| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00491/И |
| Дугаар | 308/ШШ2025/00555 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 308/ШШ2025/00555
| 2025 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 308/ШШ2025/00555 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.С-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Мах боловсруулах үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал 6 жил 5 сар 18 өдрийн хугацаанд эхлэн боловсруулах цехэд нормчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, гарсан орсон тушаал баталгаажуулалт хийгдээгүйн улмаас улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд миний Мах боловсруулах үйлдвэрт нормчноор 6 жил 5 сар 18 өдөр ажилласныг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, №280372 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 372 дугаартай архивын лавлагаа, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 605 дугаартай архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Сайншанд сумын Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 124 дугаартай тушаал, фото зургийн хуулбар, Л.З-ийн тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, №094761 дугаартай Л.З-ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ч.О-ийн тодорхойлолт, Ч.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, №929882 дугаартай Ч.О-ийн хөдөлмөрийн дэврийн хуулбар, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07/273 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3. Шүүхийн журмаар Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/268 дугаартай албан бичиг, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06/55 дугаартай албан бичиг гэх баримтуудыг бүрдүүлжээ.
4.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.З , Ч.О нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Мах боловсруулах үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал 6 жил 5 сар 18 өдрийн хугацаанд эхлэн боловсруулах цехэд нормчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, гарсан орсон тушаал баталгаажуулалт хийгдээгүйн улмаас улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд миний Мах боловсруулах үйлдвэрт нормчноор 6 жил 5 сар 18 өдөр ажилласныг тогтоож өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч Б овогт Н ийн С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Мах боловсруулах үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажилласан болох нь 1988 оны 7 сарын 10-ны өдөр нээгдсэн 280372 дугаартай Н.С-ын хөдөлмөрийн дэвтрийн 6,7 дахь тал дахь 1988.07.13. Сургууль төгсөж ирсэн тул мах боловсруулах цехэд ажилтнаар авч ажиллуулав. Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988.07.18-ны өдрийн 124 тоот тушаал гэх тэмдэглэгээ, Дорноговь аймгийн Нийгсийн даатгалын хэлтсийн 2013 оны 07 сарын 08-ны өдрийн 372 тоот Мах боловсруулах үйлдвэр нь 1991 онд 317270 төгрөг, 1992 онд 573749,35 төгрөг, 1993 онд 285,000.0 төгрөг, 1994 онд 896521,0 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов. гэх албан тоот, Дорноговь аймгийн Сайншанд сумын Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 124 дугаартай Ажилд томилох тухай тушаал, гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэрч Л.З 2025 оны 6 сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан мэдүүлэгтээ Би Н.С-тай хамт ажиллаж байсан. Н.С-тай 1988 оноос 2009 он хүртэл тасралтгүй хамт ажилласан. Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрийн эхлэн боловсруулах цехэд ажиллаж байсан. Би тус байгууллагад 1986 оноос эхэлж ажилласан. Би нормчин хийдэг байсан. Н.С мөн адил нормчин байсан. гэж, гэрч Ч.О 2025 оны 6 сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Мах боловсруулах үйлдвэрт байхад сургууль төгсөөд ирж байсан. Хамт ажиллаж байсан учир танина.1988 оноос 2009 он хүртэл тасралтгүй хамт ажилласан. Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэр байж байгаад хувьчлагдаад Дорнийнговь ХХК болж байсан. Би 1986 оноос тус байгууллагад ажиллаж эхэлсэн. Би нормчин хийдэг байсан. Н.С бас нормчин хийдэг байсан. гэж хүсэлт гаргагч Н.С-тай хамт ажиллаж байсан болохоо гэрчилж байна.
Хүсэлт гаргагч Н.С нь нэхэмжлэлдээ өөрийнх нь ажилд томилсон болон ажлаас гарсан тушаал өөрт нь болон архивт байхгүй гэж тайлбарлаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 605 дугаартай Тус архивт Мах боловсруулах үйлдвэрийн 1980-1994 оны даргын тушаал хадгалагдаж байна. 1992 оны даргын тушаалыг шүүж үзэхэд Мах боловсруулах үйлдвэрийн нэр Чандмань ББХК-ны нэртэй облж өөрчлөгдсөн боловч тухайн үед албан хаагчдыг чөлөөлж эргүүлэн томилсон тушаал байхгүй тул Н-ийн С-т лавлагаа олгох боломжгүй болно. гэх албан бичгээр тогтоогдож байна.
Иймд Б овогт Н-ийн С-ыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Мах боловсруулах үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б- овогт Н-ийн С-ыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Мах боловсруулах үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА