Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Шүүгдэгч: К.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулж, Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт Колягийн Чд холбогдох 1835001520104 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Улаангом сум 11 дүгээр баг 8-12б тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОД97033153, Ш овогт К-гийн Ч.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдснээр/ К.Ч нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт насанд хүрээгүй хохирогч Д.Г, хохирогч Л.Б нарыг тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч К.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч К.Ч нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Б-ын толгойны дагз хэсэг рүү гараараа нэг удаа, зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа, баруун шанааны хэсэгт зүүн гараараа хоёр удаа, баруун гараараа зүүн талын шанаа, дагз, чихний орчимд 4-5 удаа тус тус цохин, зүүн хацар луу нь өвдөгөөрөө нэг удаа өвдөглөсөн, мөн насанд хүрээгүй хохирогч Д.Г-ийн зүүн гар луу гараараа нэг удаа, шанаа, нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа, толгойн арын дагз хэсэг, нуруу руу нь төмрөөр нэг нэг удаа цохиж, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Д.Г-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “Би Улаангом суманд байх Цогцолбор 2-р сургуулийн 12в бүлэгт сурдаг юм. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчим байх А, Ш, О бид дөрөв сургууль дээр байтал манай нөгөө ангийн Б гэх хүүхэд хажуудаа Б гэх залуутай хамт ирээд бид нарт хэлэхдээ миний гар утсыг Ч гэх ах авчихаад та нарыг дуудаж ирэхгүй бол өгөхгүй гэж байна гэхээр нь бид нар хамт тэр хоёрыг дагаад явсан. Тэгээд бид нар Улаангом сумын 3-р багт байх 2-60 айлын хамгийн захын орцны гадна очиход манай хорооллын Ч ах согтуу ганцаараа байсан юм. Тэгээд эхлээд намайг захын орцны хонгил руу дагуулж ороод нэлээн цааш явж байгаад нэг өрөө шиг зүйл рүү ороод би чамайг ална гэж хэлээд миний зүүн гар луу гараараа нэг удаа цохичихоод намайг гараад найзуудаа дагуулаад ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзуудаа дагуулаад хонгил руу ороод Ч ахын байсан өрөөнд ороход бид нарт хандаад та нар одоо миний хажуугаар зөрөхдөө мэнд асуудаггүй том болжээ гэж хэлээд бид нарыг жагсааж зогсоож байгаад нэг нэг удаа шанаа руу гараараа цохисон. Тухайн үед Быг зодоогүй болно. Тэгээд бид нар юм ярьж байгаад мөнгө байвал архи аваад ир гэхээр нь гараад Бад мөнгийг өгөөд дэлгүүрээс 500 граммын 1 шил Улаанбаатар нэртэй архи аваад дахин хонгил руу ороод Ч ахад өгөхөд Баар задлуулаад эхлээд Чд өгөөд дараа нь бид нарт өгөхөд бид нар амсаад өгөөд байсан. Тэр архинаас уугаагүй юм. Тухайн үед Ч ах нэлээн согтсон учир нэг болохоор бид нарыг босгож зогсоогоод шанаа, нүүр хэсэг рүү нэгээс 2 удаа гараараа шанаадаж цохиод аль эсвэл бид нараас уучлалт гуйгаад бид нарыг тэврээд байсан. Энэ үйл явдал 2-3 удаа давтагдсан юм. Тэгээд архи ууж байгаад Ч ах бөөлжихөөр гараад ирэх хооронд бид нар шилтэй архийг асгаад хаячихсан. Тэгээд бид нарт Ч ах орж ирээд архиа анзаараагүй бөгөөд архи дуусчихлаа гэхэд цүнхнээсээ 3 том 2.5 л пиво бид нартай хувааж ууна гээд бид нар луу пиво шахаад байсан. Тухайн үед бид нар аргагүйн эрхэнд уг пивонаас харсан үед нь уугаад хараагүй үед нь газар луу асгаад байсан. Бид нар 2-60 айлын хонгил 16 цагаас 20 цагийн хооронд 4 цаг орчим байсан. Тэгээд бид нарт Ч ах пиво өгч байгаад гэнэт бид нарыг босгож жагсаагаад хана руу харуулж зогсоогоод Быг нөгөө өрөөнөөс ороод хутга аваад ир гээд явуулсан. Тэгтэл Б хутга олдохгүй байна гэхэд чи яахаараа хутга олдоггүй юм гээд 2 удаа нүүр лүү нь гараараа алгадсан юм. Тэгтэл Б Ч-гээс айгаад дахин нөгөө өрөө рүү ороод жижиг нарийн арматурын төмөр авч ирээд өгөхөд тэр төмөрөөр Шыг цохих гэхэд бултсан юм. Тэгээд намайг цохих гээд ирэхээр нь би бултах гэтэл хананд шахагдаад нөгөө төмрөөрөө миний толгойн арын дагз хэсэг рүү нэг удаа мөн нуруу руу хальт нэг удаа цохиод авсан. Тухайн үед миний толгой өвдөж бие эвгүй болсон. Тэгээд байж байтал Ч хүндрэнэ гээд хажуугийн өрөө рүү орсоны дараа бид цуваад бүгд зугтаж гарсан ба би хамгийн сүүлд гарахдаа цагдаагийн машин өөдөөс ирээд Чг аваад явсан. Ч ах бид нарыг мэнд асуухгүй байна гэж үл ялиг шалтгаанаар бид нарыг зодсон. Б-ыг Ч ах хажуудаа суулгаж байгаад зүүн талын нүд рүү гараараа 4-5 удаа цохисон. Мөн бид нартай хамт жагсааж байгаад толгой нүүр лүү нь гараараа зодсон болно. Ч намайг болон Б, Б, А, Ш, О бид нарыг зодсон бөгөөд бид 7 хүнээс өөр хүн тэнд байгаагүй. ...Ч ах надаас уучлалт гуйж миний хохирол, гомдол барагдуулж өгсөн. Одоо надад Ч ахаас нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэлгүй болно” /хх-ийн 58-61 тал/ гэх мэдүүлэг,

хохирогч Л.Б-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 12в бүлэгт сурдаг. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээс гараад давталгандаа явж байгаад замаараа 64 айлын сагсны талбайн хажуугаар зөрөөд гарч байтал 16 цагийн орчим байх миний хажуугаар бөмбөг өнхрөөд ирэхээр нь би нөгөө бөмбөг рүү хараад авах гэж байтал нэг хар малгайтай ах сагсны талбай дээрээс намайг бөмбөг аваад өг гэж дуудсан. Тэгэхээр нь би нөгөө бөмбөгийг нь аваад очиход нөгөө хар малгайтай ах шууд миний толгойны дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Нөгөө бөмбөгийг нь нөгөө хар малгайтай ахад /К.Ч/ өгөхөд намайг суу гэж хэлсэн. Намайг сандал дээр суутал Ч надаас чи намайг таних уу? гэхээр нь би танихгүй гэж хэлтэл миний урдаас сагсны бөмбөг шидээд нөгөө бөмбөг нь миний нүүрний зүүн хэсгийг буюу зүүн нүдэн дээр оносон ба над руу шидсэн бөмбөг нь нөгөө тийш өнхөрсөн бөгөөд Ч намайг бөмбөг аваад ир гэхээр би бөмбөгийг нь авахаар босоход Ч гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд би бөмбөгийг аваад Чд хүргэж өгөхөд надад юм хэлэлгүй зүүн гараараа миний баруун шанааны хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд Ч Б бид хоёрыг дагуулж аваад Улаангом сумын 3-р багт байрлах махны 60 айл буюу 2-60 алын хажуу талд очоод Быг зодолт даахуу гэж хэлээд цээж рүү нь өшиглөөд  над руу ирээд зодолт даахуу гэж хэлээд баруун гараараа миний зүүн талын шанаа, дагз, чихний орчим 4-5 удаа цохисон, мөн намайг үснээс барьж байгаад зүүн хацар луу өвдөгөөрөө 1 удаа өвдөгдсөн болно. Тэгж байгаад 2-60-н айлын хонгил руу орно гэж хэлээд миний гар утсыг гэрэл тусгахаар аваад намайг болон Б бид хоёрыг 2-р сургуулийнхаа атамануудыг дагуулж ир гээд явуулсан. Би тухайн үед гар утсаа Чд өгсөн тул явахаас өөр аргагүй болоод сургууль руу Бын хамт явсан юм. Тэгээд сургууль руу ороод 2 давхарт нь гарахад миний ангийн О, нөгөө бүлгийн Г, Ш, А нар таарахаар нь та нарыг хүн дуудаж байна гээд дагуулаад 2-р 60-н айлын орцны үүдэн дээр очиход Ч байсан. Бид нарыг очингуут Ч үүрэндээ орно гээд юм хэлж байгаад Гийг дагуулаад байшингийн хонгил руу орсон ба хонгил руу ороод нэлээ хол явж байгаад нэг буланд буюу өрөө шиг газар ороод бид нарыг зогс гэсэн. Тэгээд бид нар зогсож байтал эхлээд Гийг Ч гараараа нүүр лүү нь 2 удаа цохисон ба та нар мэнд ус асуухгүй том болж гэж хэлээд бүгдийг нь зодсон. Тухайн үед Аын нүүр лүү гараараа 1 удаа цохиж үсдэж аваад паар мөргүүлэхэд А гараараа хаагаад амжсан, миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон, Гийн нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон. О-ийг нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгж байгаад Г, Ш хоёрыг архи авч ир тэгэхгүй бол ална шүү гээд тэр хоёрыг архинд явуулсан юм. Тэр хоёрыг архинд явсан хойгуур А, О бид гуравыг нэг нэг удаа нүүр лүү гараараа зодсон ба тухайн үед Б бид нарын хажууд байсан. Тэгж байтал Г, Ш нар 1 шил 500 граммын Улаанбаатар нэртэй архи авч ирээд Чд өгсөн. Тэр архийг Ч Ш-ыг сөгнө гээд Шыг архи сөгнөхөд бид нар луу архи шахаад уухгүй бол ална гэж сүрдүүлсэн бөгөөд бид нар тэр архийг хундагалаад өгөхөөр нь газар луу асгах нь асгаад амсаад өгөх нь өгөөд байсан. Тэгж байтал Ч бөөлжихөөр босоод бид нараас зайтай бөөлжиж байхаар нь бид нар архийг нь аяга руу нь хийгээд бүгдийг нь асгаад хаячихсан. Тэгээд Чг бөөлжиж дуусаад ирэхээр архийг нь уучихлаа гэж хэлтэл бид нарыг буюу Г, А, Ш, О бид тавыг хана руу харуулж зогсоогоод би та нарыг алчих уу? гэж хэлээд Быг хажуугийн өрөөнөөс хутга байгаа олоод ир гэхэд Б хажуугийн өрөө рүү ороод жижиг урт арматурын төмөр авч ирсэн. Тэгтэл тэр төмрөөр Гийн дагз хэсэг рүү нэг удаа, Шын баруун дал руу 1 удаа цохисон. Тэгээд бид нарыг зогсоож байгаад 3 сав 2,5 л пиво цүнхнээсээ гаргаж ирээд шахаад байхаар нь би өөрийн гар утсаа аваад халаасандаа хийж байгаад сэмхэн харанхуйд гарч зугтаагаад арай хийж гарах хаалга олоод хонгилоос гарч байгаад цагдаад дуудлага өгөөд зогсож байтал миний араас эхлээд Ш, дараа нь А, дараа нь О, сүүлд Г гарч ирээд зогсож байтал цагдаа нар Ч болон бид нарыг авч явсан. ...Би Чгээр зодуулснаас болж толгой өвдөөд бариачид бариулсан ба одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Би К.Чгээс эмчилгээний зардал нэхэмжилнэ гомдолтой” гэх мэдүүлэг /хх-55-56 тал/,

гэрч Б.О-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Тэгээд бид нар өрөөнд ороод зогсож байтал Ч ах бид нарыг жагсаад зогс гэж хэлсэн. Тэгэхээр нь хамгийн доор нь би зогсоод миний зүүн талд А, Ш, Г, Б нар зогссон. Тэгтэл А-ыг Ч ах цээж рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгчихээд архинд яваад ир гэж бид нарыг хэлэхэд Ш, Г хоёр мөнгөтэй байна гээд архинд явсан тэр хойгуур Ч ах Б, А бид гуравыг нэг нэг удаа гараараа алгадсан. ...Ч ах нэг ширхэг урт арматурын төмөр барьж байгаад газар шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

гэрч Б.Ш-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “ ...Аыг Ч ах цээж рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгчихээд архинд яваад ир гэж бид нарыг хэлэхэд надад мөнгө байсан тул Г бид хоёр Бтай хамт архинд явсан. Тэгээд бид гурав дэлгүүр ороод Баар нэг шил 500 граммын Улаанбаатар нэртэй архи авахуулаад хариу хонгил руу авч ороод түүнийг эхлээд бид задлаад тойруулаад дараа нь Б надаас архи аваад архи сөгнөсөн архи дуусаагүй байтал Ч ах нэлээн согтоод бөөлжихөөр хажуугийн өрөө рүү Гтой хамт орсон юм. Тэгэхээр нь би нөгөө архийг нь газар луу асгаад хаячихсан. Ч ах бөөлжиж орж ирээд архи дуусчихлаа гэж хэлэхэд бид нарыг босгож аваад дахин жагсаагаад гараараа алгадаж зодоод байсан. Тэгээд байж байтал миний гэдэс эвгүй болоод би Оийг дагуулаад хажуугийн өрөө рүү ороод бөөлжсөн ба тэндээ 10-15 орчим минут болоод буцаад нөгөө өрөө рүүгээ ороход Ч ах нэг ширхэг урт арматорын төмөр барьж байгаад газар шидчихсэн. Ч ах Быг хонгил дотор гараараа 2-3 удаа толгой руу нь алгадаж зодсон. Харин Гийг Ч ах намайг харж байхад толгой руу 2-3 удаа гараараа зодсон. Мөн намайг бөөлжих гээд нөгөө өрөөнд байхад Гийг Ч ах арматорын төмөрөөр дагз руу нь зодсон гэж байсан. А, О, Г бид нарыг Ч ах ямар шалтгаанаар зодоод байгааг нь би мэдээгүй. Тухайн үед согтуу байсан учир согтсондоо тийм үйлдэл хийсэн байх. Бид нарыг зодохдоо та нар архи, тамхи хэрэглэж болохгүй, энэнээс хол яв гээд зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/,

гэрч Я.Б-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн үед Цэдэнбалын талбай дээр танил ах Чтэй таарсан юм. Тэгээд бид хоёр хамт яваад Улаангом сумын 11-р багт байх Баялаг-Од буудалд өрөө аваад тэндээ 6 том 2,5 л пивыг 4 хүнтэй хувааж уусан. Тэгээд тэндээсээ бид хоёр гараад тамхи авахаар гараад 48 айлын байрны урд байх дэлгүүрээс тамхи аваад 2-60 алын урд талын сагсан бөмбөгийн талбайн тэнд сууж байгаад ...бид нарын хажуугаар Б гээд 2-р 10 жилд сурдаг хүүхэд өнгөрч байтал Ч тэр хүүхдийн араас сагсны бөмбөгөө шидсэн. Тэгтэл тэр хүүхдийн араас оноход Б-ыг бөмбөг аваад ир гээд дуудсан. Б бөмбөг аваад иртэл юм хэлэлгүй Быг Ч гараараа 4-5 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд дахиад Быг босгож зогсоож байгаад нүүр лүү нь гараараа 4-5 удаа цохиход Б-ын нүд нь хавдчихсан юм. ...Ч над руу ирээд чамд ямар хамаатай юм гээд намайг хөл рүү 2 удаа өшиглөсөн, ...хонгил руу ороод нэлээн явж байгаад Г, Б, Ш, А, О нарыг жагсааж зогсоож байгаад эхлээд Г-ийг та нар ахаасаа мэнд асуухгүй том болжээ гээд баруун зүүн гараараа толгой, нүүр хэсэг рүү нь 7-8 удаа цохисон буюу хүүхдүүдийг 2-3 удаа шанаа руу нь болон нүүр лүү гараараа зодсон юм. ...Тэгж байтал Ч архи ууж байгаад огиод бөөлжсөн. Тэгээд хариу эргэж ирж суучихаад нөгөө хүүхдүүдийг дахин босгож зогсоогоод 2-3 удаа бүгдийг нь нүүр лүү нь гараараа цохиод газар хэвтүүлээд босгож байгаад хана руу харуулж зогсоож байгаад намайг хутга аваад ир гэсэн. Тэгэхээр нь би та яах гээд байгаа юм гэхэд намайг 2-3 удаа шанаадсан. Тэгэхээр нь би хажуугийн өрөөнд байсан нарийн арматурын төмөр олж өгсөн. Тэгтэл тэр төмрөөр Гийн толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохиод бусад хүүхдүүдийг нь зодох гэхээр нь би болиулсан юм. Тэгээд Ч нөгөө төмрөө хаячихаад ...бие засна гээд нөгөө өрөө рүү орсны дараа хүүхдүүд бүгд гараад явчихсан юм. Тэгээд Ч бид хоёр хонгилоос гараад иртэл цагдаа нар ирчихсэн бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/,

насанд хүрээгүй гэрч С.А-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Тэгтэл Ч ах миний цээж рүү гараараа нэг удаа цохиод авсан. Ч Б-ыг хонгил дотор гараараа 2-3 удаа толгой руу нь алгадаж зодсон мөн цээж рүү нь гараараа 2-3 удаа гараараа зодсон. Мөн Гийг Ч арматурын төмрөөр дагз руу нь нэг удаа цохисон юм. О, Ш, Б, Г бид нарыг Ч ямар ч шалтгаангүйгээр зодсон. Бид нарыг зодохдоо та нар архи, тамхи хэрэглэж болохгүй. Хэзээ ийм том болчихсон юм гээд зодоод байсан. Бид нарыг зодуулж байхад О, Ш, Б, Г, Б бид нараас өөр гадны хүн байгаагүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/,

шүүгдэгч К.Ч-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр найз Б, Ц нартай Баялаг-Од буудалд 6 том сав 2,5 л пиво хувааж уучихаад Ц-аас салаад Б бид хоёр хамт явсан. Тэгээд тамхи авахаар 48 айлын урд талын дэлгүүр орж тамхи авчихаад 2-60 айлын урд талын сагсны талбайн ойролцоо Бтай хамт тамхи татаад зогсож байтал танил хоёр хүүхэд таарахаар нь би дуудаад уулзахад тэр хоёр бөмбөгтэй явсан. Тэгээд бөмбөгийг нь аваад шидэж байгаад миний шидэж байсан бөмбөг өнхрөөд явчихаар нь замаар явж байсан нэг хүүхдийг аваад ир гэж хэлээд дуудахад нөгөө хүүхэд аваад ирсэн. Тэгтэл тэр хүүхэд миний танил Б гэдэг хүүхэд байсан. Тэгээд тэр хүүхдийг мэнд асуусангүй гээд толгой руу нь 2-3 гараараа зодсон. Намайг Б-ыг зодож байхад миний хажууд Б байсан юм. Тэгээд тэндээсээ Б, Б нарыг дагуулж аваад 2-60 айлын ард гараад тэр хоёрыг шанаа хэсэг рүү нэг нэг удаа цохичихоод тэр хоёрыг Цогцолбор 2-р сургуульд сурдаг Г-ийг дуудаад ир гэж хэлээд явуулсан. Би Быг явуулахдаа буцаж ирэхгүй байж магадгүй гэж бодоод гар утсыг нь авч үлдсэн юм. Тэгээд бид 2-60 айлын хонгил руу орох хэсгийн орцны үүдэн дээр ганцаараа зогсож байтал Б, Б, Г, А, Ш, О нар ирсэн. Тэгэхээр нь би Гтой уулзаад 2-60 айлын хонгил руу эхлээд хамт ороод нэлээн явж байгаад нэг өрөө шиг зүйл рүү ороод Гийг яагаад ахтайгаа уулзахгүй мэнд асуухгүй байна гээд шанаа, нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Гийг нөгөө хүүхдүүдээ аваад ороод ир гэж хэлсэн. Тэгтэл Г гараад нөгөө хүүхдүүдээ аваад ороод ирсэн. Тэд нарыг миний байсан өрөөнд орж ирэхээр би Б-ыг үлдээгээд бусад хүүхдүүдийг нь жагсааж байгаад бүгдийг нь 1-2 удаа гараараа алгадаж, шанаадсан юм. Тэгээд би өрөө тэр өрөөнд суучихаад өөрт байсан мөнгөө гаргаад нэг шил архи аваад ир гэхэд Г, Шинбаяр бид нарт мөнгө байна бид нар гараад мөнгөө аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёртой Б-ыг хамт архинд явуулсан. Тэгээд тэр гурвыг архинд гараад явахаар нь үлдсэн А, Б, О нарыг өрөөн дотроо босгож зогсоож байгаад 1-2 удаа алгадаж шанаадсан юм. Тэгж байтал Г, Ш, Б нар 1 шил 500 граммын Улаанбаатар нэртэй архи авч ирээд надад өгсөн. Тэгээд тэд нараар нөгөө архиа тойруулаад сууж байгаад миний бие эвгүйрхээд бөөлжихөөр хажуугийн өрөө рүү орсон. Тэгээд тэндээ бөөлжиж байгаад ороод ирэхэд нөгөө ууж байсан архи дуусчихсан байхаар нь тэд нарыг асгалаа гээд Баас бусдыг нь босгож хана руу харуулж зогсоож байгаад Баар хажуугийн өрөөнөөс арматурын төмөр авахуулаад тэд нарыг айлгая гэж бодоод хамгийн эхэнд зогссон Гийн дагз руу нөгөө төмрөөрөө нэг удаа цохисон. Тэгээд бусад хүүхдүүд нь айгаад байх шиг болохоор нь нөгөө төмрөө газар хаячихсан юм. ...Нөгөө хүүхдүүд зугтчихсан байхаар нь би араас нь ганцаараа хонгилын хаалгаар гараад иртэл цагдаа нар ирээд намайг барьж аваад эрүүлжүүлэх байранд хийсэн юм. ...Би тухайн өдөр сэтгэл санаа хямраад архи уусан. Согтоод ийм буруу зүйл хийж, хүүхдийг зодож гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Б, Г, А, О, Ш, Б нараас уучлалт гуйсан. Б, Г нар надад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Б-д эмчилгээний зардалд 400.000 төгрөг, Г-т эмчилгээний зардалд 250.000 төгрөг тус тус барагдуулсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 281 тоот “ Иргэн Л.Б-ын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн завьжинд цус хуралт, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хөдөлмөрийн чадварт нөлөөлнө. Дээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот “ Иргэн Д.Г-ийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дагзанд зулгаралт, эрүүний зүүн талд болон дагзанд зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хөдөлмөрийн чадварт нөлөөлнө. Дээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хамаарна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч К.Ч нь үл ялих зүйл буюу мэнд ус мэдсэнгүй гэдгээр шалтаглан Л.Б, Д.Г, С.А, Б.Ш, Б.О, Я.Б нарыг зодсон байх ба түүний архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар өөрийн үйлдлийг хянах чадвараа алдсан явдал нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч К.Ч-гийн хохирогч нарыг зодсон үйлдлийн улмаас хохирогч Л.Б-ын биед тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн завьжинд цус хуралт, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн, насанд хүрээгүй хохирогч Д.Г-ийн биед тархи доргилт, дагзанд зулгаралт, эрүүний зүүн талд болон дагзанд зөөлөн эдийн гэмтэл үүссэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 281, 282 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан тул дээрх шинжээч эмчийн 281, 282 тоот дүгнэлтүүд эрх зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч К.Ч-д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч К.Ч-г 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.   

Шүүгдэгч К.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч К.Ч хоёр хүний эрүүл мэнд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч К.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Д.Г-т, 400.000 төгрөгийг хохирогч Л.Б тус тус бэлнээр төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч нарын гомдол санал байхгүй, надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх хэргийн 97, 101 дүгээр талд авагдсан тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгч К.Ч-гээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон К.Т, Ж.Т нарын мэдүүлэг, ял шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд /хх-72, 73, 84, 93 тал/-аар шүүгдэгч К.Ч нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Увс аймгийн Улаангом сумын 11 баг, 8-12б тоотод ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг байх ба түүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч К.Ч-гийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зохистой гэж шүүх дүгнэж, 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 41.5 см урттай, 1 см диаметр зэвэрсэн арматурын төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч К.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш ургийн овогт К-гийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш ургийн овогт К-гийн Ч-г 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            4. Шүүгдэгч К.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч Л.Б 400.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д.Гт 250.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 41.5 см урттай, 1 см диаметр зэвэрсэн арматурын төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар К.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА