Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 63

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Н.Алтантуяа

Улсын яллагч   Д.Түвшинтөгс  нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас  шүүгдэгч  Б овогт Э ды А-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000022 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн  Ү суманд 1984 оны 09 сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,эхнэр хүүхдийн хамт  Ховд аймгийн Ү  сумын Х  багт оршин суух, Б овогт Э ды А   /РД: /

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

     Шүүгдэгч  Э.А  нь  2017 оны 10 сарын  19-ний өдөр  Ховд аймгийн Үенч  сумын нутаг дэвсгэрт иргэн П.Дашдоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

           

         Шүүгдэгч  Э.А ийн   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би П.Дашдорж гэдэг хүний нүүрс ачдаг том машиныг барьж  Хөшөөтийн  уурхайгаас хилрүү нүүрс тээвэрлэдэг юм. 2017 оны 10 сарын 19-ний  өдөр   Цоохор нуураас хоол идчихээд гарч байтал машины эзэн машин янзалмаар байна гэхэд би түлш байхгүй Үенчийн колонк дээр очоод хүлээж байя гээд явсан. Үенчийн гүүрэн дээр очоод байж байтал араас ирээд байж бай гэхэд яагаад явж байгаа юм бэ гээд маргалдсан. Бид хоёр маргалдаад би нүүрэнд нь нэг удаа цохьсон. Тэгээд машиныг нь хүлээлгэж өгөөд салсан. Дашдоржийг би заамдаж байгаад нэг удаа цохьсон. Оройхон 6-7 цагийн үед болсон. Зүүн нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Гэтэл хамраас нь цус гарсан. Хохирогчоос ямар нэгэн санал гомдол байхгүй гэсэн. Бид хоёр утсаар ярихад ах нь гомдол тэмцэл, хохирол мөнгө нэхэхгүй гээд надад өгөх ёстой байсан мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг,

            Хохирогч  П.Дашдоржийн  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ” 2017 оны 08 сараас эхэлж миний Бенз машиныг  Э.Аптангэрэл гэгч баруун хил Хөшөөт хоёрын  хооронд барьж байгаа юм. 2017 оны 10 сарын 19-ний  өдөр Хөшөөтрүү буцах замдаа цоохор нуураас хоол идээд цааш явах замдаа би Э.А д кембэн дээр очиж машинд засвар хиймээр байна гэж хэлэхэд миний урдаас тэнд очдог шатахуун байхгүй гэж хэлэхээр нь би энд байгаа жолооч нараас шатахуун аваад өгье замаа чөлөөлөөд машинаа тавьчихаад ир гэхэд тэр чигээрээ ирэлгүй яваад өгсөн тэгээд би араас нь Үенчийн гүүр гараад колонк  дээр очиход тэнд зогсож байсан би буугаад шатахуун аваад өгье гэж байхад чи яагаад явчихдаг юм бэ гэж асуусан би Үенчийн гүүрэн дээр байж байя гэж хэлээд яваа биздээ гээд бид 2 маргалдсан шууд миний нүүрэн хэсэгрүү цохиод авсан. Тэнд орилж чарлаад байхад тэнд байсан жолооч нар Э.Аптангэрэлийг барьж аваад цааш явсан би хамт явж байсан машиныхаа туслах жолоочийг гуйж цааш кемп  хүртэл машинаа Б сан юм. Хөшөөтийн кемп  дээр машинаа тавиад Ховдруу явсан юм....” гэх мэдүүлэг.

      Гэрч  Н.А ын хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн:”... Би 2017 оны 10 сарын дундуур хойд хилээс Хөшөөтийн уурхай руу явах замд Э.А , П.Дашдорж хоёр Үенч сумын Улаанүзүүрийн хөрсийн колонк дээр хоорондоо маргалдаж байгаад Э.А  ах, П.Дашдорж ахын нүүр лүү нь гараараа цохичих шиг болсон тэгээд хоорондоо учраа олж байх шиг байсан........ гэх мэдүүлэг, 

    Гэрч  Б.Бүрэнжаргалын хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн:”... Би Э.А тэй гэр бүл болоод 12 жил болж байна. Э.А  нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй, миний нөхөр их даруухан дөлгөөн зантай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай.....гэх мэдүүлэг

 

 

 Гэрч  Б.Улаанхүүгийн  хэрэг бүртгэлтийн    шатанд өгсөн.” Э.А   ах эхнэр 3 хүүүхдийн хамт амьдардаг, төлөв, томоотой, даруухан зантай, архи дарс уудаггүй, амьралынхаа төлөө явдаг хөдөлмөрч ах байгаа юм  ... гэх мэдүүлэг

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 542 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

   1.  П.Дашдоржийн биед гэмтэл учирсан байна.

         2. П.Дашдоржийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын хэсгийн хаван хавдар, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        3. П.Дашдоржийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

        4. П.Дашдоржийн биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.

        5. П.Дашдоржийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        6. П.Дашдоржийн биед үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.

        - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26 / зэрэг  болно.

        - Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.А   нь  2017 оны 10 сарын  19-ний өдөр  Ховд аймгийн Үенч  сумын нутаг дэвсгэрт иргэн П.Дашдоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодсон  гэмт   хэрэг үйлдсэн болох нь  хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 542 тоот дүгнэлт, хохирогч П.Дашдоржийн мэдүүлэг, гэрч Н.А , Б.Бүрэнжаргал, Б.Улаанхүү нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Бадрах овогт Э ды Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Э.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно.

 

Шүүгдэгч Э.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, нэхэмжлэгчийн ПК84092813 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгах нь зүйтэй байна.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                   ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Э ды Алтангэрэл  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э ды Алтангэрэлийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   Э.А д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А д   оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай. 

          5.Шүүгдэгч Э.А   нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Э.А ийн  ПК регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах   Я.Ганчимэгт  даалгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

         7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Э.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.