| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00060/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Түвшинтөгс |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 62
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч ерөнхий прокурор Д.Түвшинтөгс
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Т д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000023 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн А суманд 1962 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, Ховд аймгийн А сумын Барлаг багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Б ы Т РД: ПА
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Ховд аймгийн А сумын Барлаг багийн нутаг дэвсгэрт Эхэн заагийн хутаг гэх газар иргэн М.Очирчуулганыг хонь хариулж явахад нь миний бэлчээрт малаа хариуллаа гэх шалтгаанаар унаж явсан мориныхоо цулбуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Маргаан 11 цагийн үед болсон.Миний малын бэлчээрт М.Очирчуулган нь өөрийн малаа тууж ирээд оруулсан.Малаа аваарай гэхэд тоохгүйгээр үхрээ туугаад яваад байхаар нь би морин дээрээс нэг удаа мориныхоо цулбуураар ороолгосон дахиж цохиж зодоогүй.
Наад бэлчээр лүү чинь бүх малаа оруулсан ч яадаг юм гэж хэлсэн.Тэгэхэд нь миний уур хүрээд цохисон.Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Дахин ямар нэгэн хэрэг үйлдэхгүй байж чадна. гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй хохирогч М.Очирчуулганы....Манай хонь бэлчээд 11 цаг өнгөрч байхад би хонио хариулааэд явж байтал Барлаг багийн иргэн Б.Т гэх залуу ирээд надад хонио аваад яв гэхээр нь би хонио эргүүлээд явж байхад “ чиний эцэг эх энэ газар хонио хариул гэж явуулсан уу” гээд Б.Т миний толгой хэсэг рүү 3 удаа цулбуураар цохиод аавдаа очоод намайг зодсон гэж хэлээд ир бүгдийг чинь ална гэж хэлсэн.
Тэгээд би гэр лүүгээ явсан.Миний хонь хариулсан газар нь нийтийн бэлчээрийн газар юм.Би эмнэлэгт үзүүлсэн зардал, замын зардал, хөдөөнөөс ирсэн зардал, цаашид хийлгэх эчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг
Гэрч Харчин овгийн Мягмарын Эрдэнэсүрэнгийн....Б.Т нь төлөв даруу, сумын сайн малчин байгаа юм.Бид хоёр багаасаа айл хамт байсны хувьд сайн мэднэ гэх мэдүүлэг
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 583 дугаартай .....М.Очирчуулганы биед тархи доргилт,зүүн нүдний дээд зовхинд 2х1 см зулгаралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдсон, Дээрхи гэмтэл нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Дээрхи гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл, Эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /морины цулбуур/
Хохирол төлж барагдуулсан тухай ХААН банкны орлогын мэдүүлэг /300.000 төгрөг төлсөн/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Хохирогчоос яллагдагчтай сайн дураар эвлэрсэн болон цаашид нэхэмжлэх хохиролгүй талаар гаргасан хүсэлт /хх-ийн 44 хуудас/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т гийн үйлдлээс хохирогч М.Очирчуулганд 300.000 төгрөгний хохирол учирсан ба учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн мэдүүлэг болон хохирол төлсөн баримт, эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураар төлж барагдуулсан гэж үзнэ.
Шүүгдэгчид анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хохиролоо нөхөн төлж барагдуулсан зэрэг байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийн нөхцөл байдал ,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлах нь зүйтэй байна.
Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан морины суран цулбуурыг Б.Т д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Түмэнасан нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3,36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ш овогт Б ы Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т г дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Т д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар ялтан Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан суран цулбуурыг шүүгдэгчид буцаан олгож , шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ПА дугаарын иргэний үнэмлэхийг буцаан олгохыг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.