Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0116

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/258 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн эзэмшил бүхий тариалангийн зориулалт бүхий 291 га газрыг хуульд болон гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчаас хуульд заасан өөрийн бүрэн эрхийнхээ дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн 2007 оноос хойш эзэмших эрх нь үүсэж гэрээ байгуулан эзэмшиж, ашиглаж байсан газраа зориулалтын дагуу 2015, 2016 онуудад ашиглаагүй болох нь тогтоогддог. Дурдвал тариалалт хийсэн тухай мэдээ, газрын фото зураг, “ХБ” ХХК-ийн захирал Г.Б-ийн өгсөн мэдүүлэг, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ирүүлсэн кадастрын зураг, мөн тус газраас ирүүлсэн албан бичиг, шүүхээс томилсон 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, уринш болон тариалалтын мэдээ, 2015, 2016 оны татварын тайлан зэрэг бичгийн баримтууд, шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд нэхэмжлэгчийг төлөөлөгчийн хэлсэн тайлбар зэргээр маш тодорхой нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн гаргасан гэрээний хугацааны тайлбарыг гол болгож, тус баримтыг үнэлж дээрх баримтуудыг үгүйсгэх байдлаар шийдвэрээ гаргасан нь буруу болсон. Тодруулбал, шүүхийн шийдвэрт “...Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/085 дугаар захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК-д 291 га газрыг эзэмшүүлж, тус сумын газрын даамал нь газар эзэмших гэрээг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулснаар уг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг эзэмшиж, ашиглах эрхтэй байна” гэж дүгнэсэн.

Энэ нь нэхэмжлэгчид уг 291 га газар нь Засаг даргын 2007 оны А/36 дугаар захирамжаар 143/423 газрыг анх эзэмшүүлж, үр тарианы зориулалтаар олгосон үйл баримтыг шууд үгүйсгэж, уг газрын анх 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эзэмшүүлж, гэрээ байгуулсан мэтээр дүгнэж байгаа нь бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл 2016 онд гарч буй захирамж нь шинээр тухайн газрыг эзэмшүүлээгүй, газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан шийдвэр болох нь маш тодорхой байхад илт буруугаар тайлбарлан үнэлсэн.

Нэхэмжлэгч аж ахуй нэгж нь нийтдээ 1026 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшдэг ба уг газрынхаа зарим хэсэгт газраа ашигласан улаан буудай тарьсан мэдээг Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт Засаг даргаар дамжуулан өгсөн байсан ба уг баримтуудыг шүүх үнэлэхдээ 291 га талбайд 2014-2016 онуудад уринш, тариалалт хийсэн эсэх талаар нарийвчлан бичээгүй байх тул тус компанийг 2 жил дараалан буюу 2015-2016 онуудад тухайн газарт тариалангийн үйл ажиллагаа явуулсан эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж хамгийн чухал маргааны гол зүйлийг зөвхөн дээр дурдсан баримтаар дүгнэхгүй гэж байгаа нь хууль зөрчсөн.

Энэхүү дүгнэлтээ бататгах байдлаар хариуцагчийг шууд буруутгаж, нотлох үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй гэж, мөн хэрэгт ач холбогдолгүй үйл баримт болох компанийн дотоод үйл ажиллагааны асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үнэлэн өмнө хийгээд байгаа дүгнэлтүүдээ үгүйсгэсэн маш ойлгомжгүй тариалангийн үйл ажиллагааг явуулсан эсэхийг тогтоох боломжгүй байсан ч юм шиг эсхүл нэхэмжлэгч тариалалтын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй учир нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч юм шиг 2 утга бүхий шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтыг хуульд заасны дагуу хэргийн үйл баримтад нийцүүлэн зөв үнэлж дүгнэх үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн газрын төлбөр, гэрээний үүргээ биелүүлж байсныг шүүхээс дүгнэхдээ “нэхэмжлэгч нь ноцтой зөрчил гаргаагүй, төлбөрөө зохих ёсоор төлсөн байна” гэж нэхэмжлэгчийн хууль зөрчсөн улс орны хэмжээнд чухал ач холбогдол бүхий үржил шимтэй тариалалт явуулах байнгын эргэлт, арчлалтад байх газрыг доройтуулж, атаршуулж, үржил шимийг нь муутгаж байгаа үйлдлийг илтээр өөгшүүлж буруугаар дүгнэж байгаа нь хариуцагч байгууллагын хуулиар хүлээсэн эрх, үүргийг илт үгүйсгэсэн шийдвэр болсон.

Хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг буруугаар тайлбарлаж, нэхэмжлэгч байгууллагын газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, тус хэмжээгээр нь гэрээг нь шинэчилж хийсэн огноогоор газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг тооцож, тоолох ёстой, нэхэмжлэгч нь тийм үүрэгтэй мэтээр дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үүсэж үүнээс өмнөх хугацааны эзэмшиж байсан асуудал дууссан байдлаар ойлгогдохоор дүгнэсэн. Гэтэл энэ нь Газрын тухай хуулийн гол агуулга, бодит байдал, өнгөрсөн үйл баримттай нийцээгүй.

Газар эзэмшүүлэх гэрээ нь 2 жилийн хугацаатай байгуулагдсан байна гэх гэрээнд тусгагдаагүй зүйлийг шүүх өөрөө гаргаж ирж, хэргийн үйл баримттай холбон дүгнэлт хийж байгаа нь хуулийг буруугаар тайлбарлах гол шалтгаан нь болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээ 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэдгээр энэ хугацаанаас эхлэн газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн эсэхийг тоолох ёстой гэх боловч уг гэрээг дээрх огноогоор байгуулсан нь газрын хэмжээнд өөрчлөлт орсонтой л холбоотой, түүнээс бус шинээр анх олгож байгаа үйл баримт биш бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчих, хариуцагч Засаг даргын хувьд хяналт тавихгүй байх боломжийг хязгаарлах үндэслэл болох ёсгүй ба хариуцагчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн.

Хариуцагчийн зүгээс Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д "Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь 2 -оос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчилсэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно" гэж заасны дагуу маргаан бүхий актыг гаргасан. Нэхэмжлэгч нь 1026 га газрынхаа маргаж буй 291 га газарт уг хуулийн дагуу тариалалт хийгээгүй байсан нь уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-д заасан эрх, үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь баримтаар тогтоогдож байхад уг хуулийг хэрэглээгүй.

Мөн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.2,18.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулж зардал гаргаж, орлого олсон бол түүнийгээ тайлагнах ёстой гэтэл тайлагнаагүй үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлагнасан баримт хэрэгт авагдсан байхад уг үйл баримттай холбогдуулан дээрх хуулийг хэрэглээгүй нь буруу болсон гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/258 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1, 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтыг тус тус баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “М” ХХК-ийн Агьтын хөндийд байршилтай 143/423 га талбайгаас 291 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч “М” ХХК дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан, ...газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу 2017 онд газрын төлбөрийг төлсөн” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 36 дугаар захирамжаар Агьтын хөндийд үр тариа тарих зориулалтаар, 15 жилийн хугацаагаар нийт 1254 га газрыг “М” ХХК-д эзэмшүүлж шийдвэрлэсний дагуу тухайн өдөр 0109230 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/085 дугаар захирамжаар, “М” ХХК-д анх газар эзэмшүүлсэн 2007 оны А/36 дугаар захирамжид “143/423 га-с 441 га газар эзэмшүүлснийг 291 га” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, 291 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, тухайн өдөр 23 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулсан байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар сумын Засаг дарга иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэн, хуулийн этгээд, аж ахуй нэгжтэй газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэхээр зохицуулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны А/085 дугаар захирамжаар маргаан бүхий 291 га газрыг “М” ХХК “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр гэрээ[1]”-нд заасны дагуу 2 жилийн хугацаатай үргэлжлүүлэн эзэмших эрхтэй байна.

 Тодруулбал, хариуцагч Жаргалант сумын Засаг даргын 2016 оны А/085 дугаар захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК-д маргаан бүхий 291 га газрыг үргэлжлүүлэн эзэмших эрх олгосон, улмаар эрх олгосон шийдвэрээ үндэслэн газар эзэмшүүлэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулснаар энэ хугацаанаас эхлэн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах хугацааг тооцохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд хариуцагчийн “... 2016 онд гэрээг байгуулсан нь газрын хэмжээнд өөрчлөлт орсонтой холбоотой, түүнээс бус шинээр анх олгож байгаа үйл баримт биш” гэх тайлбар үндэслэлгүй.

Энэ тохиолдолд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жил”-ийн хугацааг газар эзэмшүүлэх эрх олгохоор шийдвэрлэж, гэрээ байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцох бөгөөд хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байхад 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын үйл ажиллагаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа буюу нэхэмжлэгч “М” ХХК-ийн 291 га газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан эсэхийг хянан үзэх хугацаа дуусаагүй байхад хэрэгт хамааралгүй 2014, 2015 оны нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                              ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

 

           

 

           

 


[1] Хавтаст хэргийн 8 дахь тал