Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 713

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1.С овогт Д.А*****, /ЧЗ7******8/

2.Шарав овогт Б.Э*****,/ХЗ7*****2/

3.Х овогт Ба.У****** /МЙ9*****8/ 

нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн А намаас Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Д.А****, Б.У****, Б.Э****** нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг тус сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгч Б.У****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****, нэхэмжлэгч Б.Э******, Б.У**** нарын өмгөөлөгч Б.З******, нэхэмжлэгч Д.А****ын өмгөөлөгч Г.Н******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж***** нар оролцлоо.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингэлтэй дүүргийн А намаас Д.А****, Б.Э******, Б.У**** нарыг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэн, бичиг баримтаа бүрдүүлэн хуулийн хугацаанд хүргүүлсэн боловч тус сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийг үндэслэн сонгуулийн хороонд ирүүлсэн бичиг баримт дутуу гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан болно.

Сонгуулийн хороо нэр дэвшигч Д.А****ын намтрын нүүр хуудсыг материал хүлээлцэх явцад орхигдуулсан, нэр дэвшигч Б.У****ыг цэргийн иргэний үүрэгтний үнэмлэхээ өгөөгүй алба хаагаагүй, нэр дэвшигч Б.Э******г өөр намын гишүүн байхдаа А намаас нэр дэвшсэн гэх шалтгаанаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.

Б.У****ын хувьд Сонгуулийн тухай хуулийн 154.3.5-д “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх" мөн Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүлйийн 1 дэх хэсэгт “Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаархи хууль тогтоомж, хуулиар олгосон бүрэн эрх бүхий төрийн байгууллагын гаргасан эрх зүйн бусад актаар тогтоосон журмыг байгууллага, иргэн, цэргийн албан хаагчаас сахиж биелүүлэхийг Монгол Улсын иргэний цэргийн үүрэгт тооцно”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Бүртгүүлсэн тухай тэмдэглэлийг цэргийн үүрэгтний үнэмлэхэд хийнэ” гэж тус тус заасан нь цэргийн жинхэнэ алба хаах насны иргэн цэргийн тоо бүртгэлд бүртгүүлснээр цэргийн үүрэгтний үүргээ биелүүлсэнд тооцохоор зохицуулж өгсөн байна.

Д.А****ын хувьд Сонгуулийн хороонд баримт материал хүлээлцэх үед нэр дэвшигчийн намтрын нүүр хуудсыг өгсөн боловч шаардаж авалгүй орхигдуулсан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана” гэж заасныг дүүргийн Сонгуулийн хороо зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд хуулиар өөрт ногдуулсан үүргээ биелүүлээгүйгээс гадна дутуу материалыг шаардаж гаргуулж авах, дутуу материалыг шууд хүлээж авахаас татгалзаж буцаах үүрэгтэй гэж үзэж байна.

Б.Э******гийн хувьд Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн намаас татгалзсан хүсэлтээ А намд өгсөн бөгөөд намын албан тоотын огноо 2016 оны 08 дугаар сарын 30-ны огноотой тул намаасаа гараагүй гэх шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байна.

Өнөөдрийн байдлаар 2016 оны Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд Чингэлтэй дүүргийн А нам, Монгол Ардын намаас өөр нам, эвсэл бие даагч өрсөлдөхөөргүй байгаа нь А намаас нэр дэвшигчийг ялимгүй шалтаг шалтгаанаар нэр дэвшилтээс хасч байгаа нь Монгол Ардын намаас нэр дэвшигч ямар ч өрсөлдөгчгүй шууд сонгогдох нөхцөл бүрдэж байна. Энэ байдал нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг илтэд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д*******ын А*******, Б.Э*****, Б*******ийн У******* нар нь тус шүүхэд “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн А Намаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Д.А****, Б.У****, Б.Э****** нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг тус сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэсэн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул тус бүрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-д зааснаар хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

1. Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 03 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийг баримтлан дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзаж шийдвэрлээд гаргасан тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 7 дугаар тойрогт А Намаас нэр дэвшигч Д.А**** нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.6-д заасны дагуу нэр дэвшигчийн намтарын нүүр хуудас дутуу Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 17 дугаар тойрогт А Намаас нэр дэвшигч Б.У**** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасан цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн эсэхийг тодорхойлсон лавлагаа байхгүй

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Тусгаар Тогтнол Эв Нэгдпийн Намын гишүүн Б.Э****** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсгийг зөрчин А Намаас нэр дэвшсэн, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-д заасан хөрөнгө орлогын мэдүүлэгт гарын үсэг зурж баталгаажуулаагүй зэрэг Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журам зөрчсөн, хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байдаг. Чингэлтэй дүүргийн А Намаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Д.А****, Б.У****, Б.Э****** нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг тус сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” Д.А**** нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.6-д заасан нэр дэвшигчийн намтарыг 157 дугаар зүйлийн 157.4-д заасан ...батлагдсан маягт з*******арын дагуу бүрдүүлэх, 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасан “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг болох намтарын нүүр хуудсыг ирүүлээгүй нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болсон байна.

• Б.У**** нь цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй, түүнийг тодорхойлсон баримтгүй,

• Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Тусгаар тогтнол Эв Нэгдлийн намын гишүүн Б.Э****** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсгийг зөрчин А намаас нэр дэвшсэн, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-д заасан хөрөнгө орлогын мэдүүлэгт гарын үсэг зурж баталгаажаагүй зэрэг зөрчил нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нар нь Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журам, шаардлагыг хангаагүй, өөрөө өөртөө нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг бий болгосон байх тул нэхэмжпэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэжээ.

                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А****, Б.У****, Б.Э****** нараас “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн А намаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Д.А****, Б.У****, Б.Э****** нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг тус сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.          

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолоор   нэр дэвшигч Д.А****ыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.6-д заасан нэр дэвшигчийн намтарын нүүр хуудас дутуу,  нэр дэвшигч Б.У****ыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-т заасан цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн эсэхийг тодорхойлсон лавлагаа байхгүй, нэр дэвшигч Б.Э******г Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-т “нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт гарын үсэг зурж баталгаажуулаагүй” гэсэн заалтын дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

1.Д.А**** нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.6 дахь “нэр дэвшигчийн намтар” ирүүлээгүй талаар: 

Сонгуулийн Ерөнхий  хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Баримт бичгийн маягт, үнэмлэхний з*******ар батлах тухай” 264 дүгээр тогтоолын 6 хавсралтаар Сум /дүүрэг/-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр дэвшигчийн намтарын з*******арыг баталжээ. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т “...Нэр дэвшүүлсэн нам...дараах баримт бичгийг...тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ...” гэж, 157 дугаар зүйлийн 157.2.6-д  “нэр дэвшигчийн намтар”-ыг нэр дэвшигчийг бүртгүүлэхдээ ирүүлэхээр заажээ. Д.А****ын хувьд Сонгуулийн Ерөнхий  хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Баримт бичгийн маягт, үнэмлэхний з*******ар батлах тухай” 264 дүгээр тогтоолын 6 хавсралтад заасан баримт бичгийн маягтын дагуу намтараа  бөлөн ирүүлэхдээ Нэр дэвшигчийн хувийн мэдээлэл, Боловсролын талаарх мэдээлэл бүхий уг маягтын эхний нүүр хуудсыг гээгдүүлсэн байна. Гэвч эдгээр нэр дэвшигчийн мэдээллийг дээрх 264 дүгээр тогтоолын 7 хавсралтад байх мэдээллээр дүйцүүлэх боломжтой байна.  

Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо уг нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 заасан үүргээ хэрэгжүүлж баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгасан болох нь хэрэгт авагдсан /CD/ дүрс бичлэгээр нотлогдож байх боловч ямар нэг арга хэмжээ авалгүйгээр нэр дэвшигч Д.А****ын материалыг хүлээн авсан атлаа хожим үл ялих зүйлээр шалтаглан түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. 

2. Б.У**** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасан “...цэргийн алба хаах үүргээ”биелүүлээгүй  талаар: 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль”-ийг ёсчлон баталж , мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5 дахь хэсэгт заасан “...цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх...”  ишлэлийг уг хуулийг батлах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан “Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иас авчээ.

Гэтэл цэргийн алба хаасан байхыг шаардсан энэхүү ишлэл эх сурвалж бүхий заалтыг авсан “Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцжээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийн Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтлэснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Тавьдугаар зүйлийн 3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 10-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ” гэж заажээ.  

Энэ тохиолдолд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо Б.У****ыг цэргийг алба хаагаагүй гэж бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй болсон байна.  

Өөрөөр хэлбэл нэр дэшигч Б.У****ыг цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх боломжгүй байхаас гадна хуулийг эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актаар нөхөх боломжгүй юм.

3. Б.Э****** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, мөн хуулийн 157.5 заасан  үүргээ биелүүлээгүй талаар: 

1. Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлд намд эвлэлдэн нэгдэх тухай Монгол Улсын иргэний эрхийн талаар заасан бөгөөд мөн зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй” гэж зааснаас үзэхэд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх нь тэдгээрийн сайн дурын үндсэн дээр өөрсдийнх нь итгэл үнэмшил, ашиг сонирхолд нийцсэн байх бөгөөд аливаа намаас гарах, намд элсэх гишүүний эрх нь сайн дурын үндсэн дээр явагдахаар хуульчилсан байна.

Тусгаар тогтнол, Эв нэгдийн намын гишүүнчлэлээс гарах асуудлыг тус намын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ТТЭНН-ын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно”, 6.2-т “ТТЭНН-ын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж харъяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан... намын гишүүний үнэмлэхээ эргүүлэн өгнө...”  гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Э******гийн хувьд Тусгаар тогтнол, Эв нэгдийн намын гишүүнээсээ чөлөөлөгдөх тухай өргөдлөө  бичгээр Чингэлтэй дүүргийн намын хороондоо гаргасныг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч түүнийг мөн өдөр намын гишүүнээс хассан болохыг Тусгаар тогтнол, Эв нэгдийн намын Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  Тусгаар тогтнол, Эв нэгдийн намын нарийн бичгийн дарга Н.С*******гийн албан бичиг , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Улмаар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн А намын хорооны ээлжит бус 35 дугаар хурлын тогтоолоор түүнийг тус дүүргийн 19 дүгээр хороонд нэр дэвшихээр сонгожээ. 

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигч Б.Э******гийн баримт бичгийг хүлээн авч нягтлаад “ТТЭНН-ын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 002/04 тоот албан бичигт яаран дүгнэлт өгч Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 заасан “...Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна” үүргээ хэрэгжүүлэлгүй нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-д  “Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт нь авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу батлагдсан хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт байна”  гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэр дэвшигч Б.Э******гээс Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд бүрдүүлэн өгсөн баримт бичгийн бүрдүүлбэрт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг  5 хуудас баримт байх ба эдгээр маягтуудын баруун доод буланд нэр дэвшигч баталгаажуулж гарын үсэг зурсан байна. 

Харин уг маягтын  2.2.10. Эрх, патент, тусгай зөвшөөрөл, 2.3. Бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал,  хандив, туслалцаа хөнгөлөлтийг бөглөх хүснэгт бүхий 1 хуудас байхгүй байна.

Гэвч гээгдсэн нэг хуудас маягтыг хариуцагчаас Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д заасан “...намын нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана...” үүргээ гүйцэтгэж байх үедээ илрүүлэн холбогдох этгээдээс гүйцээн гаргуулан авах боломжийг ашиглалгүйгээр хөрөнгө орлогын мэдүүлэгт гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэж хэлбэрийн төдий үл ялих зүйлээр шалтаглан буруутгаж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолыг гаргахдаа нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар 

зүйлийн аль хэсгийг баримталсан нь тодорхойгүй,  дээрх 3 нэр дэвшигчийн хэлбэрийн төдий жижиг алдааг үл ялих зүйлээр шалтаглан зөрчил болгон тэдгээрийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж буй нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэснийг зөрчжээ. 

Иймд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч дээрх 3 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн А намаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Д.А****, Б.У****, Б.Э****** нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш тав хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.БАТБААТАР