Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч М.Ариунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

Шүүгдэгч М.Б-, Ч.А- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 , 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-, Ч.А- нарт холбогдох эрүүгийн 201622000375 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Б-,

Монгол улсын иргэн, Ч.А-,

Шүүгдэгч М.Б- нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод нэвтрэн орж Эл Жи зурагт, Дидиш станц, үхэр, ямааны мах зэрэг эд зүйл хулгайлж 772.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Б-, Ч.А- нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоот иргэн Г.Э-ы хашаанд байх гаражнаас эд зүйл хулгайлж 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б- нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод нэвтрэн орж Эл Жи зурагт, Дидиш станц, үхэр, ямааны мах зэрэг эд зүйл хулгайлж 772.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Б-, Ч.А- нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоот иргэн Г.Э-ы хашаанд байх гаражнаас эд зүйл хулгайлж 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хөдөө яваад өнөөдөр хөдөөнөөс буцаж орж ирээд Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод байрлах гэртээ очиход манай байшингийн цонхыг хагалж хулгай ороод 32 инчийн Эл Жи маркийн өнгөт зурагт, зурагтын хүлээн авагч станц зэргийг хулгайлаад аваад явсан байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө айж, сандраад хөргөгчнөөс үхрийн мах, ямааны мах хулгайд алдагдсаныг тэмдэглүүлэхээ мартсан байналээ. Манай хөргөгчнөөс шулсан үхрийн мах 11 кг, нэг хааг нь авсан бүтэн шахуу хуйхлуулсан ямааны мах алдагдсан. Энэ нь ойролцоогоор 15 орчим кг мах болох байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 44-р тал/,

Хохирогч Н.Д-ээс Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаархи гомдол /хх-ийн 5-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-52-р тал/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-р тал/,

Хохирогч Г.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шөнө 01 цагийн үед гэрийнхээ 00-д бие засаад сууж байсан чинь хашааны 2 залуу орж ирээд манай гараж руу ороод байсан. Манай гаражнаас цагаан өнгийн 45 ампертай аккумлятор, гаражны гаднаас хар өнгийн 90 ампертай аккумлятор, байшингийн буланд өлгөж тавьсан байсан 24 метр урттай гэрлийн уртасгагч байсныг аваад хашаагаар даваад явчихсан. 15-тай пртус 10 маркийн машины дугуйг хашаа давуулаад хаячихсан байсан. Би араас нь гараад очтол хашааны гадаа нэг эмэгтэй зогсож байсан. Тэгэхээр нь би барьж аваад хэн бэ гэхэд манай нөхөр найзтайгаа танайд орж хайлш аваад ирье байж бай гээд орсон гэхээр нь танай нөхрийг хэн гэдэг юм гэсэн чинь Ч.А- гэж байсан. Ч.А-тай хамт явж байсан хүний нэрийг асуусан чинь Бямба гэж байсан. Би тэгэхээр нь тэр эмэгтэйг дагуулаад тэр 2 хулгайчийн араас явсан чинь нэг нь барьж байсан аккумлятороо орхиод зугтсан. Нэг нь аккумлятороо бариад зогсож байхаар нь очиж 2 аккумлятор, уртасгагчаа аваад цагдаад өгсөн. Тэр хулгайч согтуу байсан. Би урьд өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Харин зарим нэг зүйлийг залруулж хэлмээр байна. Би энэ аккумляторыг гаражны гадаа байсан гэж бодоод байсан чинь 2 аккумлятор маань 2-лаа гараж дотор байсан юм байна лээ. Би тухайн үед 00 дотор бие засаад сууж байсан. Тэгтэл манай гэрийн урд хаалгаар Ч.А-, Бямбасүрэн нар орж ирээд шууд аккумляторыг авсан. Би тухайн үед гаражны хаалгаа машин оруулах гээд түгжээг нь авсан байсан. Гаражны гадна Приус-10 маркийн 15-тай обудтай шинэ дугуйг аваад хашааны гадна хаясан байсан. Харин гараж дотор байсан 90 ампертай, 40-н ампертай хэвийн ажиллагаатай сайн цэнэгээ барьдаг 2 аккумляторыг маань 24 метрийн хэвийн ажиллагаатай уртасгагч утастай хамт аваад явсан байсан. Би гараж дотроо байнгын засварын үйл ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 66-р тал/,

Гэрч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэдэн сарын хэдний өдрийг би санахгүй байна. Манай нөхөр Бямбасүрэн найз Ч.А- нарын хамтаар 12-р хорооны үзүүрт орой 20 цагийн орчимд нэг том пиво хувааж ууцгаасан. Тэгээд пивоо ууж дууссаны дараа манай нөхөр Бямбасүрэн, найз Ч.А- нар айлд ороод ирье чи гадаа байж бай гэж хэлээд цагаан хаалгатай айл руу орсон. Тэр айл руу ороод манай нөхөр, Бямбасүрэн хоёр гарч ирэхгүй болохоор нь би даараад яваад орсон чинь миний урдаас тэр айлын ах гарч ирээд хамт явсан 2 хүнээ хэлж өг тэр 2 хүн чинь гаражнаас аккумлятор хулгай хийсэн гэж хэлсэн. Тэгээд миний дээлний захаас бариад хаалгаар гараад хойшоо явсан чинь манай нөхөр гудамжны үзүүрт зогсож байсан. Ч.А- хаачсан юм бэ гэхэд зугатаасан гэж манай нөхөр хэлсэн. Тэгсэн намайг барьж явсан ах цагдаа дуудаад манай нөхрийг цагдаа руу эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Би тухайн үед нөхрийгөө аккумлятор хулгайлсан гэж мэдээгүй. Маргааш өглөө нь манай нөхөр над руу утсаар залгаад Ч.А-ийг чи олоод ирээч гэрт нь очоод хулгай хийсэн аккумлятор олоод ирээч гээд байсан. Ч.А- манай нөхөр 2 нийлж тэр айлаас аккумлятор, уртасгагч хулгай хийсэн гэдгийг тэгж л мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын дундуур байхаа аавын хашаанд 2 хулгайч орж гараж дотор байсан аккумлятор, байшингийн хананд өлгөөтэй байсан 24 метрийн урттай уртасгагч болон гаражны гадна байсан Приус-10 маркийн машины обудтай дугуйг хашаа давуулж хаясан байсан. Тэр өдөр би айл руу явах гээд 18 цагийн үед гаражны хаалгаа түгжээгүй байсан тул хаалгыг нь гадна талаас нь хааж үлдээсэн байсан. Ингэхээр хаалга хаалттай байсан гэсэн үг. Тэр орой аав над руу утсаар залгаж манай хашаанд хулгайч орж ирээд би араас нь хөөж байна гэхээр нь хүрч иртэл манай аав, эхнэрийнхээ хамт явсан гэсэн хулгайчийг нь барьсан зогсож байсан. Яагаад хулгай хийж байгаа юм бэ гэхэд тэр эхнэртэйгээ хамт баригдсан залуу нь би хуучин айлыг нь таньдаг байсан надад өртэй байсан болохоор би орж эд зүйл авсан гээд согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-10-р тал/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 23, 73-р тал/,

Шүүгдэгч Н.Ч.А-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Харин 2 аккумляторыг гараж дотроос аваагүй. Иймд зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Б-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2016 онд орон байрнаас зурагт, ДДИШ авснаа хүлээн зөвшөөрч хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Харин 2018 онд бусдын гаражнаас эд зүйл авснаа бол зөвшөөрч байна. Харин дотроос нь аваагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хохиролд нэг гэрээ өгнө...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ч.А-ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан, шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ч.А- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 35-40, 44-р тал/,

Шүүгдэгч М.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б-, Ч.А- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201622000375 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б-гээс 772.000 төгрөг гаргулж хохирогч Н.Д-т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Б- нь хохирогч Н.Д-т учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохиролоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б-, Ч.А- нарыг бусдын эд зүйлийг агуулах саванд нэвтэрч хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял , шүүгдэгч Ч.А-т 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч М.Б-д 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/ жил 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ч.А-т оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар М.Б-гээс 772.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Д-т олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-, Ч.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Н.АРИУНЖАРГАЛ