| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04124/И |
| Дугаар | 191/ШШ2025/06676 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/06676
| 2025 08 04 | 191/ШШ2025/06676 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Ө нэхэмжлэлтэй,
Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.******* миний бие 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хилийн цэргийн 0164 дүгээр ангид цэргийн албанд татагдсан. Тус ангид жолооч мэргэжил эзэмшин Газ-66 ХЦ 07-52 дугаартай автомашиныг барьж байгаад 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хилийн цэргийн 0263 дугаар анги руу өөрийн барьж байсан машинтайгаа шилжсэн. Шилжүүлсэн тушаал нь сүүлд гарч ирсэн боловч халагдсан тушаал олдохгүй байна. Гэхдээ эдгээр нь бүгд миний цэргийн батлахад бичигдсэн байгаа.
Иймд Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр татагдан, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хилийн цэргийн 0263 дугаар ангид шилжиж, 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдөр халагдсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нотлох баримт: нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 08/1202 дугаартай лавлагаа /хх-3/, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, С.******* болон Д.******* нарын тодорхойлолт, холбогдох баримт /хх-5,6,7/, Ц.*******ын 531446 дугаартай цэргийн батлах /хх-8/, Ц.*******ын иргэний үнэмлэх /хх-9/, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоод цэргийн 0164 дүгээр ангийн захирагчийн 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн б/86 дугаартай тушаал /хх-10,11/, онц буудагчийн үнэмлэх /хх-12/, 1988 оны 6 дугаар гэсэн тайлбартай гэрэл зураг /хх-13/, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай лавлагаа /хх-14/, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08/1799 дугаартай лавлагаа /хх-15/-г тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай лавлагаа /хх-21/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 08/240, 08/1671 дугаартай албан бичиг болон лавлагаа, баримтууд /хх-22-25/, Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай лавлагаа /хх-27/, гэрч Д.*******, С.******* нарын мэдүүлэг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08/306, 08/2269 дугаартай албан бичиг, лавлагаа, НАХЯ-ны Х ба ДЦУЕГ-ын штабын 4 дүгээр хэлтсийн 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай албан мэдэгдлийг тус тус шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр энэхүү нэхэмжлэлийг гаргасан зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарлаж байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2а. Ц.******* нь Улаанбаатар хотоос НАХЯ-ны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0164 дүгээр ангид цэргийн албанд татагдаж, 0164 дүгээр алба хаагаад НАХЯ-ны Хилийн ба ДЦУЕГ-ын штабын даргын 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 тоот мэдэгдлээр мөн өдрөөс 0263 дугаар ангид шилжиж, улмаар НАХЯ-ны сайдын 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн б/308 дугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Улаанбаатар Октябрын районд явуулсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08/306 дугаартай албан бичиг, мөн өдрийн 08/2269 дугаартай лавлагаа, НАХЯ-ны Х ба ДЦУЕГ-ын штабын 4 дүгээр хэлтсийн 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай албан мэдэгдэл, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоод цэргийн 0164 дүгээр ангийн захирагчийн 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн б/86 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 08/1671 дугаартай лавлагаа, Ц.*******ын 531446 дугаартай цэргийн батлахад хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Д.*******, С.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд дээрх үйл баримтуудыг дүгнээд нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/ нь Улаанбаатар хотоос Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанд татагдан, улмаар 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хилийн цэргийн 0263 дугаар ангид шилжиж, 0263 дугаар ангиас 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанаас халагдсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ