2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/04684

 

 

 

 

 

 

 

 

2025 05 26

191/ШШ2025/04684

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан, нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.*******тай 2011 онд танилцаж, 2016 оноос үерхэж, дотносож эхэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүү А.******* төрсөн. Энэ цагаас хүүгээ ганцаараа өсгөн, хүмүүжүүлж байна. Гэр бүлийн таарамжгүй харилцаа болон ар гэрийн нөлөө дарамтын улмаас 2018 оны 08 дугаар сараас бидний харилцаа дуусч салсан. Б.******* нь 2020 он хүртэл хугацаанд намайг сэтгэл зүйн дарамтад оруулан байнга айлган сүрдүүлдэг байсан. Хүүгээ төрсөн цагаас одоог хүртэл 7 жилийн хугацаанд хүүтэйгээ уулзах зэргээр холбоо тогтоохоос татгалзаж, тусламж дэмжлэг үзүүлээгүй. Иймд Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт Б.******* оршин суудаггүй, түүний хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан. Иймд Б.*******г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Б.*******оос нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3.Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/Ш32018/10723 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагч Б.******* нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, .. тоот хаягт бүртгэлгүй болох нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 556761 тоот тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр Б.*******ын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Тус шүүх хэрэгт авагдсан Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбарт дурдсан Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, .. тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй, хаяг алдаатай тухай хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт шүүхийн мэдэгдэх хуудсыг буцаасан байна.

 

7.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******гийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Б.*******ын гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******н ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангах үндэстэй. 

 

8.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******н ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******г эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Б.*******од /утас-/‑д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ