Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 2416000000023 |
Дугаар | 2024/ДШМ/23 |
Огноо | 2024-08-30 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/23
Н.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Н.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Э (онлайнаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Н.Б-т холбогдох эрүүгийн 2416000000023 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: Б овгийн Н.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ... , эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д............... регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Б нь мотоцикл ашиглан 2022 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн ........... сум ........... багийн нутаг ............ садарганаас Б.Г-ийн эзэмшлийн Хүрэн зүсмийн урд бөх цацаг хазгай ингэн тэмээг, мөн 2022 оны 12 дугаар сард ширээтэй чандмань тамгатай хөх ингэн тэмээг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Б нь 2023 оны 5 дугаар сард Говь-Алтай аймгийн ............... сумын ............ багийн нутгаас Б.Г-ийн эзэмшлийн 1 атан тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч Б овгийн Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар олон тооны малыг хулгайлж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Б-т 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 950,000 (Есөн зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 (Хоёр) ингэн тэмээ, 1 (Нэг) ат хохирогч Б.Г-д өгч хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс гаргаж өгсөн 14 хуудас баримтыг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн 2416000000023 дугаартай эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн аваад давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Тухайлбал: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Н.Б-ыг мотоцикл ашиглан 2022 оны 12 дугаар сард Б.Г-ийн эзэмшлийн 2 тэмээг 7 хоногийн хугацаатай хулгайлсан, 2023 оны 5 дугаар сард 1 тэмээг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ үргэлжилсэн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдэж 3 тэмээ хулгайлсан нь олон мал хулгайлсан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл 3 өөр цаг хугацаанд болсон үйл явдалд тус тусад нь дүгнэлт хийлгүйгээр үргэлжилсэн үйлдлээр олон тооны мал хугайлсан гэж Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь дээрх 3 тэмээ хулгайлсан гэх үйл баримт нь тус тусдаа болсон үйл явдал болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд тогтоогдсон. Тухайлбал:
1. 2022 оны өвөл 12 сард Н.Б нь М-ий хамт уядаг тэмээ барихаар тэмээгээ бөөгнүүлсэн болох нь гэрч М-ий мэдүүлгээр тогтоогдсон.
2. Н.Б нь 2022 оны өвөл Г-т 1 тэмээ өгсөн бөгөөд уг тэмээг М.Б тэмээг барьж Г гэх хүнд өгсөн.
3. 2023 оны 5 дугаар сард Д гэх хүнд атан тэмээ өгсөн зэрэг үйл явдлуудад прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.
Дээрх үйл явдлуудаас дүгнэхэд 1 дэх үйл явдал болох М-ий хамт уралддаг тэмээ барихаар тэмээгээ бөөгнүүлэхдээ мотоциклтой явдаг. Тэмээ бөөгнүүлж ирэх үйл явц нь мотоциклтой явсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд Б.Г-ийн эзэмшлийн ингийг алах, авах үйл явдалд буюу гэмт хэргийг амар хялбар болгоход мотоцикл ашигласан болох нь тогтоогдохгүй байна. Энэ нь тэмээ бөөгнүүлж хоноод маргааш нь ингэн тэмээ нядлаад байгаа үйл баримтаар тогтоогдоно. Б.Г, Н.Б нарын тэмээ нь байнга цуг явдаг нэг бэлчээртэй болох нь хохирогч Б.Г-ийн мэдүүлгээр нотлогдоно.
Мөн тус тэмээг Н.Б нь мотоциклийн үнэд өгсөн байсан гэж тайлбарладаг бөгөөд энэхүү үйл баримттай холбоотой Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргаад хохирогч Б.Г-ийн зүгээс тэмээ биш мөнгө өгөхөө илэрхийлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг болно. Шүүхийн шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болно. Харин 2 дахь үйл явдал буюу Г-т өгсөн гэх тэмээний тухайд Б нь Б-д Г-ийн хөх ингийг бариад өгчих гэж хэлсэний дагуу Б нь Г-т өгсөн үйл баримт тогтоогдсон. Б өөрийн биеэр явж ингийг барьж өгөөгүй байхад мотоцикл ашиглан тэмээ хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлгүй байхад нотлох баримт болон хэргийн бодит байдлыг анхаарч үзэлгүй анхан шатны шүүхээс энэхүү үйл баримтад бодит дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй. Түүнчлэн 3 дахь үйл явдалд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүхээс өөр өөр цаг хугацаанд олон тэмээ хулгайлсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэн хүндрүүлж ялыг өмнөх 2 үйлдэлд нэгтгэж үйлдлийг шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Н.Б-ын үйлдэл нь гэмт хэрэг гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх үндэслэл тогтоогдож байна. Иймээс Н.Б-ын эрх зүйн байдлыг дээрдүүлж зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Шүүгдэгч Н.Б нь мотоцикл ашиглан 2022 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багийн нутаг ............ садарганаас Б.Г-ийн эзэмшлийн Хүрэн зүсмийн урд бөх цацаг хазгай ингэн тэмээг, мөн 2022 оны 12 дугаар сард ширээтэй чандмань тамгатай хөх ингэн тэмээг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Б нь 2023 оны 5 дугаар сард Говь-Алтай аймгийн ........... сумын .......... багийн нутгаас Б.Г-ийн эзэмшлийн 1 атан тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 сард тэмээгээ бөөгнүүлэхэд манай тэмээнээс хоёр тооны ингэн тэмээ алга болсон, манай алга болсон хоёр боос ингэ зөв талын хөлөрдөг дээр ширээтэй чандмань тамгатай, хойт бөхний зөв талдаа хөндлөн гурилаар тэмдэг хийсэн байсан, тэр өвөл би хоёр ингээ хайгаад олоогүй юм. .......... сумын ........... багийн ........... садарганаас 2022 оны 12 сард алга болсон тэрнээс хойш сураг гараагүй, хайгаад олдохгүй байсан, саяхан нэг залуу би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай сумын .............. багийн залуу хэлэхдээ өнгөрдөг 12 сард хилийн цэргийн ... дүгээр ангийн хашаанд танай бууртай тэмээ байсан тэр үеэр манай тамгатай нэг ингэн тэмээ нядлагдсан сураг гарсан юм. Эхлээд хүрэн зүсмийн урд бөх цацаг хазгай боос ингэ ширээтэй чандмань тамгатай алга болсон байсан. 5 хоногийн дараа ширээ хөх боос ингэ мөн адил тамгатай алга болсон би тухай үед нэлээд хайгаад олоогүй сураг гараагүй. Би нэг ингийг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. 2 ингээ 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан хоёр ингээ олж авмаар байна, манай тэмээнээс энэ жил бас нэг атан тэмээ алга болсон авсан эзэн нь олдсон байна. Манай сумын ............. багийн малчин Н.Б гэх залуу надтай саяхан утсаар яриад таны тэмээний хохирлыг барагдуулмаар байна гэж ярьж байсан. Тэгээд ээж нь надтай уулзана гэж байна лээ. Би тэмээнийхээ мөнгийг нь авна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас)
5.2. Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө тэмээ малд яваагүй. Манай нөхөр Г өөрөө тэмээ малаа бөөгнүүлдэг юм. 2022 оны өвөл 2 ингэ алга болчихсон байна гэж ярьж байсан. Сая 2024 оны 01 дүгээр сарын 14-нд байхаа манайд Н.Б, ээж Л, дүү гурвуулаа нөхөртэйгөө дөрвүүлээ ирээд манай нөхөр Б.Г-тэй уулзаад танай 3 тэмээний орны тэмээг тоо ёсоор нь хүлээлгэж өгнө гэсэн. Тэр өдөр нь манай нөхөр очиж авч чадаагүй хөдөө мал руугаа явчихсан байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас),
5.3. Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б-ыг танина манай аавын холын садан гэсэн. 2022 оны өвөл Б ах манайд ирээд намайг уядаг тэмээ унаад ир гэхээр нь би цуг явсан, тэгээд сумын төвд ороод орой Б ах бид хоёр мотоцикльтой тэмээнд яваад .......... садарганаас бууртай тэмээг нь туугаад сумын төв орж хилийн цэргийн ... дүгээр ангийн хашааны ард байдаг саравчтай хашаанд тэмээг хашиж хонуулаад өглөө ирж нэг тэмээ гаргасан, намайг Б ах тэмээ буцааж бай гэхээр нь би тэмээг нь буцааж байхад Хүрэн зүсмийн урд бөх цацаг хазгай ингэн тэмээг Б ах өөрөө гаргасан юм. Би тухайн үед Б ахыг хүний тэмээ гаргаж байгааг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),
5.4. Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэх хүнийг танина, 2022 оны 11 сарын 20-ны үед байх ............ гэх газар Г-ынх манайтай цуг өвөлжиж байсан юм. Тэр үед Г манайх Б-аас нэг идэшний тэмээ авах ёстой юм. Та Б-тай яриад өгөх тэмээг нь ойртуулаад өгөөч гэхээр нь би Б-тай утсаар холбогдоод Г-ынх чамаас нэг тэмээ авч гаргана гэж байна. Би таних юм бол ойртуулаад өгье гэхэд Б та Г-ийн хөх ингийг аваачаад өгчих гэсэн тэгэхээр нь би хүний ингэ өгч болж байгаа юм уу гэхэд Б болно болно гэсэн тэгээд би Г-ийн ширээтэй чандмань тамгатай хөх ингийг .......... тууж аваачиж өгөөд гаргасан юм. Би Г-д танай хөх ингийг Б, Г-т алж өгсөн талаар хэлж байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),
5.5. Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ий 2024 оны 01 сарын 12-ны өдрийн “...Ингэн тэмээ толгой 2 нэгжийн үнэ 1.100.000 төгрөг нийт үнэ цэнэ 2.200.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх ТХҮ-921/4752 дугаартай хөрөнгийн үнэлгээ (хх-ийн 22-24-р хуудас),
5.6. Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 сард тэмээгээ бөөгнүүлэхэд манай тэмээнээс нэг тооны атан тэмээ алга болсон, манай алга болсон атан тэмээний тамга нь зөв талын гуяны хавтгай дээр ширээтэй чандмань тамгатай, ширээ хүрэн зүсмийн, 2023 оны 05 дугаар сард манай алдсан тэмээний зүстэй адил ширээ хүрэн зүсмийн та манай сумын .......... багийн малчин Н.Б нь тус сумын .......... багт оршин суух Н.Д гэх хүнээс Истана маркийн авто машин худалдаж аваад өртөгт нь өгсөн гэсэн энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн тэмээ ............ сумын .......... багийн ............... гэх газраас алдагдсан. 2023 оны 05 дугаар сард Б нь манай тамгатай нэг тооны атан тэмээг нядлан Д-д өгсөн сураг гарсан. Миний алдсан ат хүрэн зүсмийн ширээ бөхтэй, зөв талын гуяны хавтгай дээр ширээтэй чандмань тамгатай, хойт бөхний зөв талд гурилаар жонхуу хийж хөндлөн татсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 52-р хуудас),
5.7. Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2022 оны 12 сард хэдэн хоногийн зайтай 2 тооны ингэн тэмээгээ алдсан, дараа 2023 оны 05 дугаар сард 1 тооны атан тэмээ алдсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний орчим ........ сумын ........ багийн малчин Н.Б, ээж дүү нарынхаа хамт ирээд надтай уулзаж миний алдсан 3 тэмээг Б би аваад хүнд алж өгсөн юм, одоо төлж өгнө гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны зөв талын шанаа, зөв талын гуяны хөлөрдөг дээрээ 8 тоо тамгатай ботготой ингэ 1, боос ингэ 1, мөн тамга тэмдэггүй нэг тооны атан тэмээ өгч намайг хохиролгүй болгосон одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-р хуудас),
5.8. Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 онд би өөрийн эзэмшлийн Истана маркийн ... - ... ГАА улсын дугаартай машиныг Н.Б-т 8.000.000 төгрөгөөр бодоод мал авахаар өгсөн. Тэгээд 2 тэмээ, нэг унагатай гүү, 2 жил манай мал хариулсан хөлсөө хасаад 1.200.000 төгрөг бэлэн авахаар болсон. Тэгээд 2023 оны 05 сард надад Б ширээ хүрэн зүсмийн ат авч ирж өгсөн юм. Ширээ хүрэн ат байсан тамга тэмдгийг нь сайн санахгүй байна. Б-ын малын гэр нь ........ багийн ......... гэх газар байсан би гэрийнх нь гадаа очиж гаргаж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас),
5.9. Гэрч Б.Б-ны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...2023 оны 05 дугаар сард манай хүргэн Д ........ багийн ........... гэх газар Н.Б-аас машиныхаа өртгөнд ширээ бөхтэй хүрэн зүсмийн атан тэмээ гаргасан тэгэхэд би гэр ойрхон болохоор очсон юм, тухайн үед тэмээний тамга, тэмдгийг нь ажиглаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 57-р хуудас),
5.10. Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ний 2024 оны 01 сарын 09-ний өдрийн “...Атан тэмээ толгой 1 нэгжийн нийт үнэ цэнэ 1.200.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх ТХҮ-921/4750 дугаартай хөрөнгийн үнэлгээ (63-65- р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан тохиолдолд хэргийн үндсэн шинж, энэ гэмт хэргийг олон тоон мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хүндрүүлэх шинж тус тус хангагдахаар хуульчилжээ.
6.2. “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
6.3. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ыг бэлчээрт байгаа тэмээг хашиж, тууж, барьж авах зорилгоор мотоцикл ашигласныг “Мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
6.4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А нь “...Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүхээс өөр өөр цаг хугацаанд олон тооны тэмээ хулгайлсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэн хүндрүүлж ялыг өмнөх 2 үйлдэлд нэгтгэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалд нөлөөлсөн байхад энэ байдлыг анхаарч үзэлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Н.Б-ын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх үндэслэл тогтоогдож байна. Иймээс Н.Б-ын эрх зүйн байдлыг дээрдүүлж зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбар гаргасан байна.
6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор заажээ.
Шүүгдэгч Н.Б-ын үйлдэл тус бүрт ял оногдуулах нь шүүгдэгч Н.Б-т ашиггүй, түүний эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй байна.
6.7. Мөн өөрийнх нь тэмээтэй нэг бэлчээрт байсан хохирогчийн ингэн тэмээг өөрийн тэмээнд мотоциклоор нийлүүлэн тууж ирсэн шүүгдэгчийн үйлдлийг мотоцикл ашиглан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
6.8. Шүүгдэгч Н.Б нь уг тэмээг хохирогчийн аав амьд байхдаа надад 2 тэмээ өгсөн гэж мэдүүлж байгаа боловч хохирогч уг тэмээг жил гаруй хугацаанд эрж хайж, сураглаж байхад авах ёстой тэмээгээ авсан талаараа хохирогчид огт мэдэгдээгүй, уг тэмээг нууцаар авч захиран зарцуулсан нь шүүгдэгчийн үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх үндэслэл болно.
6.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор заажээ.
6.10. Иймд шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн өмгөөлөгч Д.Э-ийн “...Б.Г-ийн хувьд хохирлоо бүрэн төлүүлж авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол бүрэн барагдсан гэсэн байр суурьтай байгаа. Анхан шатны шүүхээс Н.Б-т оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөхөд хохирогчийн зүгээс татгалзах зүйл байхгүй...” гэсэн байр суурийг илэрхийлсэн зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж давж заалдах шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Б-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан” гэж нэмж, “2 жилийн хугацаагаар” гэснийг “1 жилийн хугацаагаар” гэж, 3 дахь заалтын “2 жилийн хугацаагаар” гэснийг “1 жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Ш.Б
Ц.О