Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар  2024/ДШМ/973

 

 

 

 

 

 

 2024            08              27                                       2024/ДШМ/973

                       

                                                                                         

С.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч  даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

шүүгдэгч Ч.Хөмгөөлөгч Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Хы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406021690367 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Дарьганга овгийн С.Х, 1979 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, групп тогтоолгосон,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

Шүүгдэгч С.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг 40 минутын орчимд согтуугаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаан хуарангийн замд “Nissan Serena” маркийн 57-39УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Хтээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Ч.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Х давж заалдах гомдолдоо: “...Би машинаа эргэх гэж очтол дугуй засварын хүн машинаа холдуул гэж хэл амаар доромжилсон тул машинаа холдуулах гэтэл ард машин байсан болохоор машинаа хөдөлгөөгүй, тээврийн хэрэгсэл жолоодоогүй болно. Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж буруутгаж байгаа бол миний эрх зүйн байдлыг дордуулалгүй,  Зөрчлийн тухай хуулиар миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар ял шийтгэл оногдуулаагүй. Хүнд өвчтэй надад 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад дүүрэгт эмнэлэг сувилалд үзүүлж, эмчилгээ үйлчилгээ авч өвчнөө эмчлүүлэг. Миний өвчин, сэтгэлзүйтэй маш их холбоотой, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбоотойгоор сэтгэлзүйн маш том дарамтад орж байгаа болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Х өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Гэтэл Ч.Хэлэгний цирроз өвчтэй бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, бусад дүүргүүдэд байрлах хувийн эмнэлэгт үзүүлдэг тул эрүүл мэндийн шалтгаан, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Х нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хассан байх үед буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хавтаст хэргийн 5-6 дугаар хуудаст авагдсан түүний мэдүүлэг, драйгер багажаар үлээлгэсэн үнэлгээ, гэрэл зураг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ч.Хнь хувийн байдлын хувьд группт байдаг, байнга эмчилгээ хийлгэдэг, хөдөлмөр эрхлэлтийн чадвараа 50 хувь алдсан талаарх баримт хэрэгт авагдсан тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан торгох ял, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэх боломжгүй гэж үзэж түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хагалгаанд орох талаар холбогдох эрүүл мэндийн баримтаа ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эрүүл мэндийн холбогдох баримтаа гаргаж, бүсчлэлээ зуруулах эрх нь нээлттэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Ч.Хяллагдагчаар өгсөн: “...би найз П гэрээсээ 17 цагийн үед гарч яваад Улаанхуарангийн зогсоол дээр байсан машинаа асаагаад сууж байсан чинь тэнд байсан дугуй засварын хүн машинаа холдуул гэж хэлсэн. Тэгээд би Ниссан серана маркийн 57-39УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 метр орчим хөдөлгөөд зогсоосон. Тэгээд явах гэтэл цагдаа нэр ирээд драгер багаж үлээхэд 2,61% согтолттой гарсан. Би урьд нь 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад жолоодох эрхээ хасуулсан. Би согтуугаар тээврийн хэрэг жолоодсондоо харамсан гэмшиж байгаа. ...” /хх 67/ гэсэн мэдүүлэг,

“Х нь “Ниссан серана маркийн 5739 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.61 хувийн согтолттойгоор жолоодсоныг 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 17:40 цагт илрүүлсэн ...” тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 3/,

Ч.Хнь 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар
тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх
9/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

            Ч.Хнь өмнө 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 17:40 цагийн үед согтуугаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаан хуарангийн замд “Nissan Serena” маркийн 57-39УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Хүйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ч.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ. Шүүгдэгч Ч.Х“...би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад дүүрэгт эмнэлэг сувилалд үзүүлж, эмчилгээ үйлчилгээ авч өвчнөө эмчлүүлэг зэргийг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Ч.Хэрүүл мэндийн байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.

Шүүгдэгч Ч.Х нь хэрэв зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд энэ талаарх хүсэлтээ Шийдвэр гүйцэтгэх байгууллагад гарган шийдвэрлүүлж, зөвшөөрлийн дагуу бусад бүсчлэлд тогтоосон маршрутын дагуу зорчих нь нээлттэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Хгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Хгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

                  ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                  ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР

 

                  ШҮҮГЧ                                              Ц.МӨНХТУЛГА