Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00282

 

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00282

 

 

 

Ж.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02680 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/0389 дугаар захирамжаар Ж.А-аас 295,000,000 төгрөг гаргуулж Эко капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж 804 байр, 1501 тоот 115,91 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 319,537,000 төгрөгөөр, мөн дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж 803 байрны зоорийн давхрын 3-37 тоот хаягт байрлах 14,58 м.кв талбайтай автозогсоолыг зах зээлийн үнээс хэт доогуур 24,810,000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Манай үл хөдлөх хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Тус хотхоны 16 давхар орон сууцны 15 давхарт байдаг бүрэн засвар хийсэн, 2 ариун цэврийн өрөөтэй ба 1 ариун цэврийн өрөө нь жакузтай, гал тогооны өрөө тусдаа, хувцасны өрөө, 2 унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн орон сууц юм. Зар сурталчилгааны unegui.mn сайтаас харахад 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар хотын төвийн бүсэд байрлалтай бүрэн засвар хийсэн 4 өрөө орон сууцны 1 м.кв нь 2,950,000-3,300,000 төгрөг буюу 330,000,000-370,000,000 төгрөгийн, автозогсоол 35,000,000-40,000,000 төгрөгийн ханштай байна. Гэвч үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур орон сууцыг 319,537,000 төгрөгөөр, автозогсоолыг 24,810,000 төгрөгөөр үнэлсэн. Эхний дуудлага худалдаанд 70 хувь, хоёр дахь дуудлага худалдаанд 50 хувиар оруулахад орон сууц 150,000,000 төгрөг, автозогсоол 10,000,000 төгрөг болохоор байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00389 дугаар захирамжаар Ж.А-аас 295,000,000 төгрөгийг гаргуулж Эко капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18290998 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ж.А-т шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул Ж.А-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Кристалл таун хотхон, Их Монгол улсын гудамж, 804 дүгээр байр, 1501 тоот 115,91 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18290998/01 дугаартай тогтоолоор, мөн Кристалл таун хотхон, Их Монгол улсын гудамж, 803 байр, зоорины давхарт 3-37 тоот хаягт байршилтай 14,58 м.кв талбайтай автозогсоолыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18290998/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18290998/09 дугаар тогтоол болон мөн өдрийн 18290998/08 дугаар тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Ж.А-, өмчлөгч Б.Бодьхан болон Б.Гансүх нарт удаа дараа мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Эко капитал ББСБ ХХК-аас шинжээч томилуулах санал ирүүлсэн. Иймд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/78 дугаар тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг, мөн өдрийн 8/179 дугаар тогтоолоор Баянмодот ХХК-ийг тус тус шинжээчээр томилоход автозогсоолыг 24,810,000 төгрөгөөр, орон сууц 319,537,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2021/11512 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.    Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй үл хөдлөх хөрөнгө юм. Тус орон сууц нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд 16 давхрын 15 давхарт байрладаг, бүрэн засвар хийсэн, 2 ариун цэврийн өрөөтэй ба нэг нь жакузитай, гал тогооны өрөө тусдаа, хувцасны өрөө, 2 унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн орон сууц юм. Unegui.mn сайтаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ханшийг харахад хотын төвд байрлалтай уг орон сууцтай ижил орон сууцны 1 м.кв нь 2,950,000-3,300,000 төгрөг буюу 330,000,000-370,000,000 төгрөгийн, автозогсоол 40,000,000-50,000,000 төгрөгийн зах зээлийн ханштай байна. Гэтэл шинжээч Баян модот ХХК орон сууцыг 319,537,000 төгрөгөөр, автозогсоолыг 24,810,000 төгрөгөөр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Шинжээч зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгсөн боловч тухайн байранд холбогдуулж үнэлгээ хийсэн нь дүгнэлтээс харагдахгүй байна. Учир нь үнэлж буй орон сууц ямар байсан, хэдэн давхар орон сууцны хэдэн давхарт, хэдэн цонхтой, цонх наран тал руу харсан эсэх, харах орчин, байрны эдэлгээ, засвар хийсэн гэх мэт зүйлс үнэлгээний тайланд тусгагдаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдалд үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун, Их Монгол улсын гудамж 804 дүгээр байрны 1501 тоот хаягт байрлах 115,91 м.кв талбайтай орон сууцыг 319,537,000 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг, мөн тус дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон 803 дугаар байрны зоорийн давхар 3-37 тоот хаягт байрлах 14,58 м.кв талбайтай автозогсоолыг 24,810,000 төгрөгөөр үнэлсэн Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

1.б. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/0389 дугаартай захирамжаар Ж.А-аас 295,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын дотор төлөх, Ж.А- нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Криссталл таун (13311), Их Монголын гудамж, 804 дүгээр байрны 1501 тоот хаягт байрлах 115,91 м.кв талбайтай орон сууц, мөн тус дүүргийн дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон 803 дугаар байрны зоорийн давхар 3-37 тоот хаягт байрлах 14,58 м.кв талбайтай автозогсоолоор тус тус хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. (хх-ийн 27-28)

1.в. Төлбөр төлөгч Ж.А- дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183/ГХ2018/00918 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн НШШГГ- 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дээрх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/0389 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 26,29)

НШШГГ- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун, Их Монгол улсын гудамж 804 дүгээр байрны 1501 тоот хаягт байрлах 115,91 м.кв талбайтай орон сууц болон автозогсоолыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/90998/01, 18290998/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжлэн, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18290998/08, 18290998/09 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 23-25, 39-41)

1.г. Мөн хариуцагч байгууллага 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Ж.А-т болон өмчлөгч Б.Гансүх, Б.Бодьхан нарт төлбөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдсэн боловч тэд үнийн санал ирүүлээгүй, төлбөр төлөгч Экокапитал ББСБ ХХК-ийн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 43-47) Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/178 дугаар тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг, мөн өдрийн 8/179 дугаар тогтоолоор Баянмодот ХХК-ийг шинжээчээр тус тус томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Шинжээч Виннэр вэй ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон (13311), 803 дугаар байрны зоорийн давхар 3-37 тоот хаягт байрлах 14,58 м.кв талбайтай автозогсоолын зах зээлийн үнэлгээг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 24,810,000 төгрөгөөр тогтоосон байна. (хх-ийн 50-54)

1.д. Хариуцагч НШШГГ- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу Баян модот ХХК болон Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид мэдэгдсэн, нэхэмжлэгч Ж.А- нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (хх-ийн 1-2, 78)

1.е. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Виннэр вэй ХХК үнэлгээг тогтоохдоо уг автозогсоолын шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын хандлагын аргуудыг хослуулан хэрэглэж, үнэлэгдэж буй автозогсоолыг Кристалл таун хотхонд байрлах 2 автозогсоол, мөн Сүмбэр орд хотхонд байрлах автозогсоол зэрэгтэй харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Шинжээчээр томилогдсон Баян модот ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Криссталл таун (13311), Их Монголын гудамж, 804 дүгээр байрны 1501 тоот хаягт байрлах 115,91 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг тогтоохдоо орлогын болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан 319,537,000 төгрөгөөр үнэлжээ. Шинжээч хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлэгдэж буй орон сууц байрлах Кристал таун хотхонд байрлах орон сууцнаас худалдан борлогдсон 3 орон сууцны үнийг харьцуулсан, мөн уг орон сууцыг түрээслэн орлого олох боломжтой талаар дүгнэлтдээ тусгасан байна.

Нэхэмжлэгч Ж.А- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

2.Давж заалдах гомдлын талаар

2.а Шинжээч Баян модот ХХК, Виннэр вэй ХХК-иуд нь үнэлгээг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байршилтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг судалсан, мөн тус үл хөдлөх эд хөрөнгийн талаар мэдээллийг үнэлгээний тайланд тусгасан байна. Иймд ...тухайн үл хөдлөх эд хөрөнгийн онцлогыг харгалзан үзээгүй... гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ