Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00294

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00294

 

Магадлал

2022.

ДДЭТХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02783 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ДДЭТХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Д-гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,687,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-, хариуцагч Ч.Д-г, түүний өмгөөлөгч О.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Ч.Д-гтэй 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ20/01 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний 2.1-д заасны дагуу нийт 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 10 сарын хугацаатайгаар зээлэх, зээлдэгч нь 2021 оны 07 сарын 05-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч нь нийт 1,874,729 төгрөг төлсөн. 3,125,271 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 6 сарын хугацаанд сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ч.Д-г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд 187 хоногийн алданги 536,241 төгрөг, үндсэн зээл, хүүгийн хамт 3,437,798 төгрөг, нийт 3,687,298 төгрөгийг хариуцагч Ч.Д-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2020 оны 08 дугаар сараас ДДЭТХХК-ийн саналын дагуу 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын 2,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд цалин дандаа дутуу ордог байсан. Сар болгон ажилчдын цалин, илүү цагийн мөнгөний талаар ярихаар хэрүүл ам хийлээ гээд 2021 оны 05 дугаар сард үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө ажлаас халсан. Сард 28-30 хоног ажилладаг байсан. Энэ нь хөдөлмөр хамгааллын дэвтрээр нотлогдох байх цалин дутуу ороод байхаар нь цалингаас 500,000 төгрөгөөр суутгаад яваад байна гэж бодож байтал байгууллага аваагүй гээд байна. Би ажил тасална гэж огт байдаггүй, хоцордоггүй хүн. Мөн бид хатуу хөл хорио тогтоосон байх хугацаанд ч байгууллага дээрээ байрлаж ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Д-гээс 1,755,292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДДЭТХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,932,006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч ДДЭТХХК нь хариуцагч Ч.Д-гт холбогдуулж 3,687,298 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ20/01 дугаартай зээлийн гэрээ болон 2021 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт Н21/01 дугаартай гэрээг тус тус үндэслэн, тодорхойлж гаргасан. Нэмэлт гэрээний 1.2, 2.1, 2.2, 2.3, 2.8-д зааснаар үндсэн зээлийн гэрээний дагуу зээлсэн 5,000,000 төгрөгөөс нийт 1,874,729 төгрөг төлж, 3,125,271 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар талууд харилцан тохиролцож, тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Анхан шатны шүүх талуудын тохиролцоог анхнаасаа зээлийн гэрээний үлдэгдлийг буруу тооцсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Мөн анхан шатны шүүх нь зээлийн гэрээнээс үүссэн маргаанд хөдөлмөрийн гэрээний цалин хөлстэй холбоотой маргааныг хамаатуулсан, хариуцагч Ч.Д-г, түүний өмгөөлөгч нар цалин хөлстэй холбоотой маргааныг тусдаа шийдвэрлүүлэх талаар шүүхэд хуралдаанд мэдүүлснийг шүүх анхаарч үзээгүй.

4.3. Анхан шатны шүүх хариуцагч Ч.Д-гийн цалин хөлснөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 31720/01 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 3,374,729 төгрөгийг суутган авсан гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан дараах нотлох баримт, үйл баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй гэж үзэж байна. 2020 оны 12 сар, 2021 оны 01 болон 02 сарын цалинг 2,000,000 төгрөгөөр тооцон олгосон байх ба нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20/056 дугаар барилгын талбайг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэх тухай тушаалыг үндэслэн ажилчдын цалинг 80 хувиар тооцон олгосон байдаг бөгөөд энэхүү тушаалыг хариуцагч Ч.Д-г нь эсэргүүцээгүй, түүнд гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор "Ди Ди Эм Ти" ХХК-д 2020 оны 08 дугаар сараас 2021 он 04 дүгээр сарын хооронд ажиллаж байсан ажилтан Ч.Д-гийн цагийн бүртгэлийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үүнийг хариуцагч Ч.Д-г нь эсэргүүцдэггүй, хүлээн зөвшөөрч байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж 1,932,006 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Зээлийн гэрээнд цалингаас тус бүр 500,000 төгрөг суутгахаар заасан боловч цалингаас суутгаагүй. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалснаар зээлийн гэрээ дуусгавар болсон гэж 1,932,006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ДДЭТХХК нь хариуцагч Ч.Д-гт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 3,687,298 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбарт үндэслэн хариуцагч Ч.Д-г нь нэхэмжлэгч ДДЭТХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлж авсан, уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлснөөс суутгуулан төлөхөөр тохиролцсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтыг зөв тогтоожээ.

3. Хариуцагч Ч.Д-г нь нэхэмжлэгч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр мужааны даамал албан тушаалд сарын 2,500,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/055 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн нь энэ хэргийн маргааны зүйл биш боловч хариуцагчийн цалин хөлснөөс зээлийн үүрэгт сар бүр 500,000 төгрөг суутгаж байсан гэж хариуцагч тал маргаж байгаа тохиолдолд хариуцагчид олгосон цалин хөлсний талаар шүүх дүгнэх учиртай.

 

4. Дээрх 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтад эргэн төлөх хуваарийг сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч нь хариуцагчийн 2020 оны 9, 10 дугаар сарын цалин хөлснөөс тус бүр 500,000 төгрөг суутгаж байсан, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл 2,500,000 төгрөгийн цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулсан, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн болохыг нэхэмжлэгч үндэслэл бүхий нотлох баримтаар нотолж чадаагүй зэргээс үзэхэд хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй байна. (хх-ийн 7, 51)

 

Иймд анхан шатны шүүх гурван сарын дутуу олгосон цалин хөлс 1,500,000 төгрөгийг хариуцагчийн цалингаас суутгасан 1,874,729 төгрөг дээр нэмж тооцон, нийт 3,374,729 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутган авсан, хариуцагчийн гүйцэтгээгүй зээлийн гэрээний үүргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 1,625,271 төгрөгөөр тодорхойлсон нь үндэслэлтэй болжээ.

 

5. Талууд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/20/01 дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахдаа 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцон хэлцэл хийсэн нь хууль зөрчөөгүй боловч уг гэрээнд зээлийн үлдэгдлийн хэмжээг дээрх байдлаар буруу тодорхойлсон тул алданги тооцохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 1,625,271 төгрөгт 4 сарын хүү тооцож, 130,021 төгрөг, нийт 1,755,292 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,932,006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

 

2. Давж заалдах гомдлын талаар.

 

2.1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч талуудын маргааны зүйл нь хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргасан байна. Иймд анхан шатны шүүх гэрээнд өөрчлөлт оруулахаас өмнөх зээлд төлсөн төлбөрийн талаар дүгнэснийг буруутгах боломжгүй тул маргааны үйл баримтын талаар нотлох баримтыг буруу үнэлж, улмаар Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг шүүх зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

2.2. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ20/01 тоот зээлийн гэрээний 3.1-д зээлдэгч нь үндсэн зээл хүүгийн хамт гэрээний хавсралт-1-д заасан хугацаа, хэмжээгээр хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлснөөс суутган зээлдүүлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 4.4-т ...хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч нь өөрийн хөрөнгөөр үндсэн зээл, түүний хүүг төлж барагдуулна, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан ЗГН21/01 тоот нэмэлт гэрээний 2.5-д ... Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд Үндсэн гэрээний 3.1-д заасны дагуу цалин хөлснөөс суутгах боломжгүй болсон... гэх зэргээр талууд зээлийн гэрээний үүрэг нь хөдөлмөрийн гэрээтэй харилцан уялдаатай хэрэгжихээр тохиролцсон байгаа тул ...зээлийн гэрээнээс үүссэн маргаанд хөдөлмөрийн гэрээний цалин хөлстэй холбоотой маргааныг хамаатуулсан.... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

2.3. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20/056 дугаар барилгын талбайг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэх тухай тушаалыг үндэслэн ажилчдын цалинг 80 хувиар тооцон олгосон гэж тайлбарлаж байгаа боловч уг тушаалыг хариуцагчид танилцуулсан гэх байдал нотлогдоогүй, хөдөлмөрийн гэрээний цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлгүй тул ...тохирсон цалин хөлсийг олгосон байгааг шүүх анхаарч үзээгүй... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэргийн 55 дугаар талд ажилтан Ч.Д-гийн цагийн бүртгэл гэх бичмэл нотлох баримт авагдсан байх боловч уг цагийн бүртгэлтэй ажилтан танилцаагүй, нэг талын баримт байхаас гадна Засгийн газрын шийдвэрүүдээр 2020 оны 12, 2021 оны 01, 02 дугаар саруудад хөл хорио тогтоосон нь ажилласан хоногийг хасч тооцох үндэслэл байж болохоос үндсэн цалингийн хэмжээг нөгөө талд буюу ажилтанд мэдэгдэлгүйгээр бууруулах үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нь ...Би ажил тасална гэж огт байдаггүй, хоцордоггүй, бид хатуу хөл хорио тогтоосон байх хугацаанд ч байгууллага дээрээ байрлаж ажиллаж байсан ... гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул ...цагийн бүртгэлийг хариуцагч эсэргүүцдэггүй, хүлээн зөвшөөрч байсныг шүүх анхаарч үзээгүй... гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 45,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ