Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 60

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Н.Алтантуяа

Улсын яллагч Д.Түвшинтөгс       

Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгчдэгчийн өмгөөлөгч  Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас  шүүгдэгч Л  овогт М-ын Д д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000003 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн  Ү суманд 1973 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт Ховд аймгийн Ү  сумын Н багт оршин суух, Л  овогт М-н Д    /РД: /

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

     Шүүгдэгч  М.Д  нь  2017 оны 07 сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Үенч  сумын Нарийнгол   багийн нутаг дэвсгэрт орших Хужир гэх газарт З.Алтансугар, Р.Амарсанаа нартай маргалдаж зодолдох явцдаа З.Алтансугарын толгой тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч  М.Д гийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 07 сарын 25-ны өдөр багийн өдөрлөг болсон юм. Буцах замдаа Р.Амарсанаа айлд ороод гаръя гэтэл эхнэр З.Алтансугар нь чи согтуу байж айлд орох гэлээ гээд хэрүүл маргаан болсон. З.Алтансугар нь Р.Амарсанаагийн нүүрийг маажаад хэрүүл хийгээд байхаар нь би чи нөхөртэйгээ дандаа хэрэлдэж байдаг ямар учиртай хүн бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ муу архичин гээд үснээс зулгааж хэрүүл, маргаан хийсний улмаас ийм асуудал болсон. Тухайн үед машинаас буугаад Амарсанаа надтай ноцолдох үед З.Алтансугар миний толгой руу цохисноос болж миний толгойноос цус гарсан байсан болохоор би уурандаа чулуу авч шидсэн. Амарсанаа, З.Алтансугар хоёр цаашаа хараад явж байхад нь араас нь шидсэн чулуу Алтансугарын толгойд оносон байсан. Би 0.5 л Ерөөл нэртэй архи 1 шил, 3-4 литр орчим шимийн архийг Р.Амарсанаатай хувааж уусан байсан. Өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. Би хохирогч З.Алтансугарт хохиролд 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг өгсөн. Чулуугаар цохьсон үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Тухайн үед миний толгой мөн цоорсон боловч би эмчид үзүүлээгүй” гэх мэдүүлэг, 

Шүүгдэгч М.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 сарын 25-ны өдөр манай багийн өдөрлөг болсон юм. Уг баярт манай хүү Дашдоржийн  машинтай манай эхнэр Р.Ц , хүү Д.Дашдорж, хүргэн дүү  Р.Амарсанаа, түүний эхнэр З.Алтансугар, хүүхдүүд нь, З.Алтансугарын дүү З.Алтансувд, хүргэн ах Доржпалам бид нар явсан. Баяр дээр Р.Амарсанаа бид хоёр жаахан архи уусан байсан. Бид нар буцаж явахад Р.Амарсанаа айлд орье гэхэд эхнэр З.Алтансугар араас нь чи дандаа архи ууж явдаг гээд  хоёр хацрыг шалба маажчихсан. Тэгэхээр нь би та хоёр энд тэнд явах болгондоо цус нөж урсгаж явдаг яачихсан хүмүүс бэ гэхэд З.Алтансугар чамд ямар хамаатай юм бэ муу архичин гээд миний үснээс зулгаасан, мөн нөхөр нь бас над руу дайраад намайг цохиод авсан. Тэгээд бид нар машинаас буухад Р.Амарсанаа чи миний эхнэр лүү дайрдаг хэн юм бэ гээд над руу дайрч ирээд намайг дарж аваад байж байтал З.Алтансугар ирээд миний толгой руу чулуугаар цохьсон. Тухайн үед миний толгойноос цус урсаад гараад ирсэн. Тэгээд Амарсанаа бид хоёр салцгаасан. Тэгээд би уурандаа Р.Амарсанаа руу чулуу аваад шидтэл цаана нь З.Алтансугарын толгойд нь оноод цус гарсан. Тэгэхэд хүмүүс хүн алчихлаа гээд хашгирхаар нь би З.Алтансугарын цээжин дээр нь дарахад амьсгалж байсан болохоор гол руу явж нүүр гараа угаасан” гэх мэдүүлэг,

            Хохирогч  З.Алтансугарын  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”2017 оны 08 сарын 25-ны өдөр би  Нарийнгол багийн өдөрлөг тараад Хужирт гэх газарлуу манай нөхөр Р.Амарсанаа, манай хадам ах Д , түүний эхнэр Ц  бид нар хүүхдүүдтэйгээ машинтай явж байсан. Тухайн үед манай нөхөр Р.Амарсанаа, М.Д  нар согтуу байсан. Манай нөхөр согтуу машин барьж яваа болохоор санаа зовоод болгоомжтой яваарай гэж хэлсэн. Тэд нар замаараа айлаар орно гээд байхаар нь би нөхрийгөө айлаар орохгүй  шууд яв одоо машин зогсоо гэхэд манай нөхөр зогсохгүй байхаар нь би нөхрийнхөө ард сууж яваад үснээс нь татаад чи наад машинаа зогсоо гэхэд машин зогссон. Тэгэхэд Д  чи ямар даварсан авгай вэ гэж хэлсэн хажуунаас нь Д гийн эхнэр намайг бас хэл амаар доромжилсон. Тэгээд манай нөхөр намайг чи миний үснээс татлаа гээд намайг хойш эргээд  гараараа цохиход манай дүү Амарсанааг та болиоч гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр машинаа асаагаад явж байтал Д   эхнэрийн хамт намайг хэл амаар доромжлоод бид нар хоорондоо маргаад явж байтал манай нөхөр машинаа зогсоогоод одоо та нар чимээгүй болиоч  та нарт миний амьдрал ямар хамаатай юм гэхэд Д  би чамайг өмөөрч байна гээд манай нөхрийг цохиод авсан. Тэгээд тэр хоёр машин дотор барилцаж аваад зодолдсон, би арын хаалга онгойлгож хүүхдүүдээ буулгачихаад нөхрийгөө салгаад холдуулж байтал М.Д  машин тойрч ирээд бид хоёр луу чулуу шидэхэд миний толгойд онож цус гарч биедээ гэмтэл авсан...” гэх мэдүүлэг.

Гэрч  З.Алтансувдын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”...Би 2017 оны 07 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Нарийнгол багийн өдөрлөг үзчихээд эгч З.Алтансугар түүний нөхөр Р.Амарсанаа, хүүхдүүд нь Содбилэг, Сод-Энэрэл, Пүрэвсайхан, З.Алтансугарын хадам эгч Р.Ц ,  М.Д гийн хүүхэд  Д.Дашдорж, танихгүй ах, охин хоёр байсан. Тухайн үед Р. Амарсанаа ах жолоо барьж явсан. Жолоо барьж явснаа замын хажууд шинээр айл ирээд бууж байна орчоод гаръя гэхээр нь эгч З.Алтансугар архи уучихсан байж яах гээд байгаа юм бэ? гээд  Амарсанаагийн  хацарлуу нь хоёр удаа алгадсан чинь Р. Амарсанаа машинаа зогсоохоор нь дахиад  З.Аптансугар эгч Р.Амарсанаагийн  хацарыг нь маажтал Р. Амарсанаагийн хацарнаас нь цус гарахаар нь  З.Алтансугарын хадам эгч  Р.Ц , ах  М.Д  хоёр  З.Алтансугар эгчийг миний дүүг зоддог хэн бэ? гээд дайраад байхаар нь  Р.Амарсанаа  З.Алтансугар эгчийг үсдэж авснаа толгойруу нь чамайг алаад хаячихъяа гээд цохиод байсан.Тухайн үед Р.Ц , М.Д  хоёр  З.Алтансугар эгчийг  Р.Амарсанаагаар зодуулах утгатай шордсон үг яриа хэлээд байсан. Р.Амарсанаа  нь З.Алтансугар эгчийг зодсоны дараа  М.Д  З.Алтансугар эгчийг янхан гэсэн утгатай үгээр хэл амаар доромжлоод байхаар нь эгч З.Алтансугар, М.Д г гараараа толгой хэсэгрүү цохичих шиг болсон тэгтэл М.Д , З.Алтансугар эгчийг зөрүүлээд толгойруу нь цохиод байсан хэдэн удаа цохисон эсэхыг мэдэхгүй байна. Мөн хажуугаас нь Р.Ц   З.Алтансугар эгчийг салгаж байхдаа түлхээд цохиод байсан.  М.Д  Р.Амарсанаа ахад хандан танай эхнэр З.Алтансугарын гаргасан хүүхэд чинь өөр хүний хүүхэд мэдэж ав гэж хэлхэд Р.Амарсанаа уурлаад М.Д рүү дайрч давшлаад хоорондоо машин дотор зодолдоод унасан. Удалгүй машины хойно сууж байсан М.Д гийн эхнэр хүүхэд хоёр нь машины хойд хаалгаар буугаад М.Д  Р.Амарсанаа хоёр дээр очоод М.Д тэй  нийлж байгаад Р.Амарсанааг зодоод байсан. М.Д   Р.Амарсанаа хоёр машинаас буугаад дахиад хоорондоо дээр доороо ороод зодолдоод бие биенийгээ алчихъяа  гээд  чулуу аваад далайгаад байхаар нь би  Р.Амарсанаа, М.Д  хоёр дээр очоод та одоо  болиочээ гэж аргадсан боловч миний үгэнд орохгүй зодолдоод байсан. Манай  эгч  З.Алтансугар, Р. Амарсанаа М.Д  хоёрыг салгаад  Р.Амарсанааг аваад явж байтал  М.Д   ах газраас чулуу аваад  Р.Амарсанаа эгч  З.Алтансугар хоёрлуу шидтэл эгч З. Алтансугарын толгой руу цохисон. Эгч газарт унаад өгсөн. Би та нар хүн алчихлаа гэхэд М.Д   наадах чинь баашилж байгаа юмаа гээд ойртохгүй байсан. Р.Амарсанаа М.Д д хандан чи хүн алчихлаа гээд дахиад хоорондоо зодолдсон. Та нар болиоч эмнэлгийн тусламж үзүүлмээр байна гэхэд Р.Амарсанаа машин бариад З.Алтансугар эгчийг машинд суулгаад явтал З.Алтансугар эгч толгой өвдөөд зүрх хаагдчих гээд байна намайг айлын гадаа буулгачих гэхээр нь айлын гадаа буулгаад би З.Алтансугар эгчийн цусыг нь алчуураар дарж өгсөн. Тухайн үед эмнэлэг дуудах гэхээр утастай хүн байхгүй учир Р.Амарсанаагийн ээжийн гэрт нь очиж утсаар түргэн дуудчихаад ирсэн...” гэх мэдүүлэг, 

Гэрч  Р.Амарсанаагийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”Би 2017 оны 07 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Нарийн гол багийн өдөрлөг үзчихээд эхнэр З. З.Алтансугар, хүүхдүүд  Содбилэг, Сод-Энэрэл,  Пүрэвсайхан, З.Алтансугарын дүү З.Алтансувд, эгч  Р.Ц , Р.Ц гийн хүүхэд  Д.Дашдорж ,хүргэн ах М.Д  нарын хамт нэг голд зусч байсан ах Доржпалам, нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг охин байсан. Би тухайн үед жолоо бариж явсан замдаа явж байтал зам дээр нэг айл шинээр ирээд гэрээ барьж байхаар нь ороод гаръя  гэж бодоод гэрлүү нь явж байтал эхнэр З.Алтансугар чи архи уучихаад яах гээд байгаа юм бэ? гээд миний нүүрийг маажихаар нь би зөрүүлээд З.Алтансугарыг гараараа цохисон тэгээд миний зүрх салгалаад, зүрх чичрээд болсон явдлын талаар санахгүй байна нэг мэдсэн чинь З.Алтансугарын толгойноос нь цус гарчихсан З.Алтансувд хүн алчихлааш дээ гээд орилоод байсан. Би эхнэр  З.Алтансугарыг машинлуу өргөж оруулаад айлд хүргэсэн. Би нэг ууралхаараа ухаанаа алдчихаад юу хийж байгаагаа мэдэхээ байчихдаг.....гэх мэдүүлэг,

  Гэрч  Р. Ц гийн  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”Би 2017 оны 07 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн өдөрлөг үзчихээд нөхөр М.Д , хүү  Д.Дашдорж, дүү Р.Амарсанаа, Р.Амарсанаагийн  эхнэр З. Алтансугар хүүхдүүд  нь  А.Содбилэг, А.Сод-Энэрэл, А.Пүрэвсайхан,  З.Алтансугарын дүү З.Алтансувд,  хадам ах Доржпалам, нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг охин нарын хамт УАЗ 469 машинаар явж байсан.  Р.Амарсанаа жолоо барьж яваад зам дээр нэг айл шинээр ирээд гэрээ барьж байна ороод гаръя гэтэл Р.Амарсанаагийн эхнэр  З.Алтансугар архи уучихсан байж муугаа гайхуулж байгаа юм шиг гээд  Р.Амарсанаагийн нүүрийг нь маажихаар З.Аптансувд бид хоёр та нар одоо  болиочээ гэсэн чинь З.Алтансугар та нарт ямар хамаатай юм гээд  Р.Амарсанааг дахиад маажчихсан тэгтэл  Р.Амарсанаа уурлаад  З.Аптансугарын  толгойруу нь цохиод байсан хэдэн удаа цохисоныг би мэдэхгүй байна. Тэгээд удалгүй манай нөхөр М.Д  З.Алтансугарыг миний дүүг зоддог ямар даварчихсан авгай вэ? гэтэл М.Д гийн үснээс зулгаагаад авхаар М.Д  зөрүүлээд уурандаа  З.Алтансугарын цохиод авахаар нь би дундуур нь ороод салгаад байж байтал манай нөхөр М.Д  З.Алтансугарыг танай хүүхэд чинь  Р.Амарсанаагийн хүүхэд биш гэсэн утгатай үг хэлэхээр нь  Р.Амарсанаа, Д  ахаа та одоо болиочээ гэхэд би чамайг өмөөрч байхад чи юу гээд байгаа юм бэ? гээд хоорондоо маргалдаж байгаад машин дотор зодолдоод байхаар манай хүүхэд машины хаалгыг онгойлготол  М.Д , Р.Амарсанаа хоёр машинаас буугаад дахиад зодолдсон тухайн үед байсан хүмүүс салгах гэсэн боловч салгаж чадаагүй тэгтэл манай хүү болох  Д.Дашдоржийн толгой өвдөөд байна гэхээр нь ойрхон гол орчихоод ирэхэд М.Д , Р. Амарсанаа хоёр салаагүй зодолдож байсан тэгтэл З. Алтансугар, Р. Амарсанаа, М.Д  хоёрыг салгаад  Р.Амарсанааг аваад явж байтал манай нөхөр М.Д  газраас чулуу аваад шидтэл  З.Алтансугарын толгойг нь оночихсон тэр дороо З.Алтансугар газарт унахад Р.Амарсанаа хүн алчихлаашдээ гээд Р.Амарсанаа, М.Д  хоёр хоорондоо дахиад зодолдоод байхаар нь З.Алтансугарын дүү З.Алтансувд та нар одоо болиочээ энд хүн үхэх гээд байна утсаар ярьж эмч дууд гэхээр би ойрхон байсан айлруу очиж утсаар ярих  гэтэл гар утас байхгүй байсан. Удалгүй  З.  Алтансугарыг машинаар аваад ирсэн.  З. Алтансугарыг айлын гадаа  хэвтүүлчихээд  Р. Амарсанаа, З. Алтансувд хоёр утсаар яриж эмч дуудхаар явсан би З.Алтансугарын цусыг цэвэрлээд байж байтал Р.Амарсанаа, З.Алтансувд хоёр эмнэлэг дуудчихлаа гэхээр нь Р.Амарсанаагаар машин Б аад гэртээ хүргүүлж амарсан...” гэх мэдүүлэг, 

            Гэрч  А.Отгонцэвэлийн  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн.” 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр орой цагийг нь санахгүй байна орой харанхуй болчихсон байсан, Ганчимэг гэх  З. Алтансугарын ээж гэх хүн ирж Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн Хужиртын ам гэх нэртэй газар толгой руугаа чулуугаар цохиулчихсан, цус алдаад ухаангүй хүн байна гэж дуудлага өгсөн, тэгээд би дуудлага аваад Хужиртын ам гэх газарт очиход тухайн газар хүн байгаагүй хүмүүсээс асуугаад өвчтөн байгаа гэх айлд яваад очиход  З.Алтансугар нь газар дээр хэвтэрийн байдА , асуусан асуултанд хариулна, ухаантай, цус алдаад цус нь зогссон, толгойн баруун талд чихний дээд хэсэгт нэг хурууны хэмжээтэй хуйх нь зүсэгдээд тухайн хэсэг газарт хавдчихсаи, цус хурчихсан, эмзэглэлтэй байсан, толгойн баруун талын үс нь тэр чигээрэй цус болоод хатчихсан, даавуугаар чанга дараад боочихсон байсан, амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан, болохоор анхны дусламж үзүүлэх арга хэмжээ аваад, тзэвэрлэж авч ирсэн, өглөө 06 цагийн үед эмнэлэг дээр ирээд 1 хоног эмчилгээ хийгээд, маргааш нь Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд эмчилгээ хийлгүүлэхээр ар гэрт нь өгч явуулсан... гэх мэдүүлэг,

    Гэрч  Д.Дашдоржийн  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”Би 2017 оны 07 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн өдөрлөг үзчихээд аав М.Д , ээж Р.Ц , ах  Р.Амарсанаа, түүний  эхнэр З. Алтансугар,  гурван хүүхдийн хамт, З.Алтансугарын дүү З.Алтансувд, Доржпалам  өвөө, нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг охин нарын хамт гэртээ харихаар  явж байтал Р.Амарсанаа ах  зам дээр нэг айл шинээр ирээд бууж байна ороод гаръя гэтэл  З.Алтансугар  эгч архи уучихсан байж яах гээд  байгаа юм  бэ гээд  Р.Амарсанаагийн нүүрийг нь маажтал чи яаж байгаа юм бэ гээд  Р.Амарсанаа уурлаад  нүүр лүү  нь гараараа  цохиод маргалдаж байтал аав М.Д  З.Алтансувд эгчид хандаж чи миний дүүгийн нүүрийг яагаад маажиж байгаа юм бэ  гэхэд З.Алтансувд эгч аавын үснээс таттал аав эргүүлээд толгой хэсэг рүү нь цохьсон. Бие биенээ доромжилж  муухай үгээр хэлээд маргалдаж байсан. Р.Амарсанаа  ах аавыг  та одоо болиочээ гэхэд би чамайг өмөөрч байхад чи юу гээд байгаа юм бэ? гээд хоорондоо маргалдаж  зодолдоод  би салгах гэсэн боловч салгаж чадаагүй, тухайн үед миний гар бадаараад толгой эргээд байхаар  ээжтэй  хамт ойрхон гол орчихоод ирэхэд аав Р.Амарсанаа ах хоер  маргалдаад зодолдож байсан. З.Алтансугар эгч аав, Р.Амарсанаа ах хоёрыг арай гэж салгаад холдуулаад явж байтал аав газраас чулуу аваад шидтэл З.Алтансугар эгчийн толгойг чулуугаар  цохисон. З.Алтансугар эгч газар уначихсан толгойноос нь маш их цус гарч байсан. Р.Амарсанаа ах аав,ээж бид нарыг гэрт хүргэж өгсөн”... гэх мэдүүлэг,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 02-ны өдрийн 379 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.  З.Алтансугарын  биед гэмтэл учирсан байна.

2. З.Алтансугарын   биед  гавлын ясны баруун зулай хэсгийн цөмөрсөн хугарал тархины баруун тал бөмбөлөгийн зулайн дэлбээнд 1.4х1.2 см хэмжээтэй +72 нягт бүхий цусархаг нягтралын голомт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар бага зэрэг хаван хавдар тогтоогдлоо.

3. З.Алтансугарын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдө, унахад үүссэн боломжтой. Хэдэн удаагийн үйлчлэлийг нарийн тогтоох боломжгүй.

4. З.Алтансугарын  биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. З.Алтансугарын  биед үүссэн гавлын ясны баруун зулай хэсгийн цөмөрсөн хугарал гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д...  гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой / дух, зулай яс /, чамархай, дагз ба суурь яс / өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс  /-ны хугарал, заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- З.Алтансугарын биед үүссэн тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнд 1.4х1.2 см хэмжээтэй +72 нягт бүхий цусархаг няцралын голомт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар бага зэрэг хаван хавдар гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр / гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. З.Алтансугарын биед учирсан гэмтлүүдийн эдгэрэх хугацааг нарийн тогтоох боломжгүй.

7. З.Алтансугарын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна  гэжээ.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 408 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

           1.М.Д гийн биед гэмтэл учиржээ. М.Д гийн биед духны хэсэгт 1x0,2 см хэмжээтэй зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо.

           2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр унахад, цохиход, мөргөлдөх зэрэгт үүссэн байх боломжтой.

     3.Цаг хугацааг нарийн тоггоох боломжгүй.

           4.М.Д гийн биед учирсан дээрхи гэмтэл нь нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6.-д заасанаар шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдаагүй , ямар нэгэн зовиур эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй / зулгаралт, цус хуралт , зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          5. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 407 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.         Р.Амарсанаагийн биед гэмтэл тогтоогдоогүй.

           - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 82 / зэрэг  болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Д гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч  М.Д   нь 2017 оны 07 сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Үенч  сумын Нарийн-гол   багийн нутаг дэвсгэрт орших Хужир гэх газарт З.Алтансугар, Р.Амарсанаа нартай маргалдаж зодолдох явцдаа З.Алтансугарын толгой тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь  хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 379 тоот дүгнэлт, хохирогч З.Алтансугарын мэдүүлэг, гэрч З.Алтансувд, Р.Ц , Р.Амарсанаа, А.Отгонцэвэл, Д.Дашдорж нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л  овогт Монтын Д г  Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хохирогч З.Алтансугарын ...машин явж байхад жолооч Амарсанаагийн үснээс татаж, нүүрийг нь маажсан, улмаар Р.Амарсанаа, М.Д  нартай маргалдаж, М.Д гийн үснээс зулгаах гэх мэт зүй бус үйлдэл тухайн гэмт хэрэг гарахад шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийг 11.3 дугаар зүйл болгон өөрчлөх санал гаргаж байна... гэжээ.

Шүүхээс энэ хэсэгт холбогдуулан дүгнэлт хийхэд: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ. Шүүгдэгч М.Д  нь Амарсанаа, З.Алтансугар нартай маргалдаж, зодолдох явцдаа хохирогчийг цаашаа явж байгааг хараад араас нь чулуу авч шидсэн үйлдэлдээ санаатай хандсан бөгөөд хүсч үйлдсэн, түүнээс учирч болох хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зүйлчлэгдэж үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М.Д гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, 75%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно.

Хохирогч З.Алтансугар нь 4.150.700 /дөрвөн сая нэг зуун тавин мянга долоон зуун/ төгрөгний хохирол нэхэмжилснээс шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг бэлнээр төлсөн байна. Хохирогчийн шүүх хуралдаанд ирүүлсэн хохиролын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогч З.Алтансугарын өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Д   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах, хэргийн улмаас шүүгдэгч М.Д гийн эзэмшлийн 6 тооны үхэр, 25 хонь, 28 тооны ямаа бүтүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.28 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Л  овогт Монтын Д г хүний эрүүл мэндэд хүнд хохирол  санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   Монтын Д г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч М.Д  нь хохиролд 2700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг төлсөн байх ба хохирогч З.Алтансугарын өөрт учирсан хохирол болон, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар М.Д гийн эзэмшлийн 6 тооны үхэр, 25 хонь, 28 тооны ямаа бүтүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Д д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.