Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00054

 

                                                                  Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй                                                                    иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/00559 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1782 дугаар магадлалтай,

         Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй,

         “Донж хаус” ХХК болон “Донж хацу” ХХК-д  холбогдох     

         Барилгын захиалга авах гэрээний дагуу төлсөн 96.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн     

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Л.Адъяасүрэн нь өөрийн нөхөр Т.Биндэръяа болон ганц охины хамт амьдардаг бөгөөд охин тусдаа гарч амьдрах болсноор Улаанбаатар хотын агаараас хол цэвэр агаарт амьдрах хүсэлтэй байсан болно. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр анх зурагтаар “Гацуурт хотхон”-д амины орон сууцаа захиалаарай цөөхөн байр үлдлээ гэсэн зар гарч байсныг харж очиж үзэхээр шийдсэн юм. Улмаар тэр өдөртөө “Донж хаус” ХХК-ийн Гацуурт дахь Гацуурт хотхонд очиж үзэхэд 16 тоот 108 метр квадрат талбай бүхий нэг дүнзэн байшин байсан ба гаднаасаа дууссан байдалтай дотор тал дуусаагүй байсан. Тэнд байсан хүмүүс нь авах гэж байгаа бол манай хотод байрлах Дархан плаза төв дээрх компанийн байранд очиж уулзаж гэрээ байгуулах шаардлагатай гэсэн. Хотод ирэн менежер н.Энхжаргал гэгчтэй утсаар ярьж 3 дугаар хорооллын эцэс дэх Дархан плаза байранд байрлах “Донж хаус” ХХК-ийн ажлын байранд очиж уулзаж гэрээ байгуулахад “Донж хацу” ХХК-тай гэрээ байгуулах болсон. Ямар учиртай юм бэ гэхэд манай 2 нэг захирал, удирдлагатай нэг компани юмаа гэсэн тул гэрээ байгуулан мөнгөө бүрэн төлсөн. Тухайн үед өөрсдийн хэлсэн ёсоор зөвхөн дотоод засал дутуу тул 1 сарын дотор дуусгаад хүлээлгэн өгнө гэсэн тул гэрээнд 1 сарын хугацаа зааж өгсөн юм. Ингээд 1 сар өнгөрсөн боловч тус амины орон сууцыг ашиглалтанд оруулаагүй, хүлээлгэн өгөөгүй, 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ашиглалтанд оруулан өгөхийг байнга шаардаж байсан болно. Тухайн амины орон сууцыг хугацаандаа ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөөгүй, мөн миний бие хань ижлээ алдан ганцаараа болсон, мөн зүүн зүгт нөхрөө хөдөөлүүлсэн гэсэн олон шалтгаанаар тус байшинг авах шаардлагагүй болсон тул гэрээг цуцлахаар 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан газар болох Дархан плаза байранд “Донж хаус” ХХК дээр очиж дэд захирал гэх н.Цолмон гэгчтэй уулзан гэрээг цуцлах болсон тухайгаа хэлэхэд та хүсэлтээ бичээд өгчих бид 3 сарын дотор таны мөнгийг чинь өгнө гэсэн тул хүсэлтээ бичиж өгөөд 3 сар хүлээсэн боловч эргэж холбогдоогүй, мөнгө буцаан өгөөгүй. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин уулзаж шаардлага тавихаар Дархан плаза төвд байрлах “Донж хаус” ХХК дээр очиход нүүгээд явсан байсан. Улмаар тус компанийг хайсаар 2015 оны 11 дүгээр сарын эхээр “Алтан тариа” ХХК-ийн урд байрлах “Хаус Центр”-ийг өөрсдөө барин ашиглалтанд оруулан орсон байхад очиж мөн дэд захирал н.Цолмонтой уулзахад мөнгийг чинь маргааш шилжүүлнэ тус 16 тоот байшинг өөр хүнд зарсан, мөнгө нь орж ирсэн байгаа гэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү асуудлыг шийдэж мөнгийг маань өгөөгүй байна. “Донж хаус” ХХК нь намайг “Донж хацу” ХХК- тай нэг удирдлагатай нэг байгууллага гэх ойлголтыг надад өгсөн. Хугацаанд нь байшинг хүлээлгэж өгөх гэсэн боловч нэхэмжлэгч нэмэлт нөхцөл шаардсан гэж ярьж байна. Энэ нь нэг сар дотроо багтсан гэж гэрээнд бичсэн. Зогсоолын талбай өргөсгөх гэж хэлээгүй. явган замыг наашлуулж өгөөч гэдэг санал тавьсан. Иймд 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Барилгын захиалга авах гэрээний дагуу төлсөн 96 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан тайлбарт: “Донж хацу” ХХК нь нэмэлт гэрээ хийсэн гэдэг ч үүгээрээ сөрөг нэхэмжлэл гаргаагүй ч 20 000 000 төгрөгийг давхар нэхдэг. Байшинд үзлэг хийсэн асуудал нь энэ тайлбартай холбоотой. Очиж үзэхэд байшин яг хэвээрээ л байсан. Аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэний л бол хэний л байшинг барихад авах боломжтой тийм нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. “Донж хаус” ХХК-ийн зар суртачилгааны үндсэн дээр нэхэмжлэгч нь очиж үзээд “Донж хацу” ХХК гэх ямар ч хамааралгүй өөр компанитай өөрөө очоод гэрээ хийсэн мэтээр ярьж байна. Харилцан хамааралтай гэдгийг нотолсон баримтууд хэрэгт байгаа. Энэ 2 компанийн хаяг лого нь хүртэл нэг. Нэг төрлийн үйл аж явуулдаг нэгээр нь гэрээ хийдэг маш олон маргаантай асуудлыг “Донж хацу” ХХК нь үүрдэг. “Донж хаус” ХХК нь ямар ч хүнд асуудлыг үүрдэггүй гэдэг. 2014 оны зар сурталчилгааг өнөөдөр бид телевизороор гаргах боломжгүй байсан. Улмаар зар мэдээний архивыг ухаж гаргаснаар 2014 оны 07 дугаар сарын 48 дугаар зарын 3 дугаар нүүрэнд бэлх, гачуурт хаус зарна гэж байсан. Тус зар нь дээрх хоёр компанийн хаяг яг адилхан. Иргэдэд нэг компани дээр хоёр өөр компани ажилладаг юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Гэрээ байгуулах санал гэж Иргэний хуулийн 95 дугаар зүйл болон 95.4 дэх хэсэгт гэрээний саналуудыг тайлбарлаж өгсөн зохицуулалтыг оруулж өгсөн байдаг. “Донж хаус” ХХК нь гэрээ байгуулах саналыг олон нийтэд гаргасан. Үүний дагуу нэхэмжлэгч нь очиж гэрээ байгуулсан. Жишээ нь А гэдэг хүнтэй гэрээ байгуулах гээд Б дээр очно гэж байхгүй. Хавтаст хэргийн 58, 59 дүгээр хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн лавлагаагаар аль аль компанийн хувьцаа эзэмшигч нь Т.Алтайбаатар гэж хүн гарч ирдэг. “Донж хацу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар Т.Алтайбаатарын хамт хувьцаа эзэмшигчээр н.Тулга, н.Бат гэж хүмүүс байдаг. Энэ нь 2016 оны 03 дугаар сарын лавлагаа юм. “Донж хаус” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь н.Гэрэлт-Од, Т.Алтайбаатар гэж байдаг. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь н.Гэрэлт-Од. Уг барилга захиалах гэрээг Д.Энхжаргал менежер нь байгуулсан байдаг. Д.Энхжаргал нь хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан лавлагаан дээрээс харахад “Донж хаус” ХХК-иас цалинждаг гэсэн байгаа. Тухайн байшингууд нь “Донж хацу” ХХК-ийн нэр дээр юм уу “Донж хаус” ХХК-ийн нэр дээр авагдаад байгаа юм уу гэдгийг тодруулаад Баянзүрх дүүргийн Газрын харилцаанаас нотлох баримт авахаар Т.Алтайбаатар өөрийн нэр дээр 8000 га газар аваад буцаагаад 14 хүнд өгсөн байдаг. Т.Алтайбаатар нь хоёр компанийн аль алиных нь хувьцаа эзэмшигч. Эдгээр хүмүүсийн хоорондоо харилцан хамааралтай гэдэг нь үүгээрээ гараад ирдэг. Тэгсэн хирнээ шүүх дээр огт танихгүй тусдаа байгууллага гэдэг тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч гэрээ байгуулаад гэрээнээс болж 2 жил хохирон өнөөдрийг хүртэл явж байна. Гэрээнээс яагаад татгалзаад байна вэ гэхээр гэрээг Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ гэж бидний зүгээс үзэж байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах гэж байгаа. Гүйцэтгэгч тал гэрээг зөрчсөн нь Иргэний хуулийн 255 дугаар зүйл болон 226 дугаар зүйлийг үндэслэл болгож байгаа. Үүргээ огт зөрчөөгүй гэж байна. 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг 7 дугаар сард гэрээ байгуулан 1 сарын дотор өгнө гэж хэлчхээд 2015 он гартал өгөөгүй. Гэтэл өнөөдөр ч дуусаагүй ийм байдалтай явдаг. Иргэний хууль дээрх зүйл заалтуудыг үндэслээд эдгээр хариуцагч нар нь харилцан хамааралтай гэдэг нь баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр хоёр компаниудаас хувь тэнцүүлэн 96 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

           Хариуцагч “Донж хацу” ХХК-ийн төлөөлөгч Т.Алтайбаатарын гаргасан хариу тайлбарт: “Манай компани нэхэмжлэгч Лханаажав овогтой Адъяасүрэнтэй 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ЭТ-14/115 дугаар Барилгын захиалга авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр “Донж хацу” ХХК-ийн зураг төслийн дагуу Баянзүрх дүүргийн Гацуурт тосгонд барьж ашиглалтанд оруулсан 16 ширхэг амины орон сууцнуудаас 16-н тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй баригдсан 108 м.кв талбай бүхий дүнзэн амины орон сууцыг захиалагч талд 1 сарын хугацаанд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгөх, мөн тамбар барьж хаалгыг урьд талаас нь гарган, зогсоолын талбай болон явган хүний замыг өргөсгөх нэмэлт нөхцөлтэй, нэмэлт нөхцлийг бүрэн хийж гүйцэтгэмэгц үнийг дахин тохиролцон тогтоож төлөхөөр харилцан тохиролцон 96 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан билээ. “Донж хацу” ХХК нь заасан үүргийнхээ дагуу 16 тоотод байрлах амины орон сууцанд дутуу гүйцэтгэсэн ажлыг захиалагч Л.Адъяасүрэнгийн хүссэн нэмэлт өөрчлөлтүүдийн хамтаар тус амины орон сууцанд хийж 2014 оны 11 дүгээр сард 100 хувь дуусган бэлэн болгосон. Гэтэл захиалагч бэлэн болсон байраа хүлээн авахгүй, холбоо барихгүй, утас нь холбогдохгүй байсаар 2015 оны 7 дугаар сар хүргэсэн бөгөөд манай компани нэгэнт захиалагчтай гэрээ байгуулагдан худалдан борлогдсон 16 тоотод байрлах амины орон сууцны харуул, хамгаалалт болон худгийн тогны мөнгийг төлж хүлээсээр байсан. Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр захиалагч Л.Адъяасүрэн ирж миний нөхөр нас бараад Гацууртад оршуулсан бөгөөд 3-5 жил тэр зүг рүү явж болохгүй гэж хэлсэн. Гэрээг цуцалж мөнгөө авах хүсэлтэй байна гэж мэдэгдсэн. "Донж хацу" ХХК нь захиалагч талд хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэнийг ойлгож гэрээг цуцлан, гэрээний дагуу хүлээн авсан мөнгийг буцаан олгох хүсэлттэй байсан боловч дээрх амины орон сууцыг дахин хэн нэгэнд зарах, зарж борлуулахын тулд захиалагч Л.Адъяасүрэнтэй байгуулсан гэрээний дагуу зарж борлогдсонд тооцон зар сурталчилгааг нь зогсоосон байсан өндөр үнэтэй реклам, зар сурталчилгааг зөвхөн нэг байшинд зориулан явуулах, худалдан борлуулах үндсэн үнийн дүнг бууруулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. 2015 оны 9 дүгээр сараас худалдан борлуулалт хийгдэх улирал өнгөрсөн тул өнөөдрийг хүртэлх хугацаанд тус 16 тоотод байрлах амины орон сууц худалдан борлогдоогүй байна. Түүнчлэн “Донж хацу” ХХК захиалагчийн нэмэлт хүсэлтийн дагуу 16 тоотод байрлах амины орон сууцанд тамбар барьж хаалгыг урьд талаас нь гарган, зогсоолын талбай болон явган хүний замыг өргөсгөх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрх өөрчлөлтүүдэд зарцуулагдсан материалын үнэ болон ажлын хөлсний нийт 20 648 863 төгрөгийг захиалагчаас гаргуулах ёстой гэж үзэж байна. Иймд “Донж хацу” ХХК нь нэхэмжлэгчид учирсан уй гашуу болон түүний гэр бүлийн ёс заншлыг хүндэтгэн талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ЭТ-14/115 дугаар “Барилгын захиалга авах гэрээ”-ний дагуу хүлээн авсан 96 000 000 төгрөгөөс захиалагчийн хүсэлтээр компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхэд зарцуулагдсан материалын үнэ болон ажлын хөлсний төлбөр болох нийт 20 648 863 төгрөгийг хасч үлдэгдэл 75 351 137 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх нь шударга бөгөөд хэн алиных нь эрх ашгийг хөндөхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талтай дээрх үнийн дүн дээр эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй бөгөөд хэрэв эвлэрлийн гэрээ байгуулагдсан тохиолдолд хариуцагч талаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт заасны дагуу зайлшгүй гарсан зардлаа шаардах эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй болно.” гэжээ.

        Хариуцагч “Донж хацу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн гаргасан хариу тайлбарт: “Донж хацу” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барилгын захиалга авах гэрээг Л.Адъяасүрэнтэй байгуулсан. Тус гэрээгээр “Донж хацу” ХХК нь 16 айлын амины орон сууцнаас 16 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй баригдсан 108 м.кв дүнзэн байшин өгөхөөр тохирсон. Нэхэмжлэгчээс 96 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Гэрээ байгуулахдаа Л.Адъяасүрэн нь зарын дагуу ирсэн гэж байсан. Бид гацуурт тосгонд орон сууц барьж байгаа учраас гэрээг манай компанитай байгуулсан. Бидний зүгээс зар сурталчилгаан дээрээ “Донж хаус” ХХК гэж алдаатай зар гаргасан. Бид нэхэмжлэгчийг ирэхэд “Донж хацу” ХХК барилгыг барьж байгаа манайх “Донж хацу” ХХК гэдгээ тайлбарласан. Ингээд мөн нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөд манай байгууллагатай гэрээ байгуулсан. Мөн гэрээ байгуулахад нэмэлт нөхцөл Л.Адъяасүрэн нь өөрөө шаардсан. Л.Адъяасүрэн нь байрны хойд талд таамбарын хаалга зүүн тийшээ харсан байна урагш харуулмаар байна. Зогсоолын талбайг өргөсгөх гэсэн шаардлага тавьсан. Нэмэлт нөхцөл шаардаагүй байсан бол 1 сарын дотор байшинг хүлээлгэн өгөх боломжтой байсан. Байр бэлэн болсон гэдгийг 11 сараас хойш Л.Адъяасүрэнд хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй таг болсон. 2014 оны 07 сараас хойш бид нар 16 тоот байрыг өөр хүмүүст зарахгүй хүлээсэн. Улмаар бидний зүгээс тухайн байранд хамгаалалтад гардаг хамгаалалтын хүмүүст мөнгө өгч тогны мөнгийг бид төлөөд байшингаа байлгаж байсан. Ингээд Л.Адъяасүрэн нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нөхөр нас барсан бид авах боломжгүй болсон гэж хэлсэн. Хүндэтгэн мөнгийг нь буцаагаад өгье гэдэг байдлаар хандсан. Эвлэрье гэх олон саналыг манай зүгээс тавьсан. Л.Адъяасүрэнгийн шаардсан нэмэлт нөхцлөөр манай байгууллага нийт 20 648 863 төгрөгийн барилгын материал болон хөлсөнд гаргасан. Гэвч бид энэ 20 648 863 төгрөгөө сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлээгүй. Энэ хүнийг хүндлээд мөнгөө өгье гэсэн. Эсхүл биет байдлаар нь байшингаа өгье гэсэн байр суурьтай байгаа.” гэжээ.

    Хариуцагч “Донж Хаус” ХХК-ийн төлөөлөгч Н.Гэрэлт-Одын гаргасан хариу тайлбарт: “Манай компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгч Л.Адъяасүрэн нь “Донж хацу” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Барилгын захиалга авах гэрээтэй ямар ч холбогдолгүй компани бөгөөд нэхэмжлэгч Л.Адъяасүрэнтэй Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй. Өөрөөр хэлбэл манай компани нэхэмжлэгчид ямар нэгэн санал тавиагүй, хүсэл зориг илэрхийлээгүй, хүлээн аваагүй, амаар болон бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгчийн аливаа эрх ашигт нөлөөлөөгүй, гэм хор учруулаагүй, нэхэмжлэгч Л.Адъяасүрэн хариуцагч “Донж хацу” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний харилцаа болон талуудын харилцан тохиролцсон нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцоогүй бөгөөд талуудын хооронд дээрх гэрээ байгуулагдсан талаар мэдээгүй, мэдэх ч боломжгүй, тодорхой зорилго бүхий тогтвортой бие даасан үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Иймд нэхэмжлэгч Л.Адъясүрэнгийн гаргасан “Донж хацу" ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Барилгын захиалга авах гэрээ”-ний дагуу төлсөн 96 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Донж хаус” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох жинхэнэ хариуцагч биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

       Хариуцагч “Донж хаус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоогийн гаргасан хариу тайлбарт: "Донж хаус” ХХК нь хамтран хариуцагчаар татагдсан. Тухайн компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үүсээгүй. Хэрэгт авагдсан барилга авах гэрээний талуудыг харахаар “Донж хацу” ХХК болон иргэн Л.Адъяасүрэн нарын хооронд хийгдсэн гэрээ байсан. Гэрээн дээр дарагдсан тамга тэмдэг нь “Донж хацу” ХХК-ийн тамга тэмдэг байсан. Барилгын үнэ төлбөрийг төлсөн баримт дээр Л.Адъяасүрэнгээс “Донж хацу" ХХК-д төлсөн санхүүгийн баримт хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан. “Донж хаус” ХХК-ийн тавьсан реклам сурталчилгааны дагуу “Донж хацу” ХХК-д Л.Адъяасүрэн нь яваад очтол манайх “Донж хацу” ХХК шүү гэдгээ тайлбарлан хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр ч мөн байдаг. Энэ хоёр компани нь нэг компани гэж ойлгуулсан учраас “Донж хацу” ХХК-тай гэрээ байгуулсан гэдэг. Нэгэнт гэрээг байгуулахаар очиход “Донж хацу” ХХК барилгыг барьж байгаа гүйцэтгэж байгаа амины орон сууц гэдгийг өөрт нь тайлбарлан ойлгуулсан. Сонголтыг Л.Адъяасүрэн өөрөө хийсэн. Тухайн өдрөө тайлбарлан хэлэхэд өөрөө ойлгон гэрээг байгуулсан. “Донж хацу” ХХК-ийн санхүүд 96 000 000 төгрөгийг тушаасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд “Донж хаус” ХХК-ийн оролцоо байхгүй. Татгалзлаа гаргасан. Тэгэхээр нэгэнт гэрээний нөгөө тал нь тодорхой. Манай компани гэрээ байгуулсан гэдгийг “Донж хацу” ХХК нь хүлээн зөвшөөрдөг. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг бид шилжүүлж өгнө, төлөхөд бэлэн байна гэдгээ “Донж хацу” ХХК тайлбар өгдөг. Уг гэрээний харилцаанд “Донж хаус” ХХК-ийн оролцоо байхгүй байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэн “Донж хаус” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохыг хүсч байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үзэхэд реклам сурталчилгаа нь “Донж хаус” ХХК-ийн зар байна. Энэ бол Иргэний хуулиараа гэрээ хийх дуудлага гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл талуудын хооронд маргаад байгаа энэ тухайн зар сурталчилгааг манай байгууллагаас тавиагүй. Ямар нэгэн санал нэхэмжлэгч талд тавиагүй Т.Алтайбаатар гэж хүний талаар яригддаг. Энэ хүн нь “Донж хаус” ХХК-ийн 2 дахь өөрчлөлтөөр 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигч болж орж ирсэн. Тухайн компанийн захирлаар сонгогдсон Т.Алтайбаатар нь “Донж хацу” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч. Нэхэмжлэгч тал энэ хоёр харилцан хамааралтай тийм учраас хамтран хариуцагчаар татсан гэдэг. Хэрэгт ирсэн баримтуудаар аваад үзэхээр хэн хэнээсээ хамааралтай компаниуд биш. Нэг компани ч биш. Аль нэгнийхээ охин компани нь ч биш. Компанийн хуульд зааснаар хамааралтай биш. Компаний тухай хуулиараа нэг хүн хэд хэдэн компанитай байж болно. Хэд хэдэн компанийн хувьцаа эзэмшигч байж болно гэдэг. Т.Алтайбаатар өөрөө хувьцаагаа н.Гэрэлт-од гэдэг хүнд бүрэн шилжүүлсэн. Бүр анх 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр н.Оюун гэж хүн “Донж хаус” ХХК-ийг байгуулсан байдаг. Тухайн талуудын хооронд хийгдсэн гэрээнд оролцогч нарыг маш тодорхой заасан аль аль нь хүлээн зөвшөөрөөд гэрээг байгуулсан байдал харагддаг. Иргэн, хуулийн этгээд хоёрын хооронд үүссэн гэрээний маргаанд “Донж хаус” ХХК нь оролцоогүй учраас “Донж хаус” ХХК-ийг хариуцагчаар татсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/00559 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Адъяасүрэн, хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Барилгын захиалга авах гэрээ”-г цуцалж, “Донж хацу” ХХК-иас 96.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй “Донж хаус” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШЗ/2016/00801 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гацуурт дах Гацуурт хотхоны 16 тоот амины орон сууц, авто гараашийг бусдад болон гуравдагч этгээдэд зарж борлуулахгүй байхыг өмчлөгч “Донж хацу” ХХК-д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсныг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Адъяасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Донж Хацу” ХХК-иас 637 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Адъяасүрэнд олгож шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1782 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/00559 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Донж хацу" ХХК-иас 96 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Адъяасүрэнд олгож, “Донж хаус” ХХК-д холбогдох Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар” гэж нэмж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж, 6 дахь заалтыг “5” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Иргэн Л.Адьясүрэнгийн өмгөөлөгч Ж.Оюунболд би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1782 дугаар магадлалыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй." гэж заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Магадлалын хянавал нь хэсэгт шүүх "Донж хацу" ХХК нь гэрээ байгуулах санал тавьсны дагуу нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу уг гэрээг байгуулсан, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар "Донж хаус" ХХК нь “Донж хацу" ХХК-ийн өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэн, хариуцагч “Донж хаус" ХХК-д холбогдох Л.Адьяасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Донж хацу" ХХК-иас гэрээний дагуу төлсөн 96.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна” гэж ээ. Гомдол: Иргэн Л.Адъяасүрэн нь 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр анх зурагтаар “Донж хаус" ХХК-ийн "Гацуурт хотхон"-д амины орон сууцаа захиалаарай цөөхөн байр үлдлээ гэсэн зар гарч байсныг харж очиж үзэхээр шийдсэн юм. Улмаар тэр өдөртөө "Донж хаус" ХХК-ийн Гацуурт дахь "Гацуурт хотхон"-д очиж үзэхэд 16 тоот 108 метр квадрат талбай бүхий нэг дүнзэн байшин байсан ба гаднаасаа дууссан байдалтай дотор тал дуусаагүй байсан тэнд байсан хүмүүс нь авах гэж байгаа бол манай хотод байрлах Дархан Плаза төв дээрх компанийн байранд очиж уулзаж гэрээ байгуулах шаардлагатай гэсэн. Буцан хотод ирэн менежер н.Энхжаргал гэгчтэй утсаар ярьж 3 дугаар хорооллын эцэс дэх Дархан Плаза байранд байрлаж байсан "Донж хаус" ХХК-ийн ажлын байранд очин уулзаж гэрээ байгуулахад "Донж хацу" ХХК-тай гэрээ байгуулах болсон ямар учиртай юм вэ гэхэд манай 2 нэг захирал удирдлагатай нэг компани юм аа гэсэн тул гэрээ байгуулан мөнгөө бүрэн төлсөн. Энэ үеэс л "Донж хацу" ХХК гэх компани гарч ирсэн Л.Адъяасүрэн нь гэрээ байгуулснаас хойш харилцаж байхад Т.Алтайбаатар гэх захирлын нэр дурдагдаж энэ хүнтэй уулзаж байгаагүй болно. Шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаанд Т.Алтайбаатар гэгч нь “Донж хаус” ХХК, “Донж хацу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон. Мөн түүнчлэн “Барилгын захиалга авах гэрээ” байгуулсан “Донж хацу” ХХК-ийн менежер гэх Д.Энхжаргал нь “Донж хацу" ХХК-иас цалинждаг нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон болно. Түүнчлэн зар мэдээ сонинд тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах зарыг “Донж хаус” ХХК нь тавьж байсан гэдэг нотлогдож хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч дээрх компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь компанийн нэр андуурч тавигдсан гэх бодит үнэнд нийцэхгүй тайлбар мэдүүлэг гарган шүүхийг төөрөгдүүлж байна. Дээрх нотлох баримтуудаас тус хоёр компани нь харилцан хамааралтай гэдэг нь хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Хэрэв анхнаасаа “Донж хаус" ХХК нь зурагтаар зар сурталчилгаа гаргаагүй байсан бол тэрхүү байшинг үзэж авахгүй байх байсан гэтэл андуурагдсан сурталчилгааг үзэн хүлээн зөвшөөрч огт өөр компанитай гэрээ байгуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий байна гэж заасныг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1782 дугаар магадлалд өөрчлөлт оруулан “Донж хаус” ХХК-тай холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

         Нэхэмжлэгч Л.Адъяасүрэн нь хариуцагч “Донж Хацу” ХХК, “Донж Хаус” ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 96 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “…зурагтаар Гацуурт хотхонд амины орон сууцаа захиалаарай, цөөхөн байр үлдлээ гэсэн “Донж Хаус” ХХК-ийн рекламаар гэрээ байгуулах санал гаргасны дагуу  очиход “Донж Хацу” ХХК-тай бичгийн гэрээг байгуулах шаардлагатай, уг хоёр компани нь нэг захиралтай гэж тайлбарласны дагуу “Донж Хацу” ХХК-тай гэрээг байгуулсан..., ... байрыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй..., байрны төлбөрт төлсөн 96 000 000 буцаан олгоно гэсэн ч үүргээ биелүүлээгүй..., төлбөрийг хариуцагч “Донж Хацу” ХХК, “Донж Хаус” ХХК тус тус хувь тэнцүүлэн буцаан төлөх ёстой” гэжээ.

    Хариуцагч “Донж Хацу” ХХК  “...Барилгын ажил дуусч, 11 сард хүлээлгэж өгөх гээд нэхэмжлэгч Л.Адъяасүрэнгийн утас руу залгасан. Утас нь холбогдох боломжгүй байсан. ...  байшинд зарим нэг өөрчлөлт хийх хүсэлт гаргасны дагуу хаалга, гадна талын тохижилт зэргийг нэмж засварлан хийсэн ба 20 648 863 төгрөгийн зардал гарсан, энэ мөнгийг хасч үлдэгдлийг төлөх нөхцлөөр эвлэрэх боломжтой.” гэсэн бол “... нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй, энэ маргааны хариуцагч биш” гэж хариуцагч “Донж Хаус” ХХК тайлбар гаргасан байна.

2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч “Донж Хацу” ХХК-тай нэхэмжлэгч Л.Адъяасүрэн нь  “Барилгын захиалга авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Донж Хацу” ХХК нь Гацуурт дахь “Гацуурт хотхонд” амины орон сууцны 16 тоот 108 м.кв талбайтай дүнзэн байшинг /80 хувийн гүйцэтгэлтэй/ 1 сарын дотор барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, захиалагч Л.Адъяасүрэн нь 96 000 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. “Донж Хацу” ХХК-д захиалагч Л.Адъяасүрэн нь 96 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь гэрээ, кассын орлогын ордер болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй байна. /хх-ийн 4, 5, 6, 32-38/

“Донж Хацу” ХХК нь 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдэж 1311006108 гэсэн улсын бүртгэлийн дугаар, 3738906 гэсэн регистрийн дугаартай, мод модон эдлэл бэлтгэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй байгуулагдсан ба захирал нь Т.Алтайбаатар, харин “Донж Хаус” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдэж 9011274139 гэсэн улсын бүртгэлийн дугаар, 5458277 гэсэн регистрийн дугаартай, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан, захирал нь Н.Гэрэлт-Од болох нь хэрэгт авагдсан баримт улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогджээ.

         Анхан шатны шүүх “Донж Хаус” ХХК-д холбогдох Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь “Донж Хацу” ХХК-тай “Барилгын захиалга авах гэрээ” байгуулсан, гэрээний төлбөр болох 96 000 000 төгрөгийг тус компанид төлсөн байх бөгөөд  “Донж Хаус” ХХК нь “Донж Хацу” ХХК-тай хамтран хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх заалтыг зөв тайлбарласан байх бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Адъяасүрэн, хариуцагч “Донж Хаус” ХХК нарын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

         Нэхэмжлэгч нь хариуцагч “Донж Хацу” ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөн буюу “Барилгын захиалга авах гэрээ”-ний 2.2-д заасан хугацаанд 16 тоот байшинг дуусгаж хүлээлгэн өгөөгүй, байшинг авах боломжгүй өөр нөхцөл үүссэн гэж гэрээг цуцлах санал гаргасныг хариуцагч зөвшөөрч, мөнгийг буцаан төлөх хугацаа тогтоож өгсөн талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, түүнчлэн гэрээний хугацааг сунгасан, үүрэг гүйцэтгэхэд нэмэлт хугацаа тогтоосон гэж маргасан боловч “мөнгийг нь буцааж өгье” гэсэн тайлбараар талуудын хооронд байгуулсан “Барилгын захиалга авах гэрээ”-г нэхэмжлэгч талын хүсэлтээр цуцалсныг хариуцагч “Донж Хацу” ХХК хүлээн зөвшөөрсөн тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.

        Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргаагүй шаардлага буюу 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Барилгын захиалга авах гэрээ”-г цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.  

          Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь  зөв юм.

         Харин анхан шатны шүүх Л.Адъяасүрэн болон “Донж Хацу” ХХК нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан  “Барилгын захиалга авах гэрээ”-г “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж дүгнэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-ийг  хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний энэ алдааг залруулаагүй нь буруу юм.

 Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтын онцлог нь гэрээний зүйл бий болохоос өмнө захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд хэлцэл хийгдэж, гэрээнд заасан ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх зорилготой байдаг буюу хуульд “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Харин энэ маргаанд талуудын хооронд байгуулагдсан гэрээг “Барилгын захиалга авах” гэж нэрлэсэн боловч хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд гэрээ байгуулагдаж, төлбөр хийгдсэн тухайн өдөр гэрээний зүйл болох 16 тоот байр баригдсан байсан ба дотоод засал дутуу учир 1 сарын дараа хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Адъяасүрэн хүсэл зоригийн илэрхийллээ гаргахаас өмнө гэрээний зүйл болох 108 м.кв бүхий 16 тоот байр нэгэнтээ бий болсон буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбогдох эрх зүйн зохицуулалтад нийцнэ. Энэ үндэслэлээр хяналтын шатны шүүхээс магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1782 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...343 дугаар зүйлийн 343.1.” гэснийг “ ...243 дугаар зүйлийн 243.1.” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      2. Нэхэмжлэгч Л.Адъяасүрэнгээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398.000 /гурван зуун ерэн найман мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                               ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН