| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0120/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/119 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, В.Энхболд
Хохирогч Ч.Д-
Шүүгдэгч Д.М-, У.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-, У.Б- нарт холбогдох эрүүгийн 1838002020083 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.М-,
Монгол улсын иргэн, У.Б-,
Шүүгдэгч Д.М-, У.Б- нар нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн супер вени маркийн мотоциклийг ашиглаж 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс гэх газарт байх иргэн Ч.Д-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 4 ширхэг бурханыг гүнгэрваагийн хамт хулгайлж 40.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Д.М-, У.Б- нар нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн супер вени маркийн мотоциклийг ашиглаж 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс гэх газарт байх иргэн Ч.Д-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 4 ширхэг бурханыг гүнгэрваагийн хамт хулгайлж 40.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед гэрлээ асааж орхиод гэрээ гаднаас нь түгжээд Өлзийбаяр гээд манай гэрийн яг харалдаа урд байдаг айлд ороод 1 цаг гаран сууж байгаад гэртээ эргээд орох гэтэл манай гэрийн гэрэл унтарсан байсан. Тэгээд ороод гэрлээ асаах гэтэл гэрэл асахгүй байсан. Тэгээд гар чийдэн тусгаад гэрийн потрон руугаа хартал потрон газар хэвтэж байсан. Тэгэхээр нь потроноо аваад авдар дээр тавьсан. Гар чийдэнгээр гэр доторх эд зүйлээ харсан чинь манай гэрийн хойморт байдаг бурханууд гүнгэрваатайгаа алга болсон байсан. Тэгээд би гэрээ онгорхой орхиод Дэлгэрмөрөн гээд дүүгийндээ очиж болсон явдлын талаар хэлэхэд тэр дүү маань цагдаа руу дуудлага өгсөн. Манай гэрээс мөнгөн гуутай зурмал Жанрайсаг нэртэй бурхан, 12 см өндөртэй их эртний бурхан, манай ааваас надад өвлөгдөж үлдсэн бурхн, Улаан сахиус нэртэй хүрэл бурхан, гадуураа алтан шармал бурхан, их догшин дүртэй баруун гартаа сэлэм барьсан, зүүн гартаа нум сум барьсан, маш догшин дүртэй өндөр нь 10 см орчим эртний бурхан, Авид нэртэй гуулин бурхан, алтан шармал, завилж суусан 2 гараараа нэг юм барьсан олбог маягийн хэлбэртэй зүйл дээр суусан байсан. 10 см орчим байгаа байх бас л эртний бурхан, Аюуш нэртэй бурхан бүсгүй хүний дүртэй гуулин алтан шармал бурхан гэзэг нь цэнхэр өнгөтэй, завилж суусан хэлбэртэй эртний бурхан байгаа. Манайхаас 1 зурмал бурхан, 3 ширхэг гуулиар бурхан хулгайд алдагдсан...”/хх-ийн 36-38-р тал/,
Гэрч Л.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2018 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед намайг гэртээ байхад манай зүүн талын хөршийн эхнэр болох Уламбаяр манайд ирээд хэсгийн төлөөлөгчийн утасны дугаарыг асууж орж ирсэн. Манай авга эгч Ч.Д- манайд ирээд урд айлд ороод ирсэн чинь гэрт маань хулгай ороод бурхануудыг маань аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэр үед би хулгай орсон байна гэдгийг мэдсэн...” /хх-ийн 53-р тал/,
Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 06-гы лолйр 21 цагийн үед намайг гэртээ байж байхад Ч.Д- эгч манайд орж ирээд манайд хулгай орсон байна цагдаа дуудаж өгөөч гэж гуйж орж ирсэн...Ч.Д- эгчтэй хамт гэрт нь очиход гэр нь онгорхой гэрэл нь унтарсан, бурхан нь байрандаа байхгүй байсан. Хаалганы цоожны таг төмрийг нь нугалсан байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 61-р тал/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг ажил дээрээ байхад манай нөхөр Д.М- гэртээ хурдан хүрээд ир гээд дуудахаар нь гэртээ ирэхэд уйлаад сууж байсан. Юу болсныг асуухад би бурхан авсан хүнийг мэдэж байгаа. Цагдаад хэлчихлээ гээд уйлаад сууж байсан. Манай нөхөр хэлэхдээ У.Б- би бурхан байдаг айл мэднэ. 2-лаа нийлж байгаад авчихъя гэж хэлэхээр нь би хамт явчихъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-р тал/,
Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр байх Д.М- гуай над руу 2 ч удаа залгасан. Тэгэхээр нь би юу болсон гэж асуухад У.Б- бид 2 нэг юм хийчихсэн юм. Ярих юм байна гэсэн. Тэгэхээр нь би юу яасан юм бэ гэхэд У.Б- мэдэж байгаа. Нэг юм манай хашаанд нуусан гээд байхаар нь би утсаа салгаад би өөрийнхөө ... дугаар луу залгаж У.Б-тэй утсаар юу болоод байгаа юм. Д.М- над руу яриад У.Б- мэдэж байгаа гээд ойлгогдохгүй юм яриад байх юм. Чи надаас юу нуугаад байгаа юм. Яг одоо надад хэл гэхэд У.Б- айлаас гэлүү Эмгэнээс гэлүү 2 бурхан авчихсан. Манай гэрийн чардак дээр байгаа гэхээр нь би шууд утсаа салгаад Д.М- рүү залгаад та гэрт хүрээд ир. Манай чардак дээр бурхан байгаа гээд байна гэхэд Д.М- тэр дороо хүрээд ирсэн. Тэгэхээр нь юу болоод байгаа юм бэ манай чардак дээр бурхан байгаа юм уу. Тэр юмаа аваад яв гэсэн чинь Д.М- гуай орой ирж авна гээд явсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед манай гэрт ирээд чардакан дээр гараад хар өнгөтэй юм боосон зүйл аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-14-р тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн м19-21-р тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 22-27-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-р тал/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 89-91-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.М-, У.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.У.Б-, У.Д.М- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 84, 89-р тал/-аар,
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарт ял шийтгэлийг тэдний хохирол төлбөрөө барагдуулсан, хувийн байдал болон эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор уршиг, ар гэрийн амьдрал, багийн засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн хорих ялын доод хэмжээгээр шийтгэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838002020083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогчид тээврийн зардал 200.000 төгрөг нэхэмжилснийг нөхөн төлсөн болно. Хохирогчоос сэтгэл санааны хохирол 2 сая төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Д.М-ийн эзэмшлийн Супер Вени маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.М-, У.Б- нарыг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйлийг хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-, У.Б- нарт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-, У.Б- нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ийн цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоног, шүүгдэгч Д.М-ийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч У.Б-ийн эзэмшлийн Вени маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Ч.Д- нь сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-, У.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ