| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/08037/И |
| Дугаар | 191/ШШ2025/07115 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/07115
2025 08 29 191/ШШ2025/07115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ОК ББСБ ХХК /РД: /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аы А/РД: ***/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аа овогтой А/РД: ***/-д ОК ББСБ ХХК-тай 2021 оны 03-р сарын 12-ны өдөр 5725 тоот Зээлийн гэрээ байгуулж 2021 оны 11-р сарын 18-ний өдөр 365,000 төгрөг. 2021 оны 12-р сарын 16-ны өдөр 125.000 төгрөг. 2022 оны 03-р сарын 30-ны одор 365,000 төгрөгийн зээлүүдийг 30 хоногийн хугацаатай 9.9% хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч А.Ань зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй шалтгаанаар МУ-ын ИХШХШ тухай хуулийн 117-р зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 101/11132024/01285 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагч нь одоо хаана амьдарч байгаа хаяг нь тодорхойгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Амартайванг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулж өгнө үү. гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн с-1/3512 тоот Итгэмжлэл, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ТЗ101/565 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/01285 дугаар захирамж, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №38074 тоот Цахим зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/35309 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас А.Амартайваны оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс А.Амартайваны оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ОК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аы А/РД: ***/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ....Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/01285 захирамжаар А.Ань __________хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. А.Ань зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №38074 тоот Цахим зээлийн гэрээ зэргээр А.Ань иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд А.Ань _______ хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3 А.Ань _______ хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аы А/РД: ***/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч ОК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ОК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аы А/РД: ***/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Амартайваныг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ОК ББСБ ХХК /утас: /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ОК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА