Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Г.Баянбилэг

Шүүгдэгч П.Х-, Т.С-, Н.Д.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Хүчитбааатар, Т.С-, Н.Д.Б- нарт холбогдох эрүүгийн 201722000277 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П.Х-,

Монгол улсын иргэн, Т.С-,

Монгол улсын иргэн, Д.Б-,

Шүүгдэгч Т.С-, Д.Б- нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Ар хөндлөн хаш гэх газраас иргэн Х.М-ын 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.С-, П.Х- нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 15-20-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг Уст гэх газраас иргэн Ц.С-ын 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Т.С-, Д.Б- нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Ар хөндлөн хаш гэх газраас иргэн Х.М-ын 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.С-, П.Х- нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 15-20-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг Уст гэх газраас иргэн Ц.С-ын 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын эхээр Мөрөн суманд эхнэрээ эмчилгээнд авч яваад 2016 оны 06 дугаар сарын 19-нд ирсэн. Ирээд морио сольё гээд 2016 оны 06 дугаар сарын 20-нд адуундаа явуулаад адууг тууж ирэхэд 5 тооны адуу сүргээсээ алга болсон байсан. Тэгээд адуугаа нутгийн ойр орчмоор хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-р тал/,

Хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 15-20-ны хооронд адуунаасаа 6 тооны адуу алдсан. Энэ 6 адууны нэг алаг морь нь миний танил Бямба-Очир гэдэг хүний морь байгаа юм. Үлдсэн 5 адууны 4 нь минийх 1 бор зүсмийн соёолон үрээ нь мөн миний танил Гооёо гэдэг хүний адуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р тал/,

Иргэний нэхэмжлэгч П.Ч-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.С- гэдэг хүн 2014 онд надаас 2 тооны нас нийлсэн морь, нэг тооны шүдлэн үхэр авсан юм. Ингэхдээ 2 адууны оронд 2 гүү, шүдлэн үхэрийн оронд 1 гүү өгнө гэж тохироод 1 гүүгээ өгөөд үлдсэнийг нь дараа өгнө гэсэн байсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сард Д.Б- гэдэг залуу Т.С- ах танд өгч явууллаа гээд нэг тооны гүү аваарай гэхээр нь би гэрээс нь очиж нэг гүү авсан чинь тэр нь хулгайн морь болоод эзэн нь ирээд аваад явсан. Тийм болохоор би одоо Т.С-аас нас нийлсэн 2 гүү нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/,

Гэрч Н.Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар баг Булагт гэх газар гэртээ байж байхад өдөр 13 цагийн орчим манай нутгийн Содгой буюу Т.С-, Цагааннуур сумын П.Х- гэдэг залуугийн хамт ирсэн. Тэгээд би тэр 2-т Мөрөн явдаг юм билүү гэж яриа өрнүүлэхэд тэгвэл бид 2-т мах байгаа тэрийг ачаад Мөрөн оруулж гөөөд буцахдаа махаа зараад малын тэжээл ачаад ирээч гэхээр нь зөвшөөрөөд явахаар болсон. Тэгээд манайхаас дээшээ өгсөөд замын хажууд байсан махыг нь ачсан. Тэр 3 адууны хээр адууны арьсыг нь ачсан. Нөгөө  адууны арьс нь байгаагүй. Тэгээд Мөрөнд өглөө 10-11 цагийн орчим орж ирээд шууд захын хажууд зогсооод Т.С-, П.Х- 2 бууж яваад ирэхээ цагаан өнгийн портер машинтай хүмүүстэй ирээд махаа өгсөн. Хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй. Надад ачааны хөлс гэж 100.000 төгрөг өгсөн. Би ирж мах ачиж явсан машины дугаарыг нь анзаараагүй. Тэгээд бид 3 зах руу орж малын тэжээл авч машиндаа ачсан. Тэгээд Мөрөнд 2 хоноод буцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р тал/,

Шүүгдэгч П.Х-ын хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 149-ний өдөр би Хатгал тосгоны Булагтаг гэдэг газарт гэртээ байж байгаад нэг голд нутагладаг Т.С-ын гэрт морьтойгоо очсон. Гэрт нь очиход Т.С- ээжтэйгээ байж байсан. Тэгтэд Т.С- надаас манай адууны захад адуу дагаад ирсэн  3 адуу байна. Эзэмгүй юм байна. Тэрийг мөнгө цаас болгоё гэхээр нь би тэгье гээд би тэр өдрөө гэртээ харьж хоноод маргааш нь морио унаад Т.С-ын гэрт нь буцаж очоод Т.С-тай хамт нэг нэг морь унаж яваад Булагтаг гэдэг газарт байсан Т.С-ын адууны тэндээс 3 адууг сураар бугуйлдаж барьж авад мод руу оруулаад гурвууланг нь нядалсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.С-ын хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сард л юм. Би Дунд хуурч гэдэг газарт гэртээ байж байтал манай гэрт Д.Б- ганцаараа мотоциклоор Хатгалаас ирсэн. Тэгээд мотоциклоо манайд үлдээгээд энэ хавиар хүн хартай уулзах ажилтай байна. Хамт явалцаад өгөөч гэхээр нь би за гээд бид 2 нэг нэг морь унаад шаргын ам гэдэг газар руу явсан. Шаргын аманд очоод нэг хүнээс үхэр авна гэж уулзаад үхрээ авалгүй буцаад манайх руу явж байтал хоолойн гүүрний тэнд хөндий гэдэг газарт 5 адуу байсан, бид 2 янз бүр бололгүй манайд очсон. Тэгээд манайд очиж 1-2 хоног болоод эргээд шаргын ам руу үхэр авах айлдаа очоод бид 2 буцаад явж байтал нөгөө газарт 5 адуу байж байхаар нь бид 2 тэр адууг 5 адууг туугаад сумын төвийн урд тал хүртэл туугаад би тэндээсээ гэртээ харьсан. Д.Б- 5 адууга мориор туугаад Хатгал явсан.... 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Булагтаг гэдэг газарт өөрийнхөө адууг хайгаад явж байтал манай адуутай танихгүй 3 адуу нийлсэн байсан. Тэгэхээрнь би гэрийнхээ тийшээ өөрийнхөө адуутай хамт тууж аваачсан байж байтал П.Х- манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би Хүчитбатарт манай адуунд 3 адуу нийлсэн байна гэж хэлээд бид 2 янзалхаар болсон. Тэгээд 3 адууг барьж аваад уулын мод руу оруулаад нядалсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би Т.С-тай Х.М- гэдэг хүний адууг хулгайлж зарсанаа хүлээн зөвшөөрөөд хохиролоо барагдуулаад дууссан...” гэх мэдүүлэг

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ий 58-59-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Х-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.С-т эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч дээрх гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн ба уг гэмт хэргийг 2002 оны хуучин эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтай байна гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 96, 100, 104-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201722000277 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн тухай 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчтой хийсэн эвлэрлийн гэрээ, багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч нарын хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлүүлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.7.3.3, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч П.Х-, Д.Б- нарыг бусдын мал бүлэглэн хулгайлах гэмт хэргийг, Т.С-ыг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.С-аас эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгий хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-, Д.Б- нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-т оногдулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсэзааснаар шүүгдэгч нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй

8. Эрүүгийн 201722000277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-, Д.Б-, Т.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ