол гаргагч талаас О.А*******ын тухай ярьж байна. Гэвч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хамаарал тогтоогдохгүй байсан тул гэрчээр мэдүүлэг аваагүй. Ман 15 мянган рубль өгсөн гэж мэдүүлэгтээ дурддаг ч өгсөн гэдгийг нь нотлох баримт байхгүй, дансны хуулга байхгүй, өгсөн гэж худлаа ч хэлж байж болно...” гэв.
Гурав. Гуравдагч этгээд Э.С шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Миний бие Э******* овогтой С нь 2025 оны 10 дугаар сарын 15- нд Оюуны өмчийн хяналт шалгалтын газарт гаргасан зохиогчийн эрхийн зөрчлийн талаарх гомдлын дагуу улсын байцаагч Б.З*******ын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр дуучин Б.А******* нь миний бүтээл болох дууны үгийг миний сануулснаас хойш зохиогчийн зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 8.3.1 дэх заалтаар холбогдох арга хэмжээ авхуулсан билээ. Гэвч уг хэрэг шийдэгдсэнээс ердөө 3 хоногийн дараа, 2025 оны 11 дүгээр сарын 21-нд дуучин Б.А******* нь дахин олон нийтийн арга хэмжээнд бизнесийн ашиг сонирхлын хүрээнд миний зохиосон дууны үгийг зохиогчоос зөвшөөрөл аваагүй байдалтайгаар дуулж, давтан зөрчил үйлдсэн нь тухайн үеийн видео бичлэгээр нотлогдсон /zielo restobar 13p хороолол CENTRALL MALL-н урд - утас 99042038/, мөн 11 сарын 15-нд дуулж байгаа баримт /бичлэгээр баталгаажуулсан/, 12 сарын 7-нд Okonoo Entertainment-н арга хэмжээнд, 10 сарын 18-нд мөн л ОХУ-д тоглолт хийдээ дуулсан зэрэг зөвхөн бидний мэдэж авснаар эдгээр тохиолдлуудад улсын байцаагчийг сануулснаас хойш олон нийтийн арга хэмжээнд эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил, зохиогч дахин дуулуулахгүй байх гомдлыг үл тоосоор байсан нь улсын байцаагчийн шийдвэрт нөлөөлсөн хэрэг болсон гэж хувьдаа бодож байна. Мөн тухайн дуучин нь "зохиогчийн зөвшөөрөл авахгүйгээр цаашид ч дуулна" гэсэн байр сууриа надад өөрийн амаар илэрхийлсэн бөгөөд үүнийг нотлох утсаар ярьсан аудио бичлэгүүд, мөн эхнэр гэгдэж байсан О.А******* нь 2025 оны 10 дугаар сарын 15-нд миний өгсөн гомдлыг олон нийтийн сүлжээний групп чат-д задруулан, гомдол шийдэгдээгүй байхад улсын байцаагчийн хянаж байгаа хэргийн тухай дэлгэж миний тухай таагүй мэдээлэл тараасан баримт надад бий. Эдгээр хүмүүс нь миний утасны дугаарыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан олж авсан бөгөөд надтай нэг ч удаа холбогдоогүй ба өөрсдийг нь намайг сураглаж байгааг дамжуул, бичсэн зүйлсийг нь харуул хэмээн далд дарамт үүсгэж эхэлсэн. Энэ үйлдэл нь Б.А*******, А******* нарын над руу үзүүлж уй анхны дарамт, дайралт биш бөгөөд 2016 онд миний зохиож өгсөн дууны нэрээр нэрлэсэн "C LOVE" тоглолтын шөнө утасдаж, маргааш өдөр нь энэ 2 хүн гэрийн минь гадаа ирж 35,000,000 төгрөгийн эд зүйлсийг нь хулгайлсан хэмээн сүрдүүлж, эргэн тойрных нь гэрч хамгаалалтын ажилтнууд намайг тоглолтын арын өрөөнөөс нь LV брэндийн 2 тэлээ, тоглолтод зүүдэг алтан зангиа, удам дамжин ирсэн мөнгөн тоноглолтой бүс зэрэг нийт 35,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хэрэглэгдэхүүнүүдийг хулгайлсан учраас одоо гаргаж өг, ээжтэй чинь амьдардаг гэрийг чинь орж нэгжинэ, дотуур хувцсыг чинь хүртэл нэгжлэг хийж цагдаа шүүхэд маш олон танил талтай олны танил хүмүүс учир насаар чинь шоронд хатаана хэмээн 3-4 цаг өөрсдийн машиндаа айлган сүрдүүлж, гэр бүлээсээ ирж байгаа утасны дуудлагыг хүртэл авхуулаагүй хүчирхийллийн шинж чанартай байдалд оруулсан билээ. Энэ үйл явдлаас хойш миний хувьд сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчийн хувьд бусадтай хамтран ажиллах айдастай болж, өөрийн амьдралын нэгээхэн хэсэг болсон шүлэг, зохиол бичих авьяасаа энэ хүмүүсийн тухай үеийн үндэслэлгүй дарамт шахалтаас болж ил гаргахаас айдаг трауматай болсон. Нэгэнт дууны шүлэг зохиож өгсөн хүнээ ингэж доромжлоод усанд хаясан чулуу шиг алга болсон хүмүүс надад гаргасан балмад үйлдлээ ухаарч дахин миний зохиосон шүлгээр тухайн дууг үргэлжлүүлэн дуулахгүй байх, эсвэл ийм аймшигтай зүйл болсны дараа үргэлжлүүлэн дуулах бол надаас зөвшөөрөл авах байх хэмээн ёс зүйн хувьд, зохиогчийн хувьд би хүлээлттэй байсан. Гэтэл ийм зүйл огтхон ч болоогүй бөгөөд би 2025 оны 9 сарын 16-нд дуучин П.Б*******ийн тоглолт дээр Б.А*******г мөн л С LOVE дуулж байгааг нь мэдээд өөр рүү нь дахин миний зөвшөөрөлгүй дуулахгүй, өөрөөр нь зохиож өгсөн үгээ ашиглуулсаар байхыг хүсэхгүй байгаагаа бичиж мэдэгдсэн ч хариу ирээгүй. Тийм учраас би Оюуны өмчийн газрын хяналт шалгалтын хамгаалуулахаар гомдол гаргасан нь улсын байцаагч Б.З*******т миний гомдол газарт зохиогчийн эрхээ хуваарьлагдсан байсан. Үүнээс хойш Б.А******* нь улсын байцаагчид мэдүүлэг өгөхдөө "Э.Сд дуу зохиолгосон гэж 15,000 рубль өгсөн" гэх зэргээр худал мэдээлэл өгч дахин гүтгэлгээ явуулж эхэлсэн. Энэ тухай нь би өөрөө А*******тэй эхэлж холбогдон асуухад "Чи надтай дуу зохиож өгснийхөө дараа холбогдохгүй яасан юм, оюуны өмчийн газарт гомдол гаргахгүй анхнаасаа тохиролцоонд хүрээд дуу зохиож өгсөн хөлсөө авах чинь яасан юм, би чамтай холбогдох гээд дугаарыг чинь мэдэхгүй учраас холбогдож дууны үг зохиолгосон төлбөрөө өгч чадаагүй, чи дуулахаа боль гэхээр би больчихдог нь биш, би олон өмгөөлөгчтэй" хэмээн дахин дарамт, бүдүүлэг харьцаа үүсгэсэн ярианы бичлэг нь миний гар утсанд хадгалагдаж байна. Өмнө нь хулгайд гүтгэн машиндаа олон цаг уйлуулж, шоронд явуулна гэж дарамт үзүүлснээ ч үгүйсгэж магадгүй маш аймар хүмүүс учраас би нотлох баримттай үлдэхийн тулд Б.А*******тэй утсаар ярихдаа 2-3 хүний хажууд, мөн өөрийн оролцоотой ярьж буй харилцан яригаа баримт болгон хурааж авч үлдсэн. Яагаад гэвэл Б.А******* А******* нарт хүн гүтгэх, дарамтлах юу ч биш гэдгийг би өөрийн бие, сэтгэл зүйгээрээ бүрэн мэдэрсэн. 2016 онд намайг хулгайд гүтгэж байсан 35,000,000 төгрөгийнх нь тоог би 2025 оны 10 сарын 15-нд гаргасан гомдолдоо тусгасан. Бусдын 35,000,000 төгрөгийн эд зүйлс өөрсдөд нь үнэ цэнэтэй бол миний хит болтол нь зохиож өгсөн дууны үг бүр надад түүнээс ч илүү үнэ цэнтэй. Мөн 2012 онд би О.А*******ын хүсэлтээр уг дууг зохиож өгөхдөө Б.А*******, О.А******* нарт 2016 онд хулгайн хэрэгт гүтгэгдэхээ мэдээгүй байсан учир маш их баярлан тухайн үедээ гоё дуутай боллоо хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан. Гэвч тэр баярласан минь 2016 оноос хойш хар дарсан зүүд шиг гүтгэлгээр дарагдсан учир одоо Б.А*******, О.А******* нар 2012 оны анхны чат, сайхан сэтгэгдлийг минь шүүх байгууллагад ашиглаж намайг гүтгэж, дарамтлаагүй юм шиг аашилсаар байгаа нь үнэхээр ёс суртахуунгүй үйлдэл гэдэгтэй шүүх байгууллага ч санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь дурдахад Оюуны өмчийн газрын улсын байцаагч миний гомдлыг хүлээн авсан өдрөөсөө хойш Б.А*******д зохиогчийн зөвшөөрөлгүй дахин дуулахгүй байх сануулга өгч миний гомдлыг танилцуулсан ч Б.А******* мөн л хуулийн шатны байгууллагын сануулгыг үл тоон гомдол бүрэн шийдэгдээгүй байхад олон удаагийн давтамжтай дуулсан хэвээр байсныг би улсын байцаагчид баримт болгон тухай бүрд нь танилцуулсан. Энэ хариу тайлбартаа ч би хавсаргана, гэтэл миний эрх ашиг зөрчигдөөгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байгаа нь бас л ёс суртахууны хувьд намайг илтэд доромжилсон хэвээр байгааг шүүх шатны байгууллагад хүргүүлсэн баримтуудаас харж болно. Б.А******* гэх дуучин нь хууль зүйн арга хэмжээний үр нөлөөг үгүйсгэж, зохиогчийн эрхийг илэрхийгээр уландаа гишгэсэн үйлдэл удаа дараа гаргасан нь бүх баримт нотолгоогоор ил байгаа тул та бүхэн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашид зохиогчийн эрхийг ёс суртахуунгүйгээр зөрчдөг, зохиогчоо шоронд явуулна хэмээн дарамталдаг энэ мэт урлагийн нэр барьсан, хүнээр зохиолгосон оюуны үнэт бүтээлийг олон нийтийн өмнө дуулж санхүүгийн арга хэрэгсэл болгон ашигладаг халтуурчин нөхдөд хууль үйлчилдэг байгаасай гэж хүсэж байгаа бөгөөд цаашид энэ дуучин гэх хүнд өөрийн зохиосон үгээ нэг ч удаа ашиглуулахгүй гэдгээ мэдэгдэж байна /хүсвэл аян дээрээ өөр хүнээр дахин үг зохиолгох эрх нь энэ хүнд байгаа/ Харин зохиогчийн хувьд хэнд өөрийн бүтээлээ ашиглуулах нь миний миний эрхийн асуудал. Иймд уг захиргааны хэрэгт намайг гуравдагч этгээдээр оролцуулах нь миний аюулгүй байдал, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхөөс гадна хууль зүйн зайлшгүй шаардлагагүй гэж үзэж байна Дээрх нөхцөл байдлыг харгалзан миний зүгээс уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байгааг Монгол Улсын иргэний хувьд албан ёсоор мэдэгдэж, энэхүү хариу тайлбарыг хэрэгт хавсарган авч, цаашид намайг ажиллагаанд оролцуулахгүй байхыг хүсье...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх гомдол, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээд Э.С шүүхэд гомдолтой холбоотой хариу тайлбараа 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болохоо мэдэгдсэн.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1 2025 оны 10 дугаар сарын 15-ны Э.Сгаас Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газарт хандан “2012 онд Б.А*******гийн найз бүсгүйн хүсэлтээр хайрын сэдэвтэй дууны үг бичиж өгсөн. Уг бүтээлийг дуучин Б.А******* миний зөвшөөрөлгүйгээр 13 жилийн турш тасралтгүй ашиглаж, ашиг хүртэж, миний сануулга анхааруулгыг үл тоож миний зохиогчийн эрхийг дахин зөрчиж ирсэн. Энэ үйлдэл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа тул цаашид зохиогчийн зөвшөөрөлгүй аливаа хэлбэрээр ашиглахыг хориглох, өөрт учирсан эдийн засгийн хохиролд 35 сая төгрөг гаргуулах, зөвшөөрлийн нөхцлийг тогтоох, хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэсэн агуулгатай өргөдлийг гаргажээ.
1.2 Өргөдлийг эрх бүхий албан тушаалтнаас шалгаад 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
1.3 Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №00******* дугаартай шийтгэлийн хуудсаар зохиогчийн эрхийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Хоёр. Гомдлын шаардлагын тухайд
2.1 Уг шийдвэрийг эс зөвшөөрч Б.А******* Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.З*******т холбогдуулан “2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдол гаргасны дагуу хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
3.1 2012 онд үгийг Э.С, хөгжмийг Э.А******* зохиож “C love” дуу бүтээгдсэн тухайд талууд маргаангүй байна.
3.2 Харин “дууг Э.Сгийн зөвшөөрөлгүйгээр дуулсан нь зохиогчийн эрхийг зөрчсөн, Н.А******* зохиогчийн эрхтэй тухай баримт байхгүй” гэж хариуцагчаас шийтгэлийн хуудасны үндэслэлээ, гуравдагч этгээд хариу тайлбартаа тодорхойлж,
Гомдол гаргагчаас “зөвшөөрөлгүй ашиглаагүй, тухайн үед төлбөр төлсөн, үүнийг мэдэж байсан тул зохиогдсноос хойш гомдол гаргаагүй байсан, зөрчлийг бүрэн тогтоож, ажиллагаа хийгээгүй, Зөрчлийн тухай хуульд заасан шалгах хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ.
3.3. Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
3.4. Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гомдол гаргагч нь Зохиогчийн эрхийг тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй, шийтгэлийн хуудсанд заагаагүй байна.
3.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “1.Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж зааснаас үзэхэд, эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа гүйцэтгэх, нотлох баримтыг цуглуулах, тэдгээрт тулгуурлан үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй байна.
3.6. Энэ хүрээнд мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-д заасны дагуу зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагааг багтаасан зөрчил шалгах ажиллагааг явуулахаар заажээ.
3.7. Гэтэл хэрэг дэх тоглолтын болон олон нийтийн сүлжээнд оруулсан гэх /хэргийн 16-17, 21-22 хуудас/ зургуудаар болон хариуцагчийн гаргасан тайлбар, зөрчлийг баримтжуулан шалган тогтоосон гэх баримтуудаар Э.А*******г C love дууг нийтэд зориулан дуулж, тоглолт үзүүлж, дууг сонсох боломжоор хангасан гэж дүгнэх боломжгүй.
3.8. Өөрөөр хэлбэл, хариуцагч зөрчлийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагыг хангаагүй, тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр баталгаажуулах ажиллагааг хийгдээгүй гэж үзэхээр байна.
3.9. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1. “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй: 1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараас үзэхэд зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан гэж үзсэн, түүнээс үүдэн дээрх хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэзээнээс тооцсон болох нь тодорхойгүй байна.
Тодруулбал, зөрчил дууг анх нийтэд тоглогдсоноос хойш эсвэл зохиогч дууг зохиогдох үед зөвшөөрөл өгсөн байсан гэж үзвэл хэзээнээс зөвшөөрлөө өөрчилж, ашиглахгүй байхыг мэдэгдсэн зэрэг хугацаа, зөрчлийг нэг удаа эсвэл удаа дараа гаргасан гэж үзсэн эсэхийг нарийвчлан тогтоох нотлох баримтын хүрээнд тодорхой гаргах шаардлагатай.
Түүнчлэн гомдолд, зөвшөөрөлгүйгээр ашигласнаас үүссэн хохирлын төлбөр, орлогын хувь, ёс суртахууны хохирол гэж нэхэмжилсэн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүх хуралдаанд хариуцагчаас иргэний журмаар нэхэмжлэх асуудал гэсэн боловч энэ тухай шийдвэрт дурдаагүй байна.
Эдгээрээс дүгнэхэд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнийг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг явуулах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, өөрөөр хэлбэл, шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцээх, эрх бүхий албан тушаалтны гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд маргаанд дүгнэлт хийх эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчид дээрх нөхцөл байдлыг судлан тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.3 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1,2, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.З*******ын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 60 /жар/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.З*******ын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №00******* дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АНХБАЯР