| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0116/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/116 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч М.Ариунцэцэг
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1838002790129 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Б-,
Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн Жаргалант гэх газраас хэрэглээний 6 метр куб шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 2.203.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн Жаргалант гэх газраас хэрэглээний 6 метр куб шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 2.203.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Гэрч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Жаргалантын эх газраас Д.Б- гэх хүний нэр дээр байшин, пүнз барих хэрэглээний модний эрхийн бичиг олгогдоогүй байгаа. Д.Б- гуай манай ажил дээр нэг удаа ирээд ахад нь модны хэрэг байна, мод бэлтгэх эрхийн бичиг авах гэхээр мөнгөгүй болчихоод байна гэж хэлж байсан. Тухайн үед нь мод бэлтгэх эрхийн бичиг авахгүй бол ойгоос мод бэлтгэж болохгүй гэдгийг нь хэлээд явуулсан. Надтай хамт манай хэсгийн төлөөлөгч Шагдарсүрэн, хэсгийн цагдаа Мягмарсүрэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Хишигсайхан бид нар очсон ба Д.Б- гуайн бэлтгэсэн модонд хэмжилт хийж Д.Б- гуай өөрөө хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/,
Шинжээч Г.Ө-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 394 дүгээр тугаалын 1 дүгээр хавсралтын дагуу хэрэглээний бөөрөнхий мод гуалинг 1.8 үржүүлэн тооцдог. Экологийнх нь ач холбогдолоо нь 1, 2, 3 дугаар муж гэж ангилдаг. Д.Б- гуайн мод бэлгэсэн гэх газар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалантын эх гэх газар бөгөөд уг газар нь нэгдүгээр мужид хамаардаг. Шинэс мод бөгөөд шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 204.000 байдаг юм. Ингэхээр 204.000 төгрөгөө 1.8 үржүүлээд мөн ийм бэлтгэсэн 6 метр куб модондоо үржүүлэхэд 2.203.000 төгрөгний экологи үнэлгээ бүхий шинэс мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,
Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт
Эд зүйл битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-42-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р тал /-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин энэ хэрэгт битүүмжилсэн 42 ширхэг 6 метр куб модыг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838002790129 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжилсэн 42 ширхэг 6 метр куб модыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ