| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2020/01901/И |
| Дугаар | 210/МА2022/00339 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/00339
| 2022 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2022/00339 |
МАГАДЛАЛ
2022.02.
М.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03302 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-т, гуравдагч Б.Ц-, гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.Амарсанаагаас 130,405,215 төгрөг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 65 дугаар байрны 96 тоот 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоот 47.5 м.кв 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байрны 96 тоот 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоот 47.5 м.кв 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилж, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хураасан. Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байрны 96 тоот 3 өрөө орон сууцын өмчлөгч Ж.Тамир нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байрны 96 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа тус дүүргийн шүүхэд явагдаж байгаа болно. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/Ш32020/05827 дугаар шүүгчийн захирамжаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжтай, гүйцэтгэх баримт бичгийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ж.Тамирын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Уг захирамжийг НШШГГ- нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан атлаа шүүгчийн захирамжийг зөрчин 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоот 47.5 м.кв 2 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр 27,045,100 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, бусдад 32,050,000 төгрөгөөр, тус байрны зоорийн давхрын 10 тоот хаягт байрлах 15 м.кв авто зогсоолыг 4,570,000 төгрөгөөр худалдан борлуулсан талаар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 47,5 м.кв орон сууц, тус байрны зоорийн давхрын 10 тоот хаягт байрлах 15 м.кв авто зогсоолыг худалдан борлуулсан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.Амарсанаагаас 130,255,215 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 928 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор Баянгол дүүрэг 3 дугаар хороо 65 дугаар байр 96 тоот 3 өрөө орон сууц, М.Э-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 47,5 м.кв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
НШШГГ- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжийг мөн оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Тус захирамжид зөвхөн Т.Амарсанаа, Ж.Тамир, Л.Сарангэрэл нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 96 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул хэсэгчлэн түдгэлзүүлсэн гэж үзэж, НШШГГ- 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дуудлага худалдаанд оруулсан нь хуулийн дагуу явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул М.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээд Б.Ц-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Дуудлага худалдаагаар орон сууцыг 32,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Дуудлага худалдаатай холбоотой маргаан үүссэн тул дэнчингийн мөнгийг үлдээж бусад мөнгийг авсан байгаа. Дуудлага худалдаа хүчин төгөлдөр болсон. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс төлбөр авагч хохирч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөрөхгүй гэжээ.
4. Гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчин татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан. Барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх гэж байгаа боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд хүчингүй болгуулах шаардлагыг 3 шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т хэсэгт зааснаар М.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын өмчлөлийн гэж заасан. Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар байрны 96 тоотод байрлах 40,1 м.кв 3 өрөө орон сууцтай холбоотой ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан. Тиймээс М.Э-ийн эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг түдгэлзүүлнэ гэсэн заалт байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна гэдгийг 3 шатны шүүхээс тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 14-т бичигдсэн нэхэмжлэгч М.Э-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоот 47,52 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 13-т бичигдсэн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорийн давхар 10 тоотод байршилтай 15 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй автомашины зогсоолыг худалдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгож шийдвэрлэжээ.
6. Гуравдагч этгээд Б.Ц- давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байр, 51 тоот хаягт байрлах 47,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Энэ дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан гэжээ.
7. Гуравдагч этгээд Ориент-Инвест ББСБ ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх ... нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиплагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/Ш32020/05827 дугаар захирамжаар... гэж дурдсан.
Ж.Тамир, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл нар 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл нэхэмжлэл гаргасан огноог 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж гэж худал бичсэн байна. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2019/15621 захирамжаар буцаасан. Үүнээс үзвэл шүүгч хэргийг тал бүрээс судлахгүйгээр шийдвэрлэсэн.
Шүүх ...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/05827 дугаар захирамжаар ... Т.Амарсанаагаас үүргийн гүйцэтгэлд 129,851,610 төгрөг гаргуулан, уг үүргийг барьцаа хөрөнгө болох Ж.Тамир, Д.Сарангэрэл, Т.Амарсанаа нарын өмчлөлийн үл хөлдөх эд хөрөнгө, нэхэмжлэгч М.Э-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах шийдвэрийг гүйцэтгүүлэхээр явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/Ш32020/05827 дугаар захирамжид М.Э-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн талаар ямар нэгэн дурдсан зүйл байхгүй. Уг захирамжид Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зачын 65 дугаар байрны 96 тоот Т.Амарсанаа, Ж.Тамир, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн 40,1 м.кв талбай бүхий орон сууцыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн зөвхөн дээрх үл хөдлөх хөрөнгөнд хамаарах ажиллагааг түдгэлзүүлсэн байхад захирамжийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Мөн шүүхийн шийдвэрт НШШГГ-т холбогдуулан гаргаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага гаргаагүй байна. Иймд М.Э-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхиин шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүйг дурдах нь зүйтэй гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон гэдэг нь үндэслэлгүй. Учир нь М.Э- нь Т.Амарсанаа нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон болохыг Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01049 дугаар тогтоолоос харж болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нансалмаа энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь Т.Амарсанаа нарын нэхэмжлэлтэй агуулга болон үйл баримтын талаар адилхан гэдгийг зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар Т.Амарсанаа нарын хэргийг шийдвэрлэхдээ бүхэлд нь хянасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Э-ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ориент инвест ББСБ ХХК-ийг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон Баянхошуу гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот хаягт байрлах 15.м.кв талбай бүхий авто зогсоолыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар шийдвэрээр Т.Амарсанаагаас 129,851,610 төгрөг гаргуулж Ориент Инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч Т.Амарсанаад шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хугацаатай мэдэгдэл удаа дараа өгсөн боловч төлбөрөө төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотод байрлах Т.Амарсанаа, Ж.Тамир, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн 40,1 м.кв талбайтай орон сууц, мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж 12 дугаар байрны 51 тоотод байрлах М.Э-ийн өмчлөлийн 47,52 м.кв талбайтай орон сууц, тус байрны 10 тоотод байрлах авто зогсоолыг битүүмжлэн хураасан. Орон сууц болон авто зогсоолыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад орон сууц 32,050,000 төгрөг, авто зогсоол 4,570,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш32020/8242 дугаар захирамжаар орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг НШШГГ-т даалгасан.
Анхан шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5827 дугаар захирамжид заасан ажиллагааг НШШГГ- буруу хэрэгжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуулага худалдаагаар борлуулсан нь хууль зөрчсөн. Шүүгчийн дээрх захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотод байрлах 40,1 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15250471/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.
1.а. Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, 12 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 47,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 10 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1.б. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ориент-Инвест ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 129,851,610 төгрөгийг хариуцагч Т.Амарсанаа төлөхийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байна. (1хав-30-31х)
Т.Амарсанаа нь дээрх төлбөрийг төлөөгүйгээс Ориент-Инвест ББСБ ХХК үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, 24,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлалаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот хаягт байрлах 40,1 м.кв талбайтай орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоот хаягт байрлах М.Э-ийн өмчлөлийн 47,52 м.кв талбайтай орон сууц, тус байрны зоорийн давхрын 10 тоотод байрлах 15 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгаж... шийдвэрлэжээ. (2 хав-150-154-х)
1.в. Төлбөр төлөгч Т.Амарсанаа шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс НШШГГ- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1118 дугаар гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаар гүйцэтгэх хуудаст тус тус үндэслэн барьцаа хөрөнгүүдийг худалдах ажиллагааг явуулсан байна.
1.г. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч Ж.Тамир 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотод байрлах 40,1 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1525047/07 тоот тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд М.Э- Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, 12 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 47,52 м.кв талбайтай орон сууц, тус байрны зоорийн давхрын 10 тоотод байрлах 15 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан. Уг хэргийн хүрээнд нэхэмжлэл, гуравдагч этгээд М.Э-ийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02011 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2072 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 001/ХТ2021/01049 дугаартай тогтоол гарснаар хуулийн хүчин төгөдөр болжээ. (2 хав-123-128, 138-148-х)
1.д. Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/05827 дугаар захирамжаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжтай гүйцэтгэх баримт бичигт заагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. (3хав-20-22-х)
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд нэхэмжлэгч М.Э-ийн өмчлөлийн орон сууц болон авто зогсоолыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдсан нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/05827 дугаар захирамжийн Үндэслэх болон Захирамжлах хэсгийн агуулгад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжтай гүйцэтгэх баримт бичгийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн байна. Иймд хариуцагч байгууллага нь уг захирамжийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
1.е. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Энэ хуулийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэж заажээ. Ийм ажиллагаа хийхгүйгээр хоёр дахь дуудлага худалдаа явуулжээ.
Иймд анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар М.Э-ийн өмчлөлийн орон сууц болон авто зогсоолыг худалдсан ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
2.Давж заалдах гомдлын талаар
2.а. Анхан шатны шүүх Ж.Тамирын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох иргэний хэрэгт М.Э- нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт ... бие даасан шаардлага гаргаагүй этгээдээр оролцсон ... гэж зөрүүтэй дүгнэсэн.
Мөн шүүх Ж.Тамирын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэл, хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/05827 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн мэтээр дүгнэсэн нь буруу болсныг магадлалаар залруулан дүгнэх боломжтой байна. Энэ талаар гуравдагч этгээд Ориент-Инвест ББСБ ХХК-ийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар НШШГГ- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Б.Ц-, Ориент-Инвест ББСБ ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд Б.Ц-ийн төлсөн 70,200 төгрөг, Ориент-Инвест ББСБ ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Н.БАТЗОРИГ